| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/01022/И |
| Дугаар | 305/ШШ2025/00841 |
| Огноо | 2025-11-28 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 305/ШШ2025/00841
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа би
нэхэмжлэгч: ***** аймгийн ***** сумын ЗДТГ-н нэхэмжлэлтэй
хариуцагч: ***** оршин суух Б.Н-д холбогдох
2 үхрийн үнэ 1,462,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: 2 үхрийн үнэ 1,462,500 төгрөг гаргуулах тухай.
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Тус сумын ЗДТГ-с **** сумын сарлаг үхрийн чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх түрээсийн гэрээ байгуулан 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 5 хээлтэгч сарлаг үхрийг **** багийн малчин Б.Н-д шилжүүлэн өгсөн. Гэвч гэрээнд зааснаар 3 жилийн хугацаанд дараагийн малчинд шилжүүлэн өгөх ёстой боловч өнөөдрийн байдлаар 5 үхрээс 2 үхрийг дутуу шилжүүлсэн буюу дараагийн малчинд шилжүүлж өгөөгүй байна. Тиймээс тус иргэнээс гэрээний үүргийн дагуу 2 үхрийн үнэ болох 1,462,500 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Б.Н нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Н миний бие 84 настай. Охин, 2 зээгийн хамт амьдардаг. Миний охин Н.О 2025 оны 09 сард хөхний хорт хавдарын хагалгаанд орсон. Одоогоор 2 сарлаг үхрийн үнэ болох 1,462,500 (нэг сая дөрвөн зуун жаран хоёр мянга таван зуун) төгрөгийг төлөх боломжгүй байна. Он гаргаад 2 сард төлөхөөр өргөдөл хүргүүлж байна. Миний энэ нөхцөл байдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
4. Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Энэ нөхцөл шалтгааныг харгалзан үзээд 2026 оны 02 сард 1,462,500 төгрөгийн өр төлбөрийг бүрэн барагдуулахаар тохиролцов гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. ***** аймгийн **** сумын ЗДТГ-н нэхэмжлэлтэй, Б.Н-д холбогдох 2 үхрийн үнэ 1,462,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.
Хариуцагч Б.Н нь 2 үхрийн үнэ 1,462,500 төгрөгийг 2026 онд 02 сард төлж барагдуулахаар хариу тайлбар ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.У хүлээн зөвшөөрч, эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, төлөх хугацааны хувьд зохигч харилцан эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн үндэслэлтэй байна.
3. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 1,462,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38,350 төгрөгийн тал хувь 19,175 төгрөгийг хариуцагч Б.Н-с гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.**** аймгийн **** сумын ЗДТГ-н нэхэмжлэлтэй, Б.Н-д холбогдох 2 үхрийн үнэ 1,462,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, 2026 оны 02 сард төлөхөөр харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 1,462,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38,350 төгрөгийн тал хувь 19,175 төгрөгийг хариуцагч Б.Н-с гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА