Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/00781

 

 

 

 

 

2020 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2020/00781

 

 

 

Г. ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч С.Энхтөр, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/00384 дугаар шийдвэртэй Г. ХХК-ийн хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын хураамжид төлсөн 434 142 645 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн өмгөөлөгч Ч.З шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г. ХХК нь Х ХХК-д улирал бүр даатгалын хураамж төлдөг. Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Дараах этгээдийн хадгаламж хадгаламжийн даатгалд хамаарахгүй: 7.2.1. банк, 7.2.2. төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага гэж, 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт Улирлын хураамж нь өмнөх улирлын cap бүрийн эцсийн өдрийн энэ хуулийн 7.1, 7.2.2, 7.2.3-т зааснаас бусад хадгаламжийн дундаж дүнг энэ хуулийн 14.1-д заасны дагуу тооцсон улирлын хураамжийн хувиар үржүүлсэн дүнтэй тэнцүү хэмжээтэй байна гэж тус тус заасан байна. Энэ зохицуулалтаар төрийн байгууллагын хадгаламж нь хадгаламжийн даатгалд хамаарахгүй төдийгүй хадгаламжийн даатгалын хураамжийг тооцохдоо төрийн байгууллагын хадгаламжийн даатгалын дүнг хасч тооцохоор байна.

Хуулийн даатгалд хамаарахгүй байх үйлчлэлд Г. ХХК дахь Хөгжлийн банк ХХК-ийн мөнгөн хадгаламж хамаарах тул уг хадгаламжаас даатгалын хураамж төлөх ёсгүй байсан гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хөгжлийн банк ХХК нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан төрийн байгууллага мөн тул уг банкны хадгаламж нь даатгалд үл хамаарна. Нэхэмжлэгчийн хувьд 100 хувь төрийн өмчийнх, түүний үйл ажиллагаанд Улсын их хурал, Засгийн газар, Сангийн яам шууд оролцдог бөгөөд Үндэсний аудитын газар хяналт тавьдаг. ТУЗ-ийг Сангийн яамнаас бүрдүүлдэг, үйл ажиллагааны нууц нь төрийн нууцад ордог, бүх албан тушаалтан нь хөрөнгө орлогын мэдүүлэг хөтөлдөг зэрэг шинжээр нь Хөгжлийн банк ХХК-ийг төрийн байгууллага мөн гэж үзэж байна. Төр өөрөө өөрийгөө даатгах асуудал байж болохгүйн зэрэгцээ хэрэв даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд хариуцагч нь Хөгжлийн банк ХХК-д нөхөн төлбөр олгохгүй гэж байгаа тул даатгалын үндсэн суурь зарчимд энэ харилцаа нийцэхгүй. Иймд Г. ХХК нь Хөгжлийн банк ХХК-ийн хадгаламжийн үлдэгдлээс 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс хойш 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд төлсөн 434 142 645.79 төгрөгийн төлбөрийг Х ХХК-аас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдөр орсон өөрчлөлт нь 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн мөрдөгдсөн гэж үзвэл нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хугацааны төлсөн хураамжийн дүн 408 729 705.79 төгрөг гарч байгаа тул нэхэмжлэгч 25 412 940 төгрөг илүү шаардсан гэж үзэхээр байна.

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар мэдээлэл авах боломжгүй, мэдээллээс хол байдаг иргэдийн хадгаламжийг болзошгүй эрсдлээс хамгаалах, тэдэнд учирсан 20 000 000 хүртэлх төгрөгийн хохирлыг банкуудаас төлсөн хураамжийн хуримтлалаар нөхөн төлөх харилцааг зохицуулдаг. Энэ агуулгаараа Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1 дэх хэсэгт заасан этгээдийн нэргүй, дугаарласан, эсхүл хуурамч нэрээр нээсэн данс, нэргүй хадгаламжийн сертификат болон бусад төрлийн нэргүй санхүүгийн хэрэгсэл, нэрлэсэн үнээр эргэж төлөгдөхгүй хадгаламжууд даатгалд хамаарахгүй, банк болон төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага болон бусад нэрлэсэн этгээдүүдийн хадгаламжууд даатгалд хамаарахгүй байхаар зохицуулсан.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд зааснаас үзвэл төрийн байгууллага гэдэг нь улсын төсвөөс санхүүждэг байгууллагыг ойлгох бөгөөд Хөгжлийн банк ХХК нь ашгийн төлөө, хувьцаа эзэмшигчтэй ХХК тул төрийн байгууллагад хамаарахгүй. Хөгжлийн банкны эрх зүйн байдлыг Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлсон бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар төрийн байгууллагын эрх зүйн байдалтай нийцэхгүй. Түүнчлэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор төр өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээдийг төрийн өмчит хуулийн этгээд гэх ба мөн хуулийн 14.1 дэх хэсэгт төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг төрийн байгууллага, албан газар гэж тодорхойлсон. Иймд хуулиар тодорхойлсон төрийн байгууллага гэх ойлголтод Хөгжлийн банк ХХК нь хамаарахгүй, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 13.5 дахь хэсэгт зааснаар Г. ХХК нь хураамж төлөх үүрэгтэй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан Х сангаас 367 839 434.63 төгрөг гаргуулан Г. ХХК-д олгож, Г. ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 66 303 211.16 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 328 663.23 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 997 147.17 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Г. ХХК-ийн төлөөлөгч Б.Ганбатын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн хувьд нэхэмжлэгчийн зүгээс маргаагүй бөгөөд шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу 66 303 211.16 төгрөгийг хэрэгсэхгүй болгохдоо Хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдсэнээс хойш 10 хоног буюу 2018 оны 03 сарын 16-ны өдрөөс эхлэн төлсөн улирлын хураамжийг буцаан шаардах эрх нэхэмжлэгчид үүссэн гэж дүгнээд тооцооллыг хийхдээ 1 дүгээр улирлын хадгаламжийн үлдэгдлийг хоногт хуваан хувь тэнцүүлэх байдлаар механикаар тооцоолсон. Нэхэмжпэгчийн зүгээс хууль хүчин төгөлдөр болсон 2018 оны 03 сарын 16-ны өдрөөс хойшхи Голомт банкинд байршуулсан Хөгжлийн банкны хадгаламжийн үлдэгдлийг тооцсон тооцооллыг 2018 оны 01 сарын 31-ни өдрөөс 2019 оны 03 сарын 31-ний өдөр хүртэл хугацааг хамарсан тооцооллын хүснэгтээр нийт 380 110 495.27 төгрөгийн нэхэмжлэл хангагдах үндэслэлтэй байтал тооцооллын алдаанаас болж энэ дүн 12 271 060.64 төгрөгөөр буурсан тул шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 380 110 495.27 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн албан журмын даатгалын харилцаа нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал гэх мэт тусгайлан хуулиар зохицуулагддаг гэрээний дагуу биш хуулийн дагуу үүсдэг албан журмын даатгалын харилцаа юм. Талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.3, 8.1.8, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар Банк хадгаламжийн даатгалын хураамжийг Х д төлөхтэй холбоотой иргэний эрх зүйн харилцаа үүссэн. Энэ үүргийн дагуу Хөгжлийн банк ХХК-ийн Г. ХХК-д мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу байршуулсан мөнгөн хөрөнгөнд тооцогдох хураамжийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасны дагуу төлөх үүрэгтэй. Хөгжлийн банк ХХК нь Монгол банкнаас зөвшөөрөл авсан банкны үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө хуулийн этгээд юм. Өөрөөр хэлбэл Хөгжлийн банк ХХК нь гадаад, дотоодын эрх зүйн этгээдүүд хувьцаа эзэмшигч байж болох ашгийн төлөө хуулийн этгээд. Хэргийн 114 дүгээр талд авагдсан баримтаас үзэхэд Хөгжлийн банк ХХК-ийг ашгийн төлөө, ххк (банк) гэж улсын бүртгэлд бүртгэсэн байна. Гэтэл шүүх нийтийн эрх зүйн субъектийг төрийн байгууллага гэж алдаатай, хууль буруу хэрэглэж дүгнэсэн.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас нотлох баримтаар ирүүлсэн 2019 оны 12 сарын 31-ний өдрийн А-1/4492 дугаар албан бичиг, Сангийн яамны 2020 оны 01 сарын 22-ны өдрийн 6/322 тоот албан бичгийг шүүх буруу үнэлж, Хөгжлийн банк ХХК-ийн Г. ХХК-д байршуулсан мөнгөн хадгаламжийн дүнд тооцсон албан журмын даатгалын хураамжийг төлөх ёсгүй гэж алдаатай дүгнэсэн. Хөгжлийн банк ХХК нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1-д заасан банк гэсэн ангилалд хамаарах тул албан журмын даатгалын улирлын хураамж тооцох мөнгөн хөрөнгийн дүнд тооцогдоно. Дээрх хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь заалт нь хадгаламжийн даатгалд хамаарахгүй нөхцөл буюу нөхөн төлбөр авахгүй этгээдийн жагсаалт юм. Иймд шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул уг шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Нэхэмжлэгч Г. ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан даатгалын хураамжид төлсөн 434 142 645.79 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Г. ХХК-д Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-аас хадгалуулсан мөнгөн хөрөнгөтэй холбоотойгоор албан журмын даатгалын улирлын хураамжид 2018 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд 434 142 645 төгрөгийг хариуцагч Х ХХК-д төлсөн үйл баримт талуудын тайлбар, хэрэгт авагдсан хадгаламжийн даатгалын хураамж тооцох тайлан, хадгаламжийн даатгалын улирлын хураамжийн тооцоолол, гүйлгээний шийдвэр зэрэг нотлох баримтаар тогтоогдсон, талууд энэ талаар маргаагүй. /хх 9-100/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч банкнаас хуульд заасан үүргийнхээ хүрээнд хариуцагч байгууллагад төлсөн даатгалын хураамжийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй шилжүүлсэн мөнгөн хөрөнгө гэж үзэж хууль буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасны дагуу үндэслэлгүй хөрөнгөжсөнөөс үүрэг үүсэх үндэслэл нь нэг тал эд хөрөнгийг хууль болон гэрээнд заасан үүрэг байхгүй байхад нөгөө талд шилжүүлснээр үүснэ. Нэхэмжлэгч банк нь хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардаж буй даатгалын хураамжийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан үүргийнхээ хүрээнд уг хуулийн 13 дугаар зүйлд заасан журмын дагуу төлсөн байх тул хариуцагч байгууллагыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй.

 

Дээрх хуулиар тодорхойлсон төлбөр төлөх үүргийн хүрээнд төлөгдөх даатгалын хураамжийг тооцох журмыг мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заахдаа мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хадгаламж болон 7.2.2, 7.2.3-т заасан хадгаламж эзэмшигчийн хадгаламж хамаарахгүй байхаар заажээ.

 

Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-аас нэхэмжлэгч банкинд хадгалуулсан хадгаламжийн болон харилцах дансанд байршуулсан мөнгөн хөрөнгийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасан төрийн байгууллагын хадгаламж-д хамаарна гэх нэхэмжлэгчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Талуудын хооронд даатгалын хураамж төлөх үүрэг байсан эсэхтэй холбоотой маргааны зүйл нь Монгол Улсын Хөгжлийн банк гэх хуулийн этгээдийн эрх зүйн байдалтай холбоотой байна. Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт хуулийн этгээд нь иргэний эрх зүйн харилцааны бие даасан оролцогч байхаар зааж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлд тус тус зааснаар хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсэхээр, хуулийн этгээд нь ашгийн төлөө буюу компани, нөхөрлөл, ашгийн төлөө бус буюу холбоо, сан, хоршоо-ны хэлбэртэй байна.

 

Хуулийн этгээдийн эрх зүйн байдал нь хуулийн этгээдийн улсын бүртгэлээр тодорхойлогдох бөгөөд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-7.1.5-д Иргэний хуулийн 34-36 дугаар зүйлд заагдсан компани, нөхөрлөл, холбоо, сан, хоршоо зэрэг хуулийн этгээдийг бүртгэх, 7.1.6-д шашны байгууллага, 7.1.7-7.1.10-т нийтийн эрх зүйн хуулийн этгээд, төрийн байгууллага, албан газар, улсын төсөвт үйлдвэрийн газар, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар зэрэг нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг бүртгэх журмыг тодорхойлжээ.

 

Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн хуулийн этгээдийн хэлбэрийг ашгийн төлөө зорилго бүхий хязгаарлагдмал хариуцлагатай компани буюу /банк/ гэсэн статусаар улсын бүртгэлд бүртгэсэн болох нь хэргийн 114 дүгээр талд авагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдож байна. Түүнчлэн, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар тус банкны зорилгыг үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх гэж, мөн хуулийн 8.1 дэх хэсэгт үйл ажиллагаа эрхлэх банк байх талаар тодорхой заасан.

 

Монгол Улсын Хөгжлийн банк ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр Монгол Улсын Засгийн газар бүртгэгдсэн байгаа нь уг банкийг мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.2-т заасан төрийн байгууллага гэж дүгнэх үндэслэл болохгүй. Тодруулбал, Монгол Улсын Хөгжлийн банк ХХК нь хуулийн дээрх заалтын 7.2.1-д заасан банк гэсэн төрөлд хамаарна. Иймд Г. ХХК нь Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасан журмын дагуу хадгаламжийн даатгалын хураамж төлснийг үндэслэлгүйгээр төлбөр төлсөн гэж үзэхгүй.

 

Даатгалын тохиолдол үүссэн үед Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан этгээдүүдэд даатгалын нөхөн төлбөр олгохгүй байх талаар мөн зүйлийн 7.3 дахь хэсэгт заасан нь уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт заасан хураамжийн хэмжээг тооцох зохицуулалтыг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, даатгуулагч банкны төлөх албан даатгалын хураамжийн хэмжээг хуулиар нарийвчлан тогтоосон болно.

 

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт тус хуулийн зорилго нь банкны мөнгөн хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, түүнчлэн санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах гэж тодорхойлжээ. Энэ хуулийн хүрээнд зохицуулагдаж буй даатгалын харилцаа нь Иргэний хуулийн 432 дугаар зүйлийн 432.2 дахь хэсэгт заасан албан журмын даатгалын төрөлд хамаарна.

 

Уг даатгалын харилцааны хүрээнд даатгалын нөхөн төлбөрийг шаардах эрхтэй этгээдийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт хадгаламж эзэмшигч байхаар тодорхойлсон тул Иргэний хуулийн 441 дүгээр зүйлийн 441.1 дэх хэсэгт заасан бусад этгээдэд ашигтай даатгалын гэрээний төрөлд хамаарахаар байна.

 

Даатгалын хураамж төлөх үүрэг бүхий даатгуулагчийн хураамж төлөх үүрэг, даатгалын тохиолдол бий болоход нөхөн төлбөр шаардах эрхтэй этгээдийн хүрээг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулиар ялгавартай зохицуулсан байгааг анхан шатны шүүх анхаараагүй, уг хуулийн зорилготой уялдуулан тайлбарлаагүй нь хууль буруу хэрэглэх үндэс болжээ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Г. ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2020/00384 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэлгүй тул хариуцагч Х ХХК-д холбогдуулан гаргасан даатгалын хураамжид төлсөн 434 142 645.79 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г. ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн хариуцагчийн 1 997 148 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, мөн хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 211 286 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ