Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 305/ШШ2025/00874

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ********хүсэлттэй,

Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Мөнхшүр оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Хүсэлт гаргагч ******** нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. нэхэмжлэлийн шаардлага: 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын 4-р багт мал маллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлт гаргагч ******** нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие ******** Чандмань суманд төрсөн. Би сургуульд сурч байгаад 8-р ангиа төгсөөд мал дээр гарч аав, ээжийн хамт мал маллаж байгаад аав маань 2001 онд нас барж би ээж болон ах, эгч, дүү нарын хамт мал маллаж байсан. 2003 оноос өрх тусгаарлан гэр бүлтэй болсон. Одоо өндөр настны тэтгэвэрээ тогтоолгох гэтэл 1995-1996, 1998-2000 оны малын А данс өрхийн тэргүүн буюу аавын нэр дээр бүртгэгдсэн байгаа учраас малчнаар ажиллаж байсан жил тооцогдохгүй гэж нийгмийн даатгалаас буцааж шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн юм гэжээ.

3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 03-07/6401 дугаартай архивын лавлагаа

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 03-07/6400 дугаартай архивын лавлагаа

- Төрөл садангийн лавлагаа

- Төрсний бүртгэлийн лавлагаа

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 502 дугаартай архивын лавлагаа, уг архивын лавлагааны хавсралт

- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа

4. Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: байхгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч М.Алтантуяагийн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Хүсэлт гаргагч ******** нь 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын 4-р багт мал маллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдлыг шүүх тогтоож болохоор заасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 71 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Малчинд тэтгэвэр тогтооход баримтлах журам-ын 3.2-т даатгуулагчийн 1995 оноос хойшхи хугацаанд малчнаар ажиллаж байсныг нотлох А дансны лавлагааг үндэслэн нийгмийн даатгалын байгууллага /байцаагч/ даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлохоор заажээ.

Ийнхүү тодорхойлох нь малчнаар ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагчийн малчнаар ажилласан хугацааг тооцох, малчинд өндөр насны тэтгэвэр тогтооход ач холбогдолтой буюу малчнаар ажилласанд тооцуулах нь эрх зүйн ач холбогдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж, 40.2-д нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж тус тус заажээ.

4. ******** нь 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын 4-р багт мал маллаж байсан болох нь:

- Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 502 дугаартай архивын лавлагаанд тус аймгийн Чандмань сумын 4 дүгээр багийн малчин, өрхийн тэргүүлэгч ******** мал маллаж байсан хугацаа 1995-1996, 1998-2000 оны жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоог тодорхойлсон байна.

- Нэхэмжлэгчийн эцэг ******** 1995-1996, 1998-2000 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансанд Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн хуулбар үнэн тэмдэг дарагдсан байна.

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 03-07/6401 дугаартай 1989 оны хүн амын тооллогоор өрхийн тэргүүн ******** 51 настай, эхнэр ******** 50 настай, охин ******** 13 настай, хүү ******** 11 настай, охин ******** 15 настай нар нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын хөдөөд оршин суудаг гэсэн архивын лавлагаа,

- Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 03-07/6400 дугаартай 2000 оны хүн амын тооллогоор өрхийн тэргүүн ******** 62 настай, эхнэр ******** 61 настай, охин ******** 24 настай, охин ******** 19 настай, ач/зээ ******** 14 настай нар нь Говь-Алтай аймгийн Чандмань сумын хөдөөд оршин суудаг гэсэн архивын лавлагаа,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******** дугаартай ******** нь ******** охин гэсэн төрөл садангийн лавлагаа,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ******** дугаартай ******** 1975 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрснийг 1975 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань сумын 89 дугаарт бүртгэсэн төрсний бүртгэлийн лавлагаа,

- Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн ********, ******** нар гэр бүл болсныг 2005 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань сумын 2 дугаарт бүртгэсэн гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна.

Дээрх баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч ******** нь 1995-1996, 1998-2000 онуудад эцэг ******** өрхөд харьяалагдаж мал маллаж байсан болох нь нотлогдож байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт ажиллаж байсан байдал-ыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамааруулж, шүүх онцгой ажиллагааны журмаар тогтоохоор заажээ.

Хуулийн дээрх заалтын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдож буй нэхэмжлэгч ******** 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын 4-р багт мал маллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ******** 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Чандмань сумын 4-р багт мал маллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН