| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2406065633691 |
| Дугаар | 2025/ДШМ/339 |
| Огноо | 2025-03-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2025/ДШМ/339
Б.Э-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр, шүүгч Н.Батсайхан, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Гэрэлбаатар,
шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Б.Эрхэмбаяр,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Э-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2406065633691 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Д овгийн Б-ын Э /РД: ............./, ....................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э- нь 2024 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэйшнл” паркийн доор байрлах “Жи-Эс 25” дэлгүүрт хохирогч Б.Б-той маргалдан, улмаар нүүрэн тус газарт мөргөж, эрүүл мэндэд нь хамар ясны баруун хажуу хана зөрүүтэй хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Б.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Д овгийн Б-ын Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын хүрээг Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар тогтоож, оршин суух газар, ажлаа өөрчлөх тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял болон хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Б- нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй, сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 6,600,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-од олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Э- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Би 2023 оны 10 дугаар сараас Жи Эс25 (GS25) сүлжээ дэлгүүрт түгээгчээр ажиллаж байгаа бөгөөд оройн 18 цагаас өглөөний 8 цаг хүртэл хугацаанд Улаанбаатар хот дотор зөвхөн Сонгинохайрхан дүүргээр хязгаарлахгүйгээр бүх дүүргүүдээр түгээлт хийж ажилладаг. Сонгинохайрхан дүүргээр хязгаарлагдсанаар миний бие ажлаасаа халагдах нөхцөл байдалд орж, цаашид өөр ажил хөдөлмөр олж эрхлэхэд хүндрэлтэй байдал үүсэхээр байна. Прокурор шүүх хуралдаан дээр надад 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба тухайн үед миний бие торгох ялаар шийтгүүлээд ажлаа хийгээд явж болох юм байна гэж ойлгож байсан боловч шүүх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн. Иймд энэхүү нөхцөл байдлыг маань харгалзан үзэж надад оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгөхийг хүсч байна.
2. Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баримтлан хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн хэмжээг тогтоосон. Гэтэл тус аргачлалын 3.2-т “Сэтгэцийн эмгэгийн зэргийг Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын дагуу Шинжилгээний байгууллага тогтооно” гэж заасан ба шүүх шинжилгээний байгууллага хохирогч Б.Б-ын сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргаагүй. Иймд шүүх Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар баталсан аргачлалыг шууд баримтлан Б.Б-ын сэтгэцэд учирсан хор уршгийг 6,600,000 төгрөгөөр тооцож тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй гэж шийтгэх тогтоолын холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Э-гийн өмгөөлөгч Б.Эрхэмбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Яллах дүгнэлтийн хавсралтад гэмт хэргийн улмаас учирсан хохирол байхгүй буюу хохирогч нэхэмжлэх өр төлбөр байхгүй гэдэг. Мөн шийтгэх тогтоолын гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой дүгнэлт хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, нөхөн төлөх санаачилга гаргаагүй” гэдэг үндэслэлийг дурдаж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн. Мөн хохирогчийн өмгөөлөгч нотлох баримт цуглуулах, 4,000,000 төгрөгийн эмчилгээ хийлгэнэ гэж шүүх хуралдаанд яригдсан боловч холбогдох баримтаа гаргаж өгөөгүй зэрэг хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүй байж “Хохирол төлбөр төлөөгүй байдлыг ял шийтгэхдээ анхаарч үзнэ үү” гэсэн санал гаргасанд гомдолтой байна. Мөн түүний гаргасан санал нь шүүхийн дүгнэлттэй зөрчилддөг. Миний үйлчлүүлэгч хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын баримтаа баримтаа бүрдүүлэн нэхэмжилсэн тохиолдолд төлнө гэдгээ мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдааны явцад мэдүүлсэн. Хохирогчийг эмнэлэгт үзүүлье, хамт очъё гэх зэргээр идэвх санаачилгатай үйлдэл гаргасныг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Б.Э- нь GS25 сүлжээ дэлгүүрт түгээлтийн ажил эрхэлдэг бөгөөд оройны 18 цагаас өглөөний 08 цаг хүртэл түгээлтийн ажилд явж, ар гэртээ хувь нэмрээ оруулдаг. Сэтгэцэд учирсан хохирлыг тогтоосон тухайд, хэрэгт цугларсан баримтаар шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй болох нь тодорхой харагдана. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, миний үйлчлүүлэгчийн гаргасан гомдлыг хүлээн авч, торгох ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Гэрэлбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Улсын яллагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийн шинж байдал, гэм буруугаа хүлээж байгаа, ажил эрхлэлтийн байдал зэргийг харгалзан торгох ялын санал гаргасан. Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, хохирогчийн зүгээс гомдолтой гэсэн зэргийг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан ба прокурорын зүгээс уг шийдвэрийг шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Б.Э-д холбогдох 2406065633691 дугаар эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаагаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана. ...” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарт нийцсэн байна.
1. Шүүгдэгч Б.Э- нь 2024 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Баянзүрх дүүргийн 36 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нэйшнл” паркийн доор байрлах “Жи-Эс 25” дэлгүүрт хохирогч Б.Б-той таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газарт мөргөн “хамар ясны баруун хажуу хана зөрүүтэй хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал” гэсэн хөнгөн хохирол учруулсан болох нь:
хохирогч Б.Б-ын: “...чи яаж яриад байгаа хачин лалар вэ гээд гэнэт миний хамар хэсэгт толгойгоороо нэг удаа мөргөсөн. ...Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хамрын баруун хана хугаралттай, хавганаж зузаарсан, хамрын таславч мурийлттай гэж гарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 11948 дугаартай: “...Б.Б-ын биед хамар ясны баруун хажуу хана зөрүүтэй хугарал, таславчийн мурийлт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй. ...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14-15/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон байна.
2. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.
Шүүгдэгч Б.Э-гийн Б.Б-ын биед халдсан санаатай үйлдлийн улмаас Б.Б-ын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан...” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Анхан шатны шүүх, Б.Э-гийн хэргийн үйл баримтын талаар хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлтийг хийж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байна.
3. Гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ял нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн зорилгыг хангаж байх ёстой.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах ялуудаас зорчих эрх хязгаарлах ялыг Б.Э-д сонгон 2 сарын хугацаагаар оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн санаа зорилго, хэр хэмжээнд тохирсон байх тул шүүгдэгч Б.Э-гийн гаргасан давж заалдах гомдлын “...торгох ял шийтгэж өгнө үү...” гэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.
4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хохирогч Б.Б-ын сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг тусгай мэдлэг бүхий шинжилгээний байгууллагаас тогтоогоогүй байхад бие махбодид учирсан хөнгөн гэмтлийн зэргээр түүний сэтгэцэд хор уршиг учирсан гэж анхан шатны шүүх дүгнэж, хор уршгийн хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
Хохирогчийн сэтгэл санааны хохирол нэхэмжилснийг хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хор гэж үзэхгүй бөгөөд энэ талаар Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор:
“...“Сэтгэцэд учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.”,
“...“Сэтгэцийн эмгэг” гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д зааснаар ойлгоно. Сэтгэцийн эмгэг учирсан нь хор уршгийг арилгах үндэслэл болно. ...” гэж тайлбарлажээ.
Түүнчлэн, хүний сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг эрх зүйн боловсролтой этгээд биш хүний сэтгэцийн эрүүл мэндийн тусгай мэдлэг бүхий, нарийн мэргэшсэн этгээд тогтоох шаардлагатай нь тодорхой асуудал юм.
Иймд дээрх үндэслэлээр, мөрдөгчөөс “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр Б.Б-од сэтгэцэд 2 дугаар зэрэглэлийн хохирол учирсан гэж тогтоосноор сэтгэцийн хохирол гаргахаар шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын 5 дахь заалтын “сэтгэцийн хохирол 6,600,000 төгрөг гаргуулсан” хэсгийг хүчингүй болгож,
хохирогч Б.Б-ын сэтгэл санааны хохирол, сэтгэцийн хор уршиг, цаашид гарах эмчилгээний зардал зэрэг энэхүү гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нэхэмжлэлээ жич иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй болохыг заасан өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/138 дугаар шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Б- нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй...” гэснийг “Хохирогч Б.Б- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. “гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ын сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 6,600,000 төгрөгөөр тооцож, шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.Б-од олгосугай. ...” гэснийг хүчингүй болгосугай.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Э-гийн гаргасан “...торгох ял шийтгэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар хэргийн оролцогч гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ