| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2403009120004 |
| Дугаар | 2025/ДШМ/371 |
| Огноо | 2025-03-25 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/371
Э.Х-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Цэрэнбалжир,
шүүгдэгч Э.Х-, түүний өмгөөлөгч Ц.Сайнбат,
нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/93 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Цэрэнбалжир 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 15 дугаар прокурорын эсэргүүцэл бичсэн, шүүгдэгч Э.Х-ын өмгөөлөгч Ц.Сайнбат давж заалдах гомдол гаргасныг үндэслэн Э.Х-д холбогдох 2403009120004 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б овгийн Э-ийн Х, /РД: ......................../, ............. тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;
Холбогдсон хэргийн талаар:
Э.Х- нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 12:45 цагийн үед Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Нарантуулын уулзвар дээр Toyota prius загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөн оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үедээ тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Л.С-ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Э.Х-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх: “...Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын зохицуулалтыг энэ хэрэгт шалгаагүй, хохирогчид танилцуулаагүй хэргийг шүүхэд ирүүлсэн байна. Биедээ гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтлийг хохирогч биедээ авснаас улбаалж түүний сэтгэцэд ямар хор уршиг учирсан болох талаар ажиллагаа, Шүүх шинжилгээний тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоол, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал зэрэг баримтуудад заасан эрх зүйн хэм хэмжээг хангах талаар арга хэмжээ, ажиллагааг хийж, холбоотой хохирол төлбөр нэхэмжлэх эсэхийг тодруулаагүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дутуу явагдсан гэж үзэх үндэслэл болж байна. Иймд дээрх ажиллагааг нэмж гүйцэтгэж, хохирогчид уг ажиллагааг танилцуулж, танилцуулсны үндсэн дээр хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг нэхэмжлэх эсэх асуудлыг шийдсэний дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй...” гээд хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Сайнбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. Мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн гэх тухайд: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажилпагаа нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдсэн, шаардлагатай тохиолдолд нэмэлтээр ажиллагаа хийлгэхээр бол шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой байна. Тодруулбал, хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтыг үзвэл хохирогч Л.С-ийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоож, Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолд заасан хүснэгтийн дагуу хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч Б.Баяраа нь хохирогч Л.С-ийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, учир холбогдлыг түүнд танилцуулан баталсан маягтын дагуу гарын үсэг зуруулан баталгаажуулсан байна. Гэтэл анхан шатны шүүхийн захирамжид тус ажиллагааг огт хийгдээгүй мэтээр бичсэнээс гадна тухайн баримтыг хуульд заасан ямар шаардлага хангахгүйн улмаас нотолгооны чанар алдсан, эсхүл үнэлэхгүй байгаа талаар дурдаагүй байна.
Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолын хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.8-д “Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, ...хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл тухайлсан /ЭХ-ийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан/ гэмт хэргийн хувьд хүснэгтэд заасан аргачлалын дагуу хохирол гаргуулах хэмжээ, түүнийг гаргуулах эсэх шийдвэрийг шүүх шийдвэрлэхээр тусгасан байна.
Үүнээс дүгнэхэд энэ төрлийн гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүснэгтээр тогтоосон байх ба энэхүү хүснэгтээр тогтоосон хор уршгийн зэрэглэлийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр тогтоожээ. Тиймээс хүснэгтээр тогтоосон хор уршгийн зэрэглэлийг хохирогч хүлээн зөвшөөрч баримт, маягтын дагуу танилцаж гарын үсэг зурсан бол заавал шинжээчээр дүгнэлт гаргуулах шаардлагагүй байна.
2. Нэхэмжлэлийн шаардлага гаргах эсэх тухайд: Э.Х-д холбогдох хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол хор уршиг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардлын хэмжээг бүрэн тогтоосон гэж үзэж байна. Үүнд: Хохирогчид учирсан гэмтлийн зэрэг тогтоох, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох, Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөр буюу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын хэмжээ зэрэг болно. Мөрдөн шалгах ажиллагааны дүнд хохирогч нь нэхэмжлэх нэхэмжлэлийн шаардлага тодорхойлсон бөгөөд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан зардлыг нэхэмжилснийг шүүгдэгчийн зүгээс төлсөн байдаг. Гэтэл анхан шатны шүүх сэтгэцэд учирсан хор уршгийн зардлыг зайлшгүй нэхэмжлэх ёстой мэтээр тайлбарлаж нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж байгаа нь үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1.9-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах”-ыг хохирогчийн эрх гэж хуульчилсан. Хохирол төлбөр нэхэмжлэх эсхүл татгалзах нь хохирогчийн хүсэл зоригоос хамаарах бөгөөд үүнийг шүүх тодруулах үүрэгтэй болохоос тогтоох бүрэн эрхийг олгоогүй.
3. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ тодорхой ажиллагаа хийхээр заагаагүй, ойлгомжгүй болсон тухайд: Анхан шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл хэддүгээр зэрэглэлд хамаарах талаар хохирогчид танилцуулаагүй, үүнтэй холбоотой нэхэмжлэл гаргах эсэхийг тодруулаагүй гэх агуулгатай үндэслэлийг дурдсан. Гэтэл хэрэгт авагдсан сэтгэцийн зэрэглэл тогтоох аргачлалын хүснэгтээр тогтоож танилцуулсан тухай баримт, холбогдох мөрдөн шалгах ажиллагаа ямар үндэслэлээр хуулийн шаардлага хангахгүй байгаа, прокурорт буцвал хэрхэн зөрчил арилах, ямар тодорхой ажиллагаа хийх талаар огт тусгаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлага нь хохирогчийн хүсэл зоригоос хамаарах тул шүүх хуралдаанд оролцуулах замаар шийдвэрлэх боломжтой юм.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчсөн тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журмыг тогтоосон. Тус зүйлийн 4-т шүүх хуралдаанаар хянах асуудлын хэмжээ хязгаарыг тогтоож өгсөн байна. Гэтэл анхан шатны шүүх хянавал зохих асуудлын хүрээнээс давсан асуудлаар дүгнэлт хийж шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл, шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан асуудлыг хянаж үзээд аль нэг нөхцөл хангагдаагүй гэж үзвэл хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн. Тус зүйлийн аль хэсэгт заасан ямар шаардлага хангагдахгүй байгаа талаар мөн дурдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Иймд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/93 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Цэрэнбалжир бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Л.С- нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрч, маягтад гарын үсэг зурсан. Тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаас үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг 3 дугаар зэрэглэлд хамруулж тогтоосон байна.
Хохирогч Л.С- нь сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн баримт хэрэгт авагдсан байхад шүүхээс хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлбөр тооцох аргачлалын талаар эрх зүйн зохицуулалтыг энэ хэрэгт шалгаагүй, хохирогчид танилцуулаагүй шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэж сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүлээн зөвшөөрч, маягтад гарын үсэг зурсан нотлох баримтад дүгнэлт өгч чадаагүй орхигдуулсан нь Эрүүгийн хууль буруу хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-д заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэхээр байна.
Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив. ...” гэв.
Шүүгдэгч Э.Х- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би зүрхний хагалгаанд орох гэж байгаа тул хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү. Мөн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэл болон давж заалдах гомдол зэрэгт заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
Анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаасан үндэслэлүүдийг шалгахад;
1. Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын зохицуулалтыг энэ хэрэгт шалгаагүй, хохирогчид танилцуулаагүй гэжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/207 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогч Л.С-ийн сэтгэцэд учирсан хор уршгийг 3 дугаар зэрэглэлээр тогтоосныг хохирогч Л.С- нь хүлээн зөвшөөрч, маягтад гарын үсэг зурсан /хх-94 дүгээр тал/ ба танилцаад хохирогч Л.С- нь “хохирол төлбөргүй, гомдолгүй, хохирол нэхэмжлэхгүй” гэж бичсэн байна.
2. Хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол хор уршгийг нэхэмжлэх эсэх асуудлыг тодруулаагүй гэжээ.
Хохирогч Л.С- нь хэрэгт “...Л.С- миний бие хохирол төлбөрт 1,762,000 төгрөг авсан. Одоо гомдол, санал байхгүй, хэргийг хялбаршуулан шийдэж өгнө үү...” /хх-ийн 105/ гэх хүсэлтийг Тээврийн цагдаагийн газарт гаргасан байна.
Иймд давж заалдах шатны шүүх, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн хянаад, мөрдөн шалгах ажиллагаагаар нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ шүүхээс хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гаргаагүй байх ба шүүхээс нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд, прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж зааснаар хянан шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнээд, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Э.Х-ын өмгөөлөгч Ц.Сайнбатын гаргасан давж заалдах гомдол зэргийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурор Ц.Цэрэнбалжирын бичсэн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 15 дугаар прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Э.Х-ын өмгөөлөгч Ц.Сайнбатын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангаж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ШЗ/93 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Шүүгдэгч Э.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ