Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/02255

 

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2018/02255

 

 

М.Баярын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/02994 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: М.Баярын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Э.Сүхбаатарт холбогдох,

 

Гэм хорын хохирол 1 700 500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Бадрал

Хариуцагч: Э.Сүхбаатар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: хариуцагч Э.Сүхбаатарын өмчлөлийн 4935 УНЕ улсын дугаартай киа бонго З маркийн автомашиныг О.Мөнхзул 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 7.7, 12.9 дэх заалтуудыг зөрчиж, М.Баярын автомашинтай мөргөлдөн осол гаргасан. Уг зөрчилд О.Мөнхзул 100 000 төгрөгөөр торгуулсан. Ослын улмаас М.Баярын автомашины капот чихэгдэн нугарч овойсон, баруун урд крыло чихэгдэн, урд буфер, баруун урд их гэрэл дохио, илүүдэл усны сав хагарсан, нүүрний хөндөл тахийсан гэмтэл учирсан. Хохирлын үнэлгээний Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2017оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн үнэлгээний тайлангаар хохирлын хэмжээг 1 483 500 төгрөгөөр тогтоосон.

Э.Сүхбаатар нь жолоочийн хариуцлагын даатгалыг Тэнгэр даатгал ХХК-д хийлгэсэн байсан тул Тэнгэр даатгал ХХК хохирлын үнэлгээг үндэслэн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 1 483 500 төгрөгийг М.Баярын Голомт банкны дансанд төлсөн. Үүний дараа М.Баяр нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Дельта кузов засварын газарт автомашинд учирсан гэмтлийг засварлуулахаар хүлээлгэн өгсөн. М.Баяр гэмтлийн улмаас бүхэлд нь солих шаардлагатай болсон тоёота приус маркийн автомашины капотыг 280 000 төгрөгөөр, капотны нугасыг 50 000 төгрөгөөр, урд буферыг 300 000 төгрөгөөр, урд буферийн зүүн мэдрэгчийг 10 000 төгрөгөөр, баруун урд их гэрэл дохиог 220 000 төгрөгөөр, илүүдэл усны сав нь радиаторын хүрээндээ наалттай байдгаас салангид зарагддаггүй тул илүүдэл усны савтай радиаторын хүрээг 100 000 төгрөгөөр, нийт 960 000 төгрөгөөр задаргааны хуучин сэлбэг худалдаж авсан. Энэ сэлбэгүүдийг сольж тавих, учирсан гэмтлийг бүрэн засварлах зардал, ажлын хөлс нь дангаараа 2 640 000 төгрөг болсон. Уг дүнгээс энэ хэрэгт хамааралгүй өөр этгээд болох 0346 УНЧ улсын дугаартай тоёота карина маркийн автомашины жолооч Н.Оюунтуаягийн учруулсан хойд буферыг бүтэн болгон сэргээн засч, дахин замаск тавьж, будаж, өнгөлөх зардал, ажлын хөлс 416 000 төгрөгийг хасч тооцоход хариуцагчийн хариуцах ажлын хөлс нь 2 224 000 төгрөг болсон. Ингээд нийт зардал 3 184 000 төгрөг болсон.

Дельта кузов засварын үйлдвэрт автомашинаа хүлээлгэж өгөхдөө М.Баяр төлбөрийн урьдчилгаанд 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дансаар 528 000 төгрөг, 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үлдэгдэл 2 112 000 төгрөгийг бэлнээр төлсөн. Тэнгэр даатгал ХХК-аас авсан 1 483 500 төгрөгөөс сэлбэг авсан зардал 960 000 төгрөгийг хасахад 523 500 төгрөг үлдсэн. Уг үлдэгдэл дээр М.Баяр өөрөө 4 500 төгрөг нэмж 528 000 төгрөг болгон засварын ажлын урьдчилгаанд төлж, даатгалаас авсан 1 483 500 төгрөг дууссан.

Нийт зардал 3 184 000 төгрөгөөс даатгалын өгсөн 1 483 500 төгрөгийг хасахад 1 700 500 төгрөг байна. 0346 УНЧ улсын дугаартай тоёота карина маркийн автомашины жолооч Н.Оюунтуяагийн учруулсан гэмтэл хойд буферыг бүтэн болгон сэргээн засах ажлын хөлсийг хасч нэхэмжлэлээ гаргасан хэрнээ хойд буферыг бүтэн болгон сэргээн зассан материалын зардлыг нэхэмжлэлийн дүнгээс хасаагүй байсан тул дараах зардлыг нэхэмжлэлийн дүнгээс хасч тооцож байна. Үүнд будагны зардлаас 107 500 төгрөг, материалын зардлаас 74 000 төгрөг, цэвэрлэгээний 5 000 төгрөг, нэгж хэсгийн задаргааны ажлын хөлснөөс 32 000 төгрөг, нэгж хэсгийн угсралтын ажлын хөлснөөс 64 000 төгрөг, нийт 282 500 төгрөгийг нэхэмжлэлийн дүнгээс хасч байна. Иймд хариуцагч Э.Сүхбаатараас 1 418 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай жолооч О.Мөнхзул 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зам тээврийн осол гаргасан ба хохирогч М.Баяр нь 94-09 УБП улсын дугаартай цагаан өнгийн тоёота приус 20 маркийн автомашины хохирлын үнэлгээг өөрийн хүсэлтээр "Хөрөнгө эстимэйт ХХК эрх бүхий мэргэжлийн байгууллагаар гаргуулсан. Уг хохирлын үнэлгээг 1 483 500 төгрөгөөр тогтоосныг үндэслэн миний даатгагч байгууллага болох Тэнгэр даатгал ХХК-аас уг мөнгийг бүрэн барагдуулсан. Тухайн үед М.Баяр нь хохирлын үнэлгээнд маргаагүй, хүлээн зөвшөөрч, даатгалаас 100 хувь төлбөрийг хүлээн авсан.

Нэхэмжлэгчийн машины засварын зардлыг автомашинд учирсан гэмтэл болон хохирлын үнэлгээгээр тогтоосон байхад ажлын хөлс гэж 1 418 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл Хөрөнгө Эстимэйт ХХК-ийн үнэлгээнд тухайн автомашинд учирсан бүх гэмтлийн сэлбэг болон засварлах зардлуудыг тооцож гаргасан байна. Мөн Делта кузов засварын үйлдвэр хувь хүний дансаар төлбөрөө авсан, хувь хүний тамга дарсан байгаа тул ийм засварын зардал гарсан гэж үзэхгүй байна. Иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Э.Сүхбаатараас 1 418 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М.Баярын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадралын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М.Баяраас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42 160 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтуудыг зохих ёсоор үнэлсэнгүй.

Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайланд тээврийн хэрэгсэл үзлэг хийх үед ямар байсан тухай "Уг машин нь баруун урд талаасаа мөргөлдөж, капот чихэгдэн нугарч овойсон, баруун урд крыло чихэгдэн, урд буфер, баруун урд их гэрэл дохио, илүүдэл усны сав хагарсан, нүүрний хөндөл тахийсан байв" гэж бичигдсэн. Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлгээний тайланд зарим хэсгийг солих, заримыг засахаар заасан боловч солих, засахын тулд хийгдэх ажиллагааг задлаж нарийвчлан бичээгүй. Харин Дельта кузов засварын үйлдвэрийн хийх ажлын үнэлгээний хуудсанд сэлбэгийг солих, засахын тулд хийгдэх ажиллагааг эхлээд сэргээн засах ажил, дараа нь сэв замаскны ажил, дараа нь будах ажил, эцэст нь өнгөлөх ажил гэсэн дарааллаар хийгдэхээр нарийвчлан задлаж харуулсан байсан. Тэр дундаа аль хэсэгт аль ажил нь шаардлагатай болон шаардлагагүй болохыг, мөн уг ажлыг хийхэд хичнээн цаг зарцуулагдахыг нарийвчлан бичсэн. Мөн 1 цагийн ажлын хөлсийг 32 000 төгрөгөөр үнэлсэн нь хийгдэх ажлын 6 дугаар бичигдсэн гэрэл солих ажлын үнэлгээнээс тодорхой харагдаж байгаа бөгөөд бусад хэсэгт зарцуулахаар тооцсон ажлын цагийг 32 000 төгрөгөөр үржүүлж, хийгдэх ажил тус бүрийн нийт дүн сүүлийн багананд бичигдсэн. Нэхэмжлэгч нь ямар ч гэмтэл, сэвгүй цоо шинэ сэлбэг худалдаж аваагүй бөгөөд хуучин, гэмтэл, сэв ихтэй, хямд сэлбэг худалдаж авсан тул тэдгээр сэлбэгийн гэмтэл, сэвийг замаскаар янзлах, дараа нь автомашины өөрийн өнгөтэй ижил өнгөөр будах, өнгөлөх шаардлагатай байсан. Гэтэл анхан шатны шүүх энэхүү хийгдэх ажлын задаргаа, дараалал, ажлын хөлсний үнэлгээг ойлголгүйгээр буруу дүгнэсэн.

Бодит байдалд сэлбэгийг сольж тавихаас өмнө баруун талын гэрлийн суурийн гажилтыг тэгшлэх, баруун урд лонжроомын гажилтыг тэгшлэх, урд дээд хөндлөвчийн тахийлтыг тэгшлэх, урд хэсгийн тохиргоог бүрэн хийх шаардлагатай болсон. Эдгээр ажлыг хийгээгүй тохиолдолд сольж тавих сэлбэгийг боож бэхлэх боломжгүй байсан болно. Тухайлбал, баруун урд талдаа чихэгдэн нугарч овойсон капот, крылоны хамт тэдгээртэй зэрэгцэн, баруун урд гэрлийн ард байрладаг баруун урд лонжроомын урд хэсэг мөн тахийсан байсан тул тэгшлэх шаардлагатай болсон. Гэтэл анхан шатны шүүх техникийн тусгай мэдлэггүйн улмаас лонжроомын гэмтлийг хариуцагчид хамааралгүй гэж дүгнэсэн. Баруун урд крыло чихэгдэн нугарч байхад түүнд наалдсан шахуу байрлалтай баруун урд лонжроом огт тахийхгүй, тэгшхэн үлдэх боломжгүй юм. Шүүхэд техникийн тусгай мэдлэг шаардлагатай байвал өөрөө шинжээч томилох эрх нь байхад мэдэхгүй асуудлаараа дүгнэлт хийж, баруун урд лонжроомын засварыг ослын улмаас учирсан гэмтэлтэй шууд холбоотой гэж үзэх боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй болсон.

Мөн хариуцагчид хамааралгүй тээврийн хэрэгслийн хойд хэсэгтэй холбоотой ажлын хөлсний зардлыг нэхэмжлэлийн дүнд оруулаагүй, будагны зардал, материалын зардал, нэгж хэсгийн задаргааны ажлын хөлс, нэгж хэсгийн угсралтын ажлын хөлсний тал хувь, мөн цэвэрлэгээний зардлыг хасч тооцсон байхад шүүх энэ талаар буруу дүгнэлт хийсэн. Нэхэмжлэгч ослын улмаас өөрийн автомашинд учирсан гэмтлийг Дельта кузов засварын үйлдвэрээр бүрэн засварлуулж, автомашинаа гэм хор учрахаас өмнө байсан байдалд нь оруулж авсан. Хариуцагчид холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь зайлшгүй хийх шаардлагатай засварын ажлын хөлс байсан тул Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хангах бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч М.Баяр нь хариуцагч Э.Сүхбаатарт холбогдуулан гэм хорын хохиролд 1 418 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

М.Баярын өмчлөлийн 9409 УБП улсын дугаартай, Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Э.Сүхбаатарын өмчлөлийн 4935 УНЕ улсын дугаартай, Киа бонго З маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч О.Мөнхзул мөргөж, зам тээврийн осол гаргасан, зам тээврийн осол гарахад жолооч О.Мөнхзул буруутай талаар талууд маргаагүй. Хариуцагч Э.Сүхбаатар нь уг тээврийн хэрэгслийн өмчлөгчийн хувиар Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохирлыг гэм буруугүйгээр хариуцна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Нэхэмжлэгч М.Баярын автомашинд учирсан хохирлыг Хөрөнгө эстимэйт ХХК-иас 1 483 500 төгрөгөөр тодорхойлсон байх ба уг үнэлгээг үндэслэн Тэнгэр даатгал ХХК-аас жолоочийн даатгалын гэрээний дагуу даатгалын нөхөн төлбөрт 1 483 500 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр М.Баярын дансанд шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй, уг үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон.

 

Улмаар М.Баяр нь автомашиныг бодитоор засварлуулахад гарсан зардал нь даатгалын нөхөн төлбөрийн дүнгээс илүү гарсан гэх үндэслэлээр зөрүү төлбөрийг хариуцагч Э.Сүхбаатараас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодорхойлжээ.

 

Анхан шатны шүүх Жолоочийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан зохицуулалтыг буруу тайлбарласан байна. Жолоочийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т зааснаар Энэ хууль болон даатгалын гэрээнд заасан хэмжээнээс илүү гарсан хохирол даатгалын тохиолдолд үл хамаарахаар заасан нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хорын хохирлыг даатгалын гэрээний тохиролцоогоор хязгаарлах үндэслэл болохгүй юм.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хорын хохирлыг мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт заасан этгээд болох тээврийн хэрэгслийг өмчлөгчөөс шаардах эрхтэй.

 

Харин нэхэмжлэгч нь өөрт учирсан 1 418 000 төгрөгийн хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй. Нэхэмжлэгчээс баримтаар гаргаж өгсөн Делта сервис кузов засварын үйлдвэр гэх баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан эргэлзээгүй, үнэн зөв баримт гэж үзэхгүй. Учир нь Делта сервис кузов засварын үйлдвэр гэх аж ахуйн нэгж албан ёсоор байгаа эсэх нь тодорхойгүйгээс гадна нэхэмжлэгчийн уг баримтад Цэрэнсамбуу Амаржаргал ОА88052714 хувийн дугаар бүхий тамга дарагдсан байгааг дүгнэвэл иргэн уг аж ахуйг эрхэлж байгаа бол түүнд эд хөрөнгийн үнэлгээ тогтоох эрх хэмжээ байгаа эсэх нь хэрэгт цугларсан баримтын хүрээнд тогтоогдсонгүй.

 

Иймд нэхэмжлэгч Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасан өөрт учирсан хохирлын хэмжээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотлоогүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/02994 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 37 640 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ОТГОНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Э.ЗОЛЗАЯА