Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 299

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяат даргалж,

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтлөн,

улсын яллагч Б.Соёлмаа,

шүүгдэгч Г.Б - нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Г-ын Б-т холбогдох эрүүгийн 171000000000 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1991 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, барилгын мэргэжилтэй, “__________” ХХК-нд өрмийн ажилтан ажилтай, ам бүл 5, эх, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 000 дугаар байрны 00 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ц овогт Г-ын Б /РД:0000000/

Холбогдсон хэргийн талаар  

Шүүгдэгч Г.Б - нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “___________” эмнэлэгт ажилладаг иргэн С.Б -гээс “машин янзлуулна гэж” хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 1.000.000 төгрөг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Г.Б -оос: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй.Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна..” гэв. 

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд  хохирогчоос  мэдүүлсэн мэдүүлэг:

Хохирогч С.Б -гийн: “...2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “___________” эмнэлэгт хамт ажилладаг Б - гэгч нь надад “жоохон эвдрэлтэй машин авсан юм засварт хэрэглэх гэсэн юм. 1.000.000 төгрөг зээлээч гэсэн” тухайн үед би цалин буучихсан мөнгөтэй байсан учраас Б - надад цалингийн зээл хөөцөлдөж байгаа зээл гарахаар таньд буцааж өгнө гэж хэлэхээр нь 1.000.000 төгрөгийг би бэлэн тоолж өгсөн. ...Уулзалдахгүй явж байгаад нэг удаа уулзсан чинь “бага зээл гарах гээд байна. ээж 8 сая төгрөгийг таньдаг хүнтэй ярьж байгаад авахаар болсон, та 7 хоног хүлээчих гэсэн” тэгээд 7 хоногийн дараа залгасан утсаа авахгүй болсон. Нөгөө мөнгө яасан бэ гэсэн чинь худлаа байсан юм гээд алга болчихсон. Надаас мөнгө авсан үеэс хойш ажилдаа ирэхгүй байгаа гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Б - нь гэрчээр мэдүүлэхдээ: “...2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр “___________” эмнэлгийн гадна хаалган дээр Будрэгзэн ахтай уулзаад машинаа янзлуулах гэсэн юм.  Би таньд цалингийн зээл аваад төлнө гээд 1.000.000 төгрөг зээлээч гэж хэлсэн. Будрэгзэн ахаас бэлнээр 1.000.000 төгрөг тоолж авсан. Зээлсэн мөнгийг машин засаж янзлуулаагүй. Байрны түрээс, хоол унд авч идсээр байгаад дуусгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг

Яллагдагч Г.Б -оос: “...2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Будрэгзэн ахаас машин янзлуулах гэсэн юм. Би цалингийн зээл авах гэж байгаа юм. Тэр болтол зээлчих гэж хэлсэн. Тэгсэн Б н ах тэг гэж зөвшөөрсөн. Тэгээд Б-н ах “___________” эмнэлгийн үүдний АТМ-ээс бэлнээр 1.000.000 төгрөг авч надад өгсөн. Тэгээд би мөнгө авчихаад Дорнод аймагт байсан хадам ахын машиныг янзалж унах гэж байсан. Би эхнэр хүүхэдтэйгээ мянган оюутны хажуу талын байранд байр түрээсэлж амьдардаг байсан чинь байрны түрээсийн мөнгө нэхэгдээд байсан. Би байрны эзэнд машины янзалж авчраад машинаа зараад түрээсийн мөнгийг нь өгчихье гэхэд ойлгохгүй байхаар нь байрны түрээсэнд 360.000 төгрөг өгсөн. Тэгээд машинаа янзлах өнгөрсөн. Нэг мөсөн цалингийн зээл аваад янзалж Будрэгзэн ахын мөнгийг өгье гэж шийдсэн. Будрэгзэн ахаас зээлсэн мөнгөний үлдэгдлийг гэр орондоо хоол хүнс аваад үлдсэн мөнгөөр нь хувцас авч хэрэглэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 33 дугаар хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 36 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34 дүгээр хуудас/зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Г.Б -т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.  

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Г.Б - нь 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “___________” эмнэлэгт ажилладаг иргэн С.Б -гээс “машин янзлуулна гэж” хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 1.000.000 төгрөг залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч С.Б -гийн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хан-Уул дүүргийн Прокуророос шүүгдэгч Г.Б -ийг бусдыг хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг нь залилах гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Иймд шүүгдэгч Г.Б -ийг бусдыг хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг нь залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, бусад байдал

Шүүгдэгч Г.Б -оос гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд хохирогч С.Б -д 1.000.000 төгрөгийг төлж хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай мэдүүлсэн /хх-ийн 18 дугаар хуудас/ тул Г.Б -ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Г.Б - нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.   

Шүүгдэгч Г.Б -ийн 2018 оны 05 дугаар сарын 23-25-ны өдөр сэжигтнээр баривчлагдсан 48 цаг буюу 2 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

          ТОГТООХ нь:

 

1. Ц овогт Г-ын Б -ийг бусдыг хуурч мэхлэн, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, бусдын эд хөрөнгийг нь залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б -ийг 500 /таван зуу/ таван зуун нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б -ийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Б -т мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Г.Б -ийн цагдан хоригдсон 2 хоногийг торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 30.000 /гучин мянга/ гучин мянган төгрөгөөр тооцож, биечлэн эдлэх ялыг 470.000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөгөөр торгох ялаар  тогтоосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.Б - нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээрзүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Г.Б -т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.ТУЯАТ