Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 128/ШШ2016/0937

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, Ерөнхий шүүгч Ц.Батсүрэн, шүүгч Л.Өлзийсайхан нарын шүүх бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Б*******” ХХК 

Хариуцагч: Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Ц.Х*******, татварын улсын байцаагч Д.М******* 

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын ахлах  байцаагч Ц.Х*******, татварын улсын байцаагч Д.М******* нарын гаргасан 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2******* тоот актыг хүчингүй болгуулах тухай”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С*******, Ц.Т, иргэдийн төлөөлөгч И.Ж, нарийн бичгийн дарга Д.Нарангэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Б*******” ХХК-ийн захирал Г.О******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Тус компани нь Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.Х*******, Д.М******* нарын гаргасан 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2******* тоот актыг зөвшөөрөхгүй байгаа бөгөөд дараах хууль зүйн үндэслэлээр уг актыг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 

Монгол Улсын Засгийн газрын тогтоолд заасан хайлуур жоншийг дэлхийн зах зээлийн үнэтэй жишсэн Уул уурхайн экспортын бүтээгдэхүүний жишиг үнийг тооцохдоо бодит бус хийсвэрээр тооцсон мөн Ашигт малтмалын ашигт агуулгыг нэмэгдүүлж эцсийн бүтээгдэхүүн буюу металлургийн бүхэллэг баяжмалд тооцох үндэслэлийг үл харгалзан манай экспортолсон бүтээгдэхүүний хүдрийн ангилалд оруулж тооцсон нь үндэслэлгүй байна. 

Иймд, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Ц.Х*******, татварын улсын байцаагч Д.М*******  нарын гаргасан 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2******* тоот актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Монгол улсын Засгийн газрын тогтоолд заасан хайлуур жоншны дэлхийн зах зээл дэх уул уурхайн экспортын жишиг үнийг тогтоохдоо бодит бус хийсвэрээр тооцсон ба ашиг малтмал, ашигт хайгуулыг нэмэгдүүлж эцсийн бүтээгдэхүүн бүхэллэг баяжмалд тооцох үндэслэлийг үл харгалзан манай экспортолсон бүтээгдэхүүнийг хүдрийн ангилалд оруулж тооцсон нь үндэслэлгүй юм. 

...2007 онд батлагдсан 88 дугаар тогтоол нь биржийн үнийг тогтоох тогтоол байсан юм. Тэгтэл дэлхийн аль ч улсад бирж гэж байхгүй гээд 2010 оны 01 дүгээр сард батлагдсан 39 дүгээр тогтоол нь 88 дугаар тогтоолыг хүчингүй болгосон. 131 дүгээр тогтоол 2015 оны 03 дугаар сарын 05-нд бас хүчингүй болсон юм. 2012 оны 01 дүгээр сарын 06-нд гарсан Уул уурхайн экспортын бүтээгдэхүүнээ 2012 оны 01 дүгээр сард жишиг үнийн мэдээлэл гэж байгаа юм. Тэгэхээр хариуцагч тал шороотой, чулуутай, шавартай хүдэр гаргасан юм шиг яриад байна.

Гэтэл гаалийн лабораторийн дүгнэлт нь 75-аас дээш хувийн агуулгатай жонш гаргасан гэдгийг лабораториор нотолж өгөөд байгаа юм. Өөрөөр хэлбэл хүмүүс боловсруулсан бүтээгдэхүүн гаргасан гэдгийг нотолж байгаа юм. Эд нар бол анхан шатны нотлох баримтыг аваад очихоор авдаггүй юм. Гаалиас мэдээлэл ирсэн мэдээллийн дагуу та нар төлөх ёстой гэдэг. Гэрээний үнийг үзээгүй. Шууд жишиг үнээр төлөх ёстой гэж үзсэн. 

... Засгийн газрын 2012 онд гарсан жишиг үнийн мэдээлэл надад байна. Тэр үед 75-тай жонш 135 доллар байгаа юм. Тэгтэл жишиг үнээр Татварын ерөнхий  газрын татварын байцаагч нар 1 тонныг 196 доллароор нэмж нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх ёстой гээд байдаг. Өөрөөр хэлбэл 1 тонн дээр 60 доллароор илүү тооцогдоод байгаа юм.

...Баяжмал нь боловсруулсан бүтээгдэхүүн бөгөөд хүдрийг боловсруулж, баяжуулж бүтээгдэхүүн болгож гаргасан, өөрийнхөө уурхайгаас олборлосон учраас татвар төлөгч гэж үзээд байгаа юм. Гэтэл манайх олборлоогүй ба бичил уурхайчдаас авсан гэдгийг нотлох гэж байгаа юм. Манай нөөц 7000 тонн биш 4461 тонн нөөцтэй бөгөөд бичил уурхайчдаас авсан гэдгийг л нотлох гэж байгаа юм. 

Тиймээс Татварын ерөнхий газрын улсын орлого хяналтын газрын эрдэс баялгийн улсын байцаагч Х*******, М******* нарын  2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2******* тоот актыг хүчингүй болгож өгнө үү” гэв. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мө******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Тогтоол аргачлал гээд хуулийн ойлголт хэлмээр санагдаж байна. Сая яригдлаа. Урсгалаар яваад, өөрсдийнх нь зохион байгуулах ажлыг  харин ч хөнгөвчлөөд явж байсан энэ хүмүүсийг бужигнуулаад хаясан юм.  Дорноговь дээр 5% төлөөд л явж байсан. Тэгэхэд нь өөрсдийнхөө залхуурсан ажлаа хялбарчлаад дараа нь шүүхээр шийдвэрлүүлж болохгүй. 

Ашигт малтмалын тухай хуулийн хэдхэн заалтыг харахад ойлгомжтой болчихдог юм. Тухайлбал тус хуулийн 4 дүгээр зүйл дээр нэр томъёо нь байдаг. Түүнд бичил уурхай эрхлэх гэдэг ойлголт байдаг. Үүнээс үүдэлтэй маргаад яваад байдаг. Бичил уурхай эрхлэх гэж үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болгосон үүсмэл ордын талбайд  ашигт малтмал олборлох энэ үйл ажиллагааг хэлнэ гэдэг. Хоорондоо нийлээд, нэгдээд хоршоо болно гэж хэлээд орхисон. Өнөөдөр юуны маргаан бэ гэхээр ашигт малтмалын нөөц ашигласны татварын маргаан байдаг. 

Ашигт малтмалын нөөц ашигласны татвар төлөгч хэн бэ? гэдэг асуулт гарч ирнэ. Тэгэхээр ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйл дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож... гээд цаашаа худалдсан борлуулсан гэдэг. Тэгэхээр манай захиргааны байгууллага, татварын алба юу гэдэг вэ гэхээр худалдсан, борлуулсан гэдэг дээр цэг тавьдаг. Тэр нь их хялбархан  ба гаалийн мэдээнээс бариад авдаг. Тэгэхээр энэ  Татварын албаныхны өөрсдийн ажилд зохион байгуулалтгүй хандсанаас болж энэ хуулийг хэрэгжүүлэх гэж явж байгаа алхмаасаа болж цаана нь жинхэнэ байгаль орчинд хохирол учруулсан, жинхэнэ татвараас зайлсхийсэн өчнөөн зөрчил байхад баригдаж байгаа нь бүтээгдэхүүнээ экспортод гаргадаг яах аргагүй гаалийн лабораториор ордог 10-аад л хуулийн этгээд байдаг. Эд нартайгаа зууралдаад хэдэн жил боллоо. Тэгэхээр өнөөдөр татвар төлөгч хэн бэ? татвар төлөгч мөн үү биш үү гэдгийг нотлох баримтуудаар тодорхойлчихлоо. Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.16-д ашиглалтын тусгай зөвшөөрөл гэдэг нь “Энэ хуулийн дагуу ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичгийг хэлнэ” гээд заасан байдаг. Мөн тус хуулийн 4.1.19-д уурхайн эдэлбэр гэж “уурхайн талбайтай давхацсан ашигт малтмал олборлох геологийн тогтцыг хэлнэ” гэсэн байдаг. Мөн 4.1.10-д уурхайн талбай гэж “энэ хуулийн 4.1.16-д заасан тусгай зөвшөөрөл олгосон талбайг хэлнэ” ийм л хэдхэн заалт байдаг. Сая яригдлаа Нэргүй толгойн ордын нөөц нь хэд байна вэ? гэдэг нь бүгд яригдчихлаа. Мөн бичил уурхайн асуудал нь хуулиар зөвшөөрөгдсөн байна. Тэгэхээр тэд нараас худалдаж авсан баримтууд нь энд байна.  “Б татвар төлөгч мөн үү биш үү гэдэг асуудал яригдаж байна. Тэгэхээр “Б” ХХК улсын нөөцөд авсан, эрдэс баялгийн зөвлөлөөр тогтоосон 4000 тоннын нөөцтэй талбайгаас 9000 тонн жонш боловсруулах боломжгүй юм гэдэг логик гарч ирж байна.  “Б” ХХК өнөөдөр татварын улсын байцаагчийн маргаан бүхий актаар ногдуулж байгаа хэмжээнд дурдсан ашигт малтмал нөөц ашиглагч биш юм гэсэн дүгнэлт гарч байгаа юм. Тиймээс татварын улсын байцаагч татвар төлөгч биш этгээдэд татвар ногдуулсан байна. Тийм учраас энэ маргаан бүхий актыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хариуцагч Ц.Х******* шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “...Улсын төсвийн орлого хяналтын газрын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын ахлах байцаагч Д.М*******, Ц.Х******* бид “Б*******”  ХХК-д шалгалт хийх удирдамж томилолтын дагуу 2012 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаж, татварын улсын байцаагчийн 2******* тоот актаар 214648,3 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан. 

Буржгар орд ХХК нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцохдоо бусдад борлуулсан гэрээний үнээс тооцсон, хуульд заасны дагуу зах зээлийн үнээс тооцоогүй байна.

2012 онд экспортод борлуулсан жоншны биет хэмжээ, жишгээр тооцох үнийг дутуу тайлагнасан болон бүтээгдэхүүний зах зээлийн үнийн түвшинээс хамааран үндсэн хувь дээр нэмэгдүүлэн тооцоогүйн улмаас 2,042,349.5 мянган төгрөгийн орлогод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй байсан. Уг зөрчил нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д «Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын болон орон нутгийн төсөвт төлнө. », мөн зүйлийн 47.2-д «энэ хуулийн 47.1-д заасан үнэлгээг дараах журмаар тооцно», 47.3-д «ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дараах хэмжээтэй байна», 47.3.2-д «энэ хуулийн 47.3.1 -д зааснаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь ... бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5.0 хувьтай тэнцүү.» гэснийг, мөн борлуулсан эрдсийн бүтээгдэхүүнийг АШИГТ МАЛТМАЛ НӨӨЦ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР-ийн тайланд тусгахдаа бүтээгдэхүүний зах зээлийн үнийн түвшингээс хамаарч үндсэн хувь дээр нэмэгдүүлэн тооцоогүй зөрчил нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-д «Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч борлуулалтын үнэлгээний 5 хувь дээр энэ хуулийн 47.5-д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна» гэж заасан заалтыг тус тус зөрчсөн. Иймд Монгол Улсын Татварын Ерөнхий Хуулийн 74-р зүйлийн 74.1-д “Дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна: 74.1.3. “нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах'’; 74.1.4. “тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх”; энэ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3-т “энэ хуулийн 74.1, 74.2-т " заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна;”. Монгол Улсын Засгийн Газрын “Татварын алдангийн хувь хэмжээг тооцох тухай” 2012 оны 1-р сарын 11-ний өдрийн 6-р тогтоолд ... татварт тооцох алдангийн хувь хэмжээг хоног тутамд 0.047 хувь байхаар тогтоож ... мөрдсүгэй” гэж заасныг үндэслэн татварын улсын байцаагчийн 2******* тоот актаар 214648.3 мянган төгрөгийн төлбөр ногдуулсан болно” гэв. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т, М.С******* нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Татварын улсын байцаагч нар хяналт шалгалт хийхдээ “Б” ХХК-ийн экспортод гаргасан жоншны мэдээллүүдийг гаалийн байгууллагын гаргасан экспортын мэдээнд тулгуурладаг. Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 193 дугаар тогтоолоор батлагдсан аргачлалын тухайн шалгалт хийх явцад хэрэгжиж байсан. Тэгээд хайлуур жоншны хүдэр эсхүл баяжмал эсэхийг энэ аргачлалын дагуу гаалийн төв лабораториос гаргасан шинжилгээний дүгнэлтээр тогтоосон. Тухайлбал 55-аас их агуулгатай металлургийн баяжмалыг хайлуур жоншны хүдэр гэдэг ангилалд хамааруулна гэсэн байдаг.  Тэгэхээр хэдэн хувийн агуулгатай вэ гэдэг нь гаалийн лабораторийн дүгнэлтээр гарч ирдэг ба түүнд тулгуурлаж байцаагч нар аль ангилалд хамаарахыг тогтоосон.

...Засгийн газрын 193 дугаар тогтоол нь 2013 онд 131 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон байгаа. Энэ хяналт шалгалтад орсон хугацаа өөрчлөлт орохоос өмнө байсан. Тэгэхээр энэ өөрчлөлт орохоос өмнө энэ тогтоол ямар байсан бэ гэхээр Засгийн газар тогтоохдоо металлургийн баяжмалыг хүдэртэй нэг ангилалд оруулсан ба  флотацийн баяжмал гэдгийг баяжмал гэдэг ангилалд нь оруулна. Тэгэхээр нэхэмжлэгчийн экспортод гаргасан жоншинд хийсэн гаалийн төв лабораторийн дүгнэлтийг харахаар металлургийн баяжмалд хамаарч байгаа юм. Металлургийн баяжмал нь аль ангилалд орох вэ гэхээр хүдрийн ангилалд орсон байдаг. Тэгэхээр үүнээс хамааруулж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан байгаа юм.

...Хяналт шалгалт хийх явцад компанийн захирал О******* гэдэг хүнтэй байцаагч ярилцсан байдаг. Тэрээр ярилцахдаа “Манайх тусгай зөвшөөрлийн дагуу жонш олборлоод Оросын холбооны улсад экспортолдог. Нэг тонныг 95 ам.доллароор гэрээ хийсэн” гэж үйл ажиллагааныхаа чиглэлийн талаар ярилцлагын тэмдэглэлд дурдсан байдаг. Танайх яагаад гэрээнийхээ үнээс төлж байсан юм бэ? жишиг үнээр тооцох ёстой гэхэд  “Бидэнд жишиг үнээр тооцоход ямар ч ашиггүй байдаг учраас гэрээний үнээр тооцдог.

...Засгийн газрын 88 дугаар тогтоолын 4-т “жонш гол экспортлогч Хятад, гол импортлогч Америкийн нэгдсэн улсын худалдааны үнэд заагдсан үнийг олон улсын жишиг үнэ гэж тооцно”  гэдгийг тогтоолоор баталсан байдаг. Нэхэмжлэгчээс хэлээд байгаа 131 гээд байгаа нь 193 дугаар тогтоолд 131 дүгээр тогтоолоор 2013 онд өөрчлөлт орсон. Тэгэхээр энэхүү маргаанд 131 дүгээр тогтоол огт хамааралгүй юм. Яагаад гэвэл 2012 оны жонш экспортолсон асуудлыг ярьж байгаа юм.

...Олоогүй орлого гэж үзэхгүй. Шалгалтын хийгээд жишиг үнээр ногдуулж байгаа нь экспортод гаргасан гаалийн мэдээг үндэслэж байгаа юм. Олборлолт хийгээгүй гэж ярьдаг. Олборлолт хийснийг холбогдох байцаагч нар болон инженерүүд газар дээр нь очиж шалгалт хийж байдлыг үзээд холбогдох зургуудыг авсан байдаг. Шалгалтыг явцад нэг гишүүнтэй О******* гэдэг захиралтай компани байсан. Тус компанийн захирлын ярилцлагын тэмдэглэлд “манайх олборлолт хийсэн” гэв.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын ахлах байцаагч Ц.Х*******, татварын улсын байцаагч Д.М******* нар нь “Б” ХХК-ийн 2012 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, төлөлтийн байдлыг Татварын ерөнхий газрын даргын баталсан 2013 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн удирдамжийн  дагуу шалгажээ. 

Татварын улсын байцаагчийн 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2*******  актаар  тус компанийг экспортод гаргасан жоншны Ашигт малтмал нөөц ашигласны төлбөрийн тайланд биет хэмжээ болон үнийг дутуу тайлагнаж орлого бууруулсан гэсэн үндэслэлээр 2,042,349.5 мянган төгрөгийн зөрчилд 155,605.5 мянган төгрөгийн нөхөн татвар, 46,682.0 мянган төгрөгийн торгууль, 12,359.8 мянган төгрөгийн алданги, нийт 214,647.3 мянган төгрөгийг төлүүлэхээр тогтоожээ.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2014 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор татварын улсын байцаагчдын актыг хэвээр баталсан байна.  

“Б” ХХК-д ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласан төлбөр /цаашид ашигт малтмал нөөц ашигласны төлбөр гэх/-ийн дүн болон, тус компани нь 2012 оны 3 дугаар улиралд экспортолсон 7443,9 тонн жоншинд 48,628.4 мянган төгрөгийн ашигт малтмал нөөц ашигласны төлбөр ногдуулж  тайлагнасан, уг төлбөрийг актын нийт дүнгээс хасч тооцсон талаар талууд маргахгүй байх бөгөөд харин нэхэмжлэгч “Б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас

- “Б” ХХК нь уурхайн эдэлбэрээс жонш шууд олборлоогүй бичил уурхай эрхлэгчдээс боловсруулсан бүтээгдэхүүн худалдан авч борлуулсан учир уул уурхайн бүтээгдэхүүнийг дамжуулан шууд бус борлуулалтын орлогоос ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үндэслэлгүй;

- Металлургийн бүхэллэг жонш /баяжмал/-д тооцох үндэслэлийг үл харгалзан хүдрийн ангилалд оруулан манай экспортолсон бүтээгдэхүүнийг хүдэрийн ангилалд оруулж татвар ногдуулсан нь хууль бус,

- Экспортод гаргасан жоншны гэрээний үнийг үндэслэж 2012 онд 48 сая төгрөгийн ашигт малтмал ашигласны төлбөр /ашигт малтмал нөөц ашигласны төлбөр/-ийг орон нутгийн төсөвт төлсөн байхад гэрээний бус жишиг үнэ гэх хийсвэр үнээр тооцож, ашигт малтмал нөөц ашигласны төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй гэж тус тус маргажээ. 

Татварын улсын байцаагчийн 2******* тоот акт нь хууль бус гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал, 

1/ Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “татварын хууль тогтоомжийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласнаас татвар төлөх үүрэг хүлээсэн хуулийн этгээд татвар төлөгч  байна”, Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21-д “”тусгай зөвшөөрөл эзэмшигч” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрх авсан, эсхүл түүнийг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу шилжүүлэн авсан хуулийн этгээдийг”, 47 дугаар зүйлийн 47.1-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч байгууллага нь өөрийн уурхайн эдэлбэрээс олборлолт хийгээгүй болох нь мөн экспортолсон жоншийг бусдаас худалдан авсан болох нь тогтоогдохгүй байна. Тодруулбал, 

- “Б” ХХК-ийн хувьд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл буюу жоншны ашиглалтын тусгай зөвшөөрөл  эзэмшиж байна,

- тухайн талбайд малталт хийж нүх ухсан ,

- “Б” ХХК-ийн Дорноговь аймгийн Айраг сумын нутаг, Нэргүй толгой нэртэй газарт олборлолт явуулсан эсэх талаарх Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын  болон байгаль орчны улсын байцаагчийн тодорхойлолтууд  нь хоорондоо зөрүүтэй,

- Тус компанийн захирал Г.О******* нь татварын улсын байцаагчид өгсөн ярилцлагадаа “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн дагуу жонш олборлож ОХУ-д борлуулдаг” гэж тайлбарлаж байсан зэргээс үзвэл нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс “бид тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас олборлолт хийж борлуулаагүй” гэж тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзлээ.

Мөн экспортолсон жоншийг бусдаас худалдан авсан болох нь баримтаар тогтоогдохгүй байна. Хавтаст хэрэгт тус компанийн “Д” ХХК, “Э” ХХК-аас жонш худалдан авах гэрээнүүд  ирүүлсэн хэдий ч гэрээнүүд нь хугацааны хувьд 2010 оныг хамарч байх ба сунгасан эсэх баримтыг шүүхэд ирүүлээгүй тул 2012 онд дээрх компаниудаас жонш худалдан авсан гэж үзэхгүй.

Түүнчлэн дээрх гэрээнд талуудын аль нэг тал ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх талаар тохиролцоогүй байх тул “Б” ХХК-ийг ашигт малтмал ашигласны татварыг төлөх үүрэгтэй хуулийн этгээд мөн гэж үзэхээр байна. 

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс “2012 онд экспортлох баяжмалаа 2011 онд бэлтгэж хураадаг” гэж тайлбарлаж байх хэдий ч уг гэрээнүүд нь сунгагдсан эсэх баримтыг шүүхэд ирүүлээгүй, Г.Н*******гийн Хаан банкин дахь 20******* тоот данснаас удаа дараа “Н*******гаас жоншны үнэ” гэж шилжүүлсэн төлбөр нь ямар байгууллага, иргэнээс жонш худалдан авсан төлбөр болох нь тодорхойгүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй, хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргасан “хар дэвтэр”-т наасан автомашин пүүлсэн баримтууд нь жоншийг бусдаас худалдан авсныг шууд нотлохгүй, мөн дэвтэрт наасан “Б” ХХК-ийн 2012 оны “бэлэн мөнгөний зарлагын баримт”-ууд нь өөр бусад баримтаар давхар нотлогдохгүй байна. 

Иймд “Б” ХХК нь Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.1.4-т заасны дагуу Ашигт малтмалын тухай хуулийн 47.1-д заасан ашигт малтмалын нөөц ашиглагч гэж үзэж маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч хуулийн этгээдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй байна.

2/ Маргаан бүхий актыг гаргахдаа Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнийн эх сурвалжийг баримтлан тус компанийн экспортод гаргасан хайлуур жоншны зах зээлийн жишиг үнийг тодорхойлж, дээрх хууль тогтоомжийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсныг буруутгах үндэслэлгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ... худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ...төлнө”, 47.2-т “Энэ хуулийн 47.1-д заасан борлуулалтын үнэлгээг дараах журмаар тооцно:”, 47.2.1-д “экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан”, 47.2.3-т “...гадаадын зах зээлд борлуулсан бүтээгдэхүүний зах зээлийн жишиг үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдүүлсэн борлуулалтын орлогыг үндэслэн” гэж тус тус заасан байна. 

Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6-д ...ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах аргачлалыг Засгийн газар батлахаар, 47.12-т экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох олон улсын жишиг үнэ тогтоодог биржийн нэрийг тухайн бүтээгдэхүүний нэр төрлийг харгалзан зарлах эрхийг Засгийн газарт олгосон байх бөгөөд Монгол улсын Засгийн газрын 2007 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Биржийн нэр зарлах тухай 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар хайлуур жоншны зах зээлийн үнийн эх сурвалжийн нэрийг Хятадын хайлуур жоншны бүтээгдэхүүний FOB үнэ /www.indmin.com/  гэж  зарлажээ. Энэ үнэ нь 2012 онд 137-185,43 ам долларын хооронд хэлбэлзэж байсан нь хариуцагчийн тооцоолол, гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны мэдээлэл , нэхэмжлэгчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “Засгийн газрын 2012 онд гарсан жишиг үнийн мэдээлэл надад байна. Тэр үед 75-тай жонш 135 доллар байгаа юм” гэсэн тайлбараар тус тус тогтоогдож байна.

Иймд татварын улсын байцаагчаас хууль тогтоомжийн дээрх заалтын дагуу 2012 онд “Б” ХХК-ийн экспортолсон 9099,1 тонн жоншны үнийг олон улсын зах зээлийн үнэ болох тонн тутмыг 137-185,4 ам доллараар  тооцож ашигт малтмал нөөц ашигласны төлбөр ногдуулсныг буруутгах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, хуулийн дээрх зохицуулалт нь “тухайн бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг тогтоох боломжгүй тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн борлуулалтын орлогыг үндэслэх” агуулгатай төдийгүй төрийн эрх бүхий байгууллагаас “хайлуур жонш”-ы олон улсын зах зээлийн жишиг үнийн эх сурвалжийг зарласан байхад нэхэмжлэгчээс “жишиг үнээр ашигт малтмал нөөц ашигласны төлбөр төлөх нь бидэнд ашиггүй тул ашигт малтмал нөөц ашигласны төлбөрийг гэрээний үнэ болох 95 ам доллараар  тооцож ногдуулах ёстой байсан” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Ашигт малтмал нөөц ашигласны төлбөр гэдэг нь тухайн компани хэр ашигтай ажиллаж байна вэ гэдгээс хамааралгүйгээр ашигт малтмалын нөөцийг компанид ашиглуулсны төлөө авч байгаа төлбөр юм” гэсэн тайлбарыг үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ. 

3/ Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-т “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дараах хэмжээтэй байна. ”47.3.2-т “..энэ хуулийн 47.3.1, 47.3.3-т заасан Монголбанк, түүнээс эрх олгосон банкинд худалдсан алтнаас бусад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5,0 хувьтай тэнцүү” гэж заасан байна. 

“Б” ХХК-ийн 2012 онд экспортолсон ФК75%-92%-ийн агууламжтай бүтээгдэхүүн нь Монгол улсын Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал”-ын “Хоёр” зүйлийн 2.2.6-д заасан хайлуур жоншны хүдэр, тэр дундаа баяжмал гэсэн ангилалд хамаарч байна.

Стандартчилал, хэмжил зүйн газрын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 04/1044 дүгээр албан бичиг -ээр тодорхойлсны дагуу нэхэмжлэгчийн экспортолсон бүтээгдэхүүн болох хайлуур жонш нь бүтээгдэхүүн мөн боловч Засгийн газрын 2010 оны 286 дугаар тогтоолоор батлагдсан “Уул уурхайн эцсийн бүтээгдэхүүн”-ий жагсаалтад хамаарахгүй байна. 

Өөрөөр, хэлбэл, хайлуур жоншны хүдэрийн 95%-аас дээш агууламжтай бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүний жагсаалтад оруулсан байх ба энэ нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс мөн чөлөөлөгдөхөөргүй байна.

Иймд “Б” ХХК нь 2012 онд ФК75%-92%-ийн агууламжтай 9091,1 тонн хайлуур жоншны хүдэр экспортолсон бөгөөд ашигт малтмал нөөц ашигласны төлбөрийг бууруулж ногдуулж тайлагнасан болох нь тогтоогдож байх тул тус компанийн Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын ахлах  байцаагч Ц.Х*******, татварын улсын байцаагч Д.М******* нарын гаргасан 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2******* тоот актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль (цаашид Өршөөл үзүүлэх тухай хууль гэх)-ийн  1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь ... зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна”, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Хууль тогтоомжийн дагуу хувь хүн, хуулийн этгээдийн орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээнд тодорхой хугацаанд тогтоосон хувь, хэмжээгээр ногдуулж, хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгийг албан татвар гэнэ”, 74 дүгээр зүйлийн 74.2-т “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” 74.3-т “Энэ хуулийн 74.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна”  хэмээн тус тус заажээ.

Дээрхээс үзвэл “Б” ХХК-д татварын улсын байцаагчийн 2******* тоот актаар төлүүлэхээр тогтоосон 46,682.0 мянган төгрөгийн торгууль, 12,359.8 мянган төгрөгийн алданги нь татварын зөрчилд ногдуулсан захиргааны шийтгэл байна. Харин 155,605.5 мянган төгрөгийн нөхөн татвар нь ... хариу төлбөргүйгээр улс, орон нутгийн төсөвт оруулж байгаа мөнгөн хөрөнгө байх тул захиргааны шийтгэл гэж үзэх боломжгүй байна. 

Иймд нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 46,682.0 мянган төгрөгийн торгууль, 12,359.8 мянган төгрөгийн алданги нь нийт 59,041.8 мянган төгрөгийн төлбөрийг өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу чөлөөлөх нь зүйтэй байна. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14-т заасныг удирдлага ТОГТООХ нь:

 

1.Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 12 дугаар зүйлийн 12.1, 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.1.4, 74.2, 74.3 Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.21, 47 дугаар зүйлийн 47.1, 47.2, 47.2.1, 47.2.3, 47.3, 47.3.2, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, татварын улсын байцаагч Ц.Х*******, Д.М******* нарын 2013 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2******* дугаар актаар “Б” ХХК-аар төлүүлэхээр тогтоосон төлбөрөөс 46,682.0 мянган төгрөгийн торгууль, 12,359.8 мянган төгрөгийн алданги нь нийт 59,041.8 мянган төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлж, төлбөрийн хэмжээг 155,605.5 мянган төгрөгөөр тогтоосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Ц.МӨНХЗУЛ

  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                       Ц.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                        Л.ӨЛЗИЙСАЙХАН