Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 102

 

Н.А-холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 793 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1122 дугаар магадлалтай, Н.А-холбогдох 1909017210684 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.А-г, түүний өмгөөлөгч Т.Отгонбаатар нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.         

Монгол Улсын иргэн, 1980 онд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Хазаадай овогт Н А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Н.А-г бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.А-ээс 202.200 /хоёр зуун хоёр мянга, хоёр зуун/ төгрөгийг гаргуулж хохирогч М.Хандсүрэнд олгож шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Т.Отгонбаатар нарын хамтран гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Т.Отгонбаатар нар хамтран гаргасан гаргасан гомдолдоо “М.Хандсүрэнгийн хөл, гуя, шилбэнд учирсан гэх гэмтлийг миний бие учруулаагүй, энэхүү гэмтлийг учруулсан гэдэг тогтоогдохгүй байхад хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж дүгнэж байгаа нь хууль бус байна. М.Хандсүрэнгийн зулай тус газар учирсан гэмтэл дангаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэдгийг шүүх шинжээчийн эмч шүүх хуралдаанд оролцохдоо мэдүүлсэн. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт энэхүү мэдүүлгийг тусгасан. Гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байхад дан ганц хохирогчийн худал мэдүүлэгт үндэслэж намайг гэмт хэрэгтэн болгож байгаад гомдолтой байна. Болсон хэргийн талаар үзсэн гэрч Л.Өнөрцэцэг “өвдөг, гуя, шилбэнд” гэмтэл учруулсан гэдгийг нотолдоггүй. Мөн анхан шатны шүүх хуралдаанд М.Хандсүрэн мэдүүлэг гаргахдаа “өшиглөсөн” гэж мэдүүлээгүй. Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт нь эдгээр бүх гэмтэл нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн. М.Хандсүрэн “1-2 удаа өшиглөсөн” гэж мэдүүлдэг. Гэтэл бодит байдал дээр түүний “өвдөг, шилбэ, гуя” зэрэг газарт гэмтэл учрах боломжгүй. 1 юмуу 2 өшиглөлтөөр “өвдөг, шилбэ, гуя” гэсэн 3 гэмтлийг нэгэн зэрэг үүсгэх боломжгүй. Мөн түүний цээжинд гэмтэл учруулсан гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн нь буруу байна. М.Хандсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үеэр худал мэдүүлэг гаргасан тухай гомдлыг дээрх хэрэгт гаргасан хэдий ч хүлээн авч хянан шийдвэрлэж өгөөгүй байхад давж заалдах шатны шүүхээс оролцогчийн эрхийг хязгаарласан зүйлгүй гэж дүгнэсэн нь хууль бус байна. М.Хандсүрэнгийн биед учирсан гэх “өвдөг, шилбэ, гуя”-д учирсан гэмтлийг учруулаагүй болох нь хэрэгт цугсарсан баримтаар нотлогдоно. Анхан болон давж заалдах шатны шүүхээс эдгээр нөхцөл байдпыг сайтар нягталж шалгалгүйгээр хэргийг хийсвэр дүгнэлтээр шийдвэрлэсэн болохыг анхаарч үзнэ үү. Эргэлзээтэй хэргийг яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж хуульчилсан байдаг билээ. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Н.А-холбогдох хэрэгт шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих асуудлыг бүрэн тогтоосон. Анхан шатны шүүх хуралд гол гэрч н.Өнөрцэцэг, шинжээч, хохирогч нар оролцсон. Шүүх Н.А-холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Т.Отгонбаатар нарын хамтран гаргасан гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэхийг болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Н.А нь 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дугаар хороонд байрлах “Сонор” нэртэй газар М.Хандсүрэнтэй маргалдаж зодож “гуя, шилбэ, өвдөгт цус хуралт, зулайд зөөлөн эдийн няцрал” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.А-ийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулжээ.

Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс хохирогчид учирсан гэмтлийг учруулаагүй, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн гэсэн гомдлыг хяналтын шатны шүүхэд гаргахдаа анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн эсэхийг тогтоохдоо ямар алдаа гаргасан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хэрхэн хязгаарласан, энэ талаарх шүүхийн дүгнэлтийг яагаад буруу гэж үзэж байгаа үндэслэлээ тодорхой заагаагүйн зэрэгцээ хохирогчид гэмтэл учруулсанд эргэлзээ төрүүлэх үндэслэл, баримтын талаар гомдолд дурдаагүй байна.

Тухайлбал, хохирогч М.Хандсүрэнгийн гуя, шилбэ, өвдөгт цус хуралт учруулсан нь эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй болно.

Н.Алтанчимэг нь М.Хандсүрэнтэй хувийн таарамжгүй харилааны улмаас маргалдаж, хохирогчийг цохиж, өшиглөж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримтыг хоёр шатны шүүх тогтоохдоо нотолгооны болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй гэж дүгнэв.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Т.Отгонбаатар нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 793 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 1122 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.А, түүний өмгөөлөгч Т.Отгонбаатар нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР