Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 305/ШШ2025/00752

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг, Батсуурийн гудамж 1-115 тоот “М г ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ***-ийн Говь-Алтай аймаг дахь салбар ***-д холбогдох,

алданги 161,723,149 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж, хариуцагч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших алданги болох 161,723,149 төгрөг гаргуулах тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Манайх дулааны үйл ажиллагаа явуулдаг. 2025 оны 01 дүгээр сараас хойш дулааны эрчим хүчний 243 сая төгрөг төлөөгүй. 2025 оны 08 дугаар сарын 25, 27-ны өдрүүдэд төлж барагдуулсан байгаа. Энэ хугацаанд манайх тогтмол гэрээний үүргээ биелүүлж 2025 оны 01 дүгээр сараас хойш дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулж ажилласан. Гэрээний үүргийн дагуу алданги тооцож олгож өгнө үү гэж шүүхэд хандсан байгаагэв.

3. Хариуцагчийн тайлбар: Гэрээн дээр заасны дагуу гэж хэлж байгаа. Манайх гэрээ байгуулаагүй. Яагаад гэхээр өмнө нь 249 сая төгрөг дээр 116 сая төгрөгийн алданги тооцож орж ирэхдээ гэрээн дээр 0.5 хувиар алданги тооцуулна гэсэн заалт байсан учир би энэ гэрээг байгуулахаас татгалзсан. Боловсролын яамнаас орж ирэх санхүүжилт орж ирээгүй байгаа учир гэрээ байгуулснаар алданги тооцох юм байна гэж үзээд би гэрээ байгуулаагүй байгаа. 2025 оны 03 дугаар сард над дээр гэрээ байгуулахаар орж ирсэн. Тэгээд би гэрээ байгуулаагүй байгаа. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 243 сая төгрөг төлөөгүй гэж тайлбартаа хэлж байна. 243 сая биш 222 сая төгрөг байсан. Манайх энэ мөнгө төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Өмнө нь манайх халаалтын төлбөрийг өөрсдөө хариуцаад төлдөг байсан. Одоо санхүүжилтийн асуудлаас болоод удааж төлсөн асуудал байгаа. Дээд боловсролын хуульд нэмэлт өөрчлөлт ороод төрийн өмчийн их дээд сургуулийн тогтмол зардлыг төрөөс хариуцна гээд 2024 оны 12 дугаар сард 152 сая төгрөг төрөөс орж ирсэн. 9-12 дугаар сарын төлбөрийг төрөөс орж ирсэн мөнгөөр төлж барагдуулсан. 2025 оны 01-05 сарын хугацаанд тогтмол зардал төрөөс орж ирээгүй байгаа. Энэ талаар ороогүй гэдэг баталгааг боловсролын яамнаас гаргуулж ирсэн. Төрөөс мөнгө орж ирээгүй учир бид нарт 222 сая төгрөгийн өр үлдсэн. Гэхдээ М г  ХХК шүүхэд өр төлбөрөө төлөөгүй байна гэсэн нэхэмжлэл гаргасантай танилцаад 8 дугаар сард оюутны төлбөрийг орж ирэхэд энэ үлдэгдэл төлбөрөө барагдуулна гэж хэлээд үүний дагуу 08 дугаар сарын 27-н гэхэд 222,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Өмнө нь нэхэмжилж байгаа төлбөрийг төлөх боломжгүй байсан. Сар бүр Хаан банкнаас зээл авч байсан. Цалингийн баримтууд баталгаажуулж өгнө. Мөнгө байхад бид нар төлөөгүй асуудал байхгүй гэв.

4. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-М г  ХХК-ийн 2025 оны алдангийн тооцооны нэхэмжлэх,

-2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 190 дугаартай Итгэмжлэл.

5. Хариуцагчаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Монгол Улсын Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирлын 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/229 дугаартай “Ажлаас чөлөөлж ажилд түр томилох тухай” тушаал,

-***-ийн Говь-Алтай аймаг дахь салбар ***2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 28 дугаартай албан бичиг,

-***-ийн Говь-Алтай аймаг дахь салбар ***2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 31 дугаартай албан бичиг,

- ***-ийн Говь-Алтай аймаг дахь салбар ***2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 44 дугаартай албан бичиг,

- ***-ийн Говь-Алтай аймаг дахь салбар ***2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 56 дугаартай албан бичиг,

- ***-ийн Говь-Алтай аймаг дахь салбар ***2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 52 дугаартай албан бичиг,

- ***-ийн Говь-Алтай аймаг дахь салбар ***2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 67 дугаартай албан бичиг,

-Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтын хуулбар,

- №00000009, №00000112, №00000257, №00000092, №00000091 дугаартай төлбөрийн даалгаврын хуулбар,

-*** сургуулийн *** дугаартай Хаан банк дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

-2025 оны 08 дугаар сарын 21-ний №00000089 дугаартай төлбөрийн даалгаврын эх хувь,

-Хаан банкны мөнгөн шилжүүлгийн баримтын эх хувь,

-Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээний эх хувь,

-Монгол Улсын Боловсролын яамны 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 9/4876 дугаартай албан бичиг.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Нэхэмжлэгч М г  ХХК нь ***-ийн Говь-Алтай аймаг дахь салбар ***д холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших алданги болох 161,723,149 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

3. Нэхэмжлэгч М г  ХХК нь ... Манайх дулааны үйл ажиллагаа явуулдаг. 2025 оны 01 дүгээр сараас хойш дулааны эрчим хүчний 243 сая төгрөг төлөөгүй. 2025 оны 08 дугаар сарын 25, 27-ны өдрүүдэд төлж барагдуулсан байгаа. Энэ хугацаанд манайх тогтмол гэрээний үүргээ биелүүлж 2025 оны 01 дүгээр сараас хойш дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулж ажилласан. Гэрээний үүргийн дагуу алданги тооцож олгож өгнө үү... гэж шаарджээ.

4. Хариуцагч ***-ийн Говь-Алтай аймаг дахь салбар *** нь ... Гэрээн дээр заасны дагуу гэж хэлж байгаа. Манайх гэрээ байгуулаагүй. Яагаад гэхээр өмнө нь 249 сая төгрөг дээр 116 сая төгрөгийн алданги тооцож орж ирэхдээ гэрээн дээр 0.5 хувиар алданги тооцуулна гэсэн заалт байсан учир би энэ гэрээг байгуулахаас татгалзсан. Боловсролын яамнаас орж ирэх санхүүжилт орж ирээгүй байгаа учир гэрээ байгуулснаар алданги тооцох юм байна гэж үзээд би гэрээ байгуулаагүй. Өмнө нь манайх халаалтын төлбөрийг өөрсдөө хариуцаад төлдөг байсан. Одоо санхүүжилтийн асуудлаас болоод удааж төлсөн асуудал байгаа. Дээд боловсролын хуульд нэмэлт өөрчлөлт ороод төрийн өмчийн их дээд сургуулийн тогтмол зардлыг төрөөс хариуцна гээд 2024 оны 12 дугаар сард 152 сая төгрөг төрөөс орж ирсэн. 9-12 дугаар сарын төлбөрийг төрөөс орж ирсэн мөнгөөр төлж барагдуулсан. 2025 оны 01-05 сарын хугацаанд тогтмол зардал төрөөс орж ирээгүй байгаа. Энэ талаар ороогүй гэдэг баталгааг боловсролын яамнаас гаргуулж ирсэн. Төрөөс мөнгө орж ирээгүй учир бид нарт 222,000,000 төгрөгийн өр үлдсэн. М г  ХХК шүүхэд өр төлбөрөө төлөөгүй байна гэсэн нэхэмжлэл гаргасантай танилцаад 8 дугаар сард оюутны төлбөрийг орж ирэхэд энэ үлдэгдэл төлбөрөө барагдуулна гэж хэлээд үүний дагуу 08 дугаар сарын 27-н гэхэд 222,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Сар бүр Хаан банкнаас зээл авч байсан. Цалингийн баримтууд баталгаажуулж өгнө. Мөнгө байхад бид нар төлөөгүй асуудал байхгүй... гэж татгалзжээ.

5. Нэхэмжлэгч М г  ХХК нь хариуцагч ***-ийн Говь-Алтай аймаг дахь салбар ***-ийг 2025 оны 01, 02, 03, 04, 05 дугаар саруудад дулааны эрчим хүчээр хангасан үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

6. Уг үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхэд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байх бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д эрчим хүч" гэж эрчим хүчний нөөц, түүнийг ашиглан хэрэглэгчийн хэрэгцээнд зориулан үйлдвэрлэсэн цахилгаан, дулаан, шугам сүлжээгээр дамжуулан хэрэглэгчид түгээх метаны хийг ойлгоно гэж, мөн хуулийн 3.1.34-д "эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ" гэж бие даасан эрчим хүч үйлдвэрлэгчээс урт хугацаанд эрчим хүч худалдан авах гэрээ гэж,

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж тус тус зааснаар Мг ХХК болон ****-ийн Говь-Алтай аймаг дахь салбар ***-ийн хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.

7. Нэхэмжлэгч тал хариуцагч талд дулааны эрчим хүч түгээсэн, хариуцагч тал дулааны эрчим хүчийг авч хэрэглэсэн, 2025 оны 01, 02, 03, 04, 05 дугаар сарын төлбөрийг тухайн сар сардаа төлөлгүй 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр №00000091 дугаартай төлбөрийн даалгавраар 200,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр №00000092 дугаартай төлбөрийн даалгавраар 22,593,411.51 төгрөг тус тус төлсөн байх ба уг үйл баримтын талаар талууд маргаагүй болно.

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34-т "төсвийн байгууллага" гэж баталсан төсвийн дагуу төрийн чиг үүрэгт хамаарах ажил, үйлчилгээг хэрэгжүүлдэг, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн төрийн болон орон нутгийн өмчит, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг хэлнэ гэж заасан.

Хариуцагч ***-ийн Говь-Алтай аймаг дахь салбар *** нь дээрх хуулийн заалтаар төрөөс санхүүждэг төсвийн байгууллага бөгөөд Дээд боловсролын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт “Дээд боловсролын сургалтын байгууллагад улсын төсвөөс дараах дэмжлэг үзүүлнэ” гэж, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.3 дахь хэсэгт “төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардал” гэж заасны дагуу улсын төсвөөс санхүүждэг болсон шалтгаанаар 2025 оны тогтмол зардлын санхүүжилт олгогдоогүй шалтгаанаар хариуцагч байгууллага халаалтын зардлын хугацаандаа төлж чадаагүй болох нь хариуцагч байгууллагын төлөөлөгчийн тайлбар, Монгол Улсын Боловсролын яамны 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 9/4876 дугаартай “тус яамнаас их, дээд сургуулиудад 2025 оны 10 сарын байдлаар тогтмол зардлын санхүүжилт олгогдоогүй байгаа болно” гэх албан бичгээр тогтоогдож байна.

Хариуцагч ***-ийн Говь-Алтай аймаг дахь салбар ***-д нь халаалтын төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй буюу үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй явдалд үүрэг гүйцэтгэгч талаас шалтгаалахгүй нөхцөл байдал үүссэн байна.

8. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.7 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй” гэж тус тус хуульчилжээ.

Нэхэмжлэгч М г  ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “…Гэрээ байгуулаагүй гэж байна. Гэрээ байгуулсан. Өмнөх шүүх хуралдааны материалд гэрээ авагдсан байгаа” гэж, хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Г* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “…Тамга дараагүй, гарын үсэг зураагүй гэрээг нотлох баримтаар гаргаж өгсөн байгаа” гэж тус тус тайлбарлаж маргажээ.

Дулааны эрчим хүчээр хангах гэрээ буюу худалдах, худалдан авах тухай гэрээг бичгээр байгуулсан эсэх нь маргааны зүйл болжээ.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.7 дахь хэсэгт “Бичгээр хийсэн хэлцлийг хэд хэдэн хувь үйлдсэн бол талуудад үлдэх хувь дээр харилцан гарын үсгээ зурсан байвал хэлцэл хийсэн гэж үзнэ” гэж заажээ.

Нэхэмжлэгч М г  ХХК нь алдангийн тооцоо болох 161,723,149.43 төгрөгийг ХААН банкны *** тоот дансанд шилжүүлнэ үү гэх нэхэмжлэлийг хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээг нотлох баримтаар ирүүлээгүй байна. 

Харин хариуцагч байгууллагаас хэрэгт нотлох баримтаар гаргаж ирүүлсэн Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээнд “…Батлав: М г  ХХК гүйцэтгэх захирал С.Д гэж гарын үсэг зурж М г  ХХК гэх тамга дарсан, гэрээ байгуулсан гэх хэсэгт хангагч М г  ХХК түүнийг төлөөлөгч Б гэж гарын үсэг зурсан, хэрэглэгч гэх хэсэгт гарын үсэг зурагдаагүй байх тул Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай хэлцлийг бичгээр гэрээ байгуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. 

9. Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.7 дахь хэсэг, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ***-ийн Говь-Алтай аймаг дахь салбар ***-д холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших хугацааны алданги болох 161,723,149 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М г  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т ... шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх..., 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн өмгөөлөгч буюу төлөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заажээ.

Тодруулбал нотолгооны хуваарь ёсоор нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ тэргүүн ээлжинд нотлох үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлээгүй байна.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 966,565.74 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 232.7 дахь хэсэг, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан ***-ийн Говь-Алтай аймаг дахь салбар ***-д холбогдуулан 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойших хугацааны алданги болох 161,723,149 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М г  ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 966,565.74 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Н.ОЮУНБИЛЭГ