Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 300

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтлөн,

улсын яллагч Б.Соёлмаа,

шүүгдэгч Т.Э -,

өсвөр насны шүүгдэгч Б.О -, түүний хууль ёсны төлөөлөгч Б.У -

шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Ганхуяг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т-ын Э , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн О нарт холбогдох эрүүгийн 181000000000 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч,

                                                                                                             ХЯНАВАЛ:  

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.Монгол улсын иргэн, 1998 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Баянхангай суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, эгч дүү нарын хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 0 дугаар бааз гудамжны 0000 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Т-ын Э /РД:0000000000/,

2.Монгол улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, 16 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, сүлжмэлчин мэргэжилтэй, ам бүл 6, эцэг, эх, эгч дүү нарын хамт амьдардаг, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо 2 дугаар хэсэг 00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Б-гийн О /РД:0000000000 /

           Холбогдсон гэмт хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Э - нь Б.О -тай урьдчилан үгсэн тохиролцож 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “_____________” ХК-ний хувцас солих өрөөнд байсан иргэн М.Э -гийн гар цүхнээс Б.О -гаар “ХААН” банкны 3000 төгрөгийн өртөгтэй виза картыг нь нууцаар хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд татан оруулж гэмт хэрэг үйлдэхэд хүргэж, гэмт гэмт хэргийн хатгагчаар оролцож, улмаар картыг авч Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 19-ийн автобусны буудал дээр байрлах “ХААН” банкны бэлэн мөнгөний машинаас 444.500 төгрөгийг гарган авч М.Э -д нийт 447.500 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.О - нь Т.Э -тай урьдчилан үгсэн тохиролцож 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “_____________” ХК-ний хувцас солих өрөөнд байсан иргэн М.Э -гийн гар цүхнээс “ХААН” банкны 3000 төгрөгийн өртөгтэй виза картыг нь нууцаар хулгайлж, гэмт хэргийг гүйцэтгэж, улмаар данснаас нь 444.500 төгрөг авч М.Э -д нийт 447.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Т.Э -аас “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч Б.О -гаас “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

Өсвөр насны шүүгдэгч Б.О -гийн хууль ёсны төлөөлөгч Б.У -ээс: “...Цаашид хүүхдээ сайн харж хандаж, дахин гэмт хэрэгт холбогдуулахгүй байж чадна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

  Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

               Насанд хүрээгүй хохирогч М.Э -гийн: “...Тухайн үед би АТМ-ын нууц кодоо хийж байхыг О_ харж байсан. ...2017 оны 12 дугаар сарын 15-нд данснаасаа мөнгө авах гэтэл миний данс мөнгөгүй болсон байсан. Би 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр О_д мөнгө авч өгчихөөд үлдэгдэл мөнгөө харахад миний дансанд 444.000 төгрөг дансанд үлдсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-7 дугаар хуудас/,

               Т.Э -ын гэрчээр мэдүүлэхдээ: “...Би 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр найз охин О_тай уулзаад 100.000 төгрөг зээлэх үү гэж асуухад надад байхгүй гэж хэлсэн. Ингээд бид 2 хэсэг юм ярьж байтал О_ надад “манай ангийн охин Э. -д мөнгө байж магадгүй” гэж хэлэхээр нь би О_г “чи надад гуйгаад зээлээд өгөөч” гэж хэлтэл “Э. - зээлэхгүй, би тэрнээс гуйж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь буюу 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн орчим О_тай уулзаад түүнийг “чи надад Э. -гийн картыг аваад өгөөч” гэж гуйтал О_ зөвшөөрсөн. Ингээд тухайн өдөр 13 цагийн орчим О_ надад Э. -гийн карт гэж хэлээд “Хаан” банкны нэг картыг “_____________” ХХК-ийн гадна өгсөн. Өгөхдөө картны кодыг 3333 гэж хэлсэн. Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нисэх рүү явах талын 19-ийн автобусны буудлын “Хаан” банкны АТМ-д картыг уншуулаад дансыг нь шалгаж үзтэл 445.000 төгрөг байсан. Тэгэхээр нь би 40.000 төгрөг авах гэж байгаад андуураад 4000 төгрөг авсан. Дахин гүйлгээ хийгээд үдсэн 440.000 аваад буцаад О_ дээр очоод түүнд Э. -гийн картыг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

                Б.О -гийн гэрчээр өгсөн: “....2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 09 цагийн орчим “_____________” ХХК-д дадлагаар ирэхэд Э. - ирсэн ажиллаж байсан. Э. - бид 2 цуг нэг газар хувцасаа сольж тэр газраа сольсон хувцасаа үлдээдэг байсан болохоор би түүний цүнхнээс нь “Хаан” банкны картыг нь аваад найз залуу Э -ыг ажлын гадаа хүрээд ир гэж утсаар ярьсан. ....Э -тай уулзаад түүнд Э. -гийн “Хаан” банкны картыг өгсөн. Кодыг 3333 гэж хэлсэн.... 15-20 минутын дараа Э - над дээр ирээд би картнаас 160.000 төгрөг авсан удахгүй эргүүлээд өгнө надад хэлж картыг өгсөн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14-16-р хуудас/

 

               Хэргийн талаар бусад нотлох баримтууд

2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 75 дугаар хуудас/,

2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 71-74 дүгээр хуудас/

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 26-29 дүгээр хуудас/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд

            Яллагдагч Т.Э -ын: “...2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 11 цагийн орчимд О_тай уулзаад түүнийг чи надад Э. -гийн картыг нь авч өгөөч гэж гуйтал О_ зөвшөөрсөн. Ингээд тухайн өдөр 13 цагийн орчим О_ надад Э. -гийн карт гэж хэлээд “Хаан банк”-ын нэг картыг “_____________ ХХК”-ний гадаа өгсөн Өгөхдөө картны кодыг 3333 гэж хэлсэн. Тэгээд би уг картнаас мөнгө авах гээд яваж байтал замдаа зүс таних Н, З гэх хоёр хүүхэдтэй таараад цуг АТМ-д картыг нь уншуулаад 3333 гэсэн кодыг нь хийгээд дансыг нь шалгаад үзтэл нийт 455.000 төгрөг байсан. Тэгэхээр нь би 40.000 төгрөг авах гэж байгаад 4000 төгрөг авсан. Дахин гүйлгээ хийгээд үлдсэн 440.000 төгрөгийг аваад буцаад О_ дээр очоод түүнд би картнаас 100.000 төгрөг авсан гэж хэлээд түүнд Э. -гийн картыг өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 86 дугаар хуудас/,

            Яллагдагч Б.О -гийн: “...Ингээд 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 09 цагийн орчимд “_____________” ХХК-д дадлагаар ирэхэд Э. - ирсэн ажиллаж байсан. Э. - бид хоёр цуг нэг газар хувцасаа сольж тэр газраа хувцсаа сольсон хувцасаа үлдээдэг байсан болохоор би түүний цүнхнээс нь “Хаан” банкны картыг нь аваад найз залуу Э -ыг ажлын гадаа хүрээд ир гэж утсаар ярьсан. Тухайн үед Э. - байхгүй байсан. Тэгсэн нээх удаагүй Э - манай ажлын гадаа ирсэн талаар хэлэхээр нь би ажлаас гар Э -тай уулзаад түүнд Э. -гийн “Хаан” банкны картыг нь өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 70 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 34 дүгээр хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88-89 дугаар хуудас/,

-Төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/,

-Оршин суугаа хорооны хаягийн тодорхойлолт /хх-ийн 35, 39 дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, өсвөр насны сэжигтэн, яллагдагч нарыг болон насанд хүрээгүй гэрч, хохирогч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий шаардлага, журам болон мөн хуулийн 18 дугаар бүлэгт тусгайлан зохицуулсан “Өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх” ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.

Иймд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Э -, өсвөр насны шүүгдэгч Б.О - нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Т.Э - нь Б.О -тай урьдчилан үгсэн тохиролцож 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “_____________” ХК-ний хувцас солих өрөөнд байсан иргэн М.Э -гийн гар цүхнээс Б.О -гаар “ХААН” банкны 3000 төгрөгийн өртөгтэй виза картыг нь нууцаар хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд татан оруулж гэмт хэрэг үйлдэхэд хүргэж, гэмт гэмт хэргийн хатгагчаар оролцож, улмаар картыг авч Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр 19-ийн автобусны буудал дээр байрлах “ХААН” банкны бэлэн мөнгөний машинаас 444.500 төгрөгийг гарган авч М.Э -д нийт 447.500 төгрөгийн хохирол учруулсан,

       Шүүгдэгч Б.О - нь Т.Э -тай урьдчилан үгсэн тохиролцож 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “_____________” ХК-ний хувцас солих өрөөнд байсан иргэн М.Э -гийн гар цүхнээс “ХААН” банкны 3000 төгрөгийн өртөгтэй виза картыг нь нууцаар хулгайлж, гэмт хэргийг гүйцэтгэж, улмаар данснаас нь 444.500 төгрөг авч М.Э -д нийт 447.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч М.Э -гийн мэдүүлэг /хх-ийн 4-7 дугаар хуудас/, 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 71-74 дүгээр хуудас/, 2018 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 75 дугаар хуудас/, Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 26-29 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. 

        Энэ хэргийн шүүгдэгч Т.Э -, өсвөр насны шүүгдэгч Б.О -  тэдгээрийн өмгөөлөгч Д.Ганхуяг нараас гэмт хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн байдалд тус тус маргаж, мэтгэлцээгүй болно.

        Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Э -ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.О -г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тэдгээрийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан, хуулийн зүйл, хэсэг  тохирсон байна.

Иймд  шүүгдэгч Т.Э -ыг бүлэглэн, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт бусдыг санаатай татан оруулж хатгагчаар  оролцсон,

Өсвөр насны шүүгдэгч Б.О -г бүлэглэн, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.Э -, Б.О - нар нь  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдох ба шүүгдэгч нарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Иймд Т.Э -т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан ба өсвөр насны шүүгдэгч Б.О - нь 2001 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэгдсэн 2017 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн байдлаар 16 нас 3 сар 17 хоногтой болох нь хэрэгт авагдсан өсвөр насны шүүгдэгчийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдсон байна.   

Шүүх, өсвөр насны шүүгдэгч Б.О - нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр өсвөр насны хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзэв. 

 

            Эрүүгийн хэрэгт 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсарган үлдээж, тухайн хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Т.Э -, Б.О - нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

 

         Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага                                                                                             ТОГТООХ нь:

  

        1.Б овогт Т-ын Э -ыг бүлэглэн, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт бусдыг санаатай татан оруулж хатгагчаар  оролцсон,

          Б овогт Б-ийн О_г бүлэглэн, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасныг баримтлан Т.Э -ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.4 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамруулж, 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан өсвөр насны шүүгдэгч Б.О -г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.О -г хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүргийг түүний эх Б.У -т даалгасугай. 

 

         5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.О -д авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг тэдгээрийн оршин суугаа газрын нутаг дэвсгэрийг харъяалах Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс төрийн захиргааны байгууллагад даалгасугай.  

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Э -ын тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдсан иргэний бичиг баримтгүй, Т.Э -, Б.О - нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Т.Э -, Б.О - нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ