Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2025/ДШМ/276

 

   

 

 

 

 

Д.Н, Д.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эрдэмбаатар,

цагаатгагдсан этгээд Д.Н, түүний өмгөөлөгч Б.Оюунчимэг,

цагаатгагдсан Д.Б-гийн өмгөөлөгч Б.Зулбаяр,

цагаатгагдсан Д.Б, иргэний хариуцагч “Д” ХХК нарын өмгөөлөгч Б.Баатарсайхан,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан, 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/1354 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор А.Энхжаргал 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 6 дугаар прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн Д.Н, Д.Б нарт холбогдох 2102002120013 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Х овгийн Д-ийн Н .............. тоотод оршин сууж байгаа, Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнуулж байсан гэх, ял шийтгэлгүй;

2. Н овгийн Д-ийн Б .................... амины орон сууцад оршин сууж байгаа, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтны тэмдгээр шагнуулж байсан гэх, ял шийтгэлгүй;

Д.Н нь нийтийн албан тушаалтан буюу Эрүүл мэндийн яамны харъяа Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа

Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3. Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах, 7.1.6. Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1. Монгол Улсын Үндсэн хууль бусад хуулийг дээдлэн хүндэтгэж сахин биелүүлэх, 39 дүгээр зүйл.Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох: 39.1.2. албаны эрх мэдлээ хэтрүүлэх, 39.1.3.хуульд нийцээгүй шийдвэр гаргах, 39.1.4. албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2. Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана.

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1.Төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах, 16.5.2. Батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих, 16.5.4. Төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх гэж заасныг тус тус зөрчиж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж яллагдагч Д.Б-тэй бүлэглэн түүний үүсгэн байгуулсан “С п” ХХК-ийн Монгол Улсад 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-аас импортлон оруулж ирсэн 147, 265,193 төгрөгийн үнэ бүхий 2006 онд үйлдвэрлэгдсэн, үйлдвэрлэснээс хойш 17 жилийн ашиглалтын хугацаатай, хуучин компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт “Д” ХХК-ийн захирал Д.Б-тэй №01 дугаартай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулж 400,000,000 төгрөгөөр худалдан авч, санхүүжилтийг 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн яамнаас “Д” ХХК-ийн дансанд шилжүүлэн өгч бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан,

Д.Б нь эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтан буюу Эрүүл мэндийн яамны харъяа Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Н-тэй бүлэглэн өөрийн үүсгэн байгуулсан “С п” ХХК-ийн Монгол Улсад 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-аас импортлон оруулж ирсэн, 147,265,193 төгрөгийн үнэлгээтэй, 2005 онд Америкийн Нэгдсэн Улсад үйлдвэрлэгдсэн, үйлдвэрлэснээс хойш 17 жилийн ашиглалтын хугацаатай, хуучин компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппарат”-ыг “И э” ХХК-иар хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хийлгэхдээ он, сар, өдрийг хуурамчаар гаргуулан, улмаар 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Халдварт Өвчин судлалын Үндэсний төв”-ийн ерөнхий захирал Д.Н-тэй №01 дугаартай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулж, 400,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч санхүүжилтийг 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “Д” ХХК-ийн Капитрон банк дахь харилцах дансаар хүлээн авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Нийслэлийн Прокурорын газраас: Д.Н, Д.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.Н, Д.Б нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх  заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар “Д” ХХК-ийн Капитрон банк дахь 3004хххххххх, 300хххххх, 3004ххххххх тоот данс, Улсын бүртгэлийн Ү-220ХХХХХХХ дугаарт бүртгэлтэй “Д” ХХК, “М” эмнэлгийн үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан шийдвэрийг тус тус хүчингүй болгож, хохирогч Эрүүл мэндийн яамны хууль ёсны төлөөлөгч Т.Х гэмт хэргийн улмаас хохирол нэхэмжлээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн 13 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Д.Н, Д.Б нар нь цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Н нь 2022 оны 01 дүгээр сарын 5-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл сэжигтнээр баривчлагдсан байх ба Д.Н, Д.Б нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 45.8 дугаар зүйлд зааснаар хохирол арилгуулах тухай нэхэмжлэл гаргах эрхтэйг мэдэгдэж,  цагаатгах тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Нд авсан хувийн баталгаа гаргах шийдвэрлэжээ.

Прокурор А.Энхжаргал бичсэн эсэргүүцэлдээ “...Цагаатгах тогтоолыг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч танилцахад шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж дүгнэхээр байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Н нь гэрээнд гарын үсэг зурснаас өөрөөр оролцоогүй гэж шүүх дүгнэсэн ч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар санхүүжилтийг “Д” ХХК-д яаралтай олгуулахаар албан бичгүүд хүргүүлсэн нь Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 13/806, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 13/928 дугаартай албан бичгүүдээр нотлогддог.

Өөрөөр хэлбэл, бусдад давуу байдал олгож, төрд хохиролтойгоор гэрээ байгуулан улмаар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдлийг идэвхтэй үйлдлээр хийсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогддог.

Д.Н нь нийтийн албан тушаалтан бөгөөд Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3,

Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 39.1.3, 39.1.4,

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэг,

Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.1, 16.5.2, 16.5.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчиж төрд хохиролтойгоор буюу ашиглагдахгүй болсон компьютер томографын аппаратыг авахаар гэрээ хийсэн байна.

Энэ нь гэрч Т.Б-гийн “...”Д” ХХК-аас Эрүүл мэндийн яаманд 2020 оны 02-03 дугаар сарын үед манай компанийн Мед травма эмнэлэг КТГ-ын аппаратаа шинэчилж байгаа тул бид одоо ашиглахгүй байгаа КТГ-ын аппаратыг улсад худалдах хүсэлтэй байна гэсэн хүсэлтийг өгсөн...”,

гэрч Г.Б-ийн “...Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Н шууд гэрээ байгуулах, уг тохиолдолд Эрүүл мэндийн сайд Халдварт өвчин судлалын үндэсний төвд худалдан авах ажиллагааг зохион байгуулах, гэрээ байгуулах эрхийг тушаалаар шилжүүлнэ. Үүний дагуу Н захиралд эрх үүсэх ба тэрээр худалдан авах ажиллагааг зохион байгуулах үнэлгээний хороог өөрөө тушаалаар байгуулж, худалдан авах ажиллагаа нь Азийн хөгжлийн банкны худалдан авах ажиллагааны журмын дагуу зохион байгуулагдсан байх ёстой. Дээрх худалдан авах ажиллагааг зохион байгуулсны үндсэн дээр Н захирал “Д” ХХК-тай гэрээ байгуулж холбогдох материалыг Азийн хөгжлийн банкны санхүүд хүргүүлж хянуулна. Азийн хөгжлийн банкны төслийн нэгжийн санхүү нь манай Эрүүл мэндийн яамаар дамжуулан хүсэлтээ Сангийн яаманд хүргүүлнэ. Манай Эрүүл мэндийн яамаар дамжуулах хүсэлтийг заавал төрийн нарийн бичгийн дарга баталгаажуулан гарын үсэг зурна. ...би Б гэх хүнтэй нэг ч удаа уулзаж байгаагүй, тэр бүү хэл утсаар ярьж байгаагүй. Би Б болон өөр хэн нэгэн хүнд тухайн аппаратыг үнэлж ирүүлэх талаар огт хэлж ярьсан зүйл байхгүй...”,

“Ф э” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаартай “...2020 оны 4 дүгээр сард тус эмнэлгийн байранд байрлуулж, угсарсан ба холболтуудыг хийж үйл ажиллагаа явуулж байсан боловч өнөөдрийг хүртэл 10-д удаагийн эвдрэл гэмтэл гарч хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сард дахин гэмтэл гарснаас хойш засварлагдаагүй байдалтай байна, хэрэв үүнийг засварлахад 23 сая орчим төгрөгийн зардал гарах засварын нэхэмжлэл ирсэн байна. Орлуулах өртөг нь худалдан авалтын үнэ, тээвэрлэлт, суурилуулалт зэрэг бүхий л зардлыг багтаасан бодит өртгийг үндэслэж байгаагаараа давуу талтай юм, хөрөнгийн зах зээлийн хандлагаар бодит үнэ цэнийг 147,265,193 төгрөг...” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзнэ.

Иймд гэрээнд гарын үсэг зурснаас өөрөөр оролцоогүй гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдлаас зөрүүтэй байна.

2. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг шилжүүлэх, засвар үйлчилгээ, зөөвөрлөх төлбөр төлөх үйл ажиллагаанд оролцсон болох нь дээр дурдсан санхүүжилт хүссэн албан бичгүүдээс гадна тоног төхөөрөмжийг хүлээн авч комиссын акт үйлдэн тоног төхөөрөмжийг хүлээн авсан болох нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1-3/162 дугаартай албан бичгээр нотлогддог.

Дээрх албан бичиг болон “Д” ХХК-ийн нэхэмжлэлийг үндэслэн Эрүүл мэндийн яамнаас “Д” ХХК-ийн Капитрон банк дахь 3004хххххххх тоот данс руу 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр санхүүжилт болох 400,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай “Шинэ короновирусийн эрсдэлээс урьдчилсан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай” тогтоолын 2-т “Нэн шаардлагатай эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж худалдан авахад шаардагдах 4.2 тэрбум төгрөгийн зардлыг Азийн хөгжлийн банктай хэлэлцэн тохиролцож, шийдвэрлүүлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд Д.С, Сангийн сайд Ч.Х нарт даалгасугай.” энэ тогтоолын 1, 2 дахь заалтад заасан “багаж, тоног төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгсэл, хувийн хамгаалах хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодис худалдан авах ажиллагааг шууд гэрээ байгуулах аргаар зохион байгуулж, эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилахыг Эрүүл мэндийн сайд Д.С, Монгол Улсын Шадар сайд Ө.Э нарт зөвшөөрсүгэй” гэж заасан.

Уг тогтоолоор Эрүүл мэндийн сайдад шууд худалдан авах эрх олгосон байхад ХӨСҮТ-ийн захирал Д.Н нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж шууд худалдан авалт хийхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасан “Энэ хуулийн 34.1-д заасан нөхцөлийн дагуу шууд гэрээ байгуулахад захиалагч энэ хуулийн 14-16 дугаар зүйлийн шаардлагыг хангасан, тухайн бараа, ажил, үйлчилгээг гүйцэтгэх чадавхтай нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдтэй хэлэлцээ хийж, техникийн тодорхойлолт болон бусад нөхцөл, шаардлагыг хамгийн сайн хангасан этгээдтэй энэ хуульд заасны дагуу гэрээ байгуулах бөгөөд хэлэлцээний үед хүрсэн аливаа тохиролцоог гэрээнд тусгана” гэснийг зөрчиж, “Д” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр элэгдэж хуучирсан, тоног төхөөрөмжийг худалдан авч төрд буюу Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулжээ.

Гэтэл анхан шатны шүүх Д.Н-г Эрүүл мэндийн яамнаас өгсөн албан бичиг, чиглэлийн дагуу дээд албан тушаалтны шийдвэрт тал засах, бусдад хэт найдах зэргээр гэрээнд гарын зурж үүрэгт ажилдаа хайнга хандсан байх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж тогтоогдсонгүй гэж нэг талыг барьсан дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.

Прокуророос Д.Н-гийн үйлдлийг хайнга хандсан үйлдэл гэж огт дүгнээгүй байхад шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан хайнга хандах гэмт хэргийн шинжийг хууль тогтоогчоос “албан тушаалтан хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүйн улмаас бусдад их хэмжээний хохирол учирсан бол” гэж хуульчилсан бөгөөд энэ гэмт хэрэгт заасан албан тушаалтан бол Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлгийн авлигын гэмт хэргийн албан тушаалтан биш буюу 23 дугаар бүлэгт нь нийтийн албаны эсрэг гэмт хэргүүдийг хуульчилсан байхад шүүхээс илтэд буруу дүгнэлт хийсэн байна.

3. Хэрэгт авагдсан баримтаар дээрх аппаратыг “С” ХХК нь 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-аас 50,350 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 70,941,136 төгрөгөөр импортлон оруулж ирсэн 2006 онд үйлдвэрлэсэн, үйлдвэрлэгдсэнээс хойш 17 жилийн ашиглалтын хугацаатай компьютер томографын аппаратыг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 01 дугаартай “Компьютер томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээний үндсэн дээр 400,000,000 төгрөгөөр ХӨСҮТ-д нийлүүлсэн болох нь дээр дурдсан мэдүүлгүүд болон Эрүүл мэндийн яамны 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 7/5527 дугаартай албан бичгээр “...2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаартай гэрээ хийгдсэн худалдан авалттай холбоотой үнэлгээний хороо байгуулагдаагүй...” гэсэн албан бичгээр нотлогддог.

“Д” ХХК нь анх худалдан авсан үнээс 5,7 дахин их үнээр нийлүүлж байгаа үйл баримтад шүүхээс бодитой дүгнэлт хийгээгүй, яллах талын нотлох баримтуудыг цагаатгах талын ямар ямар нотлох баримтуудаар няцаан үгүйсгэсэн нь тодорхойгүй, энэ талаар шүүх цагаатгах тогтоолдоо дурдаж дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй”, 1.4-т заасан “дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал” гэсэн үндэслэлүүд тогтоогдсон тул шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж дүгнэх үндэслэлийг бий болгоод байна.

4. Прокуророос Д.Б-гийн эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Монгол Улсад 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-аас импортлон оруулж ирсэн, 147,265,193 төгрөгийн үнэлгээтэй, 2005 онд Америкийн Нэгдсэн Улсад үйлдвэрлэгдсэн, үйлдвэрлэснээс хойш 17 жилийн ашиглалтын хугацаатай, хуучин Компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппарат”-ыг “И э” ХХК-аар хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хийлгэхдээ он, сар, өдрийг хуурамчаар гаргуулан, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэрт “Халдварт Өвчин судлалын Үндэсний төв”-ийн ерөнхий захирал Д.Н-тэй 01 дугаартай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулж, 400,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч санхүүжилтийг 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “Д” ХХК-ийн Капитрон банк дахь харилцах дансаар хүлээн авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байхад цагаатгах тогтоолд түүнийг цагаатгах үндэслэлийн талаар хууль зүйн дүгнэлт огт хийгээгүй нь Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас 2021 онд баталсан Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлалыг батлах тухай 29 дүгээр тогтоолтой нийцээгүй шийдвэр гаргаснаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.

5. Цагаатгах тогтоолын Тодорхойлох хэсэгт (25 дугаар хуудас) “...Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400,000 төгрөгөөр торгох, яриад байгаа бэлэглэлийнх нь гэрээний дагуу ямар ч эрх зүйн үр дагавар бий болоогүй...” гэж улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд хэлээгүй дүгнэлтийг шүүх шийдвэртээ тусгасан нь шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэгтгэн дүгнэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн ... 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй”, 1.10-т заасан “илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилтэй шийдвэр болсон, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зэрэг үндэслэлүүд бий болсноор цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичих шаардлага үүссэн байна.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 2024/ШЦТ/1354 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийн дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. ...” гэжээ. 

Прокурор Г.Эрдэмбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Анхан шатны шүүхээс Д.Н-г Эрүүл мэндийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” гэрээнд гарын үсэг зурснаас өөр байдлаар оролцоогүй гэж дүгнэсэн. Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар ХӨСҮТ-ийн захирал Д.Н болон “Д” ХХК-ийн захирал Д.Б нар 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 01 дугаартай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээг байгуулсан. Гэрээний үнийг 400.000.000 төгрөгөөр тодорхойлсон бөгөөд гэрээний үнэд аппаратын үндсэн үнийг багтааж оруулсан байдаг. Гэрээнд заасны дагуу “Д” ХХК-аас ХӨСҮТ-д 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр тоног төхөөрөмжийг хүлээлгэж өгсөн. ХӨСҮТ аппаратыг хүлээж авахдаа 400.000.000 төгрөгийн үнэлгээтэй аппаратыг 10.000.000 төгрөгийн үнэлгээгээр эд хөрөнгийн бүртгэлд бүртгэж авсан. Шүүхээс Д.Н гэрээнд гарын үсэг зурсан ганцхан үйлдэл хийсэн мэтээр дүгнэсэн. Д.Н-гээс ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байх үед Эрүүл мэндийн яаманд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасны дагуу шууд “Д” ХХК-тай хийсэн. 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр “Д” ХХК-тай компьютерт томограф аппарат болон тус аппаратыг хүлээн авсан комиссын актыг үйлдэж, иймд тус компанид өгөх санхүүжилтийг шийдвэрлэж өгөхийг өгөхийг хүсье гэсэн албан бичгийг Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн. Мөн 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 13/928 дугаар албан бичгийг Эрүүл мэндийн яаманд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасны дагуу шууд худалдан авах гэрээг “Д” ХХК-тай хийсэн. Компьютерт томографын аппаратыг хүлээн авсан комиссын акт үйлдсэн гэсэн албан бичиг хүргүүлсэн. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулаад орхисон биш, тухайн компанитай худалдах, худалдан авах гэрээг хийж, гэрээний үнэ буюу 400.000.000 төгрөгийг шилжүүлэх талаар хоёр удаагийн албан бичгийг Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн ийм идэвхтэй үйлдлийг хийжээ. Шүүгдэгч Д.Н нь төрийн албан хаагч буюу нийтийн албан тушаалтан юм. Хэрэгт “томографын аппаратыг эмнэлэгт нийлүүлэхийг эсэргүүцэж байсан, Д.Н захирал намайг тухайн үйл ажиллагааг хариуцаж байсан эмч болон санхүүгийн ажилтнаар гэрээнд гарын үсэг зуруулаад ир гэсэн” зэрэг мэдүүлгүүд гэрчүүд өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, Д.Н захирлаар ажиллаж байх хугацаандаа тухайн албан тушаалтнууд буюу ХӨСҮТ-ийн мэргэжилтэн, эмч нарт аппаратыг авах гэрээнд гарын үсэг зуруулахыг шаардсан талаар гэрчүүд тодорхой мэдүүлдэг. Мөн маргааны гол зүйл болох компьютер томографын аппарат АНУ-д үйлдвэрлэгдсэн, үйлдвэрлэснээсээ 17 жилийн хугацаа өнгөрсөн. Тус аппаратыг “С” ХХК нь 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсын хилээр импортлон оруулж ирсэн. Гаалийн ерөнхий газрын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 032/1016 дугаар албан бичгээр 50,350 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар 70.941.136 төгрөгийн үнэлгээтэй аппарат байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан баримтуудаар тус аппаратын зах зээлийн ханшаар 147.265.193 төгрөгийн үнэлгээг гаргасан. “Д” ХХК шинээр компьютер томографын аппараттай болж хуучин томографын аппаратыг улсад худалдах хүсэлтээ гаргасан талаар гэрч н.Б мэдүүлдэг. Тэгэхээр “Д” ХХК 17 жил ашигласан хувийн байгууллагад Монгол Улсад импортлогдож орж ирээд 7 жилийн хугацаа өнгөрсөн компьютер томографыг оруулж ирсэн үнээс 5,7 дахин, зах зээлийн ханшаас 2,7 дахин ханшаар төрд худалдан борлуулаад байгаа юм. Шүүгдэгч нар болон өмгөөлөгч нарын зүгээс Ковид-19 цар тахал гарсан жил байсан учраас бэлэглэлийн журмаар улсад шилжүүлж өгсөн гэдэг асуудлыг ярьдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан Эрүүл мэндийн яамны албан бичгээс харахад тус яаманд ямар нэгэн байдлаар хандив тусламж орсон зүйл байдаггүй. Мөн Эрүүл мэндийн яамнаас худалдан авах ажиллагааг зохион байгуулаагүй талаар албан бичгийг ирүүлдэг. Шүүхээс худалдан авах ажиллагаа хийгдсэн үү, бэлэглэлийн гэрээ хийгдсэн үү гэсэн хэргийн бодит байдалд хууль зүйн дүгнэлтийг хийж чадаагүй. Прокуророос Д.Н-гийн үйлдлийг авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинж тогтоогдоогүй гэж дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, прокурорын яллах дүгнэлтээс өөр хууль зүйн дүгнэлтийг хийж шүүгдэгч нарыг цагаатгасан. Мөн прокуророос Д.Б, Д.Н нарт холбогдуулан буюу 2 хүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн. Анхан шатны шүүхээс Д.Б-гийн үйлдлийг ямар үндэслэлээр цагаатгасан, ямар үйл баримт тогтоогдсон талаар анхан шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийгээгүй. Прокурорын шүүхийн хэлэлцүүлгийн мэтгэлцээний шатанд яриагүй зүйлсийг цагаатгах тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт оруулж бичсэн. Энэ нь цагаатгах тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй гарсан гэх үндэслэл бүхий эргэлзээг бий болгосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй”, 1.10-т заасан “илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилтэй шийдвэр болсон, шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зэрэг үндэслэлүүд бий болсноор цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэл бий болж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.Н-гийн өмгөөлөгч Б.Оюунчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж үзэж байгаа. Учир нь, прокурорын эсэргүүцэлд санхүүжилтийг “Д” ХХК-д яаралтай олгуулахаар удаа дараа буюу 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр, 2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 2 удаа Д.Н-гийн гарын үсэгтэй албан бичгийг Эрүүл мэндийн яаманд хүргүүлж байсан, гэрээг үндэслэн санхүүжилт авах хүсэлт явуулж байсан нь гэмт хэрэгт оролцсон, давуу байдал олгосон байна гэж дүгнэсэн. Гэтэл цаг хугацааны хувьд Д.Н албан бичиг явуулахаас өмнө буюу 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга н.А-ын гарын үсэгтэй Сангийн яаманд “санхүүжилтийн эрх нээлгэх” тухай хүсэлтийг холбогдох материалын хамт хүргүүлсэн байдаг. Тэгэхээр Д.Н-гийн явуулсан албан бичгээс 2, 3 сарын өмнө санхүүжилтийн эрхийг нээлгэх албан бичиг эрх бүхий албан тушаалтнаас Сангийн яаманд хүргэгдсэн асуудал байгаа. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаас явуулсан албан бичиг холбогдох материалд “Д.Н-гийн гарын үсэгтэй 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаар “Компьютер томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ”-ний 2 дахь хэсэгт “Эрүүл мэндийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу шаардлагатай компьютер томографын аппаратыг хүлээн авлаа” гэсэн утгатай байгаа. 20 дугаар хавтаст хэргийн 27 дугаар хуудсанд “Компьютер томографын аппарат худалдах, худалдан авах гэрээ”-г хавсаргасан. Нэршлийн хувьд худалдах, худалдан авах гэрээ боловч агуулгын хувьд нэг бүрчлэн уншаад үзвэл худалдах, худалдан авах авах гэрээний зүйл байхгүй, ажил гүйцэтгэх төрлүүд буюу ажил гүйцэтгэх гүйцэтгэх гэрээний дагуу ажил хийгдсэн. Мөн Д.Н-гийн явуулсан дээрх 2 албан бичиг явуулснаас гадна цаг хугацааны хувьд 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Эрүүл мэндийн сайд Д.С-ээс шадар сайдад “М” эмнэлгээс ХӨСҮТ-д нийгмийн хариуцлагын хүрээнд 16 зүслэгтэй компьютер томографын аппарат хандивлаж, үүнтэй холбогдох суурилуулах зардал болон нэг жилийн урсгал зардлыг шийдэж өгөөч” гэсэн албан бичиг хүргүүлсэн бөгөөд энэ нь 21 дүгээр хавтаст хэргийн 71 дүгээр хуудсанд авагдсан. Уг албан бичгээр анхандаа энэ аппарат бэлэглэлийн гэрээгээр орж ирсэн гэдгийг илтгэж байгаа. Ганц энэ албан бичгээс гадна 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга А-аас ХӨСҮТ-ийн захирал Д.Н-д “компьютер томографын хөрөнгө оруулалт болох 400.000.000 төгрөгийг Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хүрээнд шийдвэрлэсэн. Иймээс гэрээ байгуулж, суурилуулалтын ажлыг гүйцэтгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд яаралтай цаг алдалгүй нэвтрүүл” гэсэн ийм үүрэг даалгаврыг албан бичгээр хүргүүлсэн. Уг албан бичгийг үндэслэн Д.Н гэрээнд гарын үсэг зураад суурилуулах ажлыг зохион байгуулсан байдаг. Тэгэхээр Д.Н санхүүжилт олгох хүсэлт 2 удаа явуулахаас өмнө санхүүжилтийг шийдчихсэн ийм асуудал байсан байгаа. Мөн 20 дугаар хавтаст хэргийн 124 дүгээр хуудсан авагдсан баримт буюу 2020 оны 04 дүгээр сарын 22 ны өдөр ХӨСҮТ-ийн захирал Д.Н-гийн гарын үсэгтэй Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт “Д ХХК-аас 16 зүслэгтэй компьютер томографын аппаратыг бэлэглэлийн шугамаар Эрүүл мэндийн яамнаас нийлүүлснийг мэдэгдэж байна” гэсэн албан бичиг хүргүүлсэн байгаа. Бодит байдал дээр цаг хугацааны хувьд гэрээ гэрээнд гарын үсэг зурахаас өмнө энэ аппарат нь бэлэглэлийн аппарат байсан, санхүүжилт олгоход удирдлагаас авсан үүрэг чиглэлийн дагуу санхүүжилтийг олгох нөхцөл шаардлагын хувьд гэрээний нэршлийн утга агуулгын хувьд ажил гүйцэтгэх билүү нийлүүлэх утга агуулгатай нэршлийн хувьд худалдах, худалдан авах гэсэн нэршилтэй хийгдсэн гэрээ байдаг. Мөн 17 жил ашигласан, шаардлага хангахгүй хуучин аппаратыг зах зээлийн үнэлгээнээс өндөр үнээр төрийн байгууллагад өгсөн гэж буруутгаад байгаа. Гэтэл 4 дүгээр хавтаст хэргийн 242 дугаар хуудсанд авагдсан ХӨСҮТ-өөс Эрүүл мэндийн яаманд хүргүүлсэн “9600 хүнд эмчилгээ үйлчилгээ, шинжилгээ хийсэн” гэсэн албан бичиг байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Т.Х томилогдсон. 17 жил ажилласан ашиглах боломжгүй аппаратыг суурилуулсан эсэхийг тогтоох зорилгоор ХӨСҮТ-өөс баримт шаардахад 9600 хүнд шинжилгээ хийсэн гэсэн хариу албан бичиг ирүүлсэн. Уг аппаратыг зах зээлийн үнэлгээнээс 5 дахин их үнээр нийлүүлсэн гэж прокурор эсэргүүцлийг дэмжиж ярьж байна. Тэгэхээр зах зээлийн үнэлгээ нь компьютер томографын аппаратын үнэлгээ биш, 16 зүслэгтэй компьютер томографын зах зээлийн үнэлгээ тэрбум төгрөгөөс дээш үнэлгээтэй байгаа. 400.000.000 төгрөгөөс 270.000.000 төгрөг нь зөвхөн 1 жилийн сервисийн үйлчилгээний зардал юм. Энэ бүх эрүүл мэндийн байгууллагад компьютер томографын нэг жилийнх нь сервис үйлчилгээний зардал нь 270.000.000 төгрөг гардаг гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатад ярьсан байгаа. 130.000.000 төгрөг нь суурилалтын зардал юм. Бүлэглэсэн тухайд Д.Н-г Д.Б-тэй бүлэглэсэн гэж буруутгаж байгаа. Д.Н Д.Б хоёр анхнаасаа бие биеэ танихгүй, гэрээ байгуулагдах үед ч бие биеэ мэдэхгүй байсан талаар хэрэгт хангалттай нотлох баримтууд авагдсан байгаа. Мөн. Д.Н Д.Б нарын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр ямар нэгэн байдлаар холбоо харилцаа тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан Д.Б-гийн өмгөөлөгч Б.Зулбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокуророос 6 үндэслэлээр эсэргүүцэл бичсэн байна. Нэгдүгээрт, 17 жил ашигласан мөн ашиглагдахгүй болсон компьютерт томографын аппаратыг 17 жил болсон гэдэг зүйлүүдийг прокурорын эсэргүүцэлд хамгийн түрүүнд бичдэг. 17 жил гэдэг нь 2022 оноос үйлдвэрлэгдсэн 2005 оныг хасаад 17 гэсэн тоо гаргаад байгаа юм. Шинжээчийн дүгнэлтээр анх 2006 онд Франц улсад ашиглагдаж эхэлсэн компьютерт томографын аппарат болох нь тогтоогддог. Тэгэхээр 2006 оноос эхэлж ашиглагдсан. Дээрээс 2013 онд Франц улсаас БНХАУ-ын хилээр дамжиж орж ирсэн. Тээвэрлэлтийн хугацаа 2006 онд Франц улсад ашиглагдаж эхэлснээс хойш хэдэн жил компьютерт томографын аппарат ашиглагдсан юм. Үүнийг прокурор таамаглаж 17 жил л ашиглагдсан гэж байгаа. 2020 онд компьютерт томографын аппаратыг нийлүүлсэн, 2006 онд ашиглагдаж эхэлсэн гэвэл хориос зургааг хасахаар 14 жил гэсэн тоо гарч ирээд байдаг. Тэгэхээр 14 ашиглагдсан аппаратыг яаж 17 жил гэж яллах дүгнэлт болон эсэргүүцэлд дурдсан нь ойлгомжгүй. Мөн прокурорын эсэргүүцлийн үндэслэлээ 2 нотлох баримтаар нотолж байгаа юм. Үүнд, гэрч н.Бгийн мэдүүлэг болон “Ф э” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт байгаа. Уг 2 мэдүүлгийг үндэслэн шүүх бодит хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн гэж эсэргүүцлээ тодорхойлоод байгаа юм. Гэрч н.Б-ийн “би Д.Б гэдэг хүнтэй утсаар ярьж байгаагүй, холбогдож байгаагүй “ гэсэн мэдүүлэг хавтаст хэрэгт авагдсан байгаа. Дараа нь энэ мэдүүлэг өөрчлөгдсөн. Энэ мэдүүлгийг яагаад эсэргүүцэлд бичсэнийг эс зөвшөөрч байгаа. Д.Б, гэрч н.Б нарт үзлэг хийсэн баримтаар “та нар энэ баримтуудаа бүрдүүлж өг, энийгээ бүрдүүлж өг” гэж байнга харилцаа холбоотой байсан нь тогтоогдсон. Энэ хүнээс Авлигатай тэмцэх газрын мөрдөгч “бид хоёр холбогдож байгаагүй” гэсэн мэдүүлэг авч, гарын үсэг зуруулсан нь ойлгомжгүй Прокурорын эсэргүүцэл болон яллах дүгнэлтийн үндэслэл болоод байгаа энэ мэдүүлэг нотолгооны шаардлага хангахгүй гэж үзэж байгаа. “Ф э” ХХК-ийн 147,265,193 төгрөгийн үнэлгээтэй гэсэн дүгнэлтийг ашиглаад байгаа. Уг дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан. Гэхдээ шинжээчийн дүгнэлтийн 1.4.2-т “Авлигатай тэмцэх газрын үнэлэхээр захиалсан дээрх нэр төрлийн үл хөдлөх хөрөнгөөр хязгаарлагдахгүйгээр захиалагч буюу Авлигатай тэмцэх газраас хүсэлт гаргаагүй тул үл хөдлөх хөрөнгө, тоног төхөөрөмж, тавилга эд хогшил бусад хөрөнгө үнэлгээний хамрах хүрээнд ороогүй. Жишээ нь, зөвхөн “Philips Brilliance СТ16” загварын аппаратын хувьд хийгдэж байгаа, бусад эд зүйлс, суурилуулалт, өрөөний тохижилт, цахилгааны хэрэгсэл, камер, эйркондишн гэх мэт дагалдах зүйлс үнэлгээнд ороогүй болно” гээд энэ үнэлгээг бичсэн байгаа. Энэ үнэлгээг ашиглан 147,265,193 төгрөгийн үнэлгээтэй аппаратыг 400.000.000 төгрөгөөр зарсан гэдэг үндэслэлээр эсэргүүцэл бичсэн байна. Прокурорын эсэргүүцэлд “хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Д.Н аппаратын засвар үйлчилгээ, зөөвөрлөх, төлбөр төлөх үйл ажиллагаанд оролцсон болох нь санхүүжилт хүссэн албан бичгүүд болон комиссын акт зэргээр тогтоогдож байна” гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл, аппаратыг шилжүүлэх, засвар үйлчилгээ, зөөвөрлөх, төлбөр төлөх үйл ажиллагаа энэ хэрэгт тогтоогдож байгааг эсэргүүцэл бичсэн яллагчаас зөвшөөрч байгаа юм байна. Үнэлгээний асуудал дээр 143.000.000 төгрөгийг 400.000.000 төгрөгт хувааж, 400.000.000 төгрөгөө 107.000.000 төгрөгт хуваагаад 5,7 дахин их үнээр зарсан гэх зүйлийг ярьдаг. Энэ нь угсралт, суурилуулалт болон сургалт зэрэг бүх зардлын үнэ гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байгаа. Жишээлбэл, эрүүл мэндийн байгууллагууд 50 төгрөгийн маскийг 1000 төгрөгөөр авч байсан. Эрүүл мэндийн байгууллага 50 төгрөгийн маскийг 1000 төгрөгөөр авсан гэдэг асуудал яригдаагүй, Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай холбоотой маскийн үнэ өссөн асуудал яригдана. Тэгэхээр 5,7 дахин үнээр нийлүүлсэн гэдэг нь үндэслэлгүй. Мөн ашиглагдахгүй болсон гэдэг гэх асуудлын тухайд Сонгинохайрхан дүүргийн эмнэлгийн хажууд түрээсийн байранд энэ аппаратыг ашиглаж байсан, орлого, зарлага зэрэг зүйлүүдийг хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргасан. Прокурорын бичсэн эсэргүүцэлд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын ТОДОРХОЙЛОХ нь хэсэгт “яригдаагүй зүйл бичсэн” гэж байна. Энэ нь техникийн шинжтэй алдаа учраас прокурор өөрөө үүнд хариуцлагатай хандаж, тухайн шатад техникийн шинжтэй алдааг залруулах хүсэлт гаргаагүй атлаа давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ дурдсан нь үндэслэлгүй. Иймд анхан шатын шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан Д.Б, иргэний хариуцагч “Д” ХХК нарын өмгөөлөгч Б.Баатарсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэгдүгээрт, прокурорын бичсэн эсэргүүцлийн 5 дахь үндэслэлд цагаатгах тогтоолын 25 дугаар хуудсанд улсын яллагчийн хэлээгүй дүгнэлтийг бичсэн гэж байна. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлийн 114 дүгээр хуудасны 1-5 дугаар мөрт дээрх үг тусгагдсан. Шүүх хуралдааны тэмдэглэлд өөрчлөлт оруулахаар хүсэлт гаргах эрх нь прокурорт байгаа. Тэгэхээр эсэргүүцлийн 5 дэх хэсэгт заасан няцаалт үндэслэлгүй. Хоёрдугаарт, прокурорын эсэргүүцлийн 1 дэх үндэслэлд “ХӨСҮТ-ийн захирал Д.Н нь гэрээнд гарын үсэг зурснаас өөрөөр оролцоогүй гэж шүүх дүгнэсэн ч хэрэгт цугларсан нотлох баримтуудаар санхүүжилтийг “Д” ХХК-д яаралтай олгуулахаар албан бичгүүд хүргүүлсэн нь ХӨСҮТ-ийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 13/806, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 13/928 дугаартай албан бичгүүдээр нотлогддог” гэж дурдсан. Шүүх гэрээнд гарын үсэг зурснаас өөрөөр оролцоогүй гэж дүгнэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар санхүүжилтийг олгосноор нотлогддог. Эсэргүүцэлд дурдсан 2 нотлох баримтыг улсын яллагч яллагааны хэрэгсэл болгож, ял халдаах, нотлох баримт болгож дэмжиж орж ирээгүй. Яллах хавсралтад 21 нотлох баримтаас 17 нь гэрчийн мэдүүлэг, үлдсэн 5 нь “Ф э” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт, 05 дугаар сарын 15-ны өдрийн 01 дугаар гэрээ, данс руу төлбөр шилжүүлсэн баримт, үзлэг хийсэн баримт байдаг. Прокурор эсэргүүцлийн 1 дэх хэсэгт дурдсан нотлох баримтаа үүгээр нотлогдож байгаа гэж мэтгэлцээгүй. Төрд, өөрөөр хэлбэл бусдад давуу байдал олгож, төр хохиролтойгоор гэрээ байгуулан улмаар албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үйлдлийг идэвхтэй үйлдлээр хийсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог гэж дурддаг. Яллах дүгнэлтэд хавсаргасан 21 нотлох баримтыг өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт нэг бүрчлэн няцаасан. Прокурор хэргийн бодит байдлыг тогтоохдоо нийлүүлэх гэрээг худалдан авах гэрээ гээд 400.000.000 төгрөг гэж хөөсөөр байгаад өнөөдөр хүртэл 400.000.000 төгрөгтэйгөө сууж л байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Х-ын мэдүүлэг байгаа. 30 дугаар хавтаст хэргийн 36 дугаар хуудсанд буюу шүүх хуралдааны тэмдэглэл дээр өмгөөлөгчөөс “9500 хүн энэ аппаратаар эмчлүүлсэн гэх асуудал дээр танд эргэлзээ байна уу” гэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “байхгүй”, өмгөөлөгчөөс “9500 хүнийг 150 төгрөгөөр үзсэн гэж тооцвол 1,4 тэрбум төгрөг болж байна. Тэгэхээр төр 1,4 тэрбум төгрөг юм уу, 1,8 тэрбум төгрөгийн орлого олсныг хүлээн зөвшөөрч байна уу” гэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “хүлээн зөвшөөрч байна, хүний тоогоор нь биш, давхацсан тоогоор нь үзэж болно, тэр шинжилгээний тоогоор үзэж болно”, өмгөөлөгчөөс “хүний тоо юу, шинжилгээний тоо юу” гэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “шинжилгээний тоо гэж санаж байна” өмгөөлөгчийн зүгээс “шинжилгээ авахдаа мөнгө авна гэж ойлгож байгаа нь зөв үү” гэхэд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “тийм, шинжилгээ авах болгонд мөнгө авч байгаа”, өмгөөлөгчийн зүгээс “тэгэхээр би 3 удаа 150.000 төгрөгийн шинжилгээ өгсөн бол 450.000 төгрөг төлөх нь зөв үү” гэхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “зөв” гэдэг. Би арга ядаад “танаас мэдүүлэг авахдаа янз бүрийн дарамталсан, тулгасан зүйл байна уу” гэж асуусан. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “олон хүний амь нас хохирох халдварын шинжилгээг өөр эмнэлэгт шилжүүлэхэд гадуур тархах эрсдэлтэй байсан, үүнийг хамгаалсан. Заавал компьютерт томографын аппаратаар уушги нь хаана гэмтсэн байгааг харж байж нэгдүгээрт, уушгинд орсон байна уу гэдгийг харж байж эмчилж байгаа. Уушгинд орсон бол хаана байгааг нь харж байж эмчилдэг юм байна лээ. Мэдээж энэ аппаратыг авснаар тухайн цаг үед маш их ач холбогдолтой байсан гэдгийг материалтай танилцаад харсан. Мөн Д.Б-гийн хувьд гэхээс илүү төрийн ажлыг хийж байгаа хүмүүсийн асуудлаа шийдвэрлэж байгаа процессын алдаанаас болж энэ асуудал үүсээд явж байна би гэж харж байна” гэдэг юм. Прокурорын эсэргүүцлийн дараагийн үндэслэлд албан тушаалаа урвуулан ашиглаж үйлдсэн гэдэг бөгөөд албан тушаалын байдлаар яаж үйлдсэн юм. Мөн “идэвхтэй үйлдлээр хийсэн болох нь” гэж байгаа. Ямар идэвхтэй үйлдэл юм. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар 03 дугаар сарын 10-ны өдөр Франц улсын иргэнийг шөнөөр, нууцаар сайд нарын гэж нэрлэгддэг Улсын Хоёрдугаар төв эмнэлэгт 2 удаа шинжилгээ авсан. Тухайн үеийн Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн дарга, Эрүүл мэндийн сайд байсан н.Э Д.Б-тэй 03 дугаар сарын 23-ны өдөр уулздаг. 03 дугаар сарын 23-ны өдөр 14:00 цагт Эрүүл мэндийн сайд Д.С Д.Б-г өрөөндөө дуудаж уулзсан. Энэ талаар цагаатгах тогтоолд эхлээд Д.С-ийн мэдүүлэг араас нь н.Э-ын мэдүүлэг гээд тодорхой цагаатгах талын зүйл хийгдсэн. 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Д.Б Эрүүл мэндийн сайд Д.С, тухайн үед Улсын онцгой комиссын дарга байсан шадар сайд Ө.Э нартай өрөөнд уулздаг. Тухайн үед Монгол Улс ямар байдалтай байлаа, 2015 оноос хойш ХӨСҮТ-д компьютерт томографын аппаратыг авъя гээд төсөвт суулгахаар төр өөрөө хасчихдаг, хил, гааль хаагдаад компьютер тоног төхөөрөмжийг үйлдвэрлэдэг цөөн тооны газрууд бүгд ачаалалдаа дарагдаж, захиалгаа цуцлаад ирвэл жилийн дараа ирнэ гэсэн байдалтай байсан. Эдгээр хүмүүс Монгол Улсад халдвар тархаахгүй хүмүүсийн амь насыг эрсдэлд оруулахгүйн тулд прокурорын хэлснээр “сайн байна уу гээд тендер зарлаж, гадагш дотогшоо бичиг явуулаад суух юм уу. Би яагаад огноог хэлж байна гэхээр компьютерт томографын аппаратыг Ө.Э сайдтай 03 дугаар сарын 26-ны өдөр уулзаад 04 дүгээр сарын 08-ны өдөр ХӨСҮТ-д суурилагдсан байдаг. Прокурор суурилуулахдаа 400.000.000 төгрөгөөр худалдаж авсан гээд байгаа. Шинжээч н.Э-ийн дүгнэлтээр энэ аппаратыг огт ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт гараагүй. Хуучин аппарат гэдэгт бид маргаагүй. Тухайн үед нийгмийн хариуцлагын хүрээнд санал, санаачилгыг яамнаас, эрүүл мэндийн салбарын ажил хариуцсан хүмүүс нь тавихаар энэ компани өгөхгүй яах юм. Гэхдээ зөөврийн зардал 130.000.000 төгрөг буюу энэ нь урсгал зардал юм. 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр суурилуулснаас хойш 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буюу 418 хоног тасралтгүй 24 цаг Монгол Улсын иргэдийн амь насыг хамгаалахын тулд энэ аппарат үүргээ онц, чухал биелүүлсэн. 21 дүгээр хавтаст хэргийн 71 дүгээр хуудсанд авагдсан баримтыг өмгөөлөгч нарын зүгээс 130, 270 гэсэн тоог судлуулж гаргаж ирсэн бөгөөд прокурор судлуулаагүй. Прокурор яллах дүгнэлтийнхээ хүрээнд мэтгэлцэж, хамгаалж чадаагүй. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн гэж байна. Д.Н захиалагч биш, захиалагч нь Эрүүл мэндийн яам болох талаар гэрч н.Б, н.А нарын мэдүүлэг байдаг. 03 дугаар сарын 26-ны өдрөөс 04 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл 10 хоногийн хугацаанд аппаратыг суурилуулсан. 30 дугаар хавтаст хэргийн 37 дугаар хуудсанд 130.000.000 төгрөг бодитой эсэхийг асууж байгаа юм. 2006 оноос ГГСҮТ-д 6 зүсэлттэй аппаратыг ашигладаг. Гэтэл 6, 16, 24, 32, 64, 128, орчин үед 138 зүсдэг гээд харах өнцөг өөр болохоос үндсэн тоног төхөөрөмжийн 1, 2 гэж доторх хуваалтууд нь өөрчлөгдөж вэйршн нь гараад байдаг болохоос энэ аппаратын үндсэн зүрх нь ажиллаад байдаг, программ хангамжийн сайжруулалт хийдэг. ГГСҮТ-д шинэ компьютерт томографын аппарат тавьж, хуучин 6 зүсэлттэй 2006 оноос ажиллаж байгаа аппаратыг Сүхбаатар аймагт суурилуулахаар зөөсөн. Суурилуулалтын зардал нь 137.000.000 төгрөг болж байгаа. Энэ нь онцгой аппарат, цацрагийн туяаг хаана, яаж хийх үү гэсэн байршлаас хамаараад өөр стандарттай. Тэгээд зардал нь өндөр гардаг” гэв. ГГСҮТ-ийн хуучин аппаратыг дахин шинэчлэлт хийж Говьсүмбэр аймагт суурилуулсан байгаа. Хоёрдугаарт, яагаад 270 гэсэн тоо гараад ирэв.  Эрүүл мэндийн яам улсын төсөв дээр компьютерт томографын аппаратын жилийн урсгал зардал гэж тавьдаг. Прокурор яагаад гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, нийгмийн аюулын шинж чанарыг харгалзаж үзэхгүй, 400.000.000 төгрөг гээд байгаа юм. Компьютерт томографын аппаратыг “Ф э” ХХК-ийн 147,265,193 төгрөгийн үнэлгээтэй гэсэн дүгнэлт гарсан. Тэгээд хохирол дээр 400.000.000 төгрөг гэж байгаа. “Д” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр энэ аппаратаа хэрэгцээтэй газар бэлэглэе гээд өмчлөгч нь шийдвэр гаргаж бэлэглэсэн. Харин зөөх зардлыг яах юм. Эрүүл мэндийн салбарт хэрэглэгддэг тоног төхөөрөмжийг дандаа гаднынхан сервис хийж мөнгө авдаг. Монгол залуучууд цацраг идэвхт туяаг нь аваад суурилуулсан. Тэгэхээр “Д” ХХК өөрсдөө тус хүргэсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Б болон өмгөөлөгч нарын зүгээс “гэрээ, бидний хүсэл зоригийг илэрхийлсэн зүйлүүдийг, миний мэйл хаягт үзлэг хийгээд баримтжуулаад өгнө үү” гэсэн Д.Б-гийн 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн ажилтнуудтай харьцаж байсан мэйл хаягт үзлэг хийлгэх хүсэлт мөрдөн шалгах ажиллагаа шатанд хүсэлт гаргасан. Үүнд, “Сайн байцгаана уу, ХӨСҮТ-тэй хийх гэрээг явуулав. Үг үсэг, утгын алдааг шалгаад аятайхан янзлаад нэмж, хасах зүйл байвал хажууд нь нэмээд явуулна уу, засвараа гүүгл драйвт явуулсанд хийгээрэй Б, хавсралтаар СТ гэрээ док” гэсэн байгаа. 2020 оны “Компьютерт томографын аппарат суурилуулах, хэвийн ажиллагааг хангах, засвар үйлчилгээ хийх гэрээ”-ний үндсэн хэсэгт Монгол Улсад Ковид-19 цар тахлын өвчний онцгой нөхцөл гарсантай холбогдуулан Улсын Онцгой байдлын комисс, Эрүүл мэндийн яамтай харилцан ярилцаж зөвшөөрсний үндсэн дээр ХӨСҮТ-д нэн шаардлагатай байгаа компьютерт томографын аппаратыг “Д” ХХК өөрийн өмч, ашиглаж байсан PHILIPS брэндийн 16 зүсэлттэй компьютерт томографын аппаратыг нийгмийн хариуцлагын хүрээнд бэлэглэж, яаралтай журмаар зөөвөрлөн суурилуулах, аппарат суурилуулах өрөөнд засвар болон цацрагийн хамгаалалт хийх, тоног төхөөрөмжийг хэвийн ажиллагаанд оруулах, засвар үйлчилгээг хариуцах зэрэг зорилгоор дор дурдсан нөхцөлөөр хийв гээд” Д.Б-гийн хүсэл зориг байгаа. Түүний мэйл хаягт үзлэг хийхэд болох байсан. Гэтэл үзлэг хийгээгүй. Шүүх дээр үзлэг хийлгэсэн. 2020 онд Ковид-19 цар тахлын анхны тохиолдол гарснаас хойш нэн яаралтай 20 гаруй хоногийн дотор ХӨСҮТ-д өрөө байхгүй байсан учраас тугалган хар цаасаар цацраг идэвхт өрөөг нь тохижуулсан. 3 дугаар сард хүйтэн байсан. 15-20 хүн хамгаалалтын хувцас өмсөж 24 цаг тасралтгүй 10 хоног ажиллаж компьютерт томографын аппаратыг ашиглалтад оруулахаар иргэний хариуцлагын хүрээнд ажилтнууд ажилласан. Хажуу талын өрөөнд нь Франц улсын иргэн хэвтэж байсан. Өөрсдийн амь насыг үл хайхарч аппаратыг суурилуулсан. Энэ аппаратыг ажиллуулж болохгүй, цацраг идэвхт туяа алддаг гэсэн дүгнэлт байхгүй. Хуучин зүйлийг ашиглаж болно. Төсвийн ерөнхийлөн захирагч биш, Д.Н-тэй ямар нэгэн хамааралгүй. Гэрч н.Б-гийн мэдүүлгийг прокурорын эсэргүүцэлд дурдсан байдаг. Цагаатгах тогтоолд гэрч Т.Б-гийн мэдүүлгийг дурдсан. Уг мэдүүлэг нь “2020 оны 01 дүгээр сард худалдан авах ажиллагаа зохион байгуулах гээд явж байсан боловч яг Ковид-19 цар тахал зэрэгцэж гарч таарсан. Аппаратыг нийлүүлэхэд гадаад улсад үйлдвэрлэх явц удаан, сорил сонгох сонголтууд хийх зэрэг бэрхшээлүүд тулгарч хамгийн багадаа 6-8 сарын хугацаа шаардлагатай болсон. Тэр үед Монгол Улсад Ковид-19 цар тахал дэгдэж, зөөвөрлөгдсөн тохиолдолд бүртгэгдсэн байсан. Хэзээ гэдгийг санахгүй, 2020 оны 2, 3 сарын үед болсон Улсын комиссын хуралдаанд сууж байхад ХӨСҮТ-ийн компьютерт томографын аппаратын асуудлыг яаралтай шийдвэрлэ, Монгол Улсад бэлэн байгаа аппаратыг судлах чиглэл өгөгдсөн” гэсэн агуулгатай юм. 04 дүгээр сарын 20-ны өдөр тендер сонгон шалгаруулалт зарлаж, шалгарсан компанитай 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” гэрээ байгуулж, гэрээгээр 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр нийлүүлэх үүрэг хүлээсэн. Гэтэл тухайн компани нь хугацаандаа нийлүүлж чадахгүй, бараг гэрээнээсээ татгалзах ухааны юм ярьсан. Энэ талаарх баримт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд тухайн компани 2021 оны 7 дугаар сард байна уу, 8, 9 дүгээр сард Эрүүл мэндийн яаманд 5 ширхэг компьютерт томографын аппаратыг нийлүүлсэн байдаг. 1 шинэ аппарат нь ХӨСҮТ-д тавигдсан юм болов уу. Тэгээд уулын бугыг харж унасан морио хаяв гэгчээр нөгөө аппарат нь хамгийн муу аппарат, ажилладаггүй, хуучин болж хувирсан. Тэгэхээр гадаад улсаас нийлүүлэх боломжгүй, гадаад улсаас аппарат байтугай хүн орж ирэхгүй, хил гааль хаачихсан үе. Гэрч Г.Б-ийн нэг мэдүүлгийг аваад, нөгөө мэдүүлгийг нь орхисон. 21 дүгээр хавтаст хэргийн 70 дугаар хуудсанд авагдсан гэрч Г.Б-ийн мэдүүлэгт “би урьд өмнө нь өгсөн мэдүүлэг дээрээ хэлсэн байгаа. Ө.Э сайд явуулсан албан бичгээр архиваас олсон. Эрүүл мэндийн яам 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1А/1515 дугаар албан бичгийг хүргүүлсэн” гэж мэдүүлдэг. Гэрчийн мэдүүлэг нотлох баримтаар үнэлэгдэнэ. Нотлох баримтаар үнэлэгдэж байгаа гэрч Г.Б-ийн 21 дүгээр хавтаст хэргийн 70 дугаар хуудсанд өгсөн мэдүүлгийг өөрөөр нь үгүйсгэнэ.  Тухайн компани 147.000.000 төгрөгийн үнэ бүхий зүйлээ Ковид-19 цар тахлын хүнд нөхцөлд Монгол Улсын ард түмэнд бэлэглэсэн юм байна. 418 хоног ажиллахад Эрүүл мэндийн яам болон ХӨСҮТ-өөс “Д” ХХК нэг ч төгрөг аваагүй. Нийлүүлэх гэрээнд зааснаар 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дууссан байгаа. Шинжээч н.Энхсүрэнгийн дүгнэлтээр харин ч тухайн аппарат сайн ажиллаж, засвар үйлчилгээг цаг тухайд хийгээд явсан үйл баримт тогтоогдож байгаа. Д.Н хайнга хандсан юм уу, үгүй юм уу гэдэгт шүүхээс дүгнэлт хийсэн болохоос прокурорын Эрүүгийн хуулийн тусгай анги 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйлчлэлд халдаж дүгнэлт хийсэн мэтээр буруу бичсэн байсан. Шүүх хуралдаанд яригдсан асуудлаар шүүх дүгнэлт хийсэн нь зөв гэж үзэж байгаа. Гэмт хэргийн шинж агуулагдаагүй. Д.Б хүсэлтээ бичээд хэнээс мөнгө авахаа мэдэхгүй болоод мөнгөө авахын тулд зурна. Энэ нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлд зааснаар бэлэглэлийн гэрээ бөгөөд хандивын гэрээ нь түүний нэг төрөл юм. Бэлэг хүлээн авагч Эрүүл мэндийн яам зөвшөөрч, компьютерт томографын аппаратыг тавьсан. 418 хоног тасралтгүй ажиллуулахын тулд 270.000.000 төгрөг өгч байгааг прокурор ойлгохгүй байгаа. Мөн Д.Б “И э” ХХК-иар хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хийлгэхдээ он, сар, өдрийг хуурамчаар гаргуулсан гэж байна. “И э” ХХК-иар үнэлгээ хийлгэсэн нь үнэн. Прокурор гэмт хэрэг гарсан тухайн цаг үед очих ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог. Эрүүл мэндийн яам тухайн үед шинэ төхөөрөмж гэж хэлээд Азийн хөгжлийн банкнаас мөнгө авсан. Санхүүжилт буцаагдах эрсдэл байсан. Анхан шатны шүүх сайн дүгнэсэн. Прокурор Д.С-ийн мэдүүлэг нь 03 дугаар сарын 20-ны өдрийн албан бичгээр нотлогдоно. Тус хэрэгт 17 гэрч мэдүүлэг өгсөн. Прокурорын эсэргүүцэлд 2 гэрчийн талаар дурдсаныг өмгөөлөгчийн зүгээс тухайлан няцаалт хийлээ. Т.Б-ийн үйлдлийг дүгнэж өгсөн. н.А, н.Т, н.Лх, н.Н нарын мэдүүлгүүд байгаа. Эдгээрийг прокурор яаж үгүйсгэх юм. Д.Н-гийн явуулсан гэх 2 албан бичиг яллах дүгнэлтийн хавсралт болж орж ирээгүй. 400.000.000 төгрөгийн хэлцлийн тухайд 05 дугаар сарын 15-ны өдрийн гэрээ, үндсэн үнэ байхгүй. Үүнд худалдах, худалдан авах ямар ч харилцаа байхгүй. н.Х, н.Б нарын мэдүүлэг, шадар сайдын албан бичиг, 5 дугаар сар болон 7 дугаар сард явуулсан албан бичгүүд хавтаст хэрэгт авагдсан. Жишээлбэл, 380 В-н цахилгаан татахад 23.000.000 төгрөг зарцуулсан байгаа. Анхан шатны шүүхээс гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Хоёрдугаарт, бүлэглэсэн асуудал байгаа. Д.Н, Д.Б нар нь нэгнийгээ танихгүй, бараг шүүх дээр танилцсан. Тэгэхээр Эрүүгийн хуулийн тусгай анги 22.1 дүгээр зүйлд зааснаар албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад болон өөртөө давуу байдал бий болгох гэмт хэргийн шинж нь зорилготой байх ёстой. Тэр шинж нь нийгэмд аюултай, чиглэсэн байх ёстой. Прокурор төрийн нэрийн өмнөөс хохирол нэхэмжлэх ёстой гэж байна. Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар төрийн байгууллагын хүсэлтээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй. Гэтэл тухайн байгууллага нь хохирол учраагүй, 1 тэрбум, 2 тэрбум төгрөгийн ашиг олсон, нийгмийн даатгалын сангаас мөнгө авсан гэж ярьдаг. Иймд прокурорын эсэргүүцэл хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь ойлгомжтой гэж харж байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Д.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нар тодорхой хэллээ. Энэ хандив, тусламжаар ирсэн аппарат юм. Ковид-19 цар тахлын нөхцөл байдалтай үед хил гааль хаалттай байсан учраас хуучин аппарат шадар сайд Ө.Э, Эрүүл мэндийн сайд Д.С, “Д” ХХК захирал Д.Б, тухайн үед Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн дарга байсан н.Энхболд нар хоорондоо тохиролцож ХӨСҮТ-д яаралтай аппарат олж өгөх талаар ярьсан байсан. Би тухайн үед мэдэхгүй байсан. Тухайн үед би хүлээн авагчийн хувьд эсэргүүцэж, авахгүй байх боломжгүй. Учир нь, бэлэглэлийн аппарат, тэр тусмаа хүний амь настай холбоотой чухал үе байсан. Өмгөөлөгчийн хувьд мэргэжлийн хүн биш, хуульч хүн боловч уушгины аль хэсэгт хэцүү байдал үүссэн бэ гэдгийг рентген харж чадахгүй, компьютерт томографын аппаратаар хардаг гэж хэллээ. Тэгэхээр эмчилгээний үр дүнд нөлөөлсөн. Халдвар тараахгүй гэдэг нь бусад эмнэлэг рүү ХӨСҮТ зөөж болохгүй байсан. Улсын онцгой комисс, Засгийн газар, Эрүүл мэндийн сайд буюу миний шууд удирдлага үүрэг, даалгавар өгч байхад үгүй гэх эрх байхгүй. Анхны тохиолдлоор хуучин аппарат бэлэглэлээр ирсэн ажилтнууддаа гэж хэлсэн. Би мөнгө шилжүүлэх талаар 3 дугаар сард мэдээгүй, бүх ажилтнууддаа “бэлэглэл” гэж зарлаж байсныг бүх ажилтнууд гэрчилдэг. Сүүлдээ худалдан авалт болоод явчихсан. Аппаратыг бэлэглээгүй байсан бол яах байсан юм. Бидэнд олдохгүй байсан. Өөр том эмнэлгүүд аппаратаа гол нь салгаж чадахгүй. Аппаратыг тайлж авахаас эхлээд асар их мөнгө орох нь ойлгомжтой. Тээвэрлэхэд бохир жингээрээ 3,5 тонн аппаратыг зөөхөд хүндрэлтэй. 270.000.000 төгрөгийг жил бүр СТ компьютертой бүх эмнэлэгт жилийн сервис үйлчилгээ гэж өгдөг. Үүнтэй адилхан ХӨСҮТ-д ирсэн аппаратад 270.000.000 төгрөг өгсөн. Бүх эмнэлгүүдийг алаг үзэлгүй өгсөн 270.000.000 төгрөг юм. Харин 130.000.000 төгрөг нь тээвэрлэсэн, задласан, угсарсан зардал нь байх. Франц иргэний хэвтэж байсан сэхээний өрөөний хажуу талд боломжийн өрөө судалж, судалж гаргаж өгсөн. Тухайн өрөөг “Д” ХХК засаж хар тулгаар хана, хаалга, шалыг бүрхэж, асар их мөнгө гаргасан. Худалдан авалт биш, нийлүүлэлтийн гэрээ хийсэн. Ковид-19 цар тахлын үед худалдан авалт гэж байхгүй, Хил гааль хаагдсан учраас багаж тоног төхөөрөмж байтугай хүн орж чадахгүй байсан. Эднийх аппаратаа өгөхгүй даатгалаас мөнгө авч байсан бол ашиг олоод яваад байна. Сонгинохайрхан дүүрэгт жижиг өрөөнд аппаратаа ажиллуулж байсан. Аппаратаа ажиллуулаад 3 хүн үзэхэд даатгалаас мөнгө нь ороод ирнэ. “Д” ХХК манайд аппаратаа өгсний төлөө, би авч ажиллуулсныхаа төлөө ялтан болж байгаа нь харамсалтай. Анхан шатны шүүх зөв шийдвэр гаргасан тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:  

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Д.Н, Д.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Прокуророос Д.Н-г нийтийн албан тушаалтан буюу Эрүүл мэндийн яамны харъяа Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа

албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж яллагдагч Д.Б-тэй бүлэглэн түүний үүсгэн байгуулсан 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-аас Монгол Улсад импортлон оруулж ирсэн 147, 265,193 төгрөгийн үнэ бүхий 2006 онд үйлдвэрлэгдсэн, үйлдвэрлэснээс хойш 17 жилийн ашиглалтын хугацаатай, хуучин компьютерт томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Д” ХХК-ийн захирал Д.Б-тэй 01 дугаартай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулж 400,000,000 төгрөгөөр худалдан авч, санхүүжилтийг 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Эрүүл мэндийн яамнаас “Д” ХХК-ийн дансанд шилжүүлэн өгч бусдад эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан,

Д.Б-г эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн ерөнхий захирал Д.Н-тэй бүлэглэн өөрийн үүсгэн байгуулсан “С п” ХХК-ийн Монгол Улсад 2013 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр БНХАУ-аас импортлон оруулж ирсэн, 147,265,193 төгрөгийн үнэлгээтэй, 2005 онд Америкийн Нэгдсэн Улсад үйлдвэрлэгдсэн, үйлдвэрлэснээс хойш 17 жилийн ашиглалтын хугацаатай, хуучин компьютер томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппарат”-ыг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Халдварт Өвчин судлалын Үндэсний төв”-ийн ерөнхий захирал Д.Н-тэй 01 дугаартай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулж, 400,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч санхүүжилтийг 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр “Д” ХХК-ийн Капитрон банк дахь харилцах дансаар хүлээн авч өөртөө болон бусдад давуу байдал бий болгосны улмаас Эрүүл мэндийн яаманд их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн 2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан...” гэсэн зүйлээр яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд ирүүлжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил үгүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарын хүрээнд шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Анхан шатны шүүхийн, хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаар хэргийн үйл баримтыг

“...Монгол Улсад коронавируст халдвар цар тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн, тэрхүү цар тахал өвчнийг эмчлэх, оношлох түүгээр эмчилгээ, оношилгоо хийх шаардлага үүсэж, Эрүүл мэндийн яам, сайд “Д” ХХК-ийн хуучин хэрэглэгдэж байсан компьютерт томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг Халдварт өвчин судлалын Үндэсний төвд шилжүүлж суурилуулсан байна.

Улсын яллагчаас тодорхойлсон үйл баримт болох Д.Н, Д.Б нарын хуучин компьютерт томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппарат”-ыг 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр №01 дугаартай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулж 400,000,000 төгрөгөөр худалдан авсан гэх цаг хугацаанаас өмнө Эрүүл мэндийн яам, сайд болон “Д” ХХК-ийн захирал Д.Б нарын хооронд яриа хэлцэл хийгдэж, улмаар тухайн “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг Халдварт өвчин судлалын Үндэсний төвд шилжүүлэн суурилуулж, цар тахал өвчнийг эмчлэх, оношлох үйл ажиллагаа хийгдэж эхэлжээ.

Энэхүү компьютерт томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг Халдварт өвчин судлал Үндэсний төвд шилжүүлэх, эмчилгээ оношилгоо хийлгэх, төлбөр, түүнийг хэрхэн төлөх яриа, хэлцэлд Халдвар өвчин судлалын Үндэсний төв болон Д.Н нь оролцоогүй үйл баримт тогтоогдож байна.   

Эрүүл мэндийн яам “М” эмнэлгээс Халдварт өвчин судлалын Үндэсний төвд шилжүүлж суурилуулсан “Philips Brilliance СТ16” загварын аппаратын суурилуулалтын зардал 130,000,000 төгрөг, засварын зардал 270,000,000 төгрөг нийт 400,000,000 төгрөгийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар шийдвэрлэж, Халдварт өвчин судлалын Үндэсний төвд санхүүжилтийг Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хүрээнд шийдвэрлэсэн гэрээ байгуулах албан бичгүүдийг хүргүүлж байсан. Ийнхүү Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн захирал Д.Н-д санхүүжилтийг шийдвэрлэсэн талаарх албан бичиг хүргүүлэхдээ “...нийлүүлэгч байгууллагатай гэрээ байгуулан тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалтын ажлыг гүйцэтгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд цаг алдалгүй нэвтрүүлж санхүүжилтийн хүсэлт холбогдох материалыг...” Эрүүл мэндийн яаманд 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдэж, улмаар Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн захирал Д.Н болон Д.Б нар компьютерт томографын “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр №01 дугаартай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх тухай гэрээг байгуулж, уг гэрээг Эрүүл мэндийн яам Сангийн яаманд хүргүүлэн “Д” ХХК-нд 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 400,000,000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт тогтоогдлоо. ...”

гэж тогтоосон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Дээрх үйл баримтын дүгнэлт нь хэрэгт авагдсан:

2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр №01 дугаартай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ байгуулагдахаас өмнө “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппарат Халдварт өвчин судлалын Үндэсний төвд шилжүүлж суурилуулагдсан байсанг болохыг,

400,000,000 төгрөг гэсэн төлбөрийг Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн ерөнхий захирал Д.Н, “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б нар харилцан тохиролцож тогтоогоогүй болохыг тус тус нотолж буй:

гэрч С.Э-ын “...2020 оны 03 дугаар сарын 25-ны үед гэхээр ковидын анхны тохиолдол гарчихсан тийм л үе юм. Тэр үед Халдварт өвчин судлалын Үндэсний төвд хэвтсэн өвчтөнүүдийг Улсын хоёрдугаар төв эмнэлэг рүү зөөвөрлөж шөнө нь КТГ-ын аппаратаар үздэг байсан. ...Би Б-тэй нэг мэргэжлийн хүн болохоор чамд хуучин, хэрэглэхгүй байгаа КТГ-ын аппарат байвал нийгмийн хариуцлагын хүрээнд ХӨСҮТ-д суурилуулах аппарат байвал их том буян болно доо, хэрэв байгаа бол би чамайг сайдтай уулзуулж өгье гэж хэлсэн, намайг ингэж хэлсний дараагаар Б сайд С-тэй уулзсан юм шиг байна лээ, цаашид ямар процесс нь юу болсныг би мэдэхгүй байна. Б-тэй ярьснаас хойш 1-2 сарын дараагаар ярихад ХӨСҮТ-д аппарат суурилуулчихсан шүү л гэж байсан, ер нь бол Бтэй ярих болсон шалтгаан нь юу вэ гэхээр нөхцөл байдал хүндэрсэн тул нийгмийн хариуцлагын хүрээнд туслаач гэж хэлсэн, түүнийг Б ч гэсэн тэгье найз нь боломжоороо тусалъя гээд их л уриалагхан хүлээж авсан. ...Би Бтэй ярихаас өмнө Д.С сайдтай уулзах үедээ нийгмийн хариуцлагын хүрээнд хэцүү цаг үед КТГ-ын аппарат суурилуулбал өвчтөнүүдийг зөөх шаардлагагүй, мөн зөөснөөс болоод энэ тэнд халдвар хамгааллын дэглэм алдагдаад халдвар тарах эрсдэлтэй, хэрэв нийгмийн хариуцлагын хүрээнд төлбөргүйгээр суурилуулах юм бол та зөвшөөрөх үү, хэрэв зөвшөөрвөл тантай нэг хүн уулзана гэж хэлэхэд Д.С сайд яг тэгж нийгмийн хариуцлагын хүрээнд ажиллах компани байдаг бол уулзаж болно оо гэж хэлсэн. ...Би Хөрөнгө оруулалтынхнаас материалыг нь авч үзэхэд, эхлээд хандив тусламж гэж өгчихөөд дараагаар нь 400,000,000 төгрөгийн санхүүжилтийг Эрүүл мэндийн яамнаас шилжүүлсэн байсан, уг 400,000,000 төгрөгөөс 270 сая төгрөг нь жилийн баталгаат сервисийн зардал, харин үлдсэн 130 сая төгрөг нь суурилуулалтын зардал гэж хийсэн юм шиг байна лээ. ...” /21 хх-ийн 129-131-р тал/,

гэрч Т.Б-ийн “... 2020 оны 01 дүгээр сард худалдан авах ажиллагаа зохион байгуулаад явах гэж байсан боловч яг энэ үеэр ковид зэрэгцэж гарч таарсан... аппаратыг нийлүүлэхэд гадаад улсад үйлдвэрлэх явц удаан, орж ирэх, сонголтууд хийгдэх зэрэг бэрхшээл тулгарч хамгийн багадаа 6-8 сар шаардлагатай болсон. Тэр үед Монгол улсад ковид-19 цар тахал дэгдээд, зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдсэн байсан. Хэзээ гэдгийг санахгүй байна 2020 оны 02, 03 дугаар сарын үед болсон Улсын онцгой комиссын хуралд сууж байхад “ХӨСҮТ-д КТГ-ын аппаратын асуудлыг яаралтай шийдвэрлэ, Монгол улсад бэлэн байгаа аппаратыг судпах чиглэл өгөгдсөн. Үүний дараа “Д” ХХК-иас Эрүүл мэндийн яаманд 2020 оны 02, 03 дугаар сарын үед манай компанийн “Мед травма” эмнэлэг КТГ-ын аппаратаа шинэчилж байгаа тул бид одоо ашиглахгүй байгаа КТГ-ын аппаратыг улсад худалдах хүсэлтэй байна гэсэн хүсэлтийг өгсөн...” /28-р хх-ийн 49-50/,

гэрч Т.Б-ийн “...Д ХХК-иас Эрүүл мэндийн яаманд 2020 оны 03 дугаар сарын үед манай компанийн Мед травма эмнэлэг КТГ-ын аппаратаа шинэчилж байгаа тул бид одоо ашиглахгүй байгаа КТГ-ын аппаратыг улсад худалдах хүсэлтэй байна гэсэн хүсэлтийг өгсөн. Д ХХК-с гаргасан хүсэлтийг бид ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Н рүү уг аппаратыг ашиглахад татгалзах зүйл байна уу, санхүүжилтийг Эрүүл мэндийн яам шийдвэрлэнэ гэдэг утгатай албан бичиг явуулсан, мөн тэр үед аппарат суурилуулах өрөө бэлэн үү гэхэд бэлэн байгаа, уг аппаратыг авахад татгалзах зүйлгүй гэж албан бичгээр болон утсаар ярих үедээ хэлж байсан. Тэгээд манай сайдын нэрээр байна уу, төрийн нарийн бичгийн дарга байна уу Д.Н захирал руу гэрээгээ хийгээд аппаратаа худалдаад ав гэдэг албан бичгийг хүргүүлсэн...” /21-р хх-ийн 132-137-р тал/,

гэрч Я.А-ын “...Би бодит үнэнийг хэлье, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Бямбасүрэн надад танилцуулахдаа ХӨСҮТ-д хуучин хэрэглэж байсан КТГ аппарат нийлүүлэхээр боллоо, урсгал засвар, угсралт суурилуулалтын зардалд 400.000.000 төгрөг зарцуулахаар юм байна. Уг санхүүжилтийг АХБ-с шийдвэрлэсэн, та яамыг төлөөлөөд албан бичиг явуулаад өгөх үү гээд 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2/2067 дугаартай албан бичгийг явуулсан. Ингээд Б-ээс КТГ-ыг суурилуулсан, акт үйлдсэн, одоо Сангийн яам руу эрх нээлгэх албан бичиг явуулмаар байна гээд 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2/2462 дугаартай албан бичгийг явуулж, 400,000,000 төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлсэн...” /21-р хх-ийн 138-140-р тал/,

гэрч М.Т-ийн “...2020 оны 04 дүгээр сарын үед л байх өөрийгөө “Д” ХХК-ийн захирал Д.Б гэж гэмтлийн эмнэлэгт ажиллаж байсан хүн байна гэж орж ирсэн. Тэгээд гэнэт орж ирээд танайд КТГ-ын аппарат суурилуулна гэхээр нь би ямар КТГ-ын аппарат вэ, гэхэд танайд Эрүүл мэндийн яамнаас хандиваар өгсөн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би манайх КТГ-ын аппаратгүй бөгөөд ковидын үед ганц хэрэгтэй аппарат байсан болохоор баярлаад Онош зүйн тасгийн эрхлэгч Х, тоног төхөөрөмжийн инженер Н, тус тасгийн эрхлэгч Ц.О, Аж ахуйн дарга П.Э, Сүрьеэгийн клиникийн чанарын менежер Б нарыг дуудаад Д.Бг ирсэн 2 залуугийн хамтаар суулгаж байгаад хуралдсан... “ /21-р хх-ийн 83-92 дугаар тал/,

гэрч М.Лх-ийн “...анх манай улсад Ковид-19 вирус батлагдах үед буюу 2020 оны 04-р сард байхаа Франц улсын иргэн эмчлүүлээд эдгэрсний дараа эмнэлэгт КТГ аппарат суурилагдсан, ...” /21-р хх-ийн 104-106 дугаар тал/,

гэрч Г.Х-ийн “...”Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг бол 2020 оны эхээр байх би яг сарыг нь санахгүй байна, манай эмнэлэгт сурилуулсан. ...” /21-р хх-ийн 108-109-р тал/,

гэрч Э.Г-ын “...Д.Б нь ХӨСҮТ-д хүлээлгэж өгсөн үеийн цаг хугацаагаар үнэлгээг гаргуулах шаардлагатай байна, тэгэхгүй бол төрөөс мөнгөө авч чадахгүй байна гэсэн, тэгэхээр нь би нэг их болохгүй ч гэж хэлэлгүйгээр үнэлгээний тайланг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар гаргаж өгсөн...” /21-р хх-ийн 126-127-р тал/,

гэрч Б.Б-ын “...энэ үед ковид-19 өвчлөлийн зөөвөрлөгдсөн халдвар бүртгэгдсэн байсан бөгөөд тухайн үед зөвхөн ХӨСҮТ дан ганцаараа ковид-19 өвчлөлийг эмчилж байсан. Тэгэхэд яг энэ “Philips Brilliance СТ16” загварын бүрэн оношилгоо хийдэг аппарат ХӨСҮТ-д байхгүй байсан. Манай найз Д.Б надад хэлэхдээ Эрүүл мэндийн яамнаас дотооддоо байгаа аппаратыг шилжүүлэн суурилуулаад ажиллуулах нь энэ үед хэрэгтэй байна гэнэ яах вэ гээд надаас асууж байсан. Тэгэхээр нь би яг энэ үед шилжүүлээд байршуулах нь зөвөө гээд энэ ажил хийгдсэн юм. Энэ аппаратыг 14 хоногийн дотор ХӨСҮТ-д суурилуулсан. За энэ бол эхлээд ингэсэн юм 400,000,000 төгрөгийн гэрээ хийсэн юм. Уг нь бол бид 1 жилийн баталгаат хугацааны засвар үйлчилгээтэй нь оруулж, 1 жил дотор ямар нэгэн асуудал гарвал бүрэн хариуцахаар тэр 400,000,000 төгрөгөөр гэрээ хийсэн юм. ...” /21-р хх-ийн 114-117-р тал/,

гэрч Д.С-ийн “...03 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж гадаадын хөрөнгө оруулалтай компанид ажиллаж байсан Франц улсын иргэнээс ковидын халдвар илэрсэн. ...Миний ойлгосноор цээжийг нь компьютер томографаар заавал харах шаардлагатай, үүнийг нь хянахгүй бол уушгины хатуурал буюу фиброз болох магадлалтай, тэгэх юм бол өвчтөн амьсгалын дутагдалд орох эрсдэлтэй гэж хэлсэн. Компьютер томографийг гадаадаас захиалж авчраад суурилуулж, ашиглахад хамгийн багадаа дор хаяж 1-2 жил шаардлагатай болсон. Үүнээс гадна хил, гааль хаагдаж, бүх зүйл зогссон нөхцөл байдалтай байсан... Д.Б-г дуудаад шадар сайд Ө.Э-гийн өрөөнд бид гурав уулзсан. Энэ үед Д.Б нь хуучин ашиглаж байсан компьютер томографийн аппарат байгаа, надад шадар сайд, эрүүл мэндийн сайд хоёулаа зайлшгүй шаардлагатай гэдэг зүйлийг хэлж байгаа учраас би нийгмийн хариуцлагын хүрээнд компьютер томографийг үнэ төлбөргүй өгье гэж хэлсэн. Харин тээвэрлэлт, суурилуулалт, ашиглалт, мэргэжилтэн сургах нийт өртөг гэж гарна. Түүнийг би авмаар байна, тооцоог гаргаж өгье гэж хэлсэн...” /21-р хх-ийн 42-43 дугаар тал/,

гэрч Г.Б-ийн “...Эрүүл мэндийн яамны 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1 а/1515 дугаар “М” эмнэлгээс ХӨСҮТ-д нийгмийн хариуцлагын хүрээнд “Philips Brilliance СТ16” аппаратын суурилуулалтын зардал 130,0 сая, нэг жилийн урсгал засварын зардал 270,0 сая нийт 400,0 сая төгрөгийг шийдвэрлэх” албан бичгийг боловсруулах чиглэлийг Сарангэрэл сайд өгсөн...” /21-р хх-ийн 66-73 дугаар тал/,

гэрч Х.Е-ийн “...Эрүүл мэндийн яамнаас дээрх тоног төхөөрөмжийн 400,000,000 төгрөгөөр санхүүжилтийн эрхийг 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2/2462 дугаартай албан бичгээр хүссэн ба тухайн үед 400,000,000 төгрөгийн тоног төхөөрөмж худалдан авсныг нотлох баримт бичиг ирүүлээгүй байсан. Тэгээд би Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б-тэй утсаар холбогдоод 400,000,000 төгрөгийн КТГ-ын тоног төхөөрөмж худалдан авсан гэрээгээ явуулаач ээ, гэрээ байхгүй бол мөнгө гаргахгүй гэдгийг хэлсэн. Тэгсэн тоног төхөөрөмж нийлүүлсэн компанийн хүн гээд нэг залуу нэрийг нь мэдэхгүй, танихгүй, эрэгтэй хүн манай ажил дээр ирээд Д ХХК-ийн нэхэмжлэх, 2020.05.15-ны өдрийн №01 дугаартай компьютер томографын аппарат нийлүүлэх гэрээ, мөн өдрийн ерөнхий гэрээний дагуу хүлээн авсан комиссын актыг ирүүлсэн. ...” /25-р хх-ийн 179-182 дугаар тал/ гэх мэдүүлгүүд,

Эрүүл мэндийн яам сайд Д.Сийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 1а/1515 дугаартай Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Э-д хүргүүлсэн “...“М” эмнэлгээс ХӨСҮТөвд нийгмийн хариуцлагын хүрээнд “Philips Brilliance СТ16” компьютер томографын аппарат хандивлаж, тус аппаратын суурилуулалтын зардал 130.0 сая /нэг зуун гуч/ төгрөг, нэг жилийн урсгал засварын зардал 270.0 сая /хоёр зуун дал/ төгрөг нийт 400.0 сая /дөрвөн зуун сая/ төгрөгийг төсөвт өртөгтэй болж байна. Иймд тус эмнэлэгт компьютер томографын оношилгоог нэвтрүүлэхэд шаардагдах дээрх санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж өгөхийг танаас хичээнгүйлэн хүсье...” гэх албан бичиг /21-р хх-ийн 72-р тал/,

“Ф э” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаартай “...2020 оны 04-р сард тус эмнэлгийн байранд байрлуулж, угсарсан ба холболтуудыг хийж үйл ажиллагаа явуулж байсан. ...” гэх дүгнэлт /24-р хх-ийн 1-28-р тал/,

“Д” ХХК-аас Халдварт өвчин судлалын үндэсний төвд тайлан мэдээ хүргүүлэх тухай “урсгал засварын төлөвлөгөөт хуваарь, засвар оношилгооны хүснэгт” /21 хх-ийн 238-239 дүгээр тал/,

Компьютерт томографын аппарат худалдах, суурилуулах, хэвийн ажиллагааг хангах, завсар үйлчилгээ хийх гэрээ /22-р хх-ийн 8-9 дүгээр тал/,

515 тоот санхүүжилт шийдвэрлэх тухай албан бичиг /21-р хх-ийн 72-р тал/,

Монгол Улсын Эрүүл мэндийн яамны 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 2/2067 дугаартай Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Н-д хүргүүлсэн “...Коронавируст халдвар /Covid 19/-ын үеийн оношилгоо, эмчилгээнд зайлшгүй шаардлагатай компьютерт томографын аппаратын хөрөнгө оруулалт болох 400,000,000 төгрөгийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хүрээнд шийдвэрлэсэн. Иймд нийлүүлэгч байгууллагатай гэрээ байгуулан тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалтын ажлыг гүйцэтгэж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд цаг алдалгүй нэвтрүүлж санхүүжилтийн хүсэлт холбогдох материалыг 2020 оны 05 дугаар сарын 07-ны дотор ирүүлнэ үү...” гэх албан бичиг /21-р хх-ийн 73-р тал, 5-р хх-ийн 101-102 дугаар тал/,

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газарт хүргүүлсэн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 13/358 дугаартай “... Монгол Улсад Соvid-19 цар тахал өвчин гарсантай холбогдуулан “Д” ХХК-ийн М эмнэлгийн охин компани болох “Ц” ХХК-ийн нэр дээр ажиллаж байсан “Philips Brilliance СТ16” загварын компьютерт томографын аппаратыг бэлэглэлийн шугамаар, Эрүүл мэндийн яамнаас зөөврийн дижитал рентген аппарат 2 ширхэг дагалдах хэрэгслийн хамт тус тус нийлүүлэгдсэнийг мэдэгдэж байна...” гэх албан бичиг /20-р хх-тйн 124 тал/,

Philips Brilliance СТ16” загварын компьютерт томографын аппаратийг хүлээн авсан талаарх 2020 оны 5 дугаар сарын 15-ний өдрийн Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн тоног төхөөрөмжийг хүлээн авсан комиссын акт /20-р хх-ийн 31-34 тал/ зэргээр нотлогдсон байна.

Мөн “И э” ХХК-иар хөрөнгийн зах зээлийн үнэлгээг хийлгэхдээ он, сар, өдрийх нь огноог өөрчилсөн нь, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Халдварт Өвчин судлалын Үндэсний төв”-ийн ерөнхий захирал Д.Н, “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б нарын байгуулсан 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 01 дугаартай “Компьютерт томографын аппарат нийлүүлэх” тухай гэрээ нь тус тус 400,000,000 төгрөгийн төлбөрийг Азийн хөгжлийн банкнаас олгосон буцалтгүй тусламжийн хөрөнгөөс гаргуулах шаардлагад нийцүүлэн хийгдсэн болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогджээ.

Иймд Монгол Улсад “хүний амь нас, эрүүл мэнд, мал, амьтан... хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй аюулт үзэгдэл, осол” бий болсон буюу коронавирус цар тахал өвчнийг халдварыг тархахаас сэргийлэх, халдварт өвчний тохиолдлуудыг эмчлэх, цааш халдварлан тархахаас сэргийлэх ажлын хүрээнд Халдварт өвчин судлалын Үндэсний төвд шаардлагатай байсан компъютерт томографийн аппаратыг Эрүүл мэндийн яам нь “Д” ХХК-ийн “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг Халдварт өвчин судлалын Үндэсний төвд шилжүүлэн суурилуулах замаар шийдвэрлэж, тус аппаратыг шилжүүлж зөөвөрлөх, хэвийн ажиллуулахад гарах засвар үйлчилгээний зардалд нийт 400,000,000 төгрөгийн төлбөрийг төлөхөөр “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б-тэй харилцан тохиролцсон байх ба

тус “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг Халдварт өвчин судлалын төвд суурилуулах шийдвэрийг тус төвийн ерөнхий захирал Д.Н нь өөрт олгогдсон албан тушаалын эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гаргаагүй, “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б-тэй 400,000,000 төгрөгийн төлбөрийн талаар тохиролцоогүй байна гэж,

“Д” ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг зөөвөрлөн шилжүүлэх, түүнийг угсрах, гарах засвар үйлчилгээний зардлыг гүйцэтгэх захирал Д.Б нь 400,000,000 төгрөгөөр тодорхойлж, энэ үнийн дүнг Эрүүл мэндийн яам зөвшөөрөн Халдварт өвчин судлалын төвд тус “Philips Brilliance СТ16” загварын эмнэлгийн оношилгооны иж бүрдлийн зориулалттай аппаратыг суурилуулсан үйлдэлд “Д” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б-г Халдварт өвчин судлалын Үндэсний төвийн ерөнхий захирлаар ажиллаж байсан Д.Н-тэй бүлэглэн өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон  гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна гэж тус тус давж заалдах шатны шүүх дүгнээд, Д.Н, Д.Б нарт холбогдуулан шүүхэд ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Д.Н, Д.Б нарыг цагаатгаж шийдвэрлэсэн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор А.Энхжаргалын цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2024/ШЦТ/1354 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор А.Энхжаргалын бичсэн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 6 дугаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХТУЛГА

            ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ