| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2402000000454 |
| Дугаар | 2025/ДШМ/269 |
| Огноо | 2025-02-25 |
| Зүйл хэсэг | 18.3.1., |
| Улсын яллагч | Б.Очгэрэл |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/269
Д.М-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Очгэрэл,
шүүгдэгч Д.М-,
хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б,
нарийн бичгийн дарга Э.Буяндэлгэр нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.М-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2402000000454 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
А овогт Д-ийн М, /РД: .................../, .........................тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй;
Шүүгдэгч Д.М- нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О т т” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2022 оны жилийн эцэс, 2023 оны нэгдүгээр улирлын тайлант хугацаанд “А” ХХК-иас 6 ширхэг падаанаар 618,181,816 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 61,818,179 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Д.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч А овогт Д-ийн М-ыг “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлогыг зориуд худал тодорхойлсон, нуусан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс түүний оршин суух Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс зайлшгүй тохиолдолд эмнэлгийн байгууллагын тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд гадагш зорчихгүй байхаар хязгаарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-аас 61,818,179 төгрөг гаргуулан Татварын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Д.М- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд анх 2022 оны 8 дугаар сарын үед Барс худалдааны төв дээр наймаагаа хийгээд сууж байхад фейсбүүк дээр НӨАТ-ын илүүдэл шивж өгнө гэсэн зар хараад уг зарын дагуу 88-тай дугаарт залган НӨАТ-ын илүүдэл байвал шивүүлэх гэсэн юм, оронд нь жимс бараа материал борлуулж болно. Би НӨАТ-ын өрөнд орчихсон, өрөө яаж төлөхөө мэдэхгүй байна гэхэд манайд НӨАТ-ын илүүдэл нэлээн их байгаа, та авч болно, шилжүүлсэн НӨАТ-ын 1.8 хувиар тооцоод төлбөрөө өгчих гэсэн. Тэгээд тухайн эрэгтэй намайг хэдэн сая төгрөгийн НӨАТ авах юм бэ, та эхлээд үнийн дүнгээрээ бодоод мөнгөө шилжүүлчих гэхээр нь би эхлээд НӨАТ-аа шилжүүлж авч байгаад мөнгөө өгнө гэсэн. Тэгээд би тухайн хүнд “О т т” ХХК-ийн нэрийг, регистрийн дугаарын хамт мессежээр явуулсан бөгөөд удалгүй манай компани руу миний хэлсэн үнийн дүнгээр “А” ХХК-иас НӨАТ шивэгдэж орж ирсэн. Тэгээд би тухайн хүний явуулсан данс руу 1.8 хувиар бодон мөнгө шилжүүлдэг байсан. Хэдийгээр би нэг талаасаа хууль зөрчсөн боловч нөгөө талдаа А, Б нарын хохирогч болсон, тухайн үеийн 618,181,816 төгрөгийн бараа авсан байдлаар НӨАТ-г шивүүлэхэд нийтдээ 1.8 хувиар бодоход 11 сая гаран төгрөгийг дээрх хүмүүст төлсөн байдаг.
Нэгдүгээрт: 11 сая төгрөгийг хэрхэн шийдвэрлэж байгаа нь тодорхойгүй үлдсэн. Миний хувьд дээрх хохирол төлбөрөө гаргуулж авах хүсэлтэй байдаг.
Хоёрдугаарт: Миний хувийн байдлын хувьд зүрхний өвчтэй, зүрхээ байнга үзүүлж эмчилгээ хийлгэж, эмчийн хяналтад байдаг. Мөн төрсөн ах болох Д.Б тал цус харвасан миний асаргаанд байдаг. Бид биеийн эрүүл мэндийн байдал хүндрэх үед яаралтай эмнэлгүүдээр явах, цаашлаад БНХАУ-руу эмчилгээнд явдаг юм.
Миний энэхүү эрүүл мэндийн байдал, ар гэрийн гачигдалтай байдал, хэргээ үнэн зөвөөр хүлээж байгаа, хохирол төлбөрөө төлж улсыг хохиролгүй болгохоо илэрхийлж байгаа байдал зэргийг харгалзан үзэж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс 6 сар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсэн шийтгэх тогтоолыг өөрчилж, торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн залруулга хийгээгүй. 2024 оны 12 дугаар сарны 05-ны өдрийн байдлаар 329,040,000 төгрөгийн татварын өртэй тул өр барагдуулах ажлыг татварын албатай хамтарч ажлын алба гаргаж, хуулийн дагуу барьцаа хөрөнгө, төлөх төлбөрийн боломжийг гаргах ажил хийгдэх ёстой бөгөөд өнөөдрийн байдлаар ямар нэгэн хохирол төлбөр төлөгдөөгүй. ...” гэв.
Прокурор Б.Очгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Эрүүгийн хариуцлагыг оногдуулахдаа хувь хүний төлбөр төлөх боломж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үздэг. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгчээс өр төлбөр барагдуулаагүй, мөн компанид татвараас зайлсхийсэн татварын өрөөс гадна дахин улсад төлөх татварын өр үүссэн. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан. Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчийн ажил хийх боломжгүй байдлыг харгалзан үзээд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь түүний хувийн байдал, олж буй орлого, төлөх төлбөрийн чадамжтай холбоотойгоор шударга ёсны зарчим, хууль ёсны зарчимд нийцсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Д.М-т холбогдох 2402000000454 дугаартай эрүүгийн хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
1. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Д.М-ын Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “О т т” ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу захирлаар ажиллаж байхдаа их хэмжээний татварын өрийг нуух, татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2022 оны жилийн эцэс, 2023 оны нэгдүгээр улирлын тайлант хугацаанд “А” ХХК-иас 6 ширхэг падаанаар 618,181,816 төгрөгийн бараа үйлчилгээг худалдан авсан мэтээр зориуд худал тодорхойлон, хий бичилтийг бусдаар хийлгэн худалдан авалтын буцаалт хэсэгт тусгаж зориуд худал тодорхойлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг 61,818,179 төгрөгөөр бууруулан татвар төлөхөөс санаатайгаар зайлсхийсэн үйлдэл нь:
хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч B.Б-ийн: “...Миний бие Нийслэлийн татварын хэлтэст татварын улсын байцаагчаар ажилладаг. “Ю п э п” ХХК, “А” ХХК, “Т Н о” ХХК-иуд нь санхүүгийн анхан шатны баримт байхгүй, үйл ажиллагаа явуулдаггүй компаниуд байсан тул бусад аж ахуйн нэгжүүдэд татвар төлөхөөс зайлсхийх боломж олгож НӨАТ-ын хий бичилт хийсэн нь шинжээчийн дүгнэлт, магадалгаагаар тогтоогдсон байна. Шинжээчийн дүгнэлт, магадалгаагаар “А” гэх аж ахуйн нэгжээс “О т т” ХХК нь 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд 6 ширхэг 618,181,816 төгрөгийн бараа материал худалдан авсан мэтээр НӨАТ-ын хий бичилт хийж улсын төсөвт төлөх татвараа 61,818,179 төгрөгөөр бууруулсан хохирлыг нэхэмжилж байна. ...” /хх-ийн 10-11/,
гэрч М.М-ийн: “...Тус аж ахуйн нэгжүүд нь манай “А” гэх аж ахуйн нэгжээс НӨАТ-ын баримт бичүүлж авсан бөгөөд нийт үнийн дүнгийн 1-1,5 хувиар тооцуулж бичүүлсэн. Би яг хэдэн төгрөг, хэзээ, хэнээс авсан гэдгээ санахгүй байна. “А” ХХК нь тус аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, бараа материал худалдан борлуулж байгаагүй бөгөөд тус аж ахуйн нэгжүүдэд НӨАТ-ын хий бичилт бичсэн. ...” /хх-ийн 18-19/,
гэрч Х.А-ын: “...“А” гэх аж ахуйн нэгжээс Б нь хэд хэдэн аж ахуйн нэгж дээр НӨАТ-ын баримт шивж өгч байсан. Би “А” ХХК-ийн захирал болон нягтлан бодогч нарыг танихгүй, урьд өмнө харж байгаагүй. Б нь “А” ХХК-ийн тамгатай гэрээг миний цахим хаяг руу явуулж тус “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б гэсэн бичиглэл бүхий гэрээг боловсруулан Б-гаас ирсэн “А” ХХК-ийн тамгатай гэрээг компьютероор хуулж аван өөрийн аж ахуйн нэгжийн тамга нь манай гэрт их олон жил байсан бөгөөд НӨАТ-ын хий бичилт шивүүлэх гэж байгаа аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх зорилгоор зохиомлоор хийсэн гэрээ байгаа юм. Тус гэрээн дээр байгаа М.М гэх хүнийг би өмнө харж байгаагүй, зохиогоод нэр болон гарын үсгийг нь зурсан юм. Би цахим орчинд НӨАТ зарна гэсэн зар байршуулан зарын дагуу холбогдсон иргэн аж ахуйн нэгжүүдээс нийт үнийн дүнгийн 2.5 хувийг авч Б гэх эмэгтэйн Хаан банкны 511ххххххх, 530хххххххх гэх данс руу нийт үнийн дүнгийн 1.5 хувийг шилжүүлдэг байсан. Би НӨАТ-ын хий бичилт бичүүлэх гэж байгаа аж ахуйн нэгжүүдийг олсныхоо хариуд нийт үнийн дүнгийн 1 хувийг авдаг байсан. Тухайн үед эрхэлсэн тодорхой ажилгүй байсан учир олсон мөнгөө бүгдийг нь хувийн хэрэгцээндээ зарцуулсан. ...” /хх-ийн 22-23/,
гэрч Д.Б-гийн: “...2022 оны 10 билүү 11 дүгээр сард гэртээ байж байгаад фейсбүүкээр “нөат авна” гэсэн зарын дагуу А гэх хаягтай хүнтэй холбогдоход “нөат авах гэсэн юм, өөрт чинь байгаа юу” гэж асуухад нь би “байгаа зарна” гэж хэлээд өмнө харилцаж байсан Б гэсэн хаягтай хүнтэйгээ холбогдож, нэг ёсондоо тэр хоёрын дунд би зуучлах маягтай ажил хийсэн юм. “А” ХХК нь М-гийн компани, үйл ажиллагаа явуулдаггүй. Тэр компани нь цаасны компани юм шиг байна лээ. Яаж тухайн компанитай танилцсан бэ гэвэл 2022 оны 8 дугаар сард “НӨАТ-ын баримт зарна” гэсэн зарын дагуу холбогдож компаниудад НӨАТ-ын баримт шивүүлдэг байсан. ...” /хх-ийн 26-27/ гэх мэдүүлгүүд,
Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын санхүүгийн шинжээчийн 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 07230018 дугаар мөрдөгчийн магадалгаа /хх-ийн 28-54/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 97 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 59-89/,
Д.М-ын яллагдагчаар мэдүүлсэн: “...2022 оны 8 сарын үед би Барс худалдааны төвд наймаагаа хийгээд сууж байхдаа фейсбүүк дээрээс “НӨАТ-ын илүүдэл шивж өгнө” гэсэн зар хараад уг зарын дагуу 88-тай юнителийн дугаар руу холбогдож, хэдэн сая төгрөгийн НӨАТ авах юм бэ, та эхлээд үнийн дүнгээрээ бодоод мөнгөө шилжүүлчих гэхээр нь би эхлээд НӨАТ-өө шивүүлж байгаад мөнгөө өгье гэсэн. Тэгээд би тухайн хүнд “О т т” ХХК-ийн нэрийг регистрийн дугаарын хамт мессежээр явуулсан бөгөөд удалгүй манай компани руу миний хэлсэн үнийн дүнгээр “А” ХХК-иас НӨАТ шивэгдэж орж ирсэн. Тэгээд би тухайн хүний явуулсан данс руу шивүүлсэн НӨАТ-ынхаа 1,8 хувиар тооцож төлбөрөө шилжүүлдэг байсан. Надад “А” ХХК-тай холбоотой гаргаж өгөх ямар нэгэн баримт байхгүй. Манай “О т т” ХХК нь “А” ХХК-тай огт хамтран ажиллаж байгаагүй, хуурамч НӨАТ шивүүлсэн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 136-137/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Анхан шатны шүүхийн Д.М-ын үйлдсэн хэргийн үйл баримтын талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан...” гэснээр зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
3. Гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино...” гэсэн зорилгыг хангаж байх ёстой.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” гэсэн ялаас шүүгдэгч Д.М-ын үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, хохирогч, хор уршиг, эрхэлж буй ажил хөдөлмөр, хувийн байдал зэргийг харгалзан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах оногдуулж, уг ялыг эдлэх нутаг дэвсгэрийн хүрээ, хязгаарлыг түүний оршин сууж буй Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосон нь үндэслэлтэй, эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх болон гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгод бүрэн нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шүүгдэгч Д.М-ын гаргасан “...зорчих эрх хязгаарлах ялыг торгох ял болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
4. Шүүгдэгч Д.М-аас төлөхөөс зайлсхийсэн 61,818,179 /жаран нэгэн сая найман зуун арван найман мянга нэг зуун далан ес/ төгрөгийг гаргуулан Татварын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 2025/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.М-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР
ШҮҮГЧ Д.МӨНХӨӨ
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ