Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 632

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Болдбаярт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Анхцэцэг,

шүүгдэгч Б.Болдбаяр, түүний өмгөөлөгч Т.Баасанжаргал,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 86 дугаар шүүхийн тогтоолыг эс зөвшөөрч прокурор Х.Анхцэцэгийн бичсэн 2016 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 15 дугаартай  улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Болдбаярт холбогдох эрүүгийн 2014260002750 дугаартай хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хэрээд овогт Батнасангийн Болдбаяр, 1975 оны 3 дугаар сарын 5-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 2а хэсгийн Баатархайрханы гудамжны 993 тоотод оршин суух,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 354 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2009 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, /РД:ПИ75030519/,

          Б.Болдбаяр нь урьд бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байх хугацаандаа давтан үйлдлээр:

          1. 2011 оны 5 дугаар сард Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Мэнд-Амараас “...7 хоногийн дараа тээврийн хөлс ороод ирэхээр өгчихнө...” гэж хэлээд Нордбенз загварын автомашины Анниате брендийн 12.00 R 20 загварын 4 ширхэг дугуйг итгэл эвдэх аргаар залилан мэхэлж аваад нийт 1.312.000 төгрөгийн хохирол учруулсан,

          2. 2011 оны 11 дүгээр сард Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Ганболдоос Нордбенз загварын Анниате брендийн 12.00 R20 загварын 5 ширхэг дугуй, мөн 2012 оны 5 дугаар сард “...Нордбенз загварын брендийн 12 R20 загварын 10 ширхэг дугуй, нийт 15 ширхэг дугуйг зээлдүүлээч...” гэж самосвалын жолоочийн үнэмлэх, эксковаторын машинчийн үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, цэргийн үүрэгтний үнэмлэх зэргийг барьцаанд тавьж итгэл эвдэх аргаар залилан мэхэлж аваад нийт 7.500.000 төгрөгийн хохирол учруулсан, 

          3. 2012 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс 2012 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийг хүртэл иргэн А.Оюунцэцэгийн 4 ханатай монгол гэрийг түрээслэн ашигласан боловч түрээсийн төлбөр болох 473.000 төгрөгийг төлөөгүй, мөн 2012 оны 4 дүгээр сард иргэн А.Оюунцэцэгээс “...Нордбенз загварын автомашины аппаратур гэх сэлбэгийг зээлдүүлээч...” гэж хэлэн 830.000 төгрөгөнд тооцож аваад 350.000 төгрөгийг төлөлгүй итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, нийт 823.000 төгрөгийн хохирол учруулж залилан мэхэлж авсан,

          4. 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт иргэн Б.Сэргэлэнчимэгээс “...би банкны зээлээ төлөхгүй бол болохгүй байна, 4 сая төгрөг зээлдүүлээч...” гэж хэлэн итгэл эвдэх аргаар бэлнээр 4.000.000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

          5. 2012 оны 6 дугаар сард Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр, Таван толгойн ам гэх газарт дэлгүүр ажиллуулдаг иргэн Б.Ариунаад “...би орой данс руу чинь хийчихнэ, би одоо банк руу явж байна...” гэж итгэлийг эвдэх аргаар бэлнээр 800.000 төгрөг, 60.000 төгрөгийн үнэ бүхий хүнсний зүйлийг зээл нэрээр авч, нийт 860.000 төгрөгийг залилан мэхэлж авсан,

             6. 2012 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Замын-Үүдийн хилийн орчим иргэн Б.Алтангэрэлээс 23.000 юань 2.600.000 төгрөгийг бэлнээр зээлдүүлээч гэж ХААН банкны виза карт, Хадгаламж банкны виза карт, Хас банкны виза карт зэргийг барьцаанд тавьж итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авч, нийт 7.463.810 төгрөгийн хохирол учруулсан,

          7. 2012 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт иргэн Д.Энэбишчулуунаас 3 тонн дизель түлшийг зарж өгнө” гэж хэлээд итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авч 5.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

          8. 2013 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт иргэн Г.Баттулгаас “...Нордбенз загварын автомашины Finglon брендийн 12 ширхэг дугуйг зээлдүүлээч...” гэж хэлэн итгэл эвдэх аргаар залилан мэхэлж авч нийт 6.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

          9. 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр иргэн Б.Чинбатын №000114289 дугаартай газрын бичгийг иргэн Б.Шинэцэцэгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар Б.Чинбатын нэр дээр хуурамч итгэмжлэл үйлдүүлж, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нотариатаар батлуулж, бусдад худалдан 15.380.000 төгрөгийн хохирол учруулсан,

          10. 2014 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 13 дугаар гудамжны 262 тоотод оршин суух иргэн Б.Чинбатын эзэмшлийн газрын гэрчилгээг хуурамч итгэмжлэх үйлдүүлж, иргэн С.Мэндбаярын эзэмшлийн 10-01 УБЛ улсын дугаартай Ланд крузер 100 загварын тээврийн хэрэгслийг худалдан авахад дээрх газрыг оролцуулан худалдаж авна гэж итгүүлэн, хуурамч итгэмжлэхийг ашиглан, уг авто машиныг худалдан авч, бусдад дамжуулан худалдаж 25.000.000 төгрөгийн хохирол учруулсан, дээрх 10 удаагийн гэмт хэргийн улмаас бусдад нийт 74.638.810 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б.Болдбаярт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 220 дугаар тогтоол, 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1319 дүгээр шүүгчийн захирамжийн холбогдох заалт биелээгүй байна. Өөрөөр хэлбэл эрүүгийн хэргийг нэгтгэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т “Эрүүгийн хэргийг нэгтгэхдээ хөнгөнийг нь хүндэвтэрт, хүндэвтэрийг нь хүндэд, хүндийг нь онц хүндэд багтаана” гэж заасныг анхаарч дээрх зөрчлийг арилгах нь зүйтэй. Мөн өмнөх шүүхийн тогтоол, захирамжуудад хохирогчийг зөв тогтоох, хохирлын хэмжээг бүрэн тогтоох гэх зэргээр хохиролтой холбоотой асуудлыг нэг мөр шийдүүлэхээр мөрдөн байцаалтанд буцааж байсан боловч энэ ажиллагааг бүрэн гүйцэд хийхгүй байгаад анхаарах шаардлагатай байна. Хохирлын тооцоог хохирогч нэг бүрээр зөв тогтоох, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын шинж чанар, хэр хэмжээг зөв үндэслэлтэй тогтоох нь шүүгдэгчийн гэм буруу, түүнд тохирсон ял хариуцлагыг үндэстэй оногдуулахад чухал ач холбогдолтой” гэж дүгнэн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Болдбаярыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж, Б.Болдбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Х.Анхцэцэг бичсэн улсын яллагчийн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 220 дугаар тогтоолд “Прокуророос эрүүгийн хэргүүдийг нэгтгэхдээ 201416010006 тоот хэрэгтэй 2014260002750 тоот хэргийг нэгтгэн шалгахаар тогтов гэжээ. Гэтэл шүүхэд ирсэн хэргийн дугаар нь 2014260002750 байгаа нь буруу гэсэн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлтэй байна” гэсний дагуу 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн эрүүгийн хэргийг нэгтгэх тухай 2 тоот прокурорын тогтоолоор эрүүгийн 2014260002750 дугаартай хэрэгт 201416010006 дугаартай хэргийг нэгтгэж, 2014 оны 11 дүгээр сарын 14-ний 232 тоот нэгтгэх тогтоолыг хүчингүй болгосон байна. Эрүүгийн 201416010006 дугаартай хэрэг нь 2014 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар, /Г.Баттулга, Б.Ганболд нарын гомдлоор/ Эрүүгийн 2014260002750 дугаартай хэрэг нь 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар /иргэн Б.Чинбатын гомдлоор/, Эрүүгийн 2014260002977 дугаартай хэрэг нь 2014 оны 7 дугаар сарын 7-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар /иргэн Л.Бадамгаравын гомдлоор/ тус тус эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ба эрүүгийн 2014260002977 дугаартай хэргийг эрүүгийн 2014260002750 дугаартай хэрэгт 2014 оны 7 дугаар сарын 23-ны өдөр нэгтгэсэн байна. Улсын Ерөнхий прокурорын газрын мөрдөн байцаалт явуулах болон хяналтын харъяалал тогтоох тухай 2014 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 357 тоот тогтоолоор эрүүгийн 201416010006 дугаартай хэргийг 2014260002977 дугаартай хэрэгт нэгтгэн шалгуулахаар ирүүлэхэд эрүүгийн 2014260002977 дугаартай хэрэг нь 2014260002750 дугаартай хэрэгт нэгтгэгдсэн байсан тул 201416010006 дугаартай хэргийг 2014260002750 дугаартай хэрэгт нэгтгэсэн байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т “Эрүүгийн хэргийг нэгтгэхдээ хөнгөнийг хүндэвтэрт, хүндэвтэрийг хүндэд, хүндийг онц хүндэд багтаана” гэж зааснаар эрүүгийн 2014260002750 дугаартай хэрэг нь 2 удаагийн үйлдэлтэй бусдад 40.380.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан онц хүнд гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй хэрэг тул эрүүгийн 201416010006 дугаартай 8 удаагийн үйлдэлтэй бусдад 34.258.810 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан хүнд гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй хэргийг нэгтгэсэн нь хуулийн холбогдох заалтыг зөрчөөгүй гэж үзэж байна. Цаашид анхан шатны шүүхийн 86 тоот шүүхийн тогтоолын заалтыг биелүүлэх болбол онц хүнд хэргийг хүндэд нэгтгэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2 дахь заалтыг зөрчихөд хүрээд байна. Эрүүгийн 2014260002750 дугаартай хэрэг нь 10 хохирогчтой, нийт 74.638.810 төгрөгийн хохиролтой бөгөөд шүүхийн тогтоолд ямар үйлдлийн хохирогчийн болон хохирлын хэмжээний талаар шалгах шаардлагатай байгаа талаар тухайлан заагаагүй, хэрэгт гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн талаар хохирол хүлээсэн этгээд бүрийг хохирогчоор тогтоож, тэдгээрт учирсан хохирол нэг бүрийг тусгайлан эрх олгогдсон байгууллагуудаар тогтоолгосон баримтуудыг хавтас хэрэгт хавсаргасан байхад шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 86 дугаартай шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Болдбаярын өмгөөлөгч Т.Баасанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг буруу нэгтгэсэн нь процессын зөрчил байсан. Процессын зөрчил нь өөрөө Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалтад буцаах үндэслэл болж байсан учраас мөрдөн байцаалтад буцаасан тохиолдолд зөвтгөх ёстой гэж үзсэн учраас хууль заасан эрхийнхээ хүрээнд өмгөөлөл явуулсан. Энд Б.Болдбаярын хийсэн үйлдлийн талаар дурдаагүй. Зөвхөн процессын зөрчлийн талаар өмгөөлөл явуулсан. Энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой байгаа байх. Прокурор буруу тайлбарлаад байна. 2977, 2750 дугаартай хэргүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсгээр үүссэн байсан. Энэ 2 хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсгээр ял сонсгосон. 0006 дугаартай хэрэг нь хохирлын хэмжээгээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг болсон байна гээд Улсын ерөнхий прокурорын газраас харьяалал тогтоосны дараа 2750 дугаартай хэрэг рүү Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасан хүнд хэргийг нэгтгэсэн. Өмнөх 2 хэрэг нь хоёулаа хүндэвтэр хэрэг байсан. 2 хүндэвтэр хэргийг хооронд нь нэгтгээд ял сонсгож, хохирлын хэмжээ нь 40.000.000 төгрөг болж байгаа бол тэр доор нь ялыг нь өөрчилж сонсгоод, Б.Болдбаяр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсгээр яллагдана гэж мөрдөн байцаагч хэлэх ёстой. Энэ ажиллагаа хийгдээгүй байсан. Хийгдээгүй байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгтэй 0006 дугаартай хэрэг Өмнөговь аймгаас шилжиж ирээд, 2750 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгтэй хэрэг рүү нэгтгэсэн. Үүний дараа нийт хохирлын хэмжээгээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсгээр зүйлчилсэн. Энэ бол процессын алдаа. Үүнийг би шүүх хуралдаанд тайлбарлаж хэлээд, анхан шатны шүүх хүлээн авч хүнд хэргээр ял сонсгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэг байна гэж үзээд хэргийг буцаасан. Б.Мэнд-Амар гэх хүн хохирсон зүйл байхгүй. Б.Мэнд-Амар анхан шатны шүү хуралдаанд “би хохирлоо төлсөн” гэж хэлдэг. “Номин Холдинг” ХХК-ийн дугуйг зарж байгаад тухайн үедээ 2.600.000 төгрөгийг компанид төлсөн гэдэг. Гэтэл хавтаст хэрэгт байгаа үнэлгээгээр Б.Мэнд-Амарын 4 ширхэг дугуйны үнэлгээ 1.300.000 төгрөг болсон. Би Б.Мэнд-Амарыг хохирогч биш гэж үздэг. Хохирогч буюу иргэний нэхэмжлэгчээр “Номин Холдинг” ХХК байх ёстой. Хэрвээ “Номин Холдинг” ХХК-ийг хохирогчоор татахгүйгээр Б.Мэнд-Амарыг төлсөн гэж үзээд 2.600.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх юм бол одоо байгаа үнэлгээгээр 1.350.000 төгрөг Б.Мэнд-Амарт оногдоно. Мөрдөн байцаалтад буцаасан шүүхийн тогтоол нь үндэслэлтэй. Эдгээрүүд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих ажиллагаанууд хийгдээгүй. Хэргийг мөрдөн байцаалтад буцаах үндэслэл болж байгаа, мөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Б.Болдбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирлын тооцоог дахин гаргуулмаар байна. С.Мэндбаяраас эрлийз Ланд-100 загварын автомашиныг маш өндөр үнэтэй авсан ч ямар ч автомашины сэлбэг таардаггүй байсан. Тухайн үед 2-3 удаа энэ автомашиныг үнэлүүлсэн. С.Мэндбаярын хохирлын тооцоог дахин гаргуулах хүсэлтэй байна. С.Мэндбаяр бид хоёрын дунд 84-84 CRV гэдэг автомашин байдаг. Би анх Эрдэнэбаяртай наймаа хийж байсан, 10-аад хоногийн дараа С.Мэндбаяр гэх хүн гарч ирээд миний “CRV гэх автомашиныг авъя, үлдсэн 3.000.000 төгрөгт автомашинаа хасъя” гээд авсан. Тэр талаар мөрдөн байцаалтад “Би ломбарданд хураагдах гэж байсан автомашиныг авах гэж байсан” гэж худлаа мэдүүлдэг. Банкнаас лавлагаа гаргуулж ямар учраас С.Мэндбаяр тэр автомашиныг авсан талаар нотолно. “Тавантолгой” ХХК-с тээвэр хийсэн компаниудаас 18.000.000 гаруй төгрөгийн тээврийн хөлс аваагүй. Энэбиш, Чулууны түлшны асуудалд хохирогч нь өөрөө 3.900.000 төгрөг гээд зөвшөөрч 1.000.000 төгрөгөө авсан байхад прокурор яллах дүгнэлтээр 5.700.000 төгрөг гэж гаргаж ирсэн...” гэв.

ХЯНАВАЛ:

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 86 дугаар шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцээгүй байна.

            Анхан шатны шүүхийн тогтоолд “...эрүүгийн хэргийг нэгтгэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 124 дүгээр зүйлийн 124.2-т “Эрүүгийн хэргийг нэгтгэхдээ хөнгөнийг нь хүндэвтэрт, хүндэвтэрийг нь хүндэд, хүндийг нь онц хүндэд багтаана” гэж заасныг анхаарч дээрх зөрчлийг арилгах нь зүйтэй...” гэж дүгнэжээ. Гэтэл энэ дүгнэлт нь хавтаст хэрэгт буй аль тогтоолыг хууль зөрчсөн гэж буй нь тодорхойгүй, уг зөрчлийг хэрхэн арилгах талаар тодорхой заагаагүй байна.

             Хэрэгт байгаа баримтаас үзэхэд анхан шатны шүүх Б.Болдбаярт холбогдох хэргийг нэгтгэхдээ процессын зөрчил гаргасныг засуулахаар урьд нь хэргийг мөрдөн байцаалтанд буцааж байсан бөгөөд үүний дагуу прокурорын 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 2 дугаар тогтоолоор “Б.Болдбаярт холбогдох эрүүгийн 201426002750 дугаартай хэрэгт эрүүгийн 201416010006 дугаартай хэргийг нэгтгэж, эрүүгийн 201416010006 дугаартай хэрэгт 2014260002750 дугаартай хэргийг нэгтгэсэн Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 232 дугаар тогтоол”-ыг хүчингүй болгож зөрчлийг арилгасан байна.

            Мөн анхан шатны шүүх “...өмнөх шүүхийн тогтоол, захирамжуудад хохирогчийг зөв тогтоох, хохирлын хэмжээг бүрэн тогтоох зэргээр хохиролтой холбоотой асуудлыг нэг мөр шийдүүлэхээр буцаасныг бүрэн гүйцэд хийгээгүй тул анхаарч шалгах шаардлагатай...” гэж хэргийг мөрдөн байцаалтад буцаасан үндэслэлдээ дурджээ.

            Урьд нь анхан шатны шүүхээс “Хохирлын тооцоог зөв гаргах, нотлох баримтуудыг шалгуулах”-аар хэргийг 3 удаа мөрдөн байцаалтад буцааж байсан бөгөөд дээрх буцаасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжуудын аль заалт нь хэрхэн яаж биелэгдээгүй, одоо ямар ажиллагаа хийх шаардлагатай байгаа талаар Сонгинохайрхан дүүргийн 2016 оны 8 сарын 31-ны 86 дугаар шүүхийн тогтоолд огт дурдаагүй бөгөөд шүүх таамаглалд үндэслэж дүгнэлт хийх боломжгүй юм.

            Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх”, мөн хуулийн 284 дүгээр зүйлийн 284.3 дахь хэсэгт заасан “шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжилсний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ” гэсэн хуулийн шаардлагыг зөрчсөн тул шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн дүүргийн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж буй тохиолдолд шалгавал зохих шаардлагатай нотлох баримтуудыг тогтоолд нэг бүрчлэн зааж байвал зохихыг дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 86 дугаар шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, Б.Болдбаярт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүхэд очтол Б.Болдбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 307 дугаар зүйлийн 307.1-д зааснаар энэ магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

                         ШҮҮГЧИД                                                       Т.ӨСӨХБАЯР          

                                                                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ