Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 02 сарын 26 өдөр

Дугаар  2025/ДШМ/277

 

 

 

Т.Э-ад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Сод-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О, түүний өмгөөлөгч А.Бүдханд,

цагаатгагдсан этгээд Т.Э-, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа, Г.Мандахсайхан,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/807 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Сод-Эрдэнийн бичсэн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 127 дугаар эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ийн өмгөөлөгч А.Бүдхандын гаргасан давж заалдах гомдлоор Т.Э-ад холбогдох 2011 00793 0153 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.      

Х овгийн Т-ийн Э, /РД: ................./, ............................ тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй,

Холбогдсон хэргийг талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Т.Э- нь 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах .....  банкны салбарт тус банкны Дотоод аудитын газраас хийгдсэн шалгалтын хүрээнд ахлах эдийн засагчаар ажиллаж байсан Б.Б-тэй холбоотой зөрчил илэрсний дагуу Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах .....  банкны төв байр дахь албан өрөөндөө Б.Б-ийг дуудан ирүүлж, түүнийг жирэмсэн эмэгтэй гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн гишүүд болон бусадтай утсаар ярихыг хориглох, гар утсыг нь хураан авах, ариун цэврийн өрөө ороход нь өөр хүн дагалдуулж оруулах, хийсэн хэргээ хүлээ гэх зэргээр хүсэл зоригийнх нь эсрэг буюу оройны 18 цаг 20 минутаас 20 цаг 55 минут хүртэлх хугацаанд чөлөөтэй зорчих эрхийг нь хязгаарлаж, хууль бусаар хорьсон гэмт хэрэгт холбогджээ.

Нийслэлийн прокурорын газраас: Т.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Э-ад холбогдох эрүүгийн 2011007930153 дугаартай хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгч Т.Э- нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг том, 1 ширхэг жижиг сидиг хэрэгт хавсаргаж, хэргийн газар үзлэг хийж хураан авсан гар бичмэл /гэрээслэл/ бүхий 5 хуудас дэвтрийн цаас, эхо-д харуулсан баримт 3 хуудас, цэнхэр хавтас бүхий банкны холбогдолтой баримтууд, Seagate-500 gb гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг хатуу диск, .....  банкны хадгаламжийн дэвтэр 4 ширхэг, 1 ширхэг шаргал өнгийн тосон бал зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, улаан өнгийн тэмдэглэлийн дэвтэр 2 ширхэг, улаан хүрэн өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, хөх цэнхэр өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, цэнхэр өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг, хар өнгийн тэмдэглэлийн дэвтэр 1 ширхэг зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, хар өнгийн М1 загварын гар утас 1 ширхэг, шар өнгийн Нокиа загварын гар утас 1 ширхэгийг шүүгдэгч Т.Э-ад буцаан олгож шийдвэрлэжээ.

Прокурор Б.Сод-Эрдэнэ нь бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Цагаатгах тогтоолыг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу шүүхийн шийдвэр хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Анхан шатны шүүхээс “...Шүүгдэгч Т.Э- нь гэмт хэрэг гарсан цаг хугацаанд ........... банкны Тусгай активын газрын захирлын ажлыг эрхлэж байсан байх ба ...өөрөө хэлбэл ажлын байрны чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд зөрчил гаргасан ажилтантай уулзах, тайлбар гаргуулан авах ажиллагааг буруутгах үндэслэлгүй ба ингэхдээ хохирогчийг хүсэл зорилгийнх нь эсрэг хууран мэхлэх, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх аргаар хүнийг хүчээр хорьсон гэх үйл баримт тогтоогдсонгүй. ...Т.Э-ын холбогдсон үйлдэлд хүнийг хууль бусаар хорьсон гэх үндсэн бүрэлдэхүүний шинж тогтоогдохгүй байх тул хүүхэд, жирэмсэн эмэгтэй гэдгийг мэдсээр байж гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж үгүйсгэгдэнэ ... түүнчлэн ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар үзлэг, нэгжлэг хийх замаар эд мөрийн баримтыг олж хураан авах ажиллагаа нь прокурорын зөвшөөрөлтэй хийгддэг мөрдөн шалгах ажиллагаанд хамаардаг ба мөрдөгч хойшлуулшгүй тохиолдолд явуулсан эд мөрийн баримтыг хураан авах ажиллагааны үр дүнг прокурорт хянуулж хүчинтэйд тооцуулах үүрэгтэй байдаг. ...Прокуророос энэ талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй байгаа нь шүүхээс тухайн эд мөрийн баримтыг нотлох баримтаар үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 7, 14 дэх хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох боломжгүй. ...” гэж дүгнэжээ.

Гэтэл шүүхийн шийдвэрт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д “...шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгана. ...” гэж заасны дагуу хэргийн үйл баримтыг үндэслэлтэй үгүйсгэж чадаагүй гэж үзэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно...” гэж хуульчилсан. Монгол Улсын нэгдэн орсон Нэгдсэн үндэстний байгууллагын ерөнхий асамблейн 2010 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 65/209 дугаар тогтоолоор батлагдсан “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай конвенц”-ын 2 дугаар зүйл “Хүчээр алга болгох” гэдэг нь алга болсон аливаа хүний эрх чөлөөг хассан явдлыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан буюу түүний хамгаалалт эдэлж чадахааргүй байдалд хүргэхүйцээр төрийн төлөөлөгчид буюу төрөөс эрх олгогдсон, дэмжлэг буюу зөвшөөрөл авсан этгээдүүд, эсхүл бүлэг этгээдийн тухайн хүнийг баривчлах, саатуулах, хулгайлах, эсхүл бусад хэлбэрээр эрх чөлөөг нь хасахыг хэлнэ” гэж, Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 13-т “Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд ч боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан, үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1-д “Энэ хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах, өмчлөх эрхэд нь халдах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно” гэж хуульчилсан. Хэрэгт цугларсан баримтуудаар .....  банкны тусгай активын газрын захирлаар ажиллаж байсан Т.Э- нь 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Чингэлтэй дүүргийн ..... дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах .....  банкны салбарт тус банкны Дотоод аудитын газраас хийгдсэн шалгалтын хүрээнд ахлах эдийн засагчаар ажиллаж байсан Б.Б-тэй холбоотой зөрчил илэрсний дагуу Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах .....  банкны төв байр дахь албан өрөөндөө Б.Б-ийг дуудан ирүүлж, түүнийг жирэмсэн эмэгтэй гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн гишүүд болон бусадтай утсаар ярихыг хориглох, гар утсыг хураан авах, ариун цэврийн өрөө ороход нь өөр хүн дагалдуулж оруулах, хийсэн хэргээ хүлээ гэх зэргээр хүсэл зоригийнх нь эсрэг буюу оройны 18 цаг 20 минутаас 20 цаг 55 минут хүртэлх хугацаанд чөлөөтэй зорчих эрхийг хууль бусаар хорьсон үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байна. Түүнчлэн мөрдөгч хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад энэ хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ. Мөрдөн шалгах зарим ажиллагаа нь прокурорын зөвшөөрлөөр явагддаг бол зарим нь мөрдөгч өөрөө бие даан явуулах эрхтэй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хянан үзээд гэмт хэргийн шинж байгаа эсэхийг тогтоох шаардлагатай бол гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 5 хоногийн дотор дараах мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно. ... 1.1-т “үзлэг хийх”, ... 1.4-т “хэрэгт ач холбогдол бүхий тээврийн хэрэгсэл, мөнгө, эд зүйлийг хурааж авах” гэж тус тус заасан байх бөгөөд хэрэгт авагдсан баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж авсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

Цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтыг зөрчсөн байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/807 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ийн өмгөөлөгч А.Бүдханд нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Монгол Улсын Үндсэн хуулийн 13 дугаар зүйлд “Монгол Улсын иргэн халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно.” гэж заасан. Гэтэл Т.Э- нь амь хохирогчийг албан өрөөндөө авчруулан бие давхар гэдгийг мэдсээр байж 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 18:20:29 цагаас 20:36:06 цаг хүртэл 2 цаг 36 минутын хугацаанд бусадтай харилцах холбоо хэрэгслийг /гар утас/ нь хураан авч гадагшаа харилцах боломжгүй болгон эцэг Б.Б-өөс 11 удаа, эх Б.Оээс 3 удаа, найз залуу Д.О-гээс 10 удаа, найз Б-гаас 1 удаа, П.О-гаас 1 удаа залгахад яриулаагүй нь албан тушаалын эрхшээлдээ оруулан эрх чөлөөг хязгаарлан хорьж хүнийг санаатай алга болгох гэмт хэргийг үйлдсэн гэж үзэхээр байна.

2. Шүүгдэгч Т.Э- нь ........... банкны тусгай активын газрын захирлын албан тушаал эрхэлдэг бөгөөд тус газрын үйл ажиллагааг ........... банкны гүйцэтгэх захирлын 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн А/70 дугаартай тушаалаар баталсан журмаар зохицуулдаг. Журмын үндсэн чиг үүрэгт “...дотоод авлага барагдуулах болон өөрийн ажилтантай холбоотой зээлийг төлүүлөх ажиллагаанд оролцоно гэж тодорхойлсон байдаг /3-р хх-ийн 132/ ба дотоод авлага болон өөрийн ажилтаны зээлд юу хамаарах талаар гэрчүүд мэдүүлгээр болон Т.Э- нь шүүхийн хэлэлцүүлгийн үед тодорхой ярьсан. Тус банкны харилцааны ахлах менежерээр ажиллаж байсан амь хохирогчид “.... банк”-наас авсан хугацаа хэтэрсэн зээл байгаагүй ба байгууллагын зардлаар дотоод, гадаад сургалтад хамрагдаж авлага үүсээгүй байсан. Мөн амь хохирогч нь Дотоод аудитын газрын захирал Ч.Лх-д “хуулийн байгууллагаар шалгуулах” тухай бичиг /3-р хх-ийн 96/ хийж өгсөн, Дотоод аудитийн газраас амь хохирогчийн зөрчил дутагдлын талаар дүгнэлт, тайлан гараагүй байхад Д.Э нь эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглаж түүнийг өрөөндөө авчруулан бичиг баримт, мөнгө гаргаж өгөхийг шаардан гар утсыг нь хураан авч цахим орчин дахь мэдээллийг зөвшөөрөлгүй дамжуулан танилцаж, түүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг хязгаарласан нь түүний бичиж үлдээсэн гэрээслэл, хавтаст хэрэгт авагдсан баримт, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Гэтэл шүүхээс ажлын байрны чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд зөрчил гаргасан ажилтантай уулзах, тайлбар гаргуулан авах ажиллагааг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.

3. Т.Э- нь амь хохирогчийг ажлын байрандаа авчруулах, Хаан банк руу явуулах болон бие засуулахад бусдын хяналтад байлгаж, түүний хүсэл зоригийн эсрэг чөлөөтэй зорчих эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж байсан нь хавтаст хэрэгт авагдсан камерийн бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 34-41, 4хх 165-166/, гэрч П.Н /1хх 165-166, 170-171, 189-190/ Б.Б- /1хх 154-155, 156-ын ар тал, 186-187, 218-219/, М.А /1хх 164-165, 173-173/, Д.Э нарын гэрчээр өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед Д.Э өгсөн мэдүүлгээр тогтоогддог.

4. Иргэн Ж-уураас 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр 08 цаг 34 минутанд ирүүлсэн мэдээллийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс хүлээн авч /1-р хх-ийн 2/ хэргийн газарт үзлэгийг 08 цаг 42 минутанд хийх явцдаа амь хохирогчийн куртекний зүүн талын халааснаас 5 хуудас бүхий гар бичмэл /гэрээслэл/, эход харуулсан 3 хуудас баримтыг тэмдэглэлд тусган хураан авах ажиллагаа явуулсныг хууль зөрчиж цуглуулсан эд мөрийн баримт гэж, мөн эд мөрийн баримтаар хураан авсан 5 ширхэг том, 1 жижиг сиди болон бусад ажлын байрнаас хураан авсан бичиг баримтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар хүчингүй болгоогүй, мөн хуулийн 16.13 дугаар зүйлд зааснаар хүчингүйд тооцоогүй, шинжлэн судалсан атлаа шүүгч нотлох баримтаар тооцох боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

5. Шүүхээс дээрх эд мөрийн баримтыг нотлох баримтаар үнэлж, тооцох боломжгүй гэж дүгнэсэн хэдий ч Т.Э- нь амь хохирогчийг 18:20:29 цагаас 20:36:06 цаг хүртэл хугацаанд өөрийн өрөөнд хорьж, эрхшээлдээ байлган зорчих эрхийг хязгаарласан нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Ч.Лх-, Б.М, И.О, Б.Б-, П.Н, М.А нарын мэдүүлэг, шүүгдэгч Т.Э-ын өөрийнх нь мэдүүлгүүд болон шүүх хуралдааны явцад өгсөн мэдүүлгээр тогтоогддог. Хүчээр алга болгох гэмт хэрэг нь “Хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэргийн шинжгүй” хүнийг хууль бусаар хорьсон, эрхшээлдээ оруулан эрх чөлөөг хязгаарлаж хорьсон үеэс гэмт хэрэг төгсдөг. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би одоогоос 5 жилийн өмнө охиноо алдсан. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Охин маань 5 хуудас гэрээслэл бичиж үлдээсэн байсан ба гэрээслэлдээ бичсэн зүйлүүд нь бүгд үнэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Тухайлбал, “Жирэмсэн учраас хурдан шээс хүрээд байдаг юм гэж гуйж байгаад ариун цэврийн өрөө орсон. Ариун цэврийн өрөө рүү хүртэл хүн дагуулж оруулсан” гэж бичсэн нь ариун цэврийн өрөө рүү дагуулж орсон гэрч А гэх хүний 1 дүгээр хавтаст хэргийн 164-165 дахь талд өгсөн “Э захирал надад хэлээд  хамт оруулсан” гэсэн мэдүүлэг нотолдог. “Гэрийн хаягийг минь хэл гэсээр байж заалгаад гэр рүү хоёр ажилтан явуулсан” гэж бичсэн нь гэрч Б.Б-, П.Н нарын мэдүүлгээр тогтоогдоно. Б.Б- 1 дүгээр хавтаст хэргийн 154-157, 166-168 дахь талд өгсөн мэдүүлэгтээ “Э дарга намайг талийгаачийн гэрт очоод иргэний үнэмлэхийг нь аваад ир гэхэд талийгаач гэртээ очуулмааргүй байна, би маргааш аваад ирье гэсэн” гэдэг. Миний охин өөрөө маргааш аваад ирье гэсээр байхад ямар арга хэрэглэснийг нь мэдэхгүй, гэрийн хаягийг заалгаж, хоёр хүнтэй хамт явуулсан байсан. Мөн гэрээслэлд “Миний гар утсыг хурааж аваад утсанд байгаа мэдээллийг зөвшөөрөлгүй үзсэн” гэсэн нь гэрч Б.Б-ий “Талийгаачийн утсыг аваад Э дарга шүүгээнд хийсэн. Э дарга талийгаачийг утсаа үлдээгээд яваарай гэж хэлсэн” гэх мэдүүлгээр, мөн “Чи хэргээ хүлээ, хийсэн байна, мөнгө хаана байна” гэж дарамталсан гэж бичсэн нь гэрч Б.Б-ий “Тэгээд дараа нь мөнгө яаж үрсэн, хаана байгаа вэ, мөнгө байгаа юу гэхэд талийгаач би мэдэхгүй байна, хуулгаа харж байж хэлье гэж ярьж байсан” гэх мэдүүлгээр, “Гэрийнхэн залгахад яриулаагүй, хуралтай байна гэж бич гэж хэлж бичүүлсэн” гэж бичсэн нь гэрч Б.Б-ий мэдүүлгээр давхар нотлогддог. Тэр хугацаанд  аав нь охин руугаа 11 удаа, би 3 удаа, найз залуу нь 10 удаа, бусад хоёр найзаас нь 2-3 дуудлага орсон байсан. Гэтэл надад нэг удаа “Хуралтай байна” гэж мессеж бичсэн. Охиныхоо утаснаас  ирсэн мессежид итгээд аавд нь хэлсэн. Үнэн хэрэгтээ энэ цаг хугацаанд Т.Э- гэх хүн миний охины утсыг хурааж аваад ар  гэр, найз нөхөдтэйгөө холбоо барих боломжгүй байдалд оруулж, 2 цагийн турш өрөөндөө байлгасан. Мөн ариун цэврийн өрөө ороод гарсны дараа өрөөндөө оруулж цоожилсон талаар гэрээслэлдээ бичсэн байсан. Өрөө камергүй учраас Т.Э- “Би өрөөгөө цоожлоогүй” гэж тайлбарладаг. Гэтэл шүүхээс миний охины гэрээслэлийг үгүйсгэж, Т.Э-ын мэдүүлгийг үнэлж, цоожлоогүй нь үнэн байна гэсэн. Шүүх хоёр ижил зүйлийн нэгийг нь үгүйсгэж, нөгөөг нь нотлох баримтаар үнэлсэн ч яагаад ингэсэн талаараа тайлбарлаж дүгнээгүй. Охин минь амьд байсан бол миний оронд зогсож байх байсан. Охины гар утсыг хэрэг гарсан өдрийн маргааш хурааж авч, дараа нь надад хүлээлгэж өгсөн. Т.Э- утсыг хурааж авсан талаар Дотоод аудитын газрын дарга Ч.Лх- мэдүүлсэн байдаг. Албан тушаалын хувьд миний охин ахлах эдийн засагч хийдэг байсан тул удирдах, удирдуулах ёс гэдгээр дээд шатны албан тушаалтан өөрийн удирдлага дор байдаг, доод шатны албан тушаалтанд дураараа хандаж, гар утсыг нь авч, дамжуулан үзэх эрхтэй юу. .....  банкны бүх салбаруудын захирлыг хариуцсан, салбарын удирдлагын хэлтсийн дарга Н-ын 1 дүгээр хавтаст хэргийн 204-205 дахь талд гэрчээр өгсөн “Тусгай активын газар чанаргүй, муудсан зээл төлүүлэх, дотоод аюулгүй байдал болон банкны үйл ажиллагаанд хяналт тавьж илэрсэн зөрчлийг арилгуулдаг” гэсэн мэдүүлгээр банк дотоод аудитын газартай, уг газар нь зөрчил шалгах шалгалтын ажиллагаа явуулж, зөрчил тогтоогдвол дарга нарын хуралд танилцуулж, хуулийн байгууллагад шилжүүлдэг журамтай. Уг асуудалд Тусгай активын газар оролцох үүрэг байхгүй. Тусгай активын газрын үйл ажиллагааны журмаар зөвхөн хугацаа хэтэрсэн зээлдэгчийн эрсдэлтэй зээлийг нөхөн төлүүлэх, банкны ажилтнуудын дотоод, гадаад авлагыг нөхөн төлүүлдэг. Энэ талаар Т.Э- шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой мэдүүлсэн. Миний охин ....... хотын банкинд ямар нэгэн хугацаа хэтэрсэн зээл байгаагүй. Ажилтны дотоод, гадаад авлага гэж юу хэлдэг талаар анхан шатны шүүхийн шүүгч асуухад “Ажилтныг дотоод, гадаад сургалтад явуулсан, сургасантай холбоотой гарсан зардлыг дотоод, гадаад авлага гэж тооцдог юм” гэж хэлсэн. Ийм учраас Тусгай активын газрын дарга миний охинтой уулзах ямар ч шаардлагагүй байсан. Хэдийгээр хавтаст хэрэгт авагдаагүй ч охиноо нас барсны дараа би ....... хотын банкинд ажилладаг ангийнхан, найз нөхөдтэй нь уулзахад “Банктай холбоотой ямар нэгэн зөрчил, дутагдал гарсан хүүхдүүдийг шууд Э даргын өрөөнд оруулж гаргадаг. Э даргын өрөөнд орсон хүүхдүүд уйлаад, сүнс нь зайлаад гардаг” гэсэн. Энэ аргаа миний охинд хэрэглэсэн гэж би үзэж байна. Дотоод аудитын газраас албан бичгээр гарсан акт, тайлан, зөрчлийг тогтоосон бичгийн нотлох баримт байхгүй ч гэсэн Этай уулзуулбал Э хууль бус аргаа хэрэглэж, айлган сүрдүүлж, мөнгө хаана байгаа болохыг өөрөөр нь нотлуулах гэж өрөөндөө оруулсан гэж харж байна. Энэ нь .....  банкны салбар дахь Дотоод аудитын газрын дарга Ч.Лх-гийн Т.Э-тай “Тантай энэ хүнийг уулзуулмаар байна, одоогоор хэргээ хүлээхгүй байна” гэж утсаар ярьсан тэмдэглэлээр нотлогдоно. 4 дүгээр хавтаст хэргийн 180 дахь талд авагдсан Т.Э-ын “Анх ярилцаж эхлэхэд жирэмсэн гэдгээ хэлсэн” гэсэн мэдүүлгээс миний охиныг жирэмсэн гэдгийг мэдэж байсан нь харагдана. Мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчийнхөө хамт “Охины маань утсыг хурааж аваад дотор нь хадгалагдаж байгаа мэдээллийг дамжуулж үзсэн нь хууль бус байна. Энэ бол мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг (Хэрэг гарсны дараа Эрүүгийн хуульд өөрчлөлт орж кибер гэмт хэрэг гэж нэршил нь өөрчлөгдсөн.) буюу мэдээллийн аюулгүй байдалд нь халдсан үйлдэл гэж, мөн охиныг өрөөндөө аваачиж “Мөнгө хаана байна, хаана хийсэн, хэнд өгсөн, одоо байгаа юу” гэх зэргээр  үйлдэл хийхийг шаардсан нь заналхийлэх гэмт хэргийн шинжтэй гэж үзэж цагдаа, прокурорын байгууллагад хүсэлт гаргаж байсан ч хангаж шийдвэрлээгүй. Анхан шатны шүүх прокурорын яллах дүгнэлтийг няцаан үгүйсгэж чадаагүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Түүнчлэн, Т.Э-ын эхнэр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үйлчилгээний хэлтсийн даргаар олон ажилласан бөгөөд миний охин нас барах үед тухайн албан тушаалаа эрхэлж байсан тул энэ хүмүүсийг тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэж хардаж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Т.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би энэ хэрэгт 5 жил шалгагдаж байна. Хэрэг гарсан үеийн нөхцөл байдлын хувьд, би банктай үйл ажиллагааны журмаар зохицуулсан үйлдэл, үйл ажиллагаагаа явуулсан. Өөрөөр хэлбэл, Тусгай активын үйл ажиллагааны журмын 5.1, 5.3-т заасан ажилтнуудтай холбоотой гарсан үйл ажиллагааг тодорхой хэмжээнд шалгаж баримтжуулаад, холбогдох байгууллагад шилжүүлэх үүрэгтэй. Үйл ажиллагаа явуулахдаа анхан шатны баримт, мэдээллийг баталгаажуулах, ярилцах, тэмдэглэл үйлдэх гэх мэтийн журамд заагдсан үйлдэл, үйл ажиллагааг явуулдаг. Тухайн өдөр талийгаач охин манай өрөөнд ирэхдээ эвгүй байдалтай, нүүр, зүс царай нь улайсан, сандарсан байдалтай ирсэн. Миний хувьд 2 цагийн хугацаанд талийгаачтай харилцахдаа банкны ажилтнууд хоорондоо ямар байдлаар харилцах ёстой, баримтлах дэг журам, хүндэтгэж, хүндэтгэлтэй хандах уур амьсгалыг барьж ажилласан. Түүнээс биш гэрч нарын хэлсэн шиг өрөөндөө оруулж суулгаад, том, жижиг дуугараад, янз бүр болоогүй. Тухайн хүүхдийг орж ирэхэд “Ямар асуудал болсон бэ, яагаад мөнгөний асуудалд холбогдсон” талаар асуухаар хариулахгүй доошоо хараад суучихна. Тэгээд тухайн хүүхэдтэй харилцахын тулд “Аав, ээж нь юу хийдэг вэ” гэж асуухад цагдаагийн байгууллагад ажилладаг, цагдаагийн алба хаагчид байсан. Би өөрөө насаараа цагдаагийн байгууллагад ажиллаж байсан, ганц охинтой хүн учир Б.Б-тэй өөр байдлаар харьцаж “Яасан, юу болсон, мөнгө нь хаана байна, учир байдлыг олж асуудлыг хурдан, түргэн шийдье” гэж зөв талаас нь ярьж эхэлсэн. Энэ талаар би өмнөх шүүх хуралдаанд хэлсэн. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гомдол болон прокурорын эсэргүүцлийг зөвшөөрөхгүй, эсрэг байр суурьтай байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг дэмжиж байна. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Т.Э-ын өмгөөлөгч Г.Мандахсайхан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Энэ хэргийн шалтгаант холбоог асуултуудаас тодорхойлж үзэхэд талийгаач охин нэг бус удаа үйлчлүүлэгчийн хадгаламжийн дансны кодыг өөрчилсөн, өөрийнхөө утасны дугаарыг сольж тавьж байсан, харилцагч өөрөө зээл аваагүй байхад харилцагчийн өмнөөс зээл авч банкнаас авсан зээлийг нь төлж байсан гэх үйл баримт зөндөө байдаг. Мөн хохирогчийн гэр бүлээс гаргаж өгсөн охины утасны мессежүүдэд “Та нар мөнгөө төлөөч ээ, төлөхгүй  байхаар чинь би хүнээс мөнгө аваад хийчихлээ” гэсэн байдаг. Тэгэхээр өөрийн өгсөн зээлээ нөхөхийн тулд бусад хадгаламж эзэмшигч нарын нууц кодыг ашиглаж төлж байсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Ийм шалтгаант холбоо байсан учраас Дотоод аудитын газрын захирал Ч.Лх-тэй салбар дээр очиж уулзсан нь камерын бичлэгээс тодорхой харагдах бөгөөд тус газраас шүүгдэгч Т.Э-тай уулзуулахаар явуулсан байдаг. Улсын яллагчаас Т.Э- нь “Б-ийг албан өрөөнд дуудан ирүүлж” гэж хүндрүүлэх нөхцөлийг заасан. Гэтэл албан өрөөндөө дуудан ирүүлээгүй болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 37  дахь талд авагдсан камерын бичлэгийн яриа болон Т.Э-, Ч.Лх- нарын мэдүүлгүүдээр нотлогддог. “Тантай уулзуулъя” гэж хэлсэн учраас уулзсан болохоос “Аваад ир” гэж хэлээгүй. Мөн улсын яллагч “жирэмсэн гэдгийг нь мэдсээр байж” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнийг хангасан гэж үзсэн. 1 дүгээр хавтаст хэргийн 141 дэх талд авагдсан Т.Э-ын “Анх удаа уулзахад жирэмсэн гэдгийг нь мэдсэн” гэсэн мэдүүлэг бий. Т.Э-, Б.Б- нар нэг л удаа уулзсан учраас энд нэг удаа уулзсан уу, олон удаа уулзсан уу гэдэг асуудал яригдахгүй. 1 дүгээр хавтаст хэргийн 156 дахь талд гэрч С гэх охин амь хохирогч Б.Б-тэй ариун цэврийн өрөөнд тааралдаж жирэмсэн гэдгийг нь мэдсэн гэдэг. Тус гэрч нь Т.Э-ын дуудсан нягтлан бодогч биш бөгөөд амь хохирогчтой өмнө нь өөр салбарт хамт ажиллаж байсан хүн бөгөөд ариун цэврийн өрөөнд тааралдсан байдаг. Т.Э-ын дуудсаны дагуу ариун цэврийн өрөө хамт орсон нягтлан бодогч  М.А мэдүүлэхдээ “Бие жаахан эвгүй байна” гэхээр нь “Яасан бэ” гэхэд жирэмсэн гэдгээ хэлсэн гэдэг. Хэрэв ямар нэгэн байдлаар  хоригдож, хууль бусаар эрхээ хязгаарлуулсан байсан бол С, А нарт энэ байдлаа хэлэх байсан. Гэтэл тийм зүйл огт гаргаагүй байдаг. Тиймээс жирэмсэн гэдгийг нь мэдсээр байж хорьсон зүйл байхгүй. Хорьсон гэх үйлдлийн тухайд, амь хохирогчийн гэрээслэлд “түгжсэн” гэсэн үг бичигдсэн байдаг боловч яаж түгжсэн нь мэдэгдэхгүй, хэрэгт авагдсан камерын бичлэгээс үзэхэд Т.Э-ын өрөөнд  олон хүн орж гараад, хүн байнга холхиж харагддаг. Учир нь, Б.Б- бусдаас авсан зээлийн мөнгийг Хаан банкны данс руу хийж, цааш нь зарцуулдаг байсан талаар Дотоод аудитын газрын дарга Ч.Лх- хэлсэн учраас Худалдаа хөгжлийн банкны серверээс харах боломжгүй тул Хаан банкны хуулгаа аваад ир гэж банкны хоёр мэргэжилтэн залуутай явуулсан. 18 цагт өрүү рүү нь ороод Хаан банк явж, буцаж ирэхэд 19 цаг 15 минут болж байсан. Үүнээс хойш цаг хугацаанд Т.Э-ын өрөөнд Мэдээллийн технологийн захирал Д, Дотоод аудитын газрын дарга Ч.Лх-, хэрэгт гэрчээр оролцсон Б.Б-, П.Н нар орж, гарч харагддаг. Хэрэв түгжсэн байсан бол ямар ч хүн өрөөнд орохын тулд эхлээд хаалгыг нь тогшино. Гэтэл тийм зүйл огт байхгүй, хаалга нь байнга дэлгээтэй байсан гэдгийг анхан шатны шүүх хуралдаанд хохирогч тал болон улсын яллагч бичлэгээс тодорхой харсан. Гэр бүлийн гишүүд болон бусадтай утсаар ярихыг хориглосон гэх үйлдлийн тухайд, энэ хэргийн улмаас хүүхэд нь амь хохирсон тул яаж ч хардаж, янз бүрээр таамаглаж болно, гэхдээ баримттай байх хэрэгтэй. Утсаар ярихыг хориглосон гэх үйлдлийг дараах байдлаар няцааж байна. 1 дүгээр хавтаст хэргийн 92 дахь талд амь хохирогч Б.Б-ий гар утсанд хийсэн үзлэгээр 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 15 цаг 49 минутаас 20 цаг 11 минут хүртэл нийт 4 цаг 30 минутын үйл баримтыг тэмдэглэсэн тэмдэглэгээ, Дотоод аудитын газрын дарга Ч.Лх- утсыг нь авсан талаарх баримт, Т.Э-ын өрөөнд орсноос хойш 1 цаг гаруй байхдаа 19 цаг 51 минутад гэрийнхэн рүүгээ “Хуралтай байна” гэж явуулсан мессеж, 20  цаг 11 минутад “аниа” гэсэн дугаарт залгаж эгчтэйгээ 1 минут ярьсан дуудлага, 20 цаг 54 минутад ээжтэйгээ 2 удаа ярьсан дуудлага, найз залуу руугаа 2 удаа “Орой тараад ирж ав” гэж бичсэн мессеж, яриа зэргийг үзвэл утсаар яриулахгүй, эрхийг нь хязгаарласан гэсэн үйл баримт тогтоогдохгүй байна. 1 дүгээр хавтаст хэргийн 175 дахь талд найз залуу Д.О-гийнх нь  өгсөн мэдүүлэгт “Салбарын дарга нь байнга дарамталдаг байсан, хэл ам ихтэй, гармаар байна гэж хэлж байсан” гэдэг. Мөн энэ байдлыг бусад найзууд нь хүртэл мэдүүлдэг. Н гэх хүн нь бусад бүх салбарыг хариуцсан гэдэг ч 4 дүгээр хавтаст хэргийн  96 дахь талд авагдсан Н-ын мэдүүлгээс үзвэл “Тусгай активын газар энэ асуудлыг шалгах шаардлагагүй” гэдэг боловч тухайн гэрчийн хувийн байдал эргэлзээтэй. Н нь талийгаачтай дотно харилцаатай байсан, 2-3 салбарт хамт ажиллаж байсан. Талийгаач тухайн хүнээс мөнгө зээлж бусдын өрийг дарж байсан болох нь Н-ын “Надаас 24.000.000 төгрөг зээлж өөр хүний данснаас над руу шилжүүлж байсан. Би тэр хүнийг нь танихгүй” гэсэн мэдүүлгээр нотлогддог. Мөн 4 дүгээр хавтаст хэргийн 101 дэх талд авагдсан банкны ажилтан, гэрч Д-ий “Манай салбарын ахлах учраас би харилцагчийн утасны дугаарын мэдээллийг нь өөрчилж, талийгаачийн утасны дугаараар сольж байсан” гэх, 104 дэх талд авагдсан гэрч А-гийн “Харилцагч ирээгүй байхад надаар тэр хүний нэр дээр харилцах данс нээлгэж байсан” гэх, 107 дахь талд авагдсан гэрч Б-ын “Харилцагчийн гүйлгээний лимитийг 30.000.000 төгрөг болгож нэмэгдүүлж байсан” гэх мэдүүлгийг тус тус өгсөн тул энэ байдлуудыг тодруулахын тулд утсаа үлдээгээрэй гэхэд үлдээсэн. Гэрч Б.Б-ий мэдүүлэгт “Маргааш өглөө болтол орхиод явчихаар утасны чинь цэнэг хүрэх юм уу” гэхэд “Зүгээрээ миний утасны цэнэг дуусдаггүй юм” гээд орхисон байдаг. Түүнээс биш орхи гэж загнаж, зандарсан зүйл хэргийн баримтаар нотлогддоггүй. Амь хохирогчийн бие нь эвгүй байна гэсэн учраас хүн дагуулж ариун цэврийн өрөө оруулсан гэж Т.Э- тайлбарладаг. Амь хохирогч нь 3 цагийн турш салбар дээр янз бүрийн байдлаар асуугдсан ба энэ талаар гэрээслэлдээ “Намайг хамт олны минь дэргэд Дотоод аудитын газрын захирал, ажилтнууд эвгүй байдалд оруулсан, би маш их эмзэглэж, ичиж, зовж байна” гэсэн байдаг. Хүн учраас хууль бус үйлдэл хийсэндээ баригдана гэхээс, мөн хамт олных нь нүдэн дээр барьж аваад явчихлаа гэж хямарсан байж болох юм. Гэтэл үүнийг хамгийн сүүлд уулзсан Т.Э-тай холбож, нэг хүн рүү хэт буруутгаж болохгүй. Мөн хууль бусаар хорьсон гэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангахгүй байна. Гэрч Б.М 1 дүгээр хавтаст хэргийн 153 дахь талд “Би Б-ээр тайлбар бичүүлж авсан, утсыг нь хэн авсныг мэдэхгүй. Тухайн үед Б- би энэ асуудлыг хүлээхгүй, хуулийн байгууллагаар шалгуулъя гэсэн” гэж мэдүүлсэн. Банкны онцлогийн хувьд, банкны ажилтны хувийн дугаарыг ашиглаж мэдээллийн технологийн хүн хууль бус зүйл хийсэн байж  магадгүй, эсхүл ахиж дэвших гэж байсан учраас дотоод ажилтнуудаас нь хорлох гэж ийм зүйл хийсэн  байж болзошгүй гэж энэ байдлуудыг тодруулах үүднээс өөриймсөг хандъя гэж асуусан гэдэг. Гэтэл талийгаач нас барахынхаа өмнөх орой найз О-тай харилцахдаа “Би өөрөө аваад идсэн биш, сүртэй юм, энэ асуудлыг би өөрөө зохицуулчихна, хуулгаа үзүүлж асуудлаа шийдчихээд энэ банкнаас гарна” гэж бичсэн байсан. Эндээс орой 21-22 цагийн үед амиа хорлох бодол төрөөгүй байсан нь харагддаг. Найз залуу нь хүргэж өгөөд явсан бөгөөд тэрээр банкны гадаа Б.Б-ийг удаан хүлээгээгүй. “Орой бүрэнхий болсон тул ээж, аавд нь хүлээлгэж өг” гэхэд охин “Үгүй, би найз залуугаа дуудъя” гэсэн. Тэгээд найз залуугаа банкны үүдэнд 25-30 минут хүлээлгээд гарч явсан талаар Т.Э- мэдүүлдэг. Б.Б-ийг явуулахгүй гэсэн зүйл огт гаргаагүй. Улсын Дээд шүүхээс гаргасан цагаатгах тогтоол гаргахдаа анхаарах ёстой асуудал гэсэн зөвлөмжийн дагуу яллах дүгнэлтэд дурдсан үндэслэл, нотлох баримтыг дурдаж, хохирогчийн мэдүүлгийг иш татах, үндэсний болон олон улсын эрх зүйн заалтуудыг иш татаж ямар баримтыг үнэлж, ямар баримтыг нь үнэлэхгүй байгаа талаараа тогтоолдоо тодорхой тусгасан учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй бөгөөд үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа прокурорын эсэргүүцэл нотлогдохгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна. Мөн хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтууд харилцан зөрүүтэй, эргэлзээтэй байдал огт байхгүй. Хэний ч мэдүүлэг хэнтэй ч зөрдөггүй. Болсон явдлыг харсан нь гэрч Б.Б-, П.Н нар бөгөөд бусад гэрчүүд нь амь хохирогчтой мессежээр харьцсан найз О-гийн салбар дээрээ очиж ярьсан яриа буюу дам яриа, таамаглалаас үүсэлтэй. О-гийн мэдүүлэгт “Дотоод аудитын газарт шалгагдсанаас болж амиа хорлочихсон болов уу гэж бодож байна” гэдэг. Тиймээс амь хохирогчийг хүчээр алга болгох, хууль бусаар хорьсон гэх үндэслэлүүд нотлогдохгүй байна. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан тогтоолд байх бүх шаардлагуудыг хангаж цагаатгах тогтоол гаргасан бөгөөд үндэслэл бүхий болох нь дээрх баримтуудаар тогтоогдож байна. Хүнийг хүчээр алга болгохдоо хууль бусаар хорьсон гэдэг нь бүрэн нотлогдохгүй байна. Онолын хувьд, мэдүүлгийн эх сурвалж буюу мэдүүлэг өгөгч хэргийн талаар мэдэх болсон үндэслэл шалтгаанаа ойлгодог. Гэтэл ихэнх гэрчүүд дандаа дам ярианаас мэдүүлгээ өгсөн байдаг. Хохирогч үнэхээр дарамтад орсон байсан уу, банкны буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн байдаг бол тэр тухай тодруулах мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн. Жишээлбэл, салбарын эрхлэгч О гэдэг хүнийг бараг хориод хүнээр гэрчлүүлэхэд тал нь сайн, тал нь хатуу, орой үдэш явуулдаг, хувийн машинаар зээл хөөцөлдөж явуулдаг гэж мэдүүлсэн. Харин ажлаас гарсан хүмүүс нь О-ийг шаардлага ихтэй байсан гэдэг бол Т.Э-ыг ямар хүн гэдэг талаар мэдүүлсэн мэдүүлгүүд байдаггүй. Зөвхөн “Э дарга аймаар юм аа гэсэн яриа банкны дунд яригддаг гэдэг ч яг ямар хүн гэдэг талаар олон гэрчийн хэн нь ч мэдүүлээгүй. Харин О гэж ямар салбарын эрхлэгч байсан талаар зөндөө хүн мэдүүлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн гомдлын тухайд, Тусгай активын газрын захирал нь ажилтнуудтай холбоотой өр зээлийг шалгах учиртай учраас тодруулах гэж үйлдэл хийсэн. Өөрийнх нь банкинд хамааралгүй учраас Хаан банкны дансны хуулга, иргэний үнэмлэхийг нь авчруулахаар ажилтай ойр, Зоос гоёлын хажууд байдаг гэрээс нь авчруулахаар болсон. Хэрэв өөр сонирхол байсан бол бусад байдлаар асуух, биллийг нь аваад ир гэх зэргээр өөр нөхцөл байдал үүсэх байтал цаг хэмнэх үүднээс хоёр гэрчийг гэр рүү нь явуулж, охиныг үлдээж юу болсон талаар ярьсан. Тэр хооронд өрөөнд нь олон хүн орж, гарч, өрөөг цоожлоогүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаас харагдана гэж тайлбарлаж байгаа юм. Ийм учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй. Амь хохирогч “Би хуулгаа харж байгаад яаснаа хэлье, мэдэхгүй байна” гэснээс үзэхэд санаа зорилго нэгдсэн, шалгуулахыг зөвшөөрсөн болно. Гэтэл гэрч нарын мэдүүлгээр “Тухайн салбар дээр ганцхан Хаан банкны данс байдаг, бусад дансаар гүйлгээ хийхийг зөвшөөрдөггүй, салбарын ахлах Б.Б-ий нэр дээрх тэр дансыг бүгд ашиглаж, бусад ажилтнууд мөнгө авдаг байсан. Учир нь зээлтэй хүнийг зээлээ төл гэхээр орон нутагт байдаг хүн зөвхөн Хаан банкны дансаар төлье гэдэг байсан тул мөнгөө авахын тулд бүгд ашигладаг байсан” гэх мэдүүлэг хэрэгт бодитой байгаа. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Т.Э-ын өмгөөлөгч Г.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд Т.Э-ыг цагаатгаж шийдвэрлэснийг хууль зүйн хувьд үндэслэлтэй шийдвэр болсон гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч гомдолдоо бусадтай харилцах харилцаа холбоог хязгаарласан гэж байна. Гэтэл энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 92 дахь талд авагдсан гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлээр няцаагдана. Амь хохирогч Т.Э-ын өрөөнд ирснээс хойш утсаа аваагүй асуудал огт байхгүй бөгөөд тухайн өдөр 15 цагаас хойш утсаа аваагүй байдаг. Гар утсанд нь олон дуудлага ирсэн ч дуудлага болгоныг аваагүй. Ганц, хоёр дуудлага авсныг өмгөөлөгч Г.Мандахсайхан тайлбарласан. 1 дүгээр хавтаст хэргийн 155 талд мэдүүлэг өгсөн гэрч Б.Б-, 175 дахь талд мэдүүлэг өгсөн охины найз залуу болох Д.О-, мөн түүний эгч болох О, амь хохирогчийн ээж О нар шүүх хуралдаанд охиноос мессеж ирсэн, утсаараа тайлбар өгч байсан тухай мэдүүлдэг. Т.Э- нь амь хохирогчийг Тусгай активын газрын даргын албан тушаалын эрхшээлдээ оруулж хууль бусаар хорьсон гэдэг ч 3 дугаар хавтаст хэргийн 63-65 дахь талд авагдсан Тусгай активын захирлын ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг журамласан тайлбар авах ажиллагааг хийсэн гэж үзэж байна. Түүнээс Т.Э- нь Б.Б-ийг ямар нэгэн зөрчил гаргасан гэдгийг мэдэх боломж байхгүй бөгөөд Дотоод аудитын газраас өөрт нь хандаж авчирсны дагуу өөрийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн дагуу тайлбар авсан. Мөн эрхшээлдээ оруулж, өөрийнхөө өрөөнд хорьж, хөдөлгөөнийг нь хязгаарлаагүй гэдэг нь Т.Э-ын албан өрөөний гадна талын камерын бичлэг, мөн хажуугийн өрөөнд суудаг гэрч М.А-ын 1 дүгээр хавтаст хэргийн 164 дэх талд өгсөн “Ямар нэгэн чанга дуу чимээ гараагүй” гэх мэдүүлэг, мөн өрөөнөөс амь хохирогч болон бусад гарч, ороод чөлөөтэй зорчиж байгааг харуулсан камерын бичлэг зэргээс харагдана. Мөн зөрчил дөнгөж илэрсэн гэх үед амь хохирогч Т.Э-ын өрөөнд ирсэн. Түүнээс биш зөрчил илрээд удсан зүйл байхгүй. “Шалгадаг газраар нь шалгуулъя” гэсэн бичиг Т.Э-ын өрөөнд байгаагүй. Амь хохирогч жирэмсэн учраас бие засахаар гарсан гэдэг бөгөөд хэрэв түүний зорчих эрх нь хязгаарлагдсан гэж үзвэл ариун цэврийн өрөөнд таарсан С, хамт орсон А нарт мэдэгдэх боломж байсан. Мөн ээж рүүгээ “Хуралтай байна” гэж бичихдээ ямар нэгэн тэмдэгтээр өөрийнхөө эрхийг хязгаарлуулсан, хоригдсон байдалтай байна гэдгээ илэрхийлж, хүргэх боломж байсан. Хэрэгт авагдсан баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар хүчингүй болгоогүй гэдэг ба энэ нь шүүхийн биш прокурорын мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрхийг журамласан зохицуулалт гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.13 дугаар зүйлд зааснаар хүчингүйд тооцоогүй, шинжлэн судлаагүй хэрнээ шүүгч нотлох баримтаар тооцох боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэдэг. Энэ зохицуулалт нь дээрх нотлох баримтыг судлаагүй, орхиогүй, хүчингүйд тооцоогүй, харин шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг бодит байдлаар хянаж үзээд өөрийн дотоод итгэлээрээ үнэлсэн үнэлэмж гэж үзэж байна.  Тухайн хэрэгт анх 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлд зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 4 жил шалгаж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаад Т.Э-, Ч.Лх- нар нь амь хохирогчийг айлган сүрдүүлсэн үйлдлийг байнгын шинжтэй үйлдсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнээд Т.Э-ад холбогдуулан  2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заагаагүй үйлдэл, эс үйлдэхүй, хохирол, хор уршиг, гэм буруугийн шинжийг төсөөтэй хэрэглэж гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заасан. Гэтэл улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх, цагаатгах болон яллах талын нотлох баримтуудыг эргэлзээгүй тогтоох ёстой байтал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлээр шалгаад байнгын шинжтэй үйлдэл тогтоогдоогүй гэсэн агуулгаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт буруутган татсан нь хууль зүйн үндэслэлгүй. Үүнийг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж, хэлсэн тайлбараас харагдах байх. Мөн хэрэгт авагдсан баримтаар амь хохирогч сэтгэл зүйн хувьд доголдолтой, хүнд хэцүү байдалтай байсан. Үүнийг ээж нь шүүх хуралдаанд тогтоож мэдүүлдэг. Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс “Хамгийн сүүлд хүүхэд тань хэцүү байгаад нөхцөл байдлаа хэзээ ярьсан бэ” гэхэд “Нас барахаасаа 3 хоногийн өмнө энэ ажлаас гармаар байна, хэцүү байна гэж ярьсан” гэдэг. 4 дүгээр хавтаст хэргийн 117 дахь талд авагдсан тайлангаас ээж, аав, дүү болон өөрийнхөө хамтран ажилладаг хүний данс руу бусдын хадгаламжийг барьцаалж авсан мөнгөнөөсөө их хэмжээний мөнгийг шилжүүлсэн байдаг. Харамсалтай нь насаар бага залуу учир энэ нөхцөл байдал ил болохоос маш их айж, сэтгэл санаа нь тавгүйтсэнээс ийм золгүй үйлдэл хийх нөхцөл гарсан гэж дүгнэж байна. Мөн цагдаагийн байгууллага амь хохирогчийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэлийг 1 дүгээр хавтаст хэргийн 93-95 дахь талд үйлдсэн хэрнээ 7 дугаар сард аавд нь гар утсыг хүлээлгэж өгсөн байдаг. Гэтэл ээж нь бүр сүүлд буюу 3 дугаар хавтаст хэргийн 114 дэх талд буцааж өгсөн гар утаснаас нь олсон гэж баримт скрийншот хийж гаргаж өгсөн. Үүгээр амь хохирогч охин тухайн банкны зээлдэгч нараас мөнгө зээлж, “Би таны өмнөөс зээлийг чинь төлчихье, та дараа нь миний данс руу хийгээрэй” гэх мэтээр харилцаа холбоо үүсгэсэн. Үүнийг амь хохирогчийн ээж “Банк маш их дарамт шахалт үзүүлж, дарамт шахалтад ажилладаг байсан учраас миний хүүхэд ийм байдалд хүрэхэд нөлөөлсөн” гэж тайлбарладаг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлд заасан хүнийг хүчээр алга болгох гэмт хэргийн үндсэн шинжийг хүнийг хүчээр хорьсон идэвхтэй үйлдлээр ойлгодог. Энэ нь хохирогчийн хүсэл зоригийн эсрэг чөлөөтэй зорчих эрхийг тодорхой хугацаанд, тодорхой орон зайнд, хуурч мэхлэх замаар хийсэн үйлдлийг хэлнэ. Мөн хохирогч хаана байгаа нь мэдэгдэхгүй байх ёстой. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар амь хохирогч тухайн банкинд байсан төдийгүй ар гэрийнхнийх нь хэлж байгаа шиг эрхийг нь хязгаарласан бол гэр рүүгээ ямар нэгэн хэлбэрээр мэдэгдэх боломж байсан нь харагдаж байна. Т.Э-тай 19 цаг 15 минутаас 20 цаг 28 минутын хооронд хоёулаа байсан. Охиныг ганцааранг нь нэг ч удаа орхиогүй. Охины сэтгэл зүй маш хямралтай байсан, маш их хэмжээний мөнгөний асуудалд орж, эцэг, эх, өөрийнхөө данс руу мөнгө шилжүүлсэн байдлаасаа гарахын тулд золгүй, буруу үйлдлийг хийсэн гэж үзэж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүрээнд ажиллагаа явуулж, хэрэгт хамааралтай нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, мөн  хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос Т.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “Хүнийг хүчээр алга болгох” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд Т.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “Хүнийг хүчээр алга болгох” гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэл, давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж дүгнэв. Үүнд:

1. Эрүүгийн хуулийн зорилгод хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилго ордог.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоох бөгөөд тогтоогдсон үйл баримтад нийцэх хууль хэрэглээ буюу ямар хуулийг хэрхэн хэрэглэх талаар Эрүүгийн хуульд заасан субсумци /дүн шинжилгээ/-г хийснээр зүйлчлэлийг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ноцтой зөрчил гарсан эсэхийг шалгаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх ёстой.

Гэтэл шүүх хууль хэрэглэхдээ зарим үйл баримтыг орхигдуулсан дүгнэлтийг хийж, улмаар хууль буруу хэрэглэсэн байдал тогтоогдов. Тодруулбал, анхан шатны шүүхийн “...шүүгдэгч ажлын байрны чиг үүрэг, бүрэн эрхийн хүрээнд зөрчил гаргасан ажилтантай уулзахдаа утсыг нь хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авсан эсэх үйл баримт тогтоогдохгүй, энэ талаар дүгнэлт хийхэд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт хүрэлцээгүй байх тул өөр төрлийн гэмт хэргийн шинж байгаа эсэхэд шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна. ...” гэсэн дүгнэлт буруу болсон буюу хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйлд заасан “Хүнийг хүчээр алга болгох” гэмт хэрэг гарсан цаг хугацааг 18:20 цагаас 22:55 цаг гэж тогтоосон.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар, .....  банкны ахлах эдийн засагч Б.Б-тэй ажлын байранд нь, үргэлжлүүлэн .....  банкны төв байранд түүнийг зөрчил гаргасан гэх үйл явдалтай холбогдуулан тус банкны эрх бүхий албан тушаалтнууд

бусдаас тусгаарлан харилцсан /хийсэн хэргээ хүлээ гэх зэргээр/,

гар утсыг нь авсан, гар утаснаас нь мэдээллүүд авсан,

гар утсанд нь ирсэн дуудлагуудад хариу өгөөгүй, гар утсыг нь хураан авсан,

ариун цэврийн өрөө ороход нь өөр хүн дагалдуулсан,

гэрээс нь иргэний үнэмлэхийг авчрах үйл ажиллагаа явуулсан,

Хаан банкнаас дансны хуулга авахуулах үйлдлүүд хийсэн байна.

Дээрх үйл баримтад бүхэлд нь эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр, зөвхөн .....  банкны төв байранд болсон зарим буюу “түүнийг жирэмсэн эмэгтэй гэдгийг мэдсээр байж, гэр бүлийн гишүүд болон бусадтай утсаар ярихыг хориглох, гар утсыг нь хураан авах, ариун цэврийн өрөө ороход нь өөр хүн дагалдуулж оруулах, хийсэн хэргээ хүлээ гэх зэрэг” үйлдлүүдийг дүгнэж, “...18 цаг 20 минутаас 20 цаг 55 минут хүртэлх хугацаа...”-аар хязгаарлаж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байна.

Б.Б-ий гэрээс нь иргэний үнэмлэхийг авчруулах, Хаан банкнаас дансны хуулга авахуулах зэрэг үйл ажиллагаануудад хууль зүйн дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.

Үйл явдлын эхлэхээс төгсөх хүртэлх цаг хугацааны бүхийл байдлыг, хэн оролцсон зэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосны эцэст Эрүүгийн хуульд заасан ямар гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийгдсэн эсэхэд хууль зүйн дүгнэлтийг хийх шаардлагатай байна.  

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих “...гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл...” зэрэг байдлуудыг хангалттай нотолсны эцэст гэмт хэргийн шинжийг нь тодорхойлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх байсан байна.

Үйл баримтыг цогцоор нь тогтоож, хууль зүйн дүгнэлтийг бүрэн хийлгүйгээр хэргийг анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэж, Т.Э-ад холбогдуулсан “Хүнийг хүчээр алга болгох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, Т.Э-ыг цагаатгасан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. 

Иймд цагтаатгах тогтоолыг хүчингүй болгох тухай агуулга бүхий прокурорын эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ийн өмгөөлөгч А.Бүдхандын гаргасан давж заалдах гомдол зэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих “...гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл...” зэрэг байдлуудыг нотлох нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийх шаардлагатай гэсэн үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ШЦТ/807 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Цагаатгагдсан этгээд Т.Э-ад урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Б.ЗОРИГ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ