| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2402005610338 |
| Дугаар | 2025/ДШМ/340 |
| Огноо | 2025-03-18 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ш.Анужин |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2025/ДШМ/340
У.М-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ш.Анужин,
шүүгдэгч У.М-ын өмгөөлөгч Д.Ганбаатар,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/195 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн У.М-т холбогдох 2402005610338 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн У-ийн М /РД: ......................./, ......................... тоотод оршин суух хаягтай, урд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ШЦТ/741 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг 2 дахин багасгаж, 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн;
Өсвөр насны шүүгдэгч У.М- нь 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнд байхдаа Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай 4,4199 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар өөрийн биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Нийслэлийн Прокурорын газраас: У.М-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Б овогт У-ийн М-ыг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж, биечлэн эдлэх ялыг 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 741 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 32 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон 4 хоногийн хугацаагаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 6 сар 4 хоногийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 4,4199 грамм ургамал мэт зүйлийг устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлыг үл харгалзан, харин 2024 онд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт буруутгагдан шүүхээр ял шийтгүүлж байсан гэж үзэн хувийн байдлыг дүгнэн үзсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг заасан “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” хүулийн заалтыг хөндөхөд хүргэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.
Шүүгдэгч У.М-ын хувьд өмнө шийтгүүлсэн 120 цагийн нийтэд тустай ажил хийх ялаас 32 цагийн ажил үлдсэн бөгөөд энэ талаар шүүгдэгчийг эрэн сурвалжилсан, мөн ял солих талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас санал гаргасан баримт хавтаст хэрэгт байхгүй байгаа нь түүнийг нийтэд тустай ажил хийх ял эдлэхээс санаатайгаар оргон зайлсан гэх үндэслэл болохгүй юм.
Шүүгдэгч У.М- нь ерөнхий боловсролын сургуульд сурч хүмүүжиж 9 дүгээр анги төгссөн, улмаар тусгай мэргэжил эзэмших хүсэлт эрмэлзэлтэй байсан хэдий боловч ар гэрийн санхүүгийн чадамжгүй байдлаас шалтгаалж хүссэн мэргэжлээрээ үргэлжүүлэн сурч чадаагүй байх хугацаандаа гэмт хэрэгт холбогдсон байдаг. Шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд цаашид шүүгдэгчид мэргэжил эзэмшүүлэх тал дээр анхаарч, хот, хөдөөгүй ажил гололгүй хийж яваа байдлыг давж заалдах шатны шүүх харгалзан үзэн шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж өгнө үү.
Шүүгдэгчийн хувьд өмнө шүүхээр ял шийтгүүлэхэд түүний 20 настай эгчийг хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулж, улмаар шүүхээс хохирогчид 3 сая төгрөгийн сэтгэцэд учруулсан хохирол барагдуулахаар шийдвэрлэхдээ хууль ёсны төлөөлөгч болох 20 настай эгчээс нь гаргуулах нь зүйтэй гэж дүгнэсэн байдаг.
Харин 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон 6 сарын хугацаатай хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл, амьжиргааны түвшин доогуур орлоготой иргэдэд шүүхээс оногдуулж буй ялын бодлого хүн бүр хууль шүүхийн өмнө эрх, тэгш байна гэсэн Үндсэн хуулийн үзэл баримтлалд үл нийцэж байна гэж өмгөөлөгчийн зүгээс ажиглагдаж байна.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд оршино гэх боловч шүүгдэгч У.М-т холбогдох гэмт хэргийн шинжтэй үйлдэл нь түүнийг заавал хорих ял оногдуулж цээрлүүлэх шаардлагагүй байна.
Шүүгдэгч У.М- нь гэм буруугаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эхнээс хүлээн зөвшөөрдөг, биед нь хадгалагдаж байсан сэтгэцэт нөлөөлөх бодис нь байгалын гаралтай, 4.4 гр хэмжээтэй байсан, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг харгалзан давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар сольж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Прокурор Ш.Анужин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан, 1 жилийн дотор хоёр санаатай гэмт хэрэг үйлдсэн нь түүний хувийн байдлын талаар дүгнэлт. Эрүүгийн хуульд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй гэж заасан хэдий ч шүүгдэгчийн хувийн байдлыг харуулж байгаа гэж үзэх үндэслэлтэй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах заалт нь шүүхэд эрх олгосон заалт болохоос заавал хэрэглэх ёстой заалт биш юм. Тиймээс шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг үнэлж, түүнд хорих ял оногдуулсан хууль зөрчөөгүй, хууль зүйн үндэслэл бүхий гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Эрүүгийн 2402005610338 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
1. Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг тогтооход хангалттай байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийжээ.
Өсвөр насны шүүгдэгч У.М- нь 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнд байхдаа Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай 4,4199 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар өөрийн биедээ хадгалсан үйлдэл нь:
У.М- нь 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 16 нас 5 сар 19 хоногтой байсанг тогтоосон нас тоолсон тэмдэглэл /хх-ийн 17/,
У.М-ын өвс мэт зүйлийг олсон газраа заасан мэдүүлгийг газар дээр нь шалгасан: “...Сонгинохайрхан дүүргийн .... дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар гудамжинд ирж, тухайн гудамжны ертөнцийн зүгээр баруун талын үзүүр хэсэгт очиж У.М- нь “би тухайн тамхины хайрцагтай өвсийг .... дугаар гудамжны энэ баруун талын үзүүрээс олсон” гэж заав...” гэх тэмдэглэл, тус үйл ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургууд /хх-ийн 26-28/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 5040 дугаар: “...Шинжилгээнд ирүүлсэн шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “У.М- ..... 2024.8.31” гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) илэрсэн. Тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтана. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-36/,
У.М-аас 4,4199 грамм цэвэр жинтэй өвс мэт зүйлийг үзлэг хийн хураан авсан тэмдэглэл, уг үйл явцыг бэхжүүлсэн гэрэл зургууд /хх 3-6 тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 5038 дугаар: “...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “269 М-ын биеэс хураан авсан өвс д/ч Н.Бат-Эрдэнэ 2024.08.31” гэж хаягласан зип лок ууттай ургамал мэт зүйлээс Дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн бор ногоон өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 4,4199 грамм байна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-43/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 1092 дугаар: “...У.М- нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. У.М- нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. У.М- нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. У.М- нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. У.М- нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. У.М- нь мансууруулах, сэтгэцэд хамааралтай (донтой) гэх шинж тэмдэг илрээгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 51-52/,
өсвөр насны шүүгдэгч У.М-ын яллагдагчаар өгсөн: “...Мон-Лаа-гийн гудамжинд явж байхад газар тамхины хайрцаг дотор ууттай ногоон өнгийн ургамал байсан. Тамхины хайрцаганд байсан болохоор дүнсэн тамхи юм байх гэж бодоод авчихсан. Тэр өдрөө гэрийнхээ нойлд тамхины цаасанд ороогоод ганцаараа сорж хэрэглэсэн. Ямар нэгэн мансуурсан мэдрэмж бол төрөөгүй. Муухай байхаар нь би үлдэгдлийг нь өмднийхөө халаасанд хийгээд мартчихсан байсан. 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглолт болоод би үзэхээр явахдаа нөгөө ургамал хийсэн өмдөө өмсөөд явсан, байгааг нь мартчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 67-68/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
2. Өсвөр насны шүүгдэгч У.М-ын 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон арга хэмжээний үеэр Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинол (delta-9 tetrahydrocannabinol)-ын агууламжтай 4,4199 грамм цэвэр жинтэй, хориглосон сэтгэцэд нөлөөт олсны ургамлыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар өөрийн биедээ хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн 1 дэх хэсэгт заасан “...Хориглосон ...сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан, ...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна.
Анхан шатны шүүхийн У.М-ын үйлдлийн талаар хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн төрлийн ялаас шүүх У.М-т хорих ялыг сонгон оногдуулсан нь түүний үйлдсэн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн хүн амын эрүүл мэнд болон удмын аюулгүй байдал, үндэстний аюулгүй байдалд хор уршигтай байдаг нийгмийн аюулын шинж чанарт нийцсэн байх ба тус зүйл, хэсэгт заасан хорих ялын доод хэмжээ болох нэг жилийн хугацаагаар оногдуулсан нь шүүгдэгч У.М-ын өсвөр насны буюу насанд хүрээгүй хувийн байдал, өмнө гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдал зэрэгт тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбаатарын гаргасан “...хорих ялыг зорчих эрх хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч У.М-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш давж заалдах шатны шүүх хуралдаан болох хүртэл хугацаанд цагдан хоригдсон 60 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Анхан шатны шүүх, шүүгдэгч У.М-ын хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийг хэрэглэн нэмж шийдвэрлэхдээ зорчих эрхийг хязгаарлахыг хорих ялаар сольсон байдлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл/Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтэц/-ийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагад нийцүүлэн ойлгомжтой бичээгүйг тодруулан зөвтгөсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтад оруулав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2025/ШЦТ/195 дугаар шийтгэх тогтоолын:
тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар өсвөр насны шүүгдэгч У.М-т Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 741 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 32 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцон, 4 хоногийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 6 сар 4 хоногийн хугацаагаар тогтоосугай. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар У.М-т 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 32 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцон 4 хоногийн хорих ял болгож, тус 4 хоногийн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр нэмж нэгтгэн У.М-ын нийт эдлэх ялыг 6 сар 4 хоног /зургаан сар дөрөв хоног/-ийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай. ...” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.М-ын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 60 /жар/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ