Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2020/01639

 

 

 

 

 

Б ХХК нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Б.Нармандах, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 05-ны өдрийн 101/ШШ2020/01548 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б ХХК - ийн хариуцагч И ХХК -д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 83 530 660 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй, талуудын хооронд 2014 оны 05 сарын 28-ны өдөр байгуулсан 2014/112014/40 дугаартай гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 149 270 000 төгрөгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ба, Г.Х, Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Талууд 2014 оны 05 сарын 12-ны өдөр 927 485 450 төгрөгийн үнэ бүхий, агаар сэлгэлтийн системийн болон уг системийн хөргөлтийн тоног төхөөрөмж нийлүүлж угсрах 2014/039 тоот ажил гүйцэтгэх гэрээ, 2014 оны 05 сарын 28-ны өдөр 165 856 680 төгрөгийн үнэ бүхий, дулаан хөшиг, нийлүүлж угсрах 2014/112014/040 тоот ажил гүйцэтгэх гэрээ, 2015 оны 04 сарын 03-ны өдөр 58 000 000 төгрөгийн үнэ бүхий, гал тогооны агаар сэлгэлт, хөргөлтийн систем угсрах 2015/05 2015/029 тоот ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулсан. 3 гэрээнд баталгаат хугацааг 3 жил байхаар заасан, тоног төхөөрөмжийг нийлүүлж угсран 2015 онд ажлыг хүлээлгэн өгсөн.

Талууд 2016 оны 10 сарын 21-ний өдөр 3 гэрээг дүгнэж, тооцоо нийлэхэд үлдэгдэл 183 530 660 төгрөг болсон. Үүнээс 100 000 000 төгрөг төлж, үлдэгдэл 83 530 660 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож, уг баримтад компанийнх нь нягтлан бодогч н.Нансалмаа гарын үсэг зурж баталгаажуулсан. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасны дагуу ийнхүү тооцоо нийлсэн акт үйлдсэн үеэс эхлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэх учраас гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх хуульд заасан хугацаа дуусахаас өмнө шүүхэд нэхэмжлэлээ гаргасан. Мөн талуудын хооронд байгуулагдсан 3 ажил гүйцэтгэх гэрээнд баталгаат хугацааг 3 жил байхаар тохиролцсон бөгөөд тоног төхөөрөмжийг 2015 онд хүлээлгэж өгснөөс хойш шүүхэд хандсан. Гэрээгээр хүү тохирсон боловч хүүг шаардаагүй. Шүүхэд төлөөлөх эрхийг компанийн тухай хуульд заасны дагуу гүйцэтгэх захирал нь өөрийн байгууллагын албан ёсны хэвлэмэл хуудас дээр бичиж, компанийн тамга, тэмдэг дарсан байгаа учир итгэмжлэл хүчин төгөлдөр бус гэсэн тайлбар үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд хариуцагчаас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 83 530 660 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн үндэслэлийг агуулгаар нь гэрээний үүрэг шаардсан гэж ойлгохоор байна. Талуудын хооронд 4 гэрээ байгуулагдсан байдаг боловч гэрээ тус бүртээ тусдаа харилцаа бөгөөд тус бүртээ эрх эдэлж, үүрэг хүлээсэн. Гэвч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо аль гэрээний үүргээс ямар хэмжээний үүрэг шаардаж байгаагаа тодорхойлоогүй. Хариуцагч нь үйлчилгээний төв, гараашны барилгад агаарын дулаан хөшиг нийлүүлэх, угсрах ажлыг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан бөгөөд нэхэмжлэгчийн нийлүүлсэн агаарын дулаан хөшиг нь ашиглалтын шаардлага хангахгүй, зориулалтын бус байсан тул энэ талаарх санал, шаардлагаа ажил гүйцэтгэгч байгууллагын удирдах болон гүйцэтгэх түвшний бүх хүнд тавьсан. Гэвч одоог хүртэл шийдвэрлээгүй, ажлаа хүлээлцэж, гэрээг дүгнээгүй байгаа тул энэхүү ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой үүрэг хүлээхгүй.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу 2014 оны 08 сарын 17-ны өдөр төлбөр тооцоог дуусгаж, гэрээний үүргийг дуусгасан байх ёстой тул энэ үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхэлнэ. Мөн гэрээний хавсралтад заасан төлбөр төлөх графикт заасан хугацаа дууссанаар хөөн хэлэлцэх хугацаа тоологдож эхлэх ёстой. 5 жилийн дараа шүүхэд шаардлага гаргаж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа дууссаныг харуулж байна. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна, 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ, 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж тус тус заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой аливаа үүргээс манай компани татгалзаж байна.

Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэдэгтэй маргаагүй. Ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажил гүйцэтгэгч нь ажлын үр дүнг хүлээлгэн өгч, захиалагч нь хэлэлцэж тохирсон төлбөр мөнгийг төлөх үүрэг хүлээнэ. Гэтэл нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй. Ийнхүү ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй байж төлбөр төлөх үүрэг биелүүлэхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй учир хариуцагчид төлбөр төлөх үүрэг үүсээгүй. Талуудын хооронд байгуулагдсан 4 гэрээний нийт үнийн дүн 1 168 142 130төгрөг, үүнээс гэрээний дагуу гүйцэтгэлийн санхүүжилтийг цаг тухай бүрд нь төлсөн ба өнөөдрийн байдлаар 1 084 618 470 төгрөг төлсөн.

Маргаж буй гол асуудал нь гараашид тавьсан дулаан хөшиг хэвийн ашиглах ямар ч боломжгүй байгаагаас одоог хүртэл хэрэглэж чадаагүй байна. Нийт 12 ширхэг дулаан хөшиг байгаа боловч тэдгээр нь ашиглалтын шаардлага хангахгүйгээс ажиллуулаагүй. Уг дулаан хөшиг нь гадна хүйтэн агаар болон өрөөний дулаан агаарыг тусгаарлах үүрэгтэй байх ёстой боловч шууд гаднаас хүйтэн агаар ордог учраас одоо болтол үүнийг хэрэглээгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн 83 530 660 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлдээ: Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2014 оны 05 сарын 28-ны өдрийн 2014/112014/40 дугаар гэрээ байгуулж, Их Монгол үйлчилгээний төв, оффис, гараашны барилгын агаарын дулаан хөшгийг нийлүүлж, угсрах ажлыг гүйцэтгүүлсэн. Ажил гүйцэтгэгч нь дулаан хөшигний тооцоо, зураг, тоног төхөөрөмжийн сонголт, нийлүүлэлт, угсралтыг бүрэн хариуцаж гүйцэтгэсэн ба мэргэжлийн зүгээс зөвлөх үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй байсан. Энэхүү гэрээний төлбөрт хариуцагч нь 2014 оны 05 сарын 29-ний өдөр 66 343 000 төгрөг, 2014 оны 06 сарын 27-ны өдөр 66 343 000 төгрөг, 2014 оны 07 сарын 25-ны өдөр 16 585 000 төгрөг, нийт 149 271 000 төгрөг төлсөн.

Улмаар гэрээний хугацаа дуусаж, ажил хүлээлцэх болоход нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил ашиглалтын шаардлага хангаагүй, өөрөөр хэлбэл дулаан хөшиг бол хаалгаар алдагдах дулааныг хөшиг хаах зориулалттай, хүйтэн, халуун агаарыг хаалга онгойх явцад тусгаарлаж өгөх үүрэгтэй боловч гүйцэтгэгч талын нийлүүлэн угсарсан дулаан хөшиг нь уг шаардлагад нийцэхгүй, агаарын хүйтэн урсгал байгууламжид шууд орж ирдэг.

Энэ байдлыг гүйцэтгэгч байгууллагад удаа дараа мэдэгдсэн боловч арга хэмжээ аваагүй, хоёр талаас хэд хэдэн удаа уулзсан боловч шийдэлд хүрч чадаагүй тул угсралтын ажлыг хүлээж аваагүй билээ. Тоног төхөөрөмжийг угсарснаас хойш захиалагч тал ашиглаагүй болно. Суурилуулсан дулаан хөшигнүүдийн нэгээс бусад нь хэвийн асаж, тодорхой хэмжээний дулаанаар үлээдэг ч хөшигний үүргээ гүйцэтгэж чаддаггүй. Анх гараашны хоёр талаас 2, 2 хөшиг үлээхээр зурагт тусгасан боловч нийлүүлэлт угсралтын явцад өөрөөр буюу зөвхөн дээрээс үлээдэг байдлаар угсарсан. Үүний улмаас 5 ширхэг хөшиг буюу 25 244 340 төгрөгийн буцаалт гарсан. Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,8-д зааснаар гарсан хохирлыг гүйцэтгэгч хариуцна. Гэрээ хэрэгжих эхний үеэс эхлэн эдний компанийг төлөөлсөн хариуцсан инженер нь ажиллаж байсан бөгөөд 7 хоног болгон хурал хийж протокол үйлдэж байсан. Бичгээр гаргасан баримт байхгүй ч утас болон харилцан уулзаж ярилцаж байсан учраас доголдлын талаар мэдэгдэж байсан. Хурлын тэмдэглэл нь байдаг боловч шүүхэд өгөөгүй. Гэрээ цуцлах хүсэлтийг бичгээр өгч байгаагүй, доголдлыг арилгах талаар нэмэлт хугацаа тогтоож өгч байгаагүй, гомдлын шаардлагыг амаар, утсаар хэлж байсан. Ашиглалтын шаардлага хангаагүйгээс дулаан хөшгийг өдий болтол ашиглаагүй. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан тоо, хэмжээнд хүрээгүй, зурагт тусгаснаас өөр хөшиг буюу марк, зориулалтыг өөрчилж, усан биш цахилгаан суурьтай хөшиг нийлүүлсэн, тогтоох байршлыг өөрчилсөн, чанарын шаардлага хангасан хөшиг нийлүүлээгүй, усан хөшиг биш цахилгаан суурьтай хөшиг нийлүүлсэн.

Иймд дээрх үндэслэлээр талуудын хооронд 2014 оны 05 сарын 28-ны өдөр байгуулагдсан 2014/112014/40 дугаартай гэрээг цуцалж, зохих ёсоор гүйцэтгээгүй ажлын төлбөрт төлөгдсөн 149 271 000 төгрөгийн төлбөрийг Б ХХК -аас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх 3 гэрээний үүрэг буюу Тооцоо нийлсэн акт-д дурдсан агаар сэлгэлт, хөргөлтийн систем угсрах гэрээ, дулаан хөшиг нийлүүлж угсрах гэрээ, гал тогооны агаар сэлгэлт, хөргөлтийн систем угсрах гэрээний үлдэгдэл төлбөрийг тус тус нэхэмжилсэн. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас харахад зөвхөн Дулаан хөшиг нийлүүлж, угсрах гэрээ-тэй холбоотой шаардлага гаргасан гэж ойлгогдохоор байна.

Хариуцагч тал дулаан хөшиг нийлүүлэх, угсрах ажлын гүйцэтгэлтэй холбоотой доголдлын талаар өмнө нэг ч удаа гомдол, шаардлага гаргаж байгаагүй бөгөөд харин ч тооцоо нийлсэн актад дурдсанаар бид тус гэрээнээс 25 244 344 төгрөгийн буцаалт олгосон. Уг гэрээний дагуу 2015 оны 01 сард тоног төхөөрөмжид туршилт хийж, ажиллуулахад бэлэн гэж үзэн хүлээлгэж өгөхөд дулаан хөшигний доголдлын талаар мэдэгдэж байгаагүй. И ХХК нь дээрх гэрээг цуцлахыг шаардаж байгаа бол гэрээний үүрэг гүйцэтгэсэн хүртэлх үр дагаврын асуудал яригдахаар, гэтэл шаардлагын агуулга нь өгсөн авснаа буцаах буюу гэрээнээс татгалзаж байна гэж ойлгогдож байна.

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6-д гэрээ дуусгавар болох, цуцлах үндэслэлийг зохицуулсан, 6.2-д гэрээг аль нэг талын санаачилгаар цуцлах бол ажлын 3 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ гэж заасан. Гэтэл өнөөдрийн байдлаар гэрээ цуцлах талаар бичгээр мэдэгдсэн зүйл огт байхгүй. Мөн гэрээний 6.3-д нэмэлт хугацаанд доголдол арилгаагүй бол гэж заасан боловч доголдлыг арилгах нэмэлт хугацаа тогтоосон зүйл байхгүй. Үүнээс үзвэл И ХХК нь гэрээнд заасан дуусгавар болгох, цуцлахад баримтлах заалтыг хэрэгжүүлээгүй байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226.1 дэх хэсэгт заасан гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах асуудал байсан бол талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 4.1.1, 4.1.4-т тус тус зааснаар доголдлын талаар мэдэгдэж, нэмэлт хугацаа тогтоож, нэмэлт хугацаанд доголдлыг арилгаагүй бол гэрээг цуцлах байсан. Мөн гэрээний 2.3-т баталгаат хугацаа заасан, энэ хугацаанд ямар нэгэн доголдлын талаар мэдэгдэж байгаагүйгээс гадна уг хугацаа дууссан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр дүгнэж, талууд тооцоо нийлж акт үйлдсэнээр, ажил гүйцэтгэх гэрээ дуусгавар болсон. Ийм байтал дуусгавар болсон гэрээг цуцлах, гэрээнээс татгалзах шаардлагыг 5 жилийн дараа гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч И ХХК -аас ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөрт 83 530 660 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК -д олгож, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Б ХХК -д холбогдох талуудын хооронд 2014 оны 05 сарын 28-ны өдөр байгуулагдсан 2014/11 2014/40 дугаартай гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 149 270 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч И ХХК -ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч И ХХК -аас улсын тэмдэгтийн хураамжид 575 605 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б ХХК -д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 575 605 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 904 305 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд, захиалагч талын төлбөр төлөх үүрэг үүсээгүй байсан. Хариуцагч нь үйлчилгээний төв, гараашны барилгад агаарын дулаан хөшиг нийлүүлэх, угсрах ажлыг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан бөгөөд нийлүүлсэн агаарын дулаан хөшиг нь ашиглалтын шаардлага хангахгүй, зориулалтын бус байсан тул энэ талаарх санал, шаардлагаа ажил гүйцэтгэгч байгууллагын удирдах болон гүйцэтгэх түвшний бүх хүнд тавьсан ч одоог хүртэл шийдвэрлээгүй, ажлаа хүлээлцэж, гэрээгээ дүгнээгүй байгаа тул энэхүү ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой төлбөрийн үүргийг хүлээхгүй.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 346 дугаар зүйлийн 346.1, 346.2 талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ тус бүрийн 1.1, 2.4, 2.5, 4.1.4-д тус тус заасны дагуу хуулийн шаардлага болон гэрээгээр тохиролцсон талуудын тохиролцоог шүүх анхаарсангүй. Нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэгч болохынхоо хувьд Агаарын дулаан хөшиг нийлүүлэх, угсрах ажлаа хүлээлгэж өгөөгүй өдийг хүрсэн. Гэрээнд зааснаар талуудын эрх бүхий албан тушаалтнууд гэрээг дүгнэж, акт үйлдэх ёстой. Гэтэл ийм акт, баримтгүй байхад шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт заасны дагуу захиалагч байгууллагын гүйцэтгэх захирал, ерөнхий инженер л ажлыг хүлээн авч, гэрээг дүгнэх эрхтэй болно. Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1,350.1.6, 351 дүгээр зүйлийн 351.1, 351.1.1-дт ус тус заасны дагуу талууд үүргээ хэрэгжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэгч зохих ёсоор ажлын үр дүнгээ хүлээлгэн өгснөөр л төлбөрөө авах эрхтэй юм.

Түүнчлэн, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 05 сарын 12-ны өдрийн 2014/039, 2014 оны 05 сарын 28-ны өдрийн 2014/11 2014/040, 2015 оны 04 сарын 03-ны өдрийн 2015/05, 2015/029 тоот ажил гүйцэтгэх гэрээнүүдийн үүргийн хүрээнд тодорхойлжээ. Энэхүү 3 гэрээгээр гүйцэтгэгч ажлыг 2-3 сарын хугацаанд актаар хүлээлгэн өгч, захиалагч мөн хугацаанд төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.2, 75.2.1-д тус тус заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Иймд Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт заасны дагуу ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотой гүйцэтгээгүй үүрэг байгаа гэж үзсэн тохиолдолд тус үүргээсээ захиалагч тал бүрэн татгалзсан болно. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт заасны дагуу төлбөр төлөх графикт заасан хугацаанаас хойш 3 жилийн дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрхтэй байжээ.

Хариуцагч нь доголдолтой холбоотой шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй гэх дүгнэлтийн тухайд. Энэхүү дүгнэлтийг хийхээс өмнө Доголдол гэж юуг ойлгох вэ?" гэдэг асуулт гарч ирэх ёстой. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1, 352 дугаар зүйлийн 352.1, 353 дугаар зүйлийн 353.2, гэрээний 5.4-д тус тус зааснаар доголдол нь ажлыг зохих ёсоор хүлээлцэж, гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн дараа яригдах ёстой. Гэрээг дүгнэж, хүлээлцэхээс өмнө ажил гүйцэтгэгч зохих ёсоор ажлаа гүйцэтгэх, ажил хүлээлцсэний дараа доголдол арилгах үүрэг хүлээх тухай хууль зохицуулжээ. Захиалагч байгууллагын хувьд гомдол, санал шаардлагаа удаа дараа тавьж, биечлэн уулзаж, утсаар харилцаж байсан ч ажил гүйцэтгэгч үүргээ биелүүлээгүй. Иймд доголдолтой холбоотой шаардлага гаргасан талаарх баримтыг гаргаагүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл биш юм.

Тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн, сорилтоор шалгасан акт, туршилт хийсэн актыг хариуцагч нь баримтаар няцаагаагүй гэх дүгнэлтийн тухайд, талууд гэрээг хэрхэн дүгнэх, ажлаа хэрхэн хүлээлцэх журмаа гэрээгээрээ тодорхойлсон бөгөөд эрх бүхий албан тушаалтнуудын гарын үсэг, байгууллагын тэмдэг бүхий гэрээг дүгнэсэн, ажлыг хүлээлцсэн акт байхгүй байгаа нь хариуцагчийг зөвтгөх хангалттай үндэслэл болно. Ажлаа хүлээлцээгүй гэх үндэслэлээ бичгийн нотлох баримтаар нотлохыг хариуцагчаас шаардсан шүүхийн дүгнэлт ойлгомжгүй байна. Ажил гүйцэтгэх хугацаанд талууд явцын акт үйлдэж болох ч энэ нь ажлыг бүрэн хүлээлгэж өгсөн, эцсийн акт биш гэдгийг хариуцагчийн зүгээс удаа дараа тайлбарласныг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд, гэрээний хугацаа дуусаж, ажил хүлээлцэх болоход нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажил ашиглалтын шаардлага хангаагүй болно. Дулаан хөшиг нь хаалгаар алдагдал дулааныг хөшиг болон хаах зориулалттай ба хүйтэн халуун агаарыг хаалга онгойх явцад тусгаарлаж өгөх үүрэгтэй боловч гүйцэтгэгч талын нийлүүлэн угсарсан дулаан хөшиг нь шаардлагад нийцэхгүй байгаа, агаарын хүйтэн урсгал байгууламжид шууд орж ирдэг. Үүний дагуу гүйцэтгэгч байгууллагад удаа дараа мэдэгдсэн боловч арга хэмжээ аваагүй, хоёр талаас хэд хэдэн удаа уулзсан боловч шийдэлд хүрч чадаагүй тул угсралтын ажлыг хүлээж аваагүй билээ. Тоног төхөөрөмжийг угсарснаас хойш захиалагч тал ашиглаагүй. Иймд гэрээг цуцалж, төлбөрт төлсөн 149 271 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсан. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1,225, 226, 355.2, 355.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу захиалагч И ХХК гэрээг хэдийд ч цуцалж, учирсан хохирол, төлсөн төлбөрөө шаардах эрхтэй. Гэтэл шүүх энэхүү эрхийг хязгаарлаж хууль болон гэрээг буруу тайлбарлан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1,40.2 дахь хэсэгт заасны дагуу тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зэв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, талуудын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Их үйлсийн эрэл ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 83 530 660 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчид холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 05 сарын 28-ны өдрийн 2014/11 2014/40 дугаартай гэрээг цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 149 270 000 төгрөгийг буцаан гаргуулахыг сөрөг нэхэмжлэлээр шаардсаныг нэхэмжлэгч бүхэлд нь эс зөвшөөрснөөр талууд харилцан маргажээ. /хх 1-2, 18, 40, 45, 78, 91 /

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ, 2016 оны 10 сарын 21-ний өдрийн актад тусгагдсан талуудын хооронд байгуулсан агаар сэлгэлт, хөргөлтийн систем угсрах гэрээ, дулаан хөшиг нийлүүлж угсрах гэрээ, гал тогооны агаар сэлгэлт, хөргөлтийн систем угсрах гэрээний үлдэгдэл төлбөрийг гаргуулна гэж тайлбарласан байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзал, давж заалдах гомдлын үндэслэлдээ, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгч нь хуульд заасны дагуу хариуцагч талд ажлыг хүлээлгэн өгөөгүй тул төлбөр төлөх үүрэг үүсээгүй, мөн 2014 оны 05 сарын 28-ны өдрийн гэрээний дагуу хүлээлгэн өгсөн зүйл нь доголдолтой байсан тул уг гэрээг цуцалж, түүний төлбөрт төлсөн 149 270 000 төгрөг гаргуулна гэжээ.

 

Хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээнүүд /хх 19-23, 62-76/ болон зохигчдын дээрх тайлбараас үзвэл, талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн харилцаа үүссэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

Түүнчлэн, хэргийн 143-162 дахь талд авагдсан Барилгын салхивчийн систем угсарсан сорилтоор шалгарсан акт, Тоног төхөөрөмжид туршилт хийсэн акт, Тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн акт, Ажил хүлээлцсэн акт, 2016 оны 10 сарын 21-ний өдөр И ХХК , Бьюлдингс текноложи ХХК хоорондын ажлын санхүүжилтээр тооцоо нийлсэн акт /хх 8/ зэргийг харьцуулан үнэлбэл, хариуцагчийн нэхэмжлэгч ажлын үр дүнг хүлээлгэн өгөөгүй, гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Тодруулбал, дээрх баримтууд нь нэг талын үйлдсэн баримт биш байх бөгөөд гэрээний талууд харилцан гарын үсэг зурж, баталгаажуулсан.

 

Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1.2-т зааснаар гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах нь захиалагчийн үүрэг учир ажил хүлээлгэн өгөөгүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.

 

Иймд нэхэмжлэгч буюу гүйцэтгэгч нь гэрээ болон хуульд заасны дагуу ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн, 2016 оны 10 сарын 21-ний өдөр талууд тооцоо нийлсэн нөхцөл байдлаас үзвэл, анхан шатны шүүх хариуцагч ажлын үр дүнг хүлээн авсан, хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж дүгнээд хариуцагчаас төлбөрийн үүргийг гаргуулж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд, хариуцагч буюу захиалагч нь талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 05 сарын 28-ны өдрийн 2014/11 2014/040 дугаар ажил гүйцэтгэх гэрээний үр дүнгийн доголдлын талаар гүйцэтгэгч талд шаардлага гаргаж байсан улмаар уг доголдлыг арилгах нэмэлт хугацаа тогтоосон, нэхэмжлэгчийн зүгээс доголдлыг арилгахад зардал гарсан зэрэг нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй. Анхан шатны шүүх хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй гэж дүгнэсэн нь зөв байна. Өөрөөр хэлбэл, ажлын үр дүн доголдолтой байсан нь баримтаар нотлогдоогүйн гадна захиалагчаас доголдлын талаар шаардлага гаргаж байгаагүй нь тогтоогдсон гэж үзлээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдлын нэг үндэслэлээ Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225, 226, 355.2, 355.3 дахь хэсэгт тус тус заасны дагуу захиалагч гэрээг хэдийд ч цуцалж, учирсан хохирол, төлсөн төлбөрөө шаардах эрхтэй гэж тайлбарлах боловч талууд гэрээг дүгнэж тооцоо нийлсэн, ажил гүйцэтгэгч ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгаагүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй тул гэрээг цуцлах дээрх хуулийн зохицуулалтад хамаарахгүй юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 05- ны өдрийн 101 /ШШ2020/01548 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 321 953 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Д.НЯМБАЗАР