Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2025/ДШМ/376

 

 

 

 

Л.А-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар  даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч Л.А-, түүний өмгөөлөгч Ч.Нямцоож,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан, 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.А-ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох 2406000002395 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Ц овгийн Лх-ийн А, /РД: ................../, .................... тоотод орших суух, урьд ял шийтгэлгүй;

Шүүгдэгч Л.А- нь 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянголын амны орчимд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох Сибирийн нарс /хуш/-ны үр буюу самар нийт 392,2 килограммыг түүж бэлтгэсэн байсныг 0000 ААА улсын дугаартай Land Cruiser-J100 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, байгаль орчинд 38,788,580 төгрөгийн хохирол учруулж байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэж тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.  

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Л.А-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Баянзүрх дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ц овогт Лх.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохих зөвшөөрөлгүйгээр, ховор ургамал болох самрыг тээвэрлэсэн буюу Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний 6,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.А-аас гэм хорын хохиролд 38,788,850 төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд олгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 392,2 килограмм самар болон гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 9,800,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан тус тус улсын орлогод оруулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч Л.А- давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн би бусдад сайхан сэтгэлийн үүднээс туслах гэж явж байгаад ихээхэн хэмжээний төлбөрт унаж байгаадаа ихэд харамсаж байна. Миний бие нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд бизнесийн үйл ажиллагаатай холбоотой болон бусад өр, зээл их байгаагаас шүүхийн шийдвэрт заасан 48,588,850 төгрөгийг төлөхөд хүндрэлтэй байна. Иймд надад холбогдох хэргийг хянаж, миний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шийдвэрлэж өгөхийг хүсье. ...” гэв.

Шүүгдэгч Л.А-ын өмгөөлөгч Ч.Нямцоож тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү...” гэв.  

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Л.А-д холбогдох 2406000002395 дугаартай эрүүгийн хэргийн үйл баримтын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.    

1. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.

Шүүгдэгч Л.А- нь 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянголын амны орчимд зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох Сибирийн нарс /хуш/-ны үр буюу самар нийт 392,2 килограммыг 0000 ААА улсын дугаартай Land Cruiser-J100 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн болох нь:

2024 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Л.А-ын жолоодож явсан 0000 ААА улсын дугаартай Land Cruiser-J100 загварын тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, тээвэрлэж явсан Сибирийн нарс /хуш/-ны үр буюу самар нийт 392,2 килограммыг хурааж авсан талаарх тэмдэглэл, тус үйл ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургууд /хх-ийн 4-12/,

яллагдагч Л.А-ын самрыг хаанаас тээвэрлэхээр авснаа заасан мэдүүлгийг 2024 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр газар дээр нь шалгасан тэмдэглэл, тус үйл ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургууд /хх-ийн 15-21/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.О-ын: “...Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7.2.3 дахь хэсэгт иргэн, аж ахуй нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлогыг Байгаль орчин уур амьсгалын санд тушаахаар зохицуулсан байдаг. Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайдын 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А/146 дугаартай журам батлах тушаал байдаг. Уг журмын 8.2 дахь хэсэгт Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг болон захиргааны журмаар олсон, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д “байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж, хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого”, 12.1.6-д заасны дагуу хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлогыг тус тус Төрийн сан банкны Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төвлөрүүлнэ гэж заасан байдаг. ...Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн А/450 дугаар тушаалын хавсралтаар баталсан Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журамд зааснаар хуш модны үр идээ болох самрыг тухайн жилийн 10 дугаар сарын 20-ны өдрөөс дараа оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар бэлтгэх боломжтой. Гэвч тухайн жилд бүс нутгийн хуш модны самарын ургацын байдалд дүн шинжилгээ, судалгаанд үндэслэн төрийн захиргааны төв байгууллага буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны сайдын тушаалаар хуш модны самрыг бэлтгэх эсэхийг тогтоож өгдөг. Нийслэлийн ногоон бүсээс хувь хүн ахуйн хэрэгцээнд самар бэлтгэхийг хориглосон учраас зөвшөөрлийг олгохгүй байгаа. Байгалийн ургамлын тухай хуульд “Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасан бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д Сибирь хуш модыг, үр идээ болох хуш модны самрыг Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Ховор ургамлын жагсаалт”-д багтаасан. Хуш модны самарны үнэлгээг 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалаар нэн ховор, ховор, зарим элбэг ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг тооцохоор журамлаж өгсөн байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-34/,

гэрч Ч.Г-ийн: “...2024 оны 9 дүгээр сарын 05-ны орой ирэхдээ сүү авах замдаа хэдэн хүүхдийн самар дөхүүлж өгөх гэж байгаад цагдаагийн алба хаагч нарт саатуулагдсан гэж надад хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 43/,

шүүгдэгч Л.А-ын яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн өглөөний 07:00 цагийн үед үнээний сүү олж авах зорилгоор Баянзүрх дүүргийн 35 дугаар хороонд байрлах Баянголын ам руу хөдөлсөн. Би тухайн өдөр Баянголын амаар өгсөж яваад зам дээр хоёр үл таних залуу хүрч ирээд, тухайн 2 залууг өөрийн тээврийн хэрэгсэлд суулгаад Баянголын амаар нэлээн дээшээ өгсөөд нэг газар зогсоход нөгөө 2 залуу мод руу ороод гарч ирэхдээ ахиад 2 үл таних залуутай ой модноос 7 шуудай цайруулсан самрыг үүрч гаргаж ирж, миний машинд ачиж өгсөн. Тэгээд би буцаж явахад цагдаагийн алба хаагч нар намайг зогсоосон. Би тээвэрлэж явах, худалдахад ямар нэгэн зөвшөөрөл аваагүй. Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. ...Би ХААН банкнаас 2024 онд зээл авсан, тэгэхдээ тухайн тээврийн хэрэгслийг барьцаанд оруулсан тул Хаан банкны нэр дээр байгаа юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 80-83/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 2794 дүгээр: “1. Сибирь нарс (Хуш)-Рinus sibirica Du Tour-ны цайруулсан самар байна. Самар нь ургамлын үржлийн эрхтэн буюу үр. 2. Сибирь нарс (Хуш)- Рinus sibirica Du Tour нь Засгийн газрын 1995 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 153 дугаар тогтоолын хавсралтын “Ховор ургамлын жагсаалт”-д орсон ургамал. 3. Шинжилгээнд ирүүлсэн Сибирь нарс (Хуш)- Рinus sibirica Du Tour-ийн үрийн түүсэн цаг хугацааг тодорхойлох боломжгүй. 4. Сибирь нарс (Хуш)- Рinus sibirica Du Tour нь уулын тайгын бүслүүрийн дээд хэсгээр ургадаг. Хөвсгөл, Хэнтий, Хангай, Монгол Алтай гэсэн ургамал-газарзүйн тойрогт тархдаг. Таримал эсвэл байгалийн зэрлэг ургамлын аль нь болохыг тогтоох боломжгүй. 5. Шинжилгээнд ирсэн үрийн дундаж чийг нь 32,6%-тай байгаа тул нойтон байна. 6. Хуш модны самрыг MNS 5786:2007, МNS 5364:2004 стандартын дагуу 1 жил хадгална. Стандартын дагуу хадгалаагүй тохиолдолд чанар байдлаа хурдан алдаж мөөгөнцөртөх, муудах боломжтой. 7. Хуш модны самрыг MNS 5786:2007, МNS 5364:2004 стандартын шаардлага хангасан газар хадгалаагүй тохиолдолд хэмжээ, жинд өөрчлөлт орох боломжтой. 8. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаар тушаалын хавсралтад тусгаснаар 1 кг нойтон Хуш модны самрын экологи-эдийн засгийн үнэлгээ нь 98,900 төгрөг байна. Мөрдөгчийн тогтоолд дурдсаны дагуу 392,2 кг самрын экологи-эдийн засгийн үнэлгээг тооцвол 98,900төгрөг 392,2кг=38,788,580 төгрөг байна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 49-52/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 1001852 дугаар “...Хаан банкны ХХК-ийн эзэмшлийн 0000 ААА улсын дугаартай 2004 онд үйлдвэрлэгдсэн 2004 онд Монгол Улсад орж ирсэн Land Cruiser-J100 маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 9,800,000 төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт, тус машины гэрэл зураг /хх-ийн 67-69/,

0000 ААА улсын дугаартай, 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2004 онд Монгол Улсад орж ирсэн Land Cruiser-J100 маркийн автомашин Хаан банкинд бүртгэлтэй болох талаарх авто тээврийн Үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 94/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлд заасан “Байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх” гэмт хэргийн “Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан” хэмээх объектив талын шинжийн “...Зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал, тэдгээрийн үр, эрхтнийг тээвэрлэсэн...” гэсэн шинжийг шүүгдэгч Л.А-ын зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор ховор ургамал болох Сибирийн нарс /хуш/-ны үр буюу самар нийт 392,2 килограммыг 0000 ААА улсын дугаартай Land Cruiser-J100 загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдэл бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Л.А-ын тээвэрлэсэн 392,2 килограмм самрыг хэнээс худалдан авсан, зохих зөвшөөрөлгүйгээр түүсэн, бэлтгэсэн, худалдсан хүнийг мөрдөн шалгаж, хураагдсан самрын эх үүсвэрийг тогтоосон эсэх нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Л.А-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд саад болохгүй юм.

3. Анхан шатны шүүх, шүүгдэгч Л.А-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих төрдлийн ялуудаас хамгийн хөнгөн торгох ялыг 6,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Л.А-ын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 0000 ААА улсын дугаартай Land Cruiser-J100 загварын тээврийн хэрэгслийн үнэ 9,800,000 төгрөгийг түүнээс гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцсэн байна гэж дүгнэв.

4. Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Ховор ургамлын жагсаалтыг Засгийн газар батална” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар “Ховор ургамлын жагсаалт”-ын 355-д “Нарсны төрлийн модны үр” гэж заасан бөгөөд тус тогтоолд 2015 оны 410 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулахдаа “Нарсны төрлийн модны үр” /ойн нарс, одой нарс, сибирь хушны үр, идээ/ буюу сибирь хушны үр, идээг ховор ургамалд хамааруулсан байна.

Байгалийн ургамлын тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/603 дугаартай тушаалын хавсралтаар Сибирь хушны нэг килограмм самрын экологи, эдийн засгийн үнэлгээг 98,900 төгрөгөөр тогтоосон болно.

 “Байгалийн ургамлын тухай” хуульд ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр хуульд зааснаас өөр зорилгоор тээвэрлэсэн үйлдлийг тухайн ховор ургамлыг зохих зөвшөөрөлгүйгээр түүж ургамлын аймаг, эсхүл ойн санд шууд хохирол учруулсан үйлдэлтэй адилтган үзэж, ургамлын үнэлгээг өсгөн нэмэгдүүлсэн дүнгээр биш, 392,2 кг самрын экологи-эдийн засгийн үнэлгээг 98,900төгрөг 392,2кг=38,788,580 төгрөг гэж шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хэмжээгээр буюу 38,788,580 төгрөгийг Л.А-аас гаргуулан шийдвэрлэсэн нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 12 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна” гэж заасанд нийцжээ.  

  5. Анхан шатны шүүх эрүүгийн хуулийн болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн шүүгдэгч Л.А-д хуульд заасан хөнгөн төрлийн ял болох торгох ялыг их биш хэмжээгээр оногдуулсан, тээвэрлэхдээ ашигласан машины үнэлгээг тусгай мэдлэг бүхий үнэлгээчний тогтоосон хэмжээгээр гаргуулсан, хохирлыг өсгөж нэмэгдүүлэлгүйгээр үндэслэл бүхий гаргуулсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.А-ын гаргасан “Эрүүгийн хуулийг хөнгөрүүлж хэрэглэж өгнө үү” гэсэн агуулга бүхий  давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.А-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ГАНБААТАР

            ШҮҮГЧ                                                           М.АЛДАР

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ