| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2024/01304/И |
| Дугаар | 312/ШШ2025/00659 |
| Огноо | 2025-04-17 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 312/ШШ2025/00659
| 2025 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 312/ШШ2025/00659 |
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч, хариуцагч нар хэн нэгнийхээ дотоод хэрэгт хэтэрхий их оролцож, хувь хүний орон зайд бүдүүлгээр нэвтрэхээс болгоомжлох.
-Гэр бүл доторх маргаан, үл ойлголцлыг гэрээсээ гадагш гаргаж, аав ээж, ах эгч, хамаатан садандаа хэлж зарлахгүй, гэр бүлийн асуудалд гадны хүмүүсийг оролцуулахгүйгээр, бие биенийхээ нэр алдрыг сэвтээхгүй хамгаалж байх.
- Нөхөр, эхнэр хоёр хэн нэгэндээ хүндэтгэлтэй хүлээцтэй хандаж, нэгийгээ дорд үзэхгүй, доромж үг хэлж хараахгүй, нөхөр эхнэрийн биед нь гар хүрч зодож цохихгүйгээр эхнэр, ээж, эмэгтэй хүний хувиар хайр халамжтай харьцах.
-аливаа асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхийг хичээх. Санал нийлээгүй асуудлаар хэрэлдэж маргалдахгүйгээр, шийдвэр гаргасан хүн нь уг асуудлаас үүсэх эрсдэлийг хариуцаж, алдаа гаргасан бол түүнийгээ өөрөө засаж залруулах.
-Хэн нэг нь ямар нэгэн алдаа доголдол гаргасан тохиолдолд, үүнийг уур бухимдалгүйгээр тайван шүүж хамтран хэлэлцэх, уг алдааг олон удаа давтан ярьж, алдсан эндүүрсэн нэгнийгээ 1 асуудлаар ахин дахин буруутгахгүй байх.
- Хэн хэнийхээ үзэл бодлын зөрүүтэй байдлыг хүлээн зөвшөөрч, санал нэгдээгүй асуудлаар удаа дараалан маргалдахгүй орхих.
- Гэр бүлийн хөрөнгө, санхүү, мөнгөн зээлийн 500,000 |таван зуун мянга|-аас дээш төгрөгийн асуудлыг хамтран шийдвэрлэх.
- Хэн нэгнийхээ санхүүгийн эрх чөлөөнд байнга халдахгүй, бага жижиг зардал мөнгөний асуудлаар маргаан зарга үүсгэхгүй, зарлагын тооцоо тайлбар шаардаж нэхэхгүй, нөхрийн зүгээс эхнэрийн өдөр бүрийн орлого зарлагыг тогтмол хянаж, дарамт шахалт үзүүлэхгүй байх.
- Хэн нэг нь ажпын зайлшгүй шаардлагаар болон ажпын бус цагт хамт олонтойгоо цуг байх, олон нийтийн арга хэмжээнд оролцох бол урьдчилан мэдэгдэх. Ийм үед орон гэртээ үлдсэн нэг нь нөгөөх рүүгээ олон удаа утасдахгүй, өөрөө утсаар ярих боломжгүй байхад өөр бусдын утсаар дамжуулан ярьж, хамт олны дунд тааламжгүй нөхцөл байдал бий болгохгүй, хувь хүний нэр төрд бүдүүлгээр халдахгүй байх.
-Гэрийн ажилд нөхөр, эхнэр өөр өөрийн хүсэл, боломжоор хэн нэгний дарамт шахалтгүйгээр оролцож хийх. Орон гэрээ цэвэрлэх, хоол унд хийх нь зөвхөн эмэгтэй хүний эхнэрийн үүрэг биш гэдгийг нөхөр хүлээн зөвшөөрч, нөхөр гэрийн ажилд туслах, ядаж гэртээ цэвэрч нямбай байж, өөрөө эхнэртээ үзүүлээгүй үйлчилгээ халамжийг түүнээс шаардаж иймэрхүү асуудлаар хэрүүл маргаан үүсгэхгүй байх.
- Нөхөр өөрөө өөртөө арчаатай байж, зөв боловсон хувцаслах, эрүүл мэнддээ анхаарах, олон нийтийн газар эерэг зөв харилцаатай байх.
- Нөхөр гэр бүлийнхэндээ, өөрийн төрөл садангууддаа зөв зөөлөн сэтгэлээр хандах, аливаа асуудлыг сөрөг талаас нь харж харлуулахгүй байж, үр хүүхдүүддээ зөв үлгэр дуурайл үзүүлж байхаар тохиролцож зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөг, хариуцагч ******* 70,200 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээсүгэй. 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН