Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/00578

 

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2017/00578

 

 

 Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр

хэлтсийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа, даргалж, шүүгч Г.Даваадорж, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 10ы өдрийн 101/ШШ2016/00574 дүгээр шийдвэртэй,

 

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн нэхэмжлэлтэй

 

П.Болорсүхийг захиргааны журмаар албадан эмчлүүлэх тухай иргэний хэргийг

 

Гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шүүхэд гаргасан хүсэлт болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Пүрэвсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Болорсүх нь тус дүүргийн нутаг дэвсгэрт архидан согтуурч, гэр бүлийн гишүүд болон түүний хамт ажиллагсдад агсам тавьж, нийгмийн хэв журмыг байнга зөрчиж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдэл гаргасан. Архинд донтох өвчний 1 дүгээр зэрэгтэй байх тул албадан эмчилгээнд явуулж өгнө үү гэжээ.

 

Гуравдагч этгээд П.Болорсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би архины албадан эмчилгээнд явах хүсэлтгүй байна. Өөрийнхөө бурууг ойлгож байна. Дахин архи уухгүй байж чадна, заавал эмчилгээ хийлгэх шаардлагагүй гэжээ.

 

Шүүх: Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3-д заасныг баримтлан Хардал овогт Пүрэвжавын Болорсүх /РД:ЖЭ82090757/-ийг архины албадан эмчилгээнд хамруулж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар энэ нэхэмжлэл /хүсэлт/ улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар Г.Санжаасүрэнг архины албадан эмчилгээнд хүргэх ажиллагааг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтсээр гүйцэтгүүлж,

Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан тухайн этгээдийг албадан эмчлэх газарт хүргэх ажиллагааг гүйцэтгэхийг цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

 

Гуравдагч этгээд давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: ...Би байнга архи уудаггүй. Эхнэртээ эвгүй авир гаргасандаа гэмшиж байна. Баяр ёслол гэх мэт зайлшгүй шалтгааны улмаас уух тохиолдол гардаг. Эмчилгээнд байх хугацаандаа ар гэр, үр хүүхдийнхээ ахуй амьжилгаанд санаа тавьж байна. Учир нь би гэр бүлээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Би багаасаа өвөө, эмээ дээрээ өссөн, эмээ маань хэвтэрт байгаа ба очиж асарч халамжлах хэрэгтэй байх тул шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

П.Болорсүх нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх үндэслэлээр удаа дараа эрүүлжүүлэгдэж, Захиргааны хариуцлагын тухай хуулиар торгуулийн болон баривчлах арга хэмжээ авагдаж байсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын нэгдсэн мэдээллийн сангийн бүртгэлээр тогтоогдож байна. /хэргийн 12-17 дугаар тал/

 

Түүчнлэн П.Болорсүх нь архинд донтох өвчний 1 дүгээр шатанд байгаа болохыг тогтоосон эмнэлгийн комиссын дүгнэлт гарсан, улмаар архины эмчилгээ хийлгэхээс татгалзсан тайлбар гаргаж /хэргийн 29 дүгээр тал/ байсан тул Цагдаагийн байгууллагын хүсэлтийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн нь Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасантай нийцсэн байна.

 

Мөн П.Болорсүхийг албадан эмчлэх эмчилгээг зогсоох нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх ба архидан согтуурсан үедээ гэр бүлдээ сэтгэл санааны дарамт учруулдаг, архины шил хагалан эхнэрийнхээ нүүрийг зүсэх гэж оролдох зэргээр /хх-ийн 6-7/ хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулж болзошгүй үйлдэл гаргаж байсан нь тогтоогдсон тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, П.Болорсүхийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШШ2017/00574 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, П.Болорсүхийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар П.Болорсүх давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Н.БАТЗОРИГ