| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2018/0304/Э |
| Дугаар | 316 |
| Огноо | 2018-07-16 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.МӨНГӨНШАГАЙ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 316
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,
хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтлөн,
улсын яллагч Б.Мөнгөншагай,
шүүгдэгч П.Ч -,
хохирогч Т.А - нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт П-ийн Ч-д холбогдох эрүүгийн 18030000000 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 26-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “_______” ХХК-нд харуулын ээлжийн дарга ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт хамт, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайны 00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт П-ийн Ч /РД:000000000/,
Холбогдсон хэргийн талаар /Прокурорын яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч П.Ч - нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн орой 17 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойд замд “Тоёота Приус” маркийн 0000 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12-8-д заасан “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсний улмаас унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож явсан Т.А -ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч, хохирогч нараас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлгүүд:
Шүүгдэгч Д.Ч-аас: “...2018 оны 04 дугаар сарын 17-ний өдөр ажлаа тараад “Наадам центр”-ийн зогсоолоос машинаа аваад хойд талын аюулгүйн тойргийг тойроход эхний машин хөдлөөд араас нь хөдлөхөд урдуур дугуйтай хүн гэнэт ороод ирсэн. Хохирогчийг замын хөдөлгөөнд дугуйтай явж байхад нь бүтэн биеийг нь мөргөөгүй, дугуйн хойд хэсгийг мөргөсөн бөгөөд замын хашлага мөргөж унасан. Би тухайн үед 15 км/цагийн хурдтай явж байсан...” гэв.
Хохирогч Т.А -ээс: “...2018 оны 4 дүгээр сарын 17-ний өдрийн 17 цагт ажлаа тараад “Наадам центр”-ийн хойд уулзвар дээр дугуйтай 30-40 км/цагийн хурдтай явж байсан бөгөөд миний урд талын машин хөдөлсний дараа Чинбат нь араас нь зогсохгүй хөдлөж миний дугуйны дөрөөг хавсарч мөргөсөн. Би 2-3 метр газар шидэгдэж унасан. П.Ч - машинаасаа бууж ирээд намайг “гай боллоо” гэж хэлсэн. Би тухайн үед нь цагдаад дуудлага өгсөн. Бэлэн мөнгөөр 280.000 төгрөг, эмчилгээний зардалд 70.000 төгрөг төлсөн. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч Т.А -ийн: “...2018 оны 04 дүгээр сарын 17 цагийн орчим өөрийн эзэмшлийн “Сollo rood bike” маркийн унадаг дугуйгаа унаад ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ Хан-Уул дүүргийн нутаг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойд машин замаар уулзвар руу орох үед урдаасаа хойшоогоо явсан цагаан өнгийн “Тоёота Приус” маркийн автомашин зүүн хажуу талаас ирж мөргөж унагасан. Машинд жолооч ганцаараа явсан 35 орчим насны залуу байсан. Одоогоор эмчилгээнд 350.000 гаруй мянган төгрөг гаргаад байгаа боловч баримт гэж байхгүй байна. Жолоочтой уулзаагүй байгаа. Жолоочоос эмчилгээний болон унадаг дугуйны хохирлын мөнгө төгрөг өгөөгүй байгаа. Зүүн гар татаж, түлхэж болохгүй байгаа. Юм өргөж болохгүй байгаа. Гомдолтой байна. цаашид гарах эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Сэтгэл санаа болон хөдөлмөрийн чадвар алдсаны хохирол нэхэмжилнэ. Ажил хийх боломжгүй болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-19 дүгээр хуудас/,
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5173 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30 дугаар хуудас/,
2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6 дугаар хуудас/,
2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Зам тээвийн осол, хэргийн газрын -үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7-10 дугаар хуудас/,
Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 299 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35 дугаар хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ны 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1020 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд:
Яллагдагч П.Ч -ын: “...2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 0000 УНЕ улсын дугаартай Т.Приус маркийн автомашиныг жолоодоод ганцаараа гэртээ харихаар Хан-Уул дүүргийн нутаг Наадам центрийн автомашины зогсоолоос гараад Төв цэнгэлдэхийн баруун хойд талын тойргоор ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо 15 орчим км/цагийн хурдтай явж байхад миний баруун гар талаас буюу ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийшээгээ унадаг дугуйтэй нэг хүн гэнэт машины урдуур ороод ирэхээр нь би машины тормосыг гишгээд машины зүүн урд хэсгээр унадаг дугуйны хойд дугуй орчимд мөргөөд унасан. Би өөрийнхөө утсаар цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 43 дугаар хуудас/,
-Оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 44 дүгээр хуудас/,
-Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 48 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 51 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, шүүх эмнэлгийн болон техникийн шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.Ч -ын гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч П.Ч - нь 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн орой 17 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун хойд замд “Тоёота Приус” маркийн 0000 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12-8-д заасан “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсний улмаас унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож явсан Т.А -ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.А -ийн мэдүүлэг /хх-ийн 13-19 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 5173 дугаартай
2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6 дугаар хуудас/,
2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Зам тээвийн осол, хэргийн газрын -үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 7-10 дугаар хуудас/,
“Ашид билгүүн” ХХК-ны 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 1020 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32 дугаар хуудас/,
Замын цагдаагийн албаны Нийслэлийн замын хөдөлгөөний хяналтын газрын Хан-Уул дүүрэг дэх Замын цагдаагийн хэлтсийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 299 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт
Прокуророос шүүгдэгч П.Ч - нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч П.Ч -ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн “хөнгөн” ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчээс хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал
Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохиролд, хохирогч Т.А - нь өөрийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардал болон эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй болж олох байсан орлого, хөдөлмөрийн хөлс, бусад зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тус тус тооцогдох юм.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад хохирогч Т.А - нь хавтаст хэрэгт 280.000 төгрөгийн хохирлын баримтыг гаргасан бөгөөд шүүгдэгч П.Ч - нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид тус хохирлыг /280.000 төгрөг/ төлж барагдуулсан тул шүүгдэгч П.Ч -ыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Харин хохирогч Т.А - нь шүүхийн хэлэлцүүлэгт “цаашид гарах эмчилгээний зардал болон ажилгүй байсан хугацааны цалин болон сэтгэл санааны хохирол нэхэмжилж байна...” гэж мэдүүлсэн бөгөөд шүүхээс тус эмчилгээний зардал, гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, П.Ч - нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэгт хураагдсан П.Ч -ын №949137 жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын Иргэдэд үйлчлэх төвд хүргүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт П-ийн Ч-ыг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Ч -ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Ч -ын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар П.Ч - нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт хураагдсан П.Ч -ын №949137 жолоодох эрхийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц Цагдаагийн ерөнхий газрын Иргэдэд үйлчлэх төвд хүргүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, П.Ч - нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
7. Хохирогч Т.А - нь цаашид гарах эмчилгээний зардал, гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл П.Ч -ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯАТ