Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 51

 

Н.Э-гийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

            Даргалагч, шүүгч:               Д.Мөнхтуяа,

            Шүүгчид:                             Г.Банзрагч,

                                                        Б.Мөнхтуяа,

                                                        Ч.Тунгалаг,

            Илтгэгч шүүгч:                   П.Соёл-Эрдэнэ,

            Нарийн бичгийн дарга:     Т.Даваажаргал,

Нэхэмжлэлийн шаардлага: Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 590 дүгээр захирамжийн П.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 111/ШШ2019/0023 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 579 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч: Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Б-ыг оролцуулж,

Гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Өмнөх шүүхийн шийдвэр:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 111/ШШ2019/0023 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.3.2, 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Э-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 590 дугаар захирамжийн П.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 579 дүгээр  магадлалаар: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 111/ШШ2019/0023 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хяналтын гомдлын үндэслэл:

3. Гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн П.Э-ын эзэмшил газартаа барьсан хашаа хаалт нь иргэн Н.Э-гийн эзэмшил газрын орц, гарцыг хаасан гэж нэхэмжлэгч анх нэхэмжлэлээ гаргасан.  Баянхонгор аймгийн Засаг даргын 2010 оны 04 дүгээр сарын 06-ний өдрийн 145 дугаар захирамжаар 1362 м2 талбайг бусдаас шилжүүлэн эзэмшиж байгаа бөгөөд залгаа газар ямар нэгэн эзэмшилгүй байсан. 155 м2 газрын эзэмших хүсэлтийг 2015 оны 5 сард аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт гаргаж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлж, аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж, аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 5-ний өдрийн 590 тоот захирамжаар П.Э-т 155 м2 газрыг эзэмшүүлснийг 000663575 дугаарын гэрчилгээ, газрын кадастрын зураг, газар эзэмших гэрээ зэргээр нотлогдож, иргэн П.Э-ын эзэмшлийн газар болох нь тогтоогджээ. П.Э нь өөрийн эзэмшлийн 155 м2 газарт хашаа барьж, хаалт хийсэн.

4. Иргэн Н.Э 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/649 тоот захирамжаар Баянхонгор сумын 1 дүгээр багт байршилтай 235 м2 газрыг өөрийн эзэмшилд авч 000663494 дугаарын гэрчилгээгээр баталгаажуулжээ. Н.Э нь өөрийн эзэмшлийн газраа ус үерийн аюулаас хамгаалж 2 давхар байшингийн ард 1 метр өндөртэй, 30 см өргөнтэй цементэн хашаа барьсан бөгөөд тэр хашаанд ямар нэг орох, гарах хаалга, орц, гарц байгаагүй нь маргааныг хянан шалгах үед нотлох баримтаар тогтоогдсон. Энэ нь Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 590 тоот захирамжаар П.Э-т нэмж эзэмшүүлсэн 155 м2 өөрийн эзэмшлийн талбайдаа хаалт хийсэн нь иргэн Н.Эгийн эзэмшлийн газрын орц, гарцыг хааж, хууль ёсны эрх ашгийг зөрчиж, хохирол учруулсан үндэслэл болохгүй байна.

5. Н.Э нь дээрх үндэслэлээ дэмжин уг газрыг эзэмшихээр бол хувааж, эзэмшмээр байна гэж маргасан нь хууль бус юм. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” тухай тодорхой заасан, мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 32 дугаар зүйлийн 32.1-т “иргэн аж ахуйн нэгж байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад, газрын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын баталсан загварын дагуу гаргана” гэж заасан шаардлагыг иргэн П.Э бүрэн хангасан.

6. Иргэн Н.Э маргаж буй газрыг эзэмших тухай хүсэлтийг зохих газарт гаргаагүй бөгөөд бусдын эзэмшилд байгаа газрыг хувааж эзэмшихээр 2016 онд 2 удаа хүсэлт гаргахад асуудлыг шийдвэрлэх боломжгүй талаар аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар хариуг мэдэгдсэн. 2015 оны 590 тоот захирамжаар шийдсэн газрын эзэмших хүсэлт гаргаж байгаагүй нь баримтаар нотлогдож байгаа нь тухайн захирамжид холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргах эрх зүйн үндэслэл байхгүй гэж тайлбарлаж байна. Мөн Н.Э нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн,аж ахуй нэгж, байгууллагуудад газар эзэмшүүлэх тухай асуудлыг тухайн шатны засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж, хууль бус захирамж гаргасан гэж маргасан нь 2015 онд П.Э нь газар эзэмшүүлэх эрх бүхий байгууллагад хүсэлт гаргаж аймгийн газар зохион байгуулах төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулж, Засаг даргын захирамж гаргуулан 115 м2 газрын жинхэнэ эзэмшигч болоход уг газартай холбоотой хүсэлт маргаан байгаагүй тул Газрын тухай хуулийн 29-р зүйлийг баримтлах шаардлага байгаагүй болно.

7. Хэрвээ газар эзэмшигч П.Э, ашиглагч Н.Э нарын хооронд маргаан гарвал Газрын тухай хуулийн 60.1.2-т заасан “газар эзэмших, ашиглах талаар үүссэн маргаан газар эзэмшигч ба ашиглагчийн хооронд үүссэн маргааныг зохих шатны засаг дарга шийдвэрлэнэ” гэж заасныг, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65.1.3 дахь хэсэгт “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журам”-ыг нэхэмжлэгч зөрчсөн бөгөөд бусдын эзэмшилд байгаа газрыг өөрийн болгож, 2 давхар байшингаа өргөтгөх хүсэлд автсан нэхэмжлэгчийн удаа дараагийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. П.Э уг газрыг /155 м2/ байнга арчилж, хамгаалж, цэвэрлэж байсныг хэрэгт авагдсан баримтаар бүрэн батлах бөгөөд энэ нь уг газрыг эзэмших давуу эрхтэйг нотлох үндэслэл юм.

8. Нэхэмжлэгч Н.Э ашиглаж буй газрынхаа орц, гарц гаргуулах, газрыг хуваан хэрэглэх үндэслэлээр нэхэмжлэлээ гаргасныг зохих шатны засаг дарга шийдвэрлэх үндэслэл байгаа эсэхэд дүгнэлт хийлгүй Баянхонгор аймгийн засаг даргын 2015 оны 590 дугаартай захирамжаар П.Эт газар эзэмшүүлсэн, мөн эзэмшлийн газартаа хаалт хийсэн нь Н.Эгийн эзэмшлийн газрын орц, гарцыг хааж хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэр магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан болон давж заалдах шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

10.  Нэхэмжлэгч Н.Э-гаас Баянхонгор аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 590 дүгээр захирамжийн П.Э-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд уг захирамжаар гуравдагч этгээдийн газрын хэмжээг нэмж, нийтийн эзэмшилд байсан 155 мкв газрыг эзэмшүүлж шийдвэрлэжээ.

11.  Аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 496 тоот албан бичигт  “...155 мкв газар нь бусдын эзэмшилд олгогдоогүй нийтийн эзэмшлийн газар байсан” гэсэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “нийтийн эзэмшлийн газар байсан” гэж тайлбарласан зэргээс үзвэл уг маргаан бүхий газар нь нийтийн эзэмшлийн газар байсан болох нь тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй байна.

12.  Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нийтийн эдэлбэр газрыг нийтээр ашиглах бөгөөд нэхэмжлэгчийн “нийтийн эзэмшлийн газрыг мэдэгдэлгүйгээр гуравдагч этгээдэд эзэмшүүлсэн, үүний улмаас нийтийн эзэмшлийн газрыг ашиглах эрх зөрчигдсөн, төсөл сонгон шалгаруулалт зарлаж, нийтэд мэдэгдээгүй, бохир соруулах, үер усны шугам зайлуулах боломжгүй болгосон” гэх тайлбар үндэслэлтэй, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд зөв дүгнэжээ.

13.  Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ” гэж заасныг захиргааны байгууллага зөрчиж, гуравдагч этгээдэд маргаан бүхий газрыг эзэмшүүлэхдээ дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалт зарлаагүй, үндэслэлгүйгээр давуу байдал олгосон байна.

14.  Гуравдагч этгээдийн “маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт нэхэмжлэгчээс гаргаж байгаагүй” гомдлоор нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаас илүү хэмжээгээр газар эзэмшүүлэх тохиолдолд хэн түрүүлж хүсэлт гаргаснаар биш, дуудлага худалдаа төсөл сонгон шалгаруулалтын журмаар хэнд газар эзэмшүүлэхийг шийдвэрлэх тул дээрх гомдол үндэслэлгүй.

15.  Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар аймгийн Засаг даргын шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд шүүхэд хандаж шийдвэрлүүлэх эрхтэй, орон нутагт газрын асуудлаар эцсийн шийдвэрийг аймгийн Засаг дарга гаргах тул гуравдагч этгээдийн “Н.Э урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” тухай гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

16.  Дээрх үндэслэлүүдээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-т хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 111/ШШ2019/0023 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 579 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХТУЯА

                                    ШҮҮГЧ                                                       П.СОЁЛ-ЭРДЭНЭ