Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/372

 

 

 

Х.П-ид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга  даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Одонтуяа,

шүүгдэгч Х.П-,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан, 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/268 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Б.Одонтуяа 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 13 дугаар прокурорын эсэргүүцэл бичсэнийг үндэслэн Х.П-ид холбогдох 2403008401081 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

О овгийн Х-ийн /РД: .............../, ....................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй; 

Х.П- нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Ард Аюушийн өргөн чөлөө 31 дүгээр байрны баруун талын замд 2024 оны 10 дугаар сарын 5-ны өдөр 15:50 цагийн үед Н.Sonata загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.“3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.1.“Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 15.8. “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас surron-той жолооч Н.Т, мопедтой жолооч Д.О нартай мөргөлдөж, улмаар surron-той жолооч Н.Т-ий эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Тээврийн прокурорын газраас: Х.П-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О овогт Х-ийн П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Х.П-ид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож, цагаатгагдсан этгээд Х.П- нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэйг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ. 

Прокурор Б.Одонтуяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Замын хөдөлгөөний дүрэм зөрчих үйлдэл нь ноцтой эсхүл ялимгүй гэсэн ойлголт байхгүй гагцхүү тухайн зөрчсөн үйлдэл нь хор уршигтай шалтгаант холбоотой бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргээр зүйлчлэн шалгах ёстой бөгөөд энэ хэргийн хувьд О овогт Х-ийн П нь Баянгол дүүргийн 7 дугаар хороо Ард Аюушийн өргөн чөлөө 31 дүгээр байрны баруун талын замд 2024 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 15 цаг 50 минутын орчимд Н.Sonata маркийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.”Мөн дүрмийн 15.8. Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас surron-той жолооч Н.Т, мопедтой жолооч Д.О нартай мөргөлдөж улмаар surron-той жолооч Н.Т-ий /15 нас 3 сартай/ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна гэж үзэж байна.

Хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд мөрдөгчийн магадлагаа зэргээр жолооч Х.П- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана. Мөн дүрмийн 15.8. Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн үйлдэл нь осол гарах үндсэн шалтгаан нөхцөл болсон байхад осол гарахад суррон /мотоцикльтой/ зорчигч Н.Т нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох дүрэм, журмыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон нь тухайн замын тээврийн осол гарах үндсэн шалтгаан нөхцөл болсон мэтээр хэргийн бодит байдалтай нийцэхгүйгээр дүгнэлт хийж хэргийн цагаатгасан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн тухайд Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэм буруутай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байхыг шаарддаг.

Анхан шатны шүүхээс хохирогчийг Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж гэмт хэрэг гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн хэмээн дүгнэвэл шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болохоос бус түүнийг гэм буруугүй гэж үзэх, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэл болохгүй юм.

Мөн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “Шүүгдэгчийг цагаатгах үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн, эсхүл улсын яллагчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг тогтоолд заагаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж дүгнэсэн тул цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

 Шүүгдэгч Х.П- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэрлүүгээ орох гэж явж байхад 2 хүүхэд хурдтай ирээд мөргөлдсөн. Тэр 2 хүүхдийг яагаад хурдтай ирсэн гэж тайлбарлаж байгаа гэхээр эхний хүүхэд ирээд мөргөсөн тохиолдолд дараагийн хүүхэд ирээд зогсох боломжтой. Тэгэхэд хоёулаа ирээд мөргөсөн. Тэр хоёр насанд хүрээгүй, мөн мотоциклтой явсан. Хуульд хориглохоор заасан. Тоормосны механизм эвдэрсэн тохиолдолд тээврийн хэрэгслийг зогсооно гэсэн хуулийн заалт байгаа. Миний хувьд хоёр хүүхдийг харсан даруйдаа тээврийн хэрэгслийг зогсоох яаралтай арга хэмжээ авсан. ...” гэв.

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос Х.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд Х.П-ийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэл, давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзээд, анхан шатны шүүхийн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж дүгнэв. Үүнд:

1. Шүүх нотлох баримтын нотлогооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэж, харьцуулан шинжилж, харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдүүдийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудын үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон эх сурвалжийг магадлаж, логик дүгнэлтэд түшиглэн үнэлдэг.

Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой байж болох нотлох баримтуудыг хэргийн нөхцөл байдалтай харьцуулан судалж, нягтлан шалгаагүй байна.

Тухайлбал, Х.П-ийг буруутгасан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.“3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.1.“Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 15.8. “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн гэсэн прокурорын дүгнэлтийг болон яллах нотлох баримтууд /хх 154-156/-ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2-д зааснаар шийдвэрлэлгүйгээр, няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заахгүйгээр шүүгдэгчийг цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Тодруулбал, шүүгдэгч Х.П-ийг Н.Sonata загварын 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.“3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.1.“Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 15.8. “Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон гэсэн үйл баримтын талаар дүгнэлт хийгээгүй байна.

2. Эрүүгийн хууль нь хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд тогтоох бөгөөд тогтоогдсон үйл баримтад нийцэх хууль хэрэглээ буюу ямар хуулийг хэрхэн хэрэглэх талаар Эрүүгийн хуульд заасан субсумци /дүн шинжилгээ/-г хийснээр зүйлчлэлийг тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ноцтой зөрчил гарсан эсэхийг шалгаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх ёстой.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн үзэхэд:

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Инженер-Техникийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 3108 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “1. Шинжилгээнд ирүүлсэн Talaria маркийн TL4000 загварын тээврийн хэрэгслийн тоормос ажиллахгүй, тоормосны базуур хугарсан байх тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. ... 3. Шинжилгээнд ирүүлсэн тээврийн хэрэгсэл нь шингэн тоормосны системтэй, тоормос бүрэн ажиллахгүй байна. ...” /хх-ийн 100-101/” гэсэн байх ба энэхүү дүгнэлтээр гарсан “Talaria маркийн TL4000 загварын тээврийн хэрэгслийн тоормос ажиллахгүй, тоормосны базуур хугарсан, ... тоормос бүрэн ажиллахгүй” зэрэг байдлуудыг зам тээврийн осол гарах үед үүссэн эсэх, эсхүл уг ослоос өмнө үүссэн байсан эсэх, яагаад тоормосны систем ажиллахгүй гэж үзэх болсон талаар зохих мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй байхад анхан шатны шүүх насанд хүрээгүй хохирогч Н.Т-ийг “...Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн техникийн хувьд бүрэн бүтэн байлгах үүргийг хүлээнэ, мөн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.4-д зааснаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; тээврийн хэрэгслийн ажпын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон ... бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. ...” гэснийг зөрчсөн гэсэн дүгнэлтийг хийж буюу хохирогчийн тус үүргээ биелүүлээгүй байдал нь осолд нөлөөлсөн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих “...гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл...”-ийг бүрэн нотолсны эцэст үйл баримт нь гэмт хэргийн шинжтэй эсэхийг тодорхойлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх байжээ.

Иймд Х.П-ийг цагаатгасан болон түүнд холбогдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож байгаатай холбогдуулан Х.П-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 2025/ШЦТ/268 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Цагаатгагдсан этгээд Х.П-ид урьд авч байсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ