Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 305/ШШ2025/00905

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ********, ******** нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ********, ******** нарт холбогдох

Зээлийн 220,000,000(хоёр зуун хорин сая) төгрөг, зээлээр худалдан авсан барааны үнэ 1,491,000(нэг сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ********, ********, тэдгээрийн өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, С.Батбуян/цахимаар/, ********, ********/цахимаар/, тэдгээрийн өмгөөлөгч М.Батбаатар/цахимаар/, Д.Очирваань/цахимаар/ нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн 220,000,000/хоёр зуун хорин сая/ төгрөг, зээлээр худалдан авсан барааны үнэ 1,491,000 төгрөгийг тус тус гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: ********, ******** 2 нь 2024 оны 09 дүгээр сараас хойш манай нөхөр ******** бид хоёроос мөнгө зээлж аваад одоог хүртэл төлөхгүй, өгнө өгнө гэж явсаар 8, 9 сар өгөхгүй явсаар өдий хүрлээ. Ийм энэ хоёр хүнээс бидний 220,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Хурдан хийчих бас одоохон буцаагаад өгнө гэж яаруулж авдаг байсан. Эхлээд 5, 10 саяар нь авч байгаад нэмсээр байгаад 220,000,000 төгрөг болсон.

3. Нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэл: ********,  нар нь 2024 оны 09-р сараас хойш манайхаас мөнгө зээлж авдаг байсан бөгөөд хүүгийн хамт өгдөг байсан. Гэтэл сүүлийн үед авсан мөнгөө өгөхгүй нэмсээр 220,000,000 /хоёр зуун хорин сая/ төгрөг болсон. Манайх Говь-Алтай аймгийн ******** компаны ******** захад худалдаа эрхэлж амьдардаг юм. Ингээд ********, ******** нар нь цагаан сарын өмнө гэр ахуйн бараа 862,000 төгрөгт, бэлэгний бараа 316,000, 178,000 төгрөгт бэлэн хувцас, 135,000 төгрөгт хүүхдийн хослол нийт 1,491,000 төгрөгийн бараа аваад мөнгийг нь одоо болтол өгөөгүй байна. Иймээс ********, ******** нараас 221,491,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргаж байна гэв.

4. Хариуцагч ******** тайлбар: Хариуцагч ******** би ********, ******** нарын нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие хариуцагч ******** мөнгө зээлж, авч, өгч байсан зүйл байгаа бөгөөд одоогоор 140,000,000 сая төгрөгийн тооцоо байгаа. Үүнийг шууд одоогоор төлөх боломжгүй байна. Харин 80,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нар нь бусадруу шилжүүлсэн мөнгөө надад зээлсэн мэтээр надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Миний бие өмнө нь онлайн тоглоом тоглож байсан бөгөөд үүнийг минь ******** харчихаад мөнгө хожих зорилгоор хамт тоглож эхэлсэн. Ингээд хамт тоглож, онлайн дансанд өөрийн данснаас мөнгө шилжүүлдэг байсан ба ашиг олох үедээ олдог байсан. Харин сүүлд нь алдагдал хүлээхээрээ намайг мөнгө зээлсэн мэтээр буруутгаж, надад зээлсэн мөнгөн дээрээ нэмэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 140,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх 80,000,000 төгрөгийг миний бие нэхэмжлэгчээс зээлсэн удаагүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагч ******** тайлбар: Хариуцагч ******** би ********, ******** нарын нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нар нь ******** намайг 2024 оны 09 сараас эхлэн өөрсдөөс нь мөнгө зээлж авсаар 220,000,000 төгрөг болсон мэтээр бичжээ. Миний бие ********н, ******** нараас огт мөнгө зээлж авч байсан удаагүй бөгөөд үндэслэлгүйгээр надаас мөнгө нэхэмжилж байна. Харин нэхэмжлэгч нар нь манай нөхөр ******** мөнгө төгрөг зээлж, авч, өгч байгаа бөгөөд сүүлд хамт онлайн тоглоом тоглож байсан болохыг миний бие сүүлд олж мэдсэн. Миний хувьд нэхэмжлэгч нараас мөнгө төгрөг зээлж авсан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Хариуцагч ********, ******** нарын тайлбар: хариуцагч ********, ******** бид ********, ******** нарын ихэсгэсэн нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч нар нь Говь-Алтай аймгийн ********компанийн ******** захад худалдаа үйлчилгээ эрхэлдэг. ******** би 2025 оны цагаан сарын өмнө ойр зуурын барааа баяртаа бэлдэх зүйлс авсан нь үнэн болно. Үүний төлбөр болох 1,491,000 төгрөгийг төлнө. Харин энэхүү бараа, материал авсан төлбөр нь өмнөх нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй болно. ******** миний бие нэхэмжлэгч нараас бараа зээлсэн зүйлгүй бөгөөд нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

7. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- ******** Хаан банкны ******** дугаартай дансны депозит дансны хуулга/2024.01.09-2025.06.01 өдрийг дуусталх/

- Хар дансны дэвтэрний хуулбар

- ******** Хаан банкны ********, ******** дугаартай данснуудын шилжүүлгийн мэдээлэлүүд

- ******** Хаан банкны ********4 дугаартай дансны депозит дансны хуулга/2024.06.24-2025.05.20 өдрийг дуусталх/

- ******** Хас банкны ******** дугаартай дансны хуулга/2025.03.06-2025.03.30, 2025.02.26-2025.02.27 өдрийг дуусталх/

- ******** Төрийн банкны ******** дугаартай харилцах дансны харилцагчийн хуулга/2023.03.31-2025.05.20 өдрийг дуусталх/

- ******** Төрийн банкны ******** дугаартай харилцах дансны харилцагчийн хуулга/2023.12.17-2024.12.31 өдрийг дуусталх/

- фото зураг

- Плаш-2 ширхэг

- Говь-Алтай аймгийн Прокурорын газарт гаргасан өргөдөлийн хуулбар

- Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 283 дугаартай мэдэгдэх хуудас

- Говь-Алтай аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорт гаргасан гомдол

- Хар дансны дэвтэр/А4 хэмжээтэй/

8. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

- фэйсбүүк чатны зураг/********/

- СD

9. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт:

- 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт

- 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн үзлэгийн тэмдэглэл,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. ********, ******** нар нь ********, ******** нарт холбогдуулан зээлийн 220,000,000/хоёр зуун хорин сая/ төгрөг, зээлээр худалдан авсан барааны үнэ 1,491,000 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч ********, ******** нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2024 оны 09 дүгээр сараас хойш бид хоёроос мөнгө зээлж аваад одоог хүртэл төлөхгүй, өгнө өгнө гэж явсаар 8, 9 сар өгөхгүй явсаар өдий хүрлээ. Ийм энэ хоёр хүнээс бидний 220,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...”, “…Манайх Говь-Алтай аймгийн ******** компаны ********худалдаа эрхэлдэг. ********, ******** нар нь цагаан сарын өмнө гэр ахуйн бараа 862,000 төгрөгт, бэлэгний бараа 316,000, 178,000 төгрөгт бэлэн хувцас, 135,000 төгрөгт хүүхдийн хослол нийт 1,491,000 төгрөгийн бараа аваад мөнгийг нь одоо болтол өгөөгүй…” тул нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байна.

Хариуцагч******** “…Миний бие хариуцагч ******** мөнгө зээлж, авч, өгч байсан зүйл байгаа бөгөөд одоогоор 140,000,000 сая төгрөгийн тооцоо байгаа. Үүнийг шууд одоогоор төлөх боломжгүй байна. Харин 80,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нар нь бусадруу шилжүүлсэн мөнгөө надад зээлсэн мэтээр надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Миний бие өмнө нь онлайн тоглоом тоглож байсан бөгөөд үүнийг минь ******** харчихаад мөнгө хожих зорилгоор хамт тоглож эхэлсэн. Ингээд хамт тоглож, онлайн дансанд өөрийн данснаас мөнгө шилжүүлдэг байсан ба ашиг олох үедээ олдог байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 140,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх 80,000,000 төгрөгийг миний бие нэхэмжлэгчээс зээлсэн удаагүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү…”, “…******** би 2025 оны цагаан сарын өмнө ойр зуурын барааа баяртаа бэлдэх зүйлс авсан нь үнэн болно. Үүний төлбөр болох 1,491,000 төгрөгийг төлнө. Харин энэхүү бараа, материал авсан төлбөр нь өмнөх нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй болно…” гэж,

Хариуцагч ******** “…нэхэмжлэгч нар нь манай нөхөр ******** мөнгө төгрөг зээлж, авч, өгч байгаа бөгөөд сүүлд хамт онлайн тоглоом тоглож байсан болохыг миний бие сүүлд олж мэдсэн. Миний хувьд нэхэмжлэгч нараас мөнгө төгрөг зээлж авсан зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү…”, “…миний бие нэхэмжлэгч нараас бараа зээлсэн зүйлгүй бөгөөд нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй…” гэж тус тус маргажээ.

Зээлээр худалдан авсан барааны үнэ 1,491,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4. Талуудын хооронд бий болсон үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд хариуцагч ********, ******** нар нь нэхэмжлэгч ********, ******** нараас цагаан сарын барааг зээлээр авсан бөгөөд энэ нь хэрэгт авагдсан хар дансны дэвтэр, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Зохигчдын хооронд  зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байх ба Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д “зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж тус тус заасан бөгөөд эдгээр 2 гэрээний тухайд нэг төрлийн бараа, эд хөрөнгийг худалдах, худалдан авах шинжээрээ адил боловч гагцхүү бараа, эд хөрөнгийн үнийг хожим хэсэгчлэн болон бүрэн төлөх нөхцөлтэй, бараа, эд хөрөнгийн үнийг худалдан авагч бүрэн төлснөөрөө өмчлөх, эзэмшилд шилжидгээрээ өөр хоорондоо ялгагддаг.

Нэхэмжлэгч нарын болон хариуцагч нарын хооронд 1.491.000 төгрөгийн барааг хэлцэл хийх үедээ хүлээн авч, өгөлцсөн талаар огт маргаагүй бөгөөд гагцхүү барааны үнийг хожим төлөхөөр тохиролцож, төлбөрөө төлөөгүй талаар маргах бөгөөд талуудын хооронд үүссэн анхдагч харилцаа нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.  

Хариуцагч нар нь зээлээр худалдан авсан барааг хамтдаа авч хэрэглэсэн ба энэ талаар маргахгүй, төлөхөө илэрхийлж байх тул шүүх уг нэхэмжлэлийн шаардлагын цаашид дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.

Тиймээс хариуцагч ********, ******** нараас зээлээр худалдан авсан барааны үнэ 1,491,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******** олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Зээлийн 220,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

5. Нэхэмжлэгч ********, ******** нар нь хариуцагч ********, ******** нарт “…2024 оны 09 дүгээр сараас хойш 220,000,000 төгрөгийг зээлсэн…” гэж, хариуцагч ******** “…би мөнгө зээлсэн. 140,000,000 төгрөгийг төлнө. 80,000,000 төгрөгийг зээлээгүй учир төлөх боломжгүй…” гэж, хариуцагч ********а “…Миний хувьд нэхэмжлэгч нараас мөнгө төгрөг зээлж авсан зүйл байхгүй…” гэж тус тус маргажээ.

Хэргийн үйл баримтын хувьд хариуцагч ******** нь нэхэмжлэгч ********с мөнгө зээлж авсан ба үнийн дүн дээр маргаж, 80,000,000 төгрөгийг зээлж аваагүй, төлөхгүй, хариуцагч ******** нь мөнгө зээлж авсан зүйлгүй гэж тайлбарлаж байгаа нь зохигчийн маргааны зүйл болжээ.

Харин хариуцагч ******** өөрийн болоод бусдын дансанд шилжүүлсэн мөнгийг нэхэмжлэгч ******** шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргахгүй байна.

6. Шүүх хэрэгт авагдсан зохигчдын тайлбар, үйл баримтаас үзвэл нэхэмжлэгч ********н Хаан банкны ******** тоот данснаас хариуцагч ******** ******** тоот дансруу 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн хооронд нийт 206,400,000 төгрөгийн зарлага,

******** Хаан банкны ******** тоот данснаас ******** ******** тоот дансруу 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хооронд нийт 34,000,000 төгрөгийн зарлага, орлого 43,150,000 төгрөг,  

******** Хаан банкны ******** тоот данснаас ******** ******** тоот дансруу 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хооронд нийт 229,900,000 төгрөгийн зарлага, орлого 151,500,000 төгрөг,

******** Хаан банкны ******** тоот данснаас ******** тоот дансруу 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 10,000,000 төгрөгийн зарлага,

******** Хаан банкны ******** тоот данснаас ******** тоот дансруу 2024 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хооронд нийт 45,000,000 төгрөгийн зарлага, орлого 30,800,000 төгрөг,

******** Хаан банкны ******** тоот данснаас ******** ******** тоот дансруу 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд нийт 171,300,000 төгрөгийн зарлага, орлого 102,300,000 төгрөг,

******** Хаан банкны ******** тоот данснаас ********н ******** тоот дансруу 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд нийт 85,900,000 төгрөгийн зарлага, орлого 76,000,000 төгрөг,

******** Хаан банкны ******** тоот данснаас ******** ******** тоот дансруу 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 3,000,000 төгрөгийн зарлага,

******** Хаан банкны ******** тоот данснаас ******** ******** тоот дансруу 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд нийт 15,000,000 төгрөгийн зарлага, орлого 6,000,000 төгрөг,

******** Хаан банкны ******** тоот данснаас ******** ******** тоот дансруу 2023 оны 02 дугаар сарын  28-ны өдөр нийт 10,000,000 төгрөгийн зарлага,

******** Хаан банкны ******** тоот данснаас ******** ********2 тоот дансруу 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нийт 7,000,000 төгрөгийн зарлага,

******** Хас банкны ******** тоот данснаас ******** ********, ******** ********, ******** ********, ******** ******** тоот дансруу 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нийт 57,000,000 төгрөгийн зарлага,

******** Төрийн банкны ******** тоот данснаас ******** ******** тоот дансруу 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нийт 25,000,000 төгрөгийн зарлагаа хийгдэж, гүйлгээний утга дээр “********, Tugsuud, Tugsuu, T, yondoo, tugsuu, 195530, 6585, 9999, 8888, 666888, 89, 2222, Togsoo, san, zeeleb...” гэх зарлага гарч, орлого орж байсан байна.

7. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 282 дугаар зүйлийн 282.4-т “мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж тус тус заасан бөгөөд хариуцагч ******** зүгээс 140.000.000 төгрөгийг өөрийн дансаар хүлээн авч, зээлсэн гэж маргаагүй тул тэдний хооронд уг мөнгөн дүнгийн хэмжээнд зээлийн гэрээний харилцаа бий болсон, уг 140.000.000 төгрөгийг хариуцагч ******** нь төлөхөө илэрхийлж маргахгүй байх тул шүүх уг нэхэмжлэлийн шаардлагын талаар цаашид дүгнэх шаардлагагүй гэж үзлээ.

Тиймээс хариуцагч ******** зээлийн 140,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******** олгох нь үндэслэлтэй байна.

8. Харин хариуцагч ******** нь 80,000,000 төгрөгийг өөрийн дансаар аваагүй тул төлөх үндэслэлгүй, зээлээгүй, өөрөө мөрийтэй тоглоод алдсан мөнгөө надаас нэхэмжилж байна гэж маргадаг.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч ********, ******** нар 220,000,000 төгрөг шилжүүлсэн болохоо нотлох, хариуцагч ********, ******** нар татгалзлаа буюу зээлээгүй, бусдын дансаар мөрийтэй тоглоом тоглосон гэх үндэслэлээ баримтаар няцаан үгүйсгэх үүрэгтэй.

Хариуцагч ******** нэхэмжлэгч ******** 140,000,000 төгрөгийг зээлж авсан талаар маргаагүй бөгөөд уг төлбөрийг төлөхөө илэрхийлсэн, харин 80,000,000 төгрөгийг өөрийнхөө дансаар аваагүй, төлөх үндэслэлгүй, зээлээгүй, өөрөө мөрийтэй тоглоод алдсан мөнгөө надаас нэхэмжилж байна гэж тайлбарлаж байгаа ч уг үйл баримт хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч ******** нэхэмжлэлийн шаардлага болох 220,000,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь 1-р хавтас хэргийн 206-250, 2-р хавтаст хэргийн 1-128 дугаар хуудсанд авагдсан банкны дансны хуулгаар нотлогдсон. Харин хариуцагч ******** 140,000,000 төгрөгөөс бусад мөнгийг зээлээгүй гэж маргаж байгаа ч зохигчид мөнгийг хамтдаа хууль бус зүйл/мөрийтэй тоглоом/-д зарцуулсан болох нь мөн баримтаар тогтоогдохгүй байна.

Хариуцагч нарын өмгөөлөгчдийн зүгээс Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.1-д “Тоглоом болон мөрий нь шаардах эрхийг бий болгохгүй” гэж, 486.2-т “Тоглох, мөрий тавихад зориулан олгосон зээл, урьдчилгаа, түүнчлэн мөрийний шинжийг агуулсан хөрөнгө нийлүүлэх тухай биржийн болон түүнтэй төстэй хэлцэлд энэ хуулийн 486.1-д заасан журам нэгэн адил үйлчилнэ” гэж, 486.3-т “Хуулиар хориглосноос бусад тоглоом болон мөрийний дагуу төлсөн мөнгө, шилжүүлсэн хөрөнгө, бусад зүйлийг эргүүлэн шаардаж болохгүй” гэж тус тус заасныг үндэслэн 80.000.000 төгрөгийг шаардах эрхгүй гэж тайлбарлаж, шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэж оролцдог.

Гэвч нэхэмжлэгч ******** зүгээс харицагч ******** мөрийтэй тоглоом тоглоход санхүүжүүлсэн, бусад хүмүүстэй мөрийтэй тоглоом тоглосон болох нь хэрэгт цугларсан баримтаар бүрэн нотлогдсон, талуудын харилцаа нь мөрийтэй тоглоомын шинжийг агуулсан бол шаардах эрхийг үүсгэхгүй бөгөөд харин нэхэмжлэгч ******** нь хариуцагчид итгэж, мөн мөнгөө өсгөх боломжтой гэсэн зорилго агуулан мөрийтэй тоглоомонд оролцсон гэх байдал хэрэгт цугларсан баримтаар мөн тогтоогдохгүй байна.

Харин хариуцагч ******** зүгээс мөрийтэй тоглоом тоглосон, мөрийний шинжийг агуулсан харилцаанд нэхэмжлэгч нь оролцсон гэдгийг нотолж чадахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 486 дугаар зүйлийн 486.2-т зааснаар 80.000.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

9. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй” гэж, 493 дугаар зүйлийн 493.1-д Буцаан шаардах шаардлагад өөр этгээдэд шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарна” гэж тус тус хуульчилсан.

Хэрэгт байгаа баримтаас үзвэл, нэхэмжлэгч ******** нь хариуцагч ********, ******** нарт 220.000.000 төгрөгийг бүхэлд нь зээлсэн гэж байгаа боловч хариуцагч ******** зүгээс 140.000.000 төгрөгийг зээлсэн, үлдсэн 80.000.000 төгрөгийг бусдын дансруу шилжүүлж мөрийтэй тоглоом тоглоод алдсан мөнгөө надаас нэхэж байна гэж маргах боловч талууд харилцан маргаж буй үндэслэл, тайлбар, татгалзлаа нотлоогүй бөгөөд мөнгийг хариуцагч ******** болон бусад хүмүүсийн дансруу “********, Tugsuud, Tugsuu, T, yondoo, tugsuu, 195530, 6585, 9999, 8888, 666888, 89, 2222, Togsoo, san, zeeleb” гэх зэрэг өөр өөр агуулгаар шилжүүлсэн байгаа нь зохигчийн хооронд бүхэлдээ зээлийн үүрэг үүсгэсэн болохыг нотлохгүй, харин хариуцагчийн хувьд нэхэмжлэгчээс мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан хууль зүйн үндэслэлээ мөн баримтаар нотлоогүй буюу үүрэг үүссэн нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нарын зүгээс Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагчийн өөрийн дансаар болон бусдын дансруу ******** нэрээр шилжүүлсэн мөнгөө гаргуулахаар шаардах эрхтэй байна.

Тиймээс нэхэмлэгчийн тодорхойлсон зохигчдын хооронд маргаж буй 80.000.000 төгрөгийн хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч ******** 80,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******** олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хариуцагч тал биелүүлсэнгүй.

Шүүхээс хэргийн талаар хийсэн дүгнэлт нь зөвхөн хуулиар зөвшөөрөгдсөн, хэрэгт хамааралтай, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурласан байх учиртай бөгөөд нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзэх боломжгүй.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэж хуульчилсан.

Хариуцагч Р.Шура нь 220,000,000 төгрөгийн тухайд нэхэмжлэгч ********, ******** нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн зөрчсөн, хохирол учруулсан нь чухам ямар үндэслэл, шалтгаантай болох нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нарын зүгээс хариуцагч ********, ******** нараас 220.000.000 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргасан бөгөөд нэхэмжлэгч ******** нь зөвхөн хариуцагч ******** харилцан тохиролцож түүний данс болон бусдын дансруу 220.000.000 төгрөгийг түүний нэр, утасны дугаар болон бусад утгаар шилжүүлсэн байх тул тэдний хооронд байгуулсан зээлийн гэрээний үүрэг болон үндэслэлгүй хөрөнгөжсөн мөнгийг ******** төлөх үүрэггүй байна.

Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан зээлээр худалдан авсан барааны үнэ 1,491,000 төгрөгийг хариуцагч ********, ******** нараас, зээлийн 140.000.000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн 80.000.000 төгрөг, нийт 220,000,000 төгрөгийг хариуцагч ******** гаргуулж нэхэмжлэгч ******** тус тус олгож, 220,000,000 төгрөгийг хариуцагч ******** гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүхээс дүгнэсэн болно.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,296,756 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Шура, Д.Баттөгс нараас 38,806 төгрөгийг, хариуцагч Д.Баттөгсөөс 1,257,950 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч О.Цэрэнхандад олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4, 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан зээлээр худалдан авсан барааны үнэ 1,491,000 төгрөгийг хариуцагч ********, ******** нараас, зээлийн 140.000.000 төгрөг, үндэслэлгүй хөрөнгөжсөн 80.000.000 төгрөг, нийт 220,000,000 төгрөгийг хариуцагч ******** гаргуулж нэхэмжлэгч ******** олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,296,756/нэг сая хоёр зуун ерэн зургаа мянга долоон зуун тавин зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******** ******** нараас 38,806/гучин найман мянга найман зуун зургаа/ төгрөгийг, хариуцагч ******** 1,257,950/нэг сая хоёр зуун тавин долоо мянга есөн зуун тавь/ төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч ********-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Б.ОДБАЯР