Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 295

 

 

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

                  

             

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг хөтлөн,

улсын яллагч Г.Ганчимэг,

шүүгдэгч Г.Б -, түүний өмгөөлөгч Л.Батаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт Г-ийн Б холбогдох 1800000000000 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1962 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Өвөрхангай аймгийн Бүрд суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Өлзийтийн 0 дугаар гудамж, 000 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, Өвөрхангай аймгийн Хархорин сумын сум дундын шүүхийн 1998 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-1-2-дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт Г-ийн Б /РД:000000000 /

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Б - нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өлзийтийн 0 дугаар гудамж 000 тоот буюу гэртээ 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч Ч. Г -той архи ууж маргалдан “толгой, гар цээжинд цохиж эрүүл мэндэд нь баруун талын 10-р хавирганы хугарал, дээд уруулын дээд хэсэгт зулгаралт, дээд уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, баруун шанаа, зүүн чихэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Г.Б -аас: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй.Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна..” гэв.

 

    Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Ч. Г -ийн: “...2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 16 цагийн үед би шүд өвдөөд байхаар нь би дэлгүүр орж 0.33 граммын архи аваад зуух санаатай явж байтал Б - тааралдахаар нь би Б -ыг хариад байж бай, би нэг юм аваад очъё гэж хэлээд 0.33 граммын архи нэгийг аваад очсон. Тэгээд бид хоёр архиа ууж дуустал Б - дахиад архи авна, би яваад ирье гэхээр нь би яах юм бэ гэтэл Б - хүүхэд харж байгаарай гэж хэлээд гарч яваад нэг шил архи аваад ирэхээр хамтдаа ууж байтал гэнэтхэн миний урд талд байсан сандлаар толгой руу цохихоор нь би гараараа хаатал гарыг бас цохиод, хавирга, цээж рүү цохиод байхаар нь би зугтаагаад гэр рүүгээ гараад явсан. Тэгээд би гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. Надад эмчилгээний зардал болох 390.000 төгрөгийг өгсөн, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-7 дугаар хуудас/,

Гэрч Г.Т-ын: “...Аав, Б - зодчихлоо, ирээд ав гэхээр нь би Өлзийт хороололд байх гэрт нь яваад очтол нүүр, цамц нь цус болчихсон, уруул нь хавдчихсан, бие нь их хөндүүр байгаа бололтой хөдлөхөөрөө ёолоод байсан. Тэгээд би Б -ын хүүтэй хамт гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

Гэрч С.М-ийн: “...Хадам аав Б - өөрийн байшиндаа Г -той хамт архи ууж байсан, ...аавтай байсан хүүхэд уйлахаар нь гараад хартал Б -, Г - нар барилцаад авчихсан дээр доороо ороод ноцолдоод байсан. Би салгах гээд дийлэхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн №5382 дугаартай дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Г.Б - нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Г - баярхаад байхаар нь бид хоёр маргалдаад барилцаж аваад муудалцтал миний нүүр рүү эхлээд цохиод автал хамраас цус гарсан. Би зөрүүлээд нүүр рүү нь цохисон. Тэгээд цааш нь юу болсныг мэдэхгүй байна. Би Г-г цохисноо хүлээн зөвшөөрч гэм буруугаа ойлгож, эмчилгээний зардал болох 390.000 төгрөгийг бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 24 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 дугаар хуудас/,

-Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 25 дугаар хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Г.Б -д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

 Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Г.Б - нь Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Өлзийтийн 5 дугаар гудамж 0000 тоот буюу гэртээ 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хохирогч Ч. Г -той архи ууж маргалдан “толгой, гар цээжинд цохиж эрүүл мэндэд нь баруун талын 10-р хавирганы хугарал, дээд уруулын дээд хэсэгт зулгаралт, дээд уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, баруун шанаа, зүүн чихэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ч. Г -ийн мэдүүлэг /хх-ийн 5-7 дугаар хуудас/, гэрч Г.Т-ын мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/, гэрч С.М-ийн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн  №5382 дугаартай

  1. Ч. Г -ийн биед баруун талын 10-р хавирганы хугарал, дээд уруулын дээд хэсэгт зулгаралт, дээд уруулын дотор салстад шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, баруун шанаа, зүүн чихэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 14 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Энэ хэргийн шүүгдэгч Г.Б - нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, мөн шүүгдэгч нь прокурорын хяналтын шатанд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч ханган, 2018 оны 06 дугаар сарын 25-ний өдрийн 66 дугаартай Прокурорын саналаар түүнд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, зохицуулалтад нийцсэн байна. 

Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Г.Б - нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

           Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал

Хохирогч Ч. Г - нь хавтаст хэргийн материалтай танилцаад ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлтийг бичгээр гаргасан /хх-ийн 37-38 дугаар хуудас/ байх тул Г.Б -ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.Б - нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдаж байна.

 

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

1. Ж овогт Г-ийн Б -ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б -ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б -ын хөрөнгө, цалин хөлс,  бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Г.Б -д мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Г.Б - нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Г.Б -д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ