| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 312/2025/00246/И |
| Дугаар | 312/ШШ2025/00656 |
| Огноо | 2025-04-16 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 312/ШШ2025/00656
| 2025 оны 04 сарын 16 өдөр | Дугаар 312/ШШ2025/00656 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* баг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, ******* багт байрлах ******* ******* /РД:/-т холбогдох 7 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 16 341 045 төгрөгийн тэтгэмжийг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энэрэл нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие улсад нийт 35 жил үүнээс сүүлийн 10 жил 08 сар ******* ******* -т ажиллаж байгаад 2024-11-28-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Үйлдвэрт мөрдөгдөж байгаа хамтын гэрээний дагуу 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах ёстой байтал надад 3 сарын тэтгэмж олгосон. Ингээд би Баян-Өндөр сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч шүүхэд ханд гэсний дагуу нэхэмжлэл гаргаж байна. Иймд надад олгоогүй үлдсэн 7 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 16,341,045 төгрөгийн тэтгэмжийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хүсэлтийг минь хүлээн авч хохирлыг минь барагдуулна уу. гэжээ.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ******* *******-аас 7 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 16,341,045 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. ******* *******-ийн Геологи хайгуулын экспедицид манаачаар ажиллаж байсан Ж.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажил олгогчид хандаж өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийг нь үндэслэн ******* *******-ын захирлын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/2714 дугаар тушаалаар түүнийг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон. Мөн тушаалаар ******* т 7 жил 08 сар ажилласан Ж.*******д ******* *******-ын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2024-2025 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 7.12 Үйлдвэрийн газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа ажилтанд тус ийн газарт ажилласан жилийг нь үндэслэн тэтгэмж олгоно, 7.12.1 5-9 жил ажилласан бол 3 сарын үндсэн цалинтай дүйцэх тэтгэмжийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед нэг удаа олгоно гэсэн заалтуудыг үндэслэн 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь хууль тогтоомж зөрчөөгүй байна. Иймд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3-5/, Баян-Өндөр сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хурлын тэмдэглэл /хх-7-8/, ******* *******-н ерөнхий захирлын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Б/2714 дугаартай тушаалын хуулбар /хх-9/, ******* *******-н ерөнхий захирал гаргасан өргөдөл /хх-10/, ******* *******-н 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 113/507 дугаартай албан бичиг /хх-11/, ******* *******-ын захиргаа, ҮЭ-ийн холбооны хороонд байгуулсан 2024-2025 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний хуулбар /хх-22-33/, 0539124 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-35-43/ зэргийг баримтыг гаргаж өгсөн.
4.Хариуцагчаас ******* Үйлдвэр *******-ын захирлын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б1468 дугаартай Жигмэдийн Баттулгыг ажилд авах тушаал, ажлын газрын лавлагаа, ******* Үйлдвэр *******-ын захирлын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тушаалаар батлагдсан Иргэнийг хөлсөөр ажиллуулах журам, мөн хавтаст хэрэгт авагдсан байсан ******* Үйлдвэр ******* Үйлдвэрчний эвлэлийн хооронд байгуулсан 2024-2025 онд хэрэгжүүлэх Хамтын гэрээ-г /хх-61-86/ зэрэг баримтыг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч ******* *******-т холбогдуулан 7 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 16,341,045 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь энэхүү тэтгэмжийн асуудлаар Баян-Өндөр сумын хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан байх бөгөөд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй,энэ талаар тэмдэглэл үйлдэж талууд гарын үсэг зурснаар маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дуусгавар болсон байна.Ийнхүү нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д зааснаар шүүхэд хандсан нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нь улсад нийт 35 жил үүнээс сүүлийн 10 жил 08 сар ******* ******* -т ажиллаж байгаад 2024-11-28-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон. Үйлдвэрт мөрдөгдөж байгаа хамтын гэрээний дагуу 10 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж авах ёстой байтал надад 3 сарын тэтгэмж олгосон.
Иймд надад олгоогүй үлдсэн 7 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж болох 16,341,045 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийнхээ шаардлагыг үндэслэж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Хариуцагч гаргасан тайлбартаа ******* *******-ийн Геологи хайгуулын экспедицид манаачаар ажиллаж байсан Ж.******* нь 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ажил олгогчид хандаж өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн тул 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Энэхүү хүсэлтийг нь үндэслэн ******* *******-ын захиралын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийнБ/2714 дугаар тушаалаар түүнийг ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон, хамтын гэрээнд заасны дагуу түүнд 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь хууль тогтоомж зөрчөөгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.
******* *******-ын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2024-2025 онд хэрэгжүүлэх хамтын гэрээний 7.12-т ийн газарт ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа ажилтанд тус ийн газар ажилласан жилийг нь үндэслэн тэтгэмж олгоно , 7.12.1 5-9 жил ажилласан бол 3 сарын үндсэн цалинтай дүйцэх тэтгэмжийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох үед нэг удаа олгоно гэсэн заалтуудыг үндэслэн нэхэмжлэгчид 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь хууль тогтоомж зөрчөөгүй байна.
Нэхэмжлэгч Ж.******* нь ******* *******-ын боловсруулах 2010-02 сараас 2011 оны 12 сар хүртэл хугацаанд 01 жил 10 сар хөдөлмөрийн гэрээгээр,Геологи хайгуулын ангид 2013 оны 05 сараас 2018 оны 05 сар хүртэлх хугацаанд хөлсөөр ажиллах гэрээний дагуу туслах ажилчнаар ажиллаж байжээ.
Хамтын гэрээний 2.9-д Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байсан ажиллагч ийн газартай хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан тохиолдолд ийн газарт ажилласан хугацааг журмын дагуу тооцож болно гэж заасан байна.
******* *******-ын Захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд байгуулсан 2024-2025 онд хэрэгжүүлэх хамтын гэрээ нь 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн байх тул нэхэмжлэгчийн хөлсөөр ажиллах гэрээгээр ажилласан хугацаа нь хөдөлмөрийн гэрээ байгуулан т ажилласан хугацаанд хамаарах боломжгүй, хамтын гэрээний 2.9 дэх заалт хамтын гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн хугацаанаас хойш хөлсөөр ажиллах гэрээгээр ажилласан иргэнд хамаарахаар байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д Энэ хуулийн 65.4.2, 80.1.1, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажилтанд нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмж авах эрхтэй эсэхээс үл хамааран ажил олгогч дараах хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно. 82 дугаар зүйлийн 82.1.3-д тухайн аж ахуйн нэгж, байгууллагад таван жилээс 10 хүртэл жил ажилласан бол гурав ба түүнээс дээш сарын үндсэн цалинтай тэнцэх тэтгэмжийг нэг удаа олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгчид 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгосон нь хуулинд нийцсэн байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй байна.
Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,655 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 154 дүгээр зүйлийн 154.8,158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч гаргасан ******* *******-т холбогдох 16,341,045 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 239,655 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН