Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 305/ШШ2025/00840

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: ***** оршин суух Д.Б-н нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Оюумаа оролцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.

Нэхэмжлэгч Д.Б нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: 1987 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд ***** аймгийн ***** үйлдвэрт нормчноор, 1988 оны 11 дүгээр сарын 03-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд ***** аймгийн ***** үйлдвэрт цахилгаанчаар ажиллаж байсныг тогтоолгох тухай.

2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Нэхэмжлэгч Д.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 1964 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн. 1972-1982 онд ***** аймгийн 10 жилийн ***** сургууль төгссөн.1983-1986 онд цэргийн алба хаасан. 1987 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд ***** аймгийн ***** үйлдвэрт нормчноор, 1988 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 1995 онд ***** үйлдвэр тарах хүртэл цахилгаанчнаар ажиллаж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр олдохгүй, архиваас тухайн үеийн тушаал шийдвэрийг хайхад 1992-1995 оны тушаал байхгүй байгаа тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон гэжээ.

 

3.1.  Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-***** аймгийн ***** үйлдвэрийн даргын 1987 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 27 дугаар “Ажилд авах тухай” тушаал,

-мөн үйлдвэрийн даргын 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 41 дугаар “Цагийн тарифт цалин олгох тухай” тушаал, хавсралт,

-мөн үйлдвэрийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 129 дүгээр тушаал, хавсралт,

-мөн үйлдвэрийн даргын 1991 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 47 дугаар тушаал,

-***** аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 120 дугаар лавлагаа,

 

3.2. Хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

-Гэрч Л.О-н мэдүүлэг.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Д.Б нь 1987 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд ***** аймгийн ***** үйлдвэрт нормчноор, 1988 оны 11 дүгээр сарын 03-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд ***** аймгийн *****  үйлдвэрт цахилгаанчаар ажиллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргажээ.

3. Д.Б нь дээрх хугацаанд ажиллаж байсан болох нь:

-***** аймгийн ***** үйлдвэрийн даргын 1987 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 27 дугаар “...Д.Б ... нарыг тус тус 1987 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн нормчноор авч ажиллуулсугай...” гэх тушаал,

-мөн үйлдвэрийн даргын 1987 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 41 дугаар “Хавсралтанд заасан нэр бүхий 16 хүнд 1987 оны 05 дугаар сарын 24-нээс 1987 оны 06 дугаар сарын 04-нийг дуустал бүгд 78 цаг түүний 75 хувь 56 цагт нь цагийн тарифт цалин, ... олгохыг ахлах ня-бо-д зөвшөөрсүгэй...” гээд хавсралтад 1. Д.Б нийт цаг 78 цаг, цалин олгох 75%-ийн цаг 56 цаг, албан тушаал нормчин” гэх тушаал, хавсралт,

-мөн үйлдвэрийн даргын 1988 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 129 дүгээр “1. Тушаалын 1 дүгээр хавсралтанд заасан нэр бүхий 39 ажилчныг талархалын хуудас, 20-35 төгрөгийн үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсугай...” гээд хавсралтад “38. Д.Б цахилгаанчин, түрүүлэгч” гэх тушаал, хавсралт,

-мөн үйлдвэрийн даргын 1991 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 47 дугаар “цахилгаанчин .... Д.Б нарыг 1991 оны 02 сарын 26-наас 1991 оны 03-26-ны өдрүүдэд бүгд 198 цаг илүү ажилласны цалинг олгохыг ахлах ня-бо-д зөвшөөрсүгэй...” гэх тушаал,

-***** аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 120 дугаар “...***** үйлдвэр нь 1991 онд нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн даатгалын санд бүтэн төлж байсан 1992, 1993 оны 01 дүгээр улиралд нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн даатгалын санд төлж байсан болно” гэх лавлагаа,

-Гэрч Л.О-н “...Би 1987-1995 оныг дуустал *****-д цахилгааны техникчээр ажиллаж байсан. Тэтгэвэрт гарахад 1994, 1995 оны нийгмийн даатгал төлөгдөөгүй гээд тухайн хугацаа миний ажилласан хугацаанаас хасагдаж байсан. Д.Б 1987 оны 05 сард ***** үйлдвэрт нормчноор ажилд орсон. Би 1987 оны 04 сарын 01-нд ***** үйлдвэрт ажилд орж байсан. Намайг орсны дараа Д.Б үйлдвэрт ажилд орсон. Д.Б Болгар руу сургуульд яваад сурч ирээд манай хэсэг рүү цахилгаанчнаар орж байсан. 1988 онд сургуульд явсан байх. Би 1989 онд сургуульд явж байсан. Надаас өмнө явсан. Тухайн үед ***** үйлдвэр Болгар Монголын хамтарсан гэж явдаг байсан учраас ажилчдаа Болгарын үйлдвэр рүү сургахаар явуулдаг байсан. Д.Б нь Болгар явж ирээд манай хэсэгт /Д инженертэй цахилгааны бригадад/ цахилгаанчнаар ажиллаж эхэлсэн. Үйлдвэр хаагдах хүртэл хамт ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр дээр 1995 оны 04 сараар бичилт хийгдсэн байсан. Тэгэхээр тэр үед үйлдвэр хаагдсан байх...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Иймд Д.Б-г 1987 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд ***** аймгийн ***** үйлдвэрт нормчноор, 1988 оны 11 дүгээр сарын 03-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд ***** аймгийн ***** үйлдвэрт цахилгаанчаар ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Д.Б-г 1987 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 1988 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг дуустал хугацаанд ***** аймгийн ***** үйлдвэрт нормчноор, 1988 оны 11 дүгээр сарын 03-ний өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг дуустал хугацаанд ***** аймгийн ***** үйлдвэрт цахилгаанчаар ажиллаж байсныг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                        

                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.МӨНХТУЯА