| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довдоны Очмандах |
| Хэргийн индекс | 2309000000855 |
| Дугаар | 2025/ДШМ/377 |
| Огноо | 2025-03-27 |
| Зүйл хэсэг | 11.1.2.5., |
| Улсын яллагч | О.Даваахүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2025/ДШМ/377
Ө.Б-ад холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор О.Даваахүү,
шүүгдэгч Ө.Б-ын өмгөөлөгч Я.Батханд,
нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.Б-ын өмгөөлөгч Я.Батхандын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн Ө.Б-ад холбогдох 2309000000855 дугаар эрүүгийн хэргийг 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Я овгийн Ө-ийн Б /РД: .................../, .............................. задгайд оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай;
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Б- нь 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо, ДамбадаржАн .... дугаар гудамжны ... тоотод П.Э-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан цохих, толгой хэсгээр нь хатуу гадаргуу дээр Ух зэргээр түүний эрүүл мэндэд нь зүүн зулай ясны шугаман хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун тал бөмбөлгийн духны суурийн хэсгийн эдийн няцрал, хуйханд цус хуралт, шарх, зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч П.Э-ы тархи дарагдаж эрс хавагнаж 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Ө.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Я овгийн Ө-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдаагийн хоригдсон 226 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлсийг устгахаар, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 511 дүгээр зүйлийн 511.3 дэх хэсэгт зааснаар 1,104,428 төгрөгийг оршуулгын зардалд, 8,250,000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.П-эд олгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ө.Б-ын өмгөөлөгч Я.Батханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Ө.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргадаггүй бөгөөд үйлдсэн үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж, хүлээн зөвшөөрдөг ба урьд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй болно. Мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 4,500,000 төгрөгийн хохирол төлсөн ба шүүхээс 9,354,428 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Ө.Б-ын ар гэрийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.П- гуайд төлж барагдуулсан тул Ө.Б-ад оногдуулсан 7 жилийн хорих ялаас хасаж өгнө үү. ...” гэв.
Прокурор О.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх байдаг. Хавтас хэрэгтэй танилцах явцад хохирогчийн зүгээс гар бичмэлээр “хохирлыг бүрэн барагдуулсан” гэх хүсэлтийг гаргасан байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас анхан шатны шүүхэд ирүүлсэн тайлбар байдаг. Тухайн тайлбарт “хохирогч нь бичиг үсгийн чадвар муутай тул хүнээр төлөөлүүлж хүсэлт бичүүлсэн” гэсэн байдаг. Мөн өнөөдрийн шүүх хуралдаанд гаргаж өгч буй баримттай хамт дансны хуулга байхгүй байна. Үнэхээр хохирлыг төлсөн эсэх нь эргэлзээтэй байх тул шинээр гаргаж өгсөн нотлох баримтыг үнэлэх эсэхийг шүүх шийдвэрлэх байх. Прокурорын хувьд нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж байна. Иймд өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг давж заалдах гомдолд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Шүүгдэгч Ө.Б-ад холбогдох 2309000000855 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагаагаар хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.
1. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийсэн байна.
Шүүгдэгч Ө.Б- нь 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо, ДамбадаржАн .... дугаар гудамжны ... тоотод П.Э-тай тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас болж маргалдан цохих, толгой хэсгээр нь хатуу гадаргуу дээр Ух зэргээр түүний эрүүл мэндэд нь зүүн зулай ясны шугаман хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун тал бөмбөлгийн духны суурийн хэсгийн эдийн няцрал, хуйханд цус хуралт, шарх, зулгаралт бүхий хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч П.Э-ы тархи дарагдаж эрс хавагнаж 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 28-39/, нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газарт авсан гэрэл зургууд /1-р хх-ийн 40-55/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.П-ийн: “...2023 оны 4 дүгээр сарын 14-ний орой ...22-23 цагийн үед байх би гэртээ байхад талийгаач байшин дотроо Б-тай хэрэлдэж маргалдаад байсан чанга яриад байсан яг юуны талаар яриад хэрэлдэж байсан нь сонсогдоогүй, би гэрээсээ гараад харсан хэрэлдэж маргалдаад дууссан байшингийнхаа хаалга хаагаад орж байсан. Хэн нэгэн гарч салгаагүй. Сүүлд цагдаа ирсний дараа Д гэрт нь орсон чинь талийгаачийн толгойноос цус гарсан хэвтэж байхаар нь яагаад гарсан талаар асуухад хариулахгүй байсан. Тухайн хэрүүл маргаан болохоос өмнө талийгаач хэн нэгэнтэй хэрэлдэж зодолдоогүй, царай зүс толгой тархинд нь ямар нэгэн шарх, сорви үүсээгүй хэвийн хүүхдүүдтэйгээ инээгээд тоглож байдаг байсан. Тухайн маргаанаас хойш ч талийгаач хэн нэгэнтэй хэрэлдэж маргалдсан зүйл болоогүй. ...” /1-р хх-ийн 68-71, 73/,
насанд хүрээгүй гэрч Э.М-ний: “...Манай аав /П.Э-/, ээж /Г.Х/ хоёр Б- ахаас мөнгийн аваад Э.Э, Э.Э нарыг дагуулж гараад “Хур” супер маркет орж 2 шил архи аваад, манай 2 дүүд зайрмаг авч өгөөд өөрсдөө цаашаа У /Ш/ хочтой ахын гэр рүү яваад орой 21:00 цаг өнгөрч байхад гэртээ согтуу орж ирсэн. Тухайн үед аав гэнэт уурлаад Б- ахыг “манай гэрээс зайл, зайлахгүй бол би чамайг одоо зайлуулна” гэж уурлаад шүүгээнээс хутга аваад далайхаар нь Б- ах айгаад аавын ардаас нь тэврээд биднийг хутгыг нь аваарай гэж хэлсэн чинь аав өөрөө хутга газар хаясан, тэр үед Б- ахын хурууг нь зүссэн байсан. Б- ах аавын хажууд зогсож байтал аав Б- ахыг манай гэрээс зайлаач гэж хэлээд нүүрэн тус газар нь тохойгоороо цохихоор нь Б- ах, Б-ыг дагуулаад гарч байтал аав ардаас нь галын дэгээ төмөр авч гарсан. Тэгээд аав, Б- ах хоёр гэрийн үүдэнд хэрэлдэж маргалдаад аав Б- ахыг заамдаад зууралцсан байдалтай зогсож байхад ээж ардаас нь гараад аавыг “...боль, гэртээ ор...” гэж хэлтэл аав ээжийг “...чи өөрөө гэртээ орооч...” гэж уурлаад нүүрэн тус газар нь цохитол ээж хана налаад унасан. Тэгсэн чинь Б- ах “...эмэгтэй хүнд гар хүрлээ гэж уурлаад аавын ардаас очоод хөлийг нь дэгээдээд юүдэнтэй цамцныхан малгайнаас татгаад толгойгоор нь цементэн дээр унасан. Тэр үед аав толгойн зүүн хэсгээрээ унаж хагалаад толгойноос нь их цус гарсан. Тэгээд аав босож ирээд Б- ахтай барилцаж аваад Б- ахыг дэгээ төмрөөр цохих гэтэл дэгээ төмөр нь Б- ахын гадуур хувцастай орооцолдоод цохиж чадаагүй, бид нар дундуур нь орж дэгээ төмрийг нь салгаж аваад нуусан. Тухайн үед Б- ах, аав хоёр ноцолдож, зууралцаж байгаад Б- ах аавын нүүрэн тус газар гараараа 2 удаа цохисон чинь ээж, бид нар тэднийг салгаад ээж, аавыг аваад гэртээ орсон, Аав, ээж хоёр буйдан дээр унтсан байхад нь цагдаа нар 5-6 минутын дараа ирээд Б- ахыг дагуулж гараад зөндөө олон юм асууж байгаад “дүүгээ аваад шууд гэртээ харь” гэж хэлээд явуулсан. Б- ах, Б- хоёр гэртээ хариад бид нар гэртээ орж унтацгаасан. ...” /1-р хх-ийн 82-83/,
насанд хүрээгүй гэрч Э.Э-ний: “...Аав гэнэт уурлаад Б- ахыг манайхаас зайл, би чамайг одоо зайлуулна гэж хэлээд шүүгээнээс хутга аваад далайхаар нь Б- ах айгаад аавын ардаас тэврээд биднийг хутгыг нь аваарай гэж хэлсэн чинь аав өөрөө хутга газар хаяхаар нь би хутгыг нь авч нуусан, тэгсэн аав Б- ахын хурууг нь зүсээд цус гаргасан байсан. Тухайн үед Б- ах аавын хажууд зогсож байтал аав Б- ахыг манай гэрээс зайл гэж хэлээд нүүрэн тус газар нь тохойгоороо цохихоор нь Б- ах, Б-ыг дагуулаад гарч байтал аав ардаас нь галын дэгээ төмөр авч гарсан. Тэгээд аав, Б- ах хоёр гэрийн үүдэнд хэрэлдэж маргалдаад аав, Б- ахыг заамдаад зууралцсан зогсож байхад ээж ардаас нь гараад аавыг “...боль, гэртээ ор...” гэж хэлтэл аав, ээжийг чи өөрөө гэртээ орооч гэж уурлаад нүүрэн тус газар нь цохитол ээж хана налаад унасан. Тэгсэн чинь Б- ах эмэгтэй хүнд гар хүрлээ гэж уурлаад аавын ардаас очоод хөлийг нь дэгээдээд юүдэнтэй цамцныхан малгайнаас татгаад толгойгоор нь цементэн дээр савж Унасан. Тэр үед аав толгойн зүүн хэсгээрээ цементэн дээр унаж хагалаад толгойноос нь их цус гарсан. Тэгээд аавд босож ирээд Б- ахтай барилцаж аваад Б- ахыг дэгээ төмрөөр цохих гэтэл дэгээ төмөр нь Б- ахын гадуур хувцастай орооцолдоод цохиж чадаагүй, бид нар дундуур нь орж дэгээ төмрийг нь салгаж аваад нуусан. 10 орчим минутын дараа буцаад манай гэрт ирээд ортол аав, ээж хоёр унтсан. ...Тухайн үед Б- ахын жинсэн хантаазанд шилээгүүр төмөр орооцолдсон байсан учир Б- ах биднийг энэ төмрийг надаас салгаач гэж орилсон, тухайн үед талийгаач Б- ахын хоёр гарыг барьсан хөдлөх боломжтой болгосон байхаар нь Б- бид хоёр шилээгүүр төмөрийг салгаж аваад би хуучин дэлгүүр ажиллуулж байсан өрөөний хаалганы ард нууж үлдээгээд бид сагсан бөмбөгийн талбай руу яваад эргэж ирээд би гал түлэхдээ хэрэглэчихээд буцааж нуугаад, маргааш өглөө Б-, Б- нарыг явсны дараа гаргаж ирсэн. Б- ах талийгаачийн ардаас нь малгайтай цамцны малгайнаас нь татаж, хойд талд нь хөлөө тавьж хавсарч газар Унасан. Тэр үед талийгаач толгойн дагз хэсгээрээ унаад цус гарсан. Толгойд нь хуучин шарх байгаагүй. 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр талийгаач нь хэн нэгэнтэй зодолдоогүй. ...” /1-р хх-ийн 86-87, 141-142, 3-р хх-ийн 35/,
насанд хүрээгүй гэрч Ө.Б-ын: “...Э ах гэнэт гарч ирээд Б- ахыг манай гэрээс зайл гэж хэлээд нүүрэн тус газар нь тойгоороо нэг удаа цохиод, шүүгээнээс хутга авч далайхаар нь М бид хоёр зууралцаж байгаад хутгыг нь булааж аваад нуусан. Тэгээд Б- ах тэдний гэрээс гараад үүдний дэргэд зогсож байтал Э ах галын дэгээ төмөр бариад хойноос нь гарч нуруун тус газар нь цохисон чинь Х эгч хойноос нь гарч ирээд нөхрийгөө “чи болиоч ээ, хүүхэд аллаа шүү дээ” гэж хэлсэн чинь “та хоёр ямар холбоотой юм бэ” гэж хардаж уурлаад нүүрэн тус газар нь цохитол Х эгч газар унасан. Үүнийг нь харсан Б- ах “...эмэгтэй хүнийг яагаад цохиж байгаа юм бэ...” гэж уурлаад Э ахын юүдэнтэй цамцны захны ардаас нь хүчтэй татаад газар Унасан чинь босож ирээд зууралцаад Б- ахыг дэгээ төмрөөр цохих гэтэл дэгээ төмөр нь Б- ахын гадуур хувцсанд орооцолдоод цохиж чадаагүй, тэр хооронд Б- ах Э ахын нүүрэн тус газар нь 2 удаа цохисон. Тэгсэн Э ах Б- ахын юүдэнтэй цамцнаас зулгааж үүдний амбаарт хоёулаа өнхөрч байгаад Б- ах дээр нь гарсан чинь Х эгч тэднийг салгаад нөхрийгөө босгоод гэр лүүгээ аваад орсон. ...” /1-р хх-ийн 113-114, 136, 3-р хх-ийн 37/,
гэрч Г.Х-гийн: “...унтахдаа үлдсэн нэг шил архиа орны толгой дээр тавиад уугаад унтах гэж байсан чинь талийгаач маань гэнэт уурлаж босож ирээд надад чи муу намайг архи уулгаж тасалж Уад Б-тай унтах гэж байна уу? гэж уурлаад бид хоёр орон дотроо хэрэлдэж байтал талийгаач маань хүүгийн ангийн хүүхэд Б-д хандаж “...чи наад Б- ахыгаа аваад зайл манай гэр зочид буудал юм уу” гэж хэлээд хөөсөн. Тэгсэн чинь Б- талийгаач хоёр маргалдаад гэрээс гараад гэрийн гадна заамдалцсан байдалтай зогсож байгаад хоорондоо зодолдоод нэг, нэгнийгээ газар Унасан хэн нь эхэлж хэнийгээ газар Унаж хаана нь цохисон талаар санахгүй байна. Тэгээд удалгүй цагдаа ирэхээр нь би гарч уулзах гэсэн чинь манай хоёр ихэр хүүхэд уулзуулаагүй, Б- цагдаатай гарч уулзсан гэж сүүлд надад хэлсэн. ...Өглөө би сэрээд хартал манай гэрийн угаалтуурын хажууд цустай ариун цэврийн цаас байхаар нь аваад хогийн сав руу хийсэн, тэгсэн талийгаачийн толгойноос цус гарч хатсан байдалтай талийгаач мөнгө над руу шидээд, дэлгүүр яваад архи аваад ир гэж хэлсэн. Тэр үед миний толгой өвдөөд босож чадахгүй байсан учраас “өөрөө яваач” гэж хэлтэл талийгаач “би яаж ийм нүүр царайтай явдаг юм” гэж хэлсэн. Тухайн үед талийгаач Б-тай зодолдоод уруул нь хавдсан байдалтай байсан. ... Нэг мэдсэн 19:00 цаг өнгөрч байхад миний бага охин Э намайг сэрээгээд “...яаралтай гараад ир аав У ахын гэрт эвгүй болсон байна гэнэ...” гэж хэлэхээр нь би босоод У ахын гэрт ортол нөхөр маань У ахын байшинд ороод дээшээ харсан байдалтай хэвтэж байхаар нь би толгойг нь өргөөд өвөр дээрээ тавитал сонин дуу гаргаад амьсгалахгүй больсон. ...” /1-р хх-ийн 96-98, 2-р хх-ийн 29, 3-р хх-ийн 39/,
гэрч Б.О-ын: “...Э 0,75 литртэй архи, тамхи авч ирсэн, ямар нэртэй архи тамхи байсан талаар би санахгүй байна тэгээд тэрийг би болон Э, Э, А Х бид тав хамт ууж дуусгаад Э эхнэртэйгээ хамт би таны мөнгийг аваад ирье, одоо том хүү мөнгө шилжүүлж байгаа гээд гараад явсан. Тэгээд Э А бид гурав буцаад унтсан. Тэгээд 19:00 цагийн үед байх би бие засах гээд гарсан чинь байшингийн гадна хаалганы босгон дээр толгой нь дээшээ хөл нь доошоо чиглэлтэй хэвтэж байсан. Тэгээд би Э-г чи гадаа унтаад байна ш дээ ор гэсэн чинь тоохгүй байхаар нь би гэр рүү оруулая гээд би ганцаараа дийлэхгүй байсан учир том өрөө рүү хальт оруулаад үлдээсэн. Э ирж үзээд наа чинь нэг л сонин байна гэсэн тэгэхээр нь би Э-гийн биеийг хальт үзээд шууд гэр рүү нь яваад эхнэрт нь бие нь таагүй байна, чи авч яваад үзүүлчих гээд аваад ирсэн, ирэхдээ уруул нь хөхөрсөн байсан. Өөр ямар нэгэн гэмтэл байхгүй байсан байх. Эхнэр Х нь өчигдөр нь хүнтэй зодолдсон гэж ярьж байсан. ...” /1-р хх- ийн 102-104/,
гэрч Л.Ш-ийн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байшингийнхаа үүдний амбаарт О-той хамт унтаж байтал, 19-20 цагийн хооронд А, О хоёр шээх гээд гарах үед талийгаач амбаарын үүдний хэсэгт доошоо харсан хэвтэж байхаар гадаа сэрүүхэн байна хөлдөөд үхжиж магадгүй гэж бодоод чирээд байшин руу оруулахаар нь би талийгаач дээр очоод босоод хойд өрөөнд ороод хэвт гэж хэлтэл хариу дуугарахгүй байхаар нь биед нь хүртэл хариу үйлдэл үзүүлэхгүй байсан. Би эргүүлж дээш нь харуулсан чинь уруул нь хөхөрсөн царай нь цонхийсон эвгүй харагдахаар нь О-г дуудаад энийг хардаа эвгүй болчихжээ гэж хэлтэл О ирээд цээжин дээр нь 2 гараараа дараад зүрхний массаж хийтэл талийгаач нэг гүнзгий амьсгаа аваад буцаад ухаангүй болмогц О талийгаачийн эхнэрийг дуудах гээд гуйж гараад Х-г дуудсан, тэр хооронд түргэн тусламж дуудсан юм шиг байна лээ. Удалгүй түргэн тусламж ирж талийгаачийг үзээд нас барсан байна гэж хэлсэн...” /1-р хх-ийн 119-121/,
гэрч Н.Г-ын: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 02 цагийн үед У хоч /Ш/-той хоносон. 11 цагийн үед байхаа талийгаач орж ирээд 0.75 литрийн архи авчраад бүгд хувааж ууцгаасан. Ингэж ууж байх үед талийгаач толгой өвдөөд байна гэж хэлээд толгойн зүүн талаа үе, үе бариад байхаар нь яасан юм гэж асуутал “өчигдөр шөнө дүүтэй маргалдаад зодолдсон” гэж хэлснээс өөр зүйл хэлээгүй, орой /цаг хэд болж байсныг санахгүй байна/ У намайг сэрээсэн. Би сэрээд хартал талийгаач У-ын гэрт гал тогоо, том өрөө хоёрын голд доош харсан байдалтай уруул нь хөхөрсөн эвгүй болсон байсан. Удалгүй Х орж ирээд талийгаачийн толгойг өвөр дээрээ тавьж нүүрийн барьж үзээд “...ахаа зүгээр даарсан байна ш дээ...” гэж хэлсэн, удалгүй түргэн ирж үзээд биднийг гаргаад Х, О хоёртой хамт үлдэж талийгаачийг үзээд нас барсан байна гэж хэлсэн. ...” /2-р хх-ийн 82-84/,
гэрч Ш.Д-ын: “...2023 оны 4 дүгээр сарын 14-ний орой 22:00 цагаас хойш байсан шиг санаж байна, зодоон болоод байгаа бололтой хүмүүс шуугилдаад байхаар нь би гэрээс гараад талийгаачийн байшинд орох гэтэл талийгаач нэлээн согтуу толгойн 2 талаас нь цус урссан, уруул нь хавдаад цус гарсан байдалтай, Б- нь хаалганы гадна талд мөн адил согтуу хоорондоо хэрэлдээд, талийгаач нь Б-ыг гэртээ оруулахгүй гээд Б- нь гэрт нь орно гээд хэрэлдэж байсан. Тэгтэл цаанаас Х нэлээн согтуу гарч ирээд намайг гэртээ оруулахгүй гээд хөөгөөд байхаар нь би гэртээ орсон. Намайг очих үед зодоон болоод дууссан байсан...” /1-р хх-ийн 144/,
гэрч Д.Т-дын: “...Талийгаач надад их дургүй, би таарамжгүй харилцаатай болохоор би гэрт нь ордоггүй. Зодолдсон эсэхийг хараагүй болохоор мэдэхгүй байна. Ямар ч байсан хэрүүл маргаан болоод орилолдоод чанга дуугаар хэрэлдээд байсан. Б-тай байшингийнхаа гадна зодолдоод байсан гэж П-д эгчтэй ярьж байхыг сонссон. ...” /1-р хх-ийн 116-117/,
гэрч Ц.М-ийн: “...Би 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 23 цаг 50 минутын үед Бэлх-10-аас Сүхбаатар дүүргийн .... дугаар хороо, Дамбын ногоон байшинд согтуу хүн агсан тавиад байна гэх дуудлага мэдээлэл хүлээн авч 23 цаг 55 минутын үед очиж шалгахад, 4-11 насны 5 хүүхэд, мөн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн тус тусдаа орон дээр хөнжилдөө орсон байдалтай хэвтэж байсан. Тэгсэн чинь эмэгтэй нь орон дээрээ өндийж суугаад би дуудлага өгөөгүй, манай нөхөр бид хоёр айлд очиж архи ууж байгаад ирсэн чинь хүүхдүүд айгаад 102 руу дуудлага өгсөн юм шиг байна гэж хэлсэн. Тэгээд өрөөний баруун урд хэсэгт байх орон дээр хэвтэж байсан эрэгтэйн зүүн чихний дээд хэсэгт шалбарсан цус гарсан байдалтай байсан. Тэгээд хэн цохисон талаар тодруулахад намайг хүн цохиогүй гэж хэлсэн. Нөгөө орон дээр байсан эмэгтэйгээс асуухад би гараараа цохисон гэж надад хэлсэн. ...Харанхуй өрөөний цаад буланд цохны хажууд нуугдсан байдалтай, 20 орчим насны эрэгтэй хүн зогсож байсныг авч гараад гэрэлтэй өрөөнд оруулж харахад өмсөж байсан саарал өнгийн малгайтай цамцны 2 ханцуй хэсэг нь цус болсон мөн нурууны хэсэгт цусны толботой байсан. Тэгээд юу болсон талаар тодруулахад, би дуудлага өгсөн, Э гэх хүн намайг эхнэртэйгээ хардаж над руу хутга барьж дайрсан, би энд дүүгээ авах гэж ирсэн юм, манай дүү энэ айлын хүүхдүүдтэй найзалдаг эдний гэрт хонох гээд ирсэн намайг ирэхэд Э эхнэртэйгээ согтуу байсан намайг гэрт нь ороход Э чи манай гэрт яах гэж орж ирсэн юм гээд агсан тавиад хутга бариад байхаар нь би 102-т дуудлага өгсөн. Над руу хутга барьж дайрсан асуудал дээр нь би гомдолтой байна гэсэн...” /1-р хх-ийн 127-129/,
гэрч Б.Б-ын: “...Б- нь надад Э ах над руу орж ирээд дайраад зайл гэж хөөгөөд хутга барьж дайрах үед нь Э ахыг би тэвэрч аваад зууралдсан, цохиж зодсон зүйл байхгүй гэж хэлж байсан. ...” /1-р хх-ийн 131-132/ гэсэн мэдүүлгүүд,
дуудлагаар 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр П.Э-ы гэрт очиход “...амь хохирогч П.Э- хөнжлөөсөө толгой гаргасан цагдаагийн албан хаагчтай ярилцаж байгаа...” -г бэлжүүлсэн цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерын бичлэг /2-р хх-ийн 15-22/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 1122 дугаартай: “...Талийгаачид зүүн зулай ясны шугаман хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун тал бөмбөлгийн духны суурийн хэсгийн эдийн няцрал, хуйханд цус хуралт, шарх, зулгаралт, зүүн хөмсөг, уруулын салст, цээж, баруун гуя, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удАн цохих, цохигдох үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой ба суугаа, босоо, хэвтээ байрлалын аль алинд үүсэх боломжтой гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хатуу хальсан доорх цусан хураа нь тархи дарагдаж төвийн гаралтай амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсох хүртэл идэвхтэй үйл хөдөлгөөн хийх бүрэн боломжтой. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Цогцост хийсэн гадна үзлэгээр нас бараад 5-6 цаг болсон байна. Нэгдүгээр бүлгийн цустай байна. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлүүдийн улмаас тархи дарагдаж эрс хавагнаж нас баржээ...” гэсэн шинжээчийн дүгнэлт, шинжээчийн үзлэгийн гэрэл зургууд /1-р хх-ийн 145-152/,
2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 01 цаг 05 минутад хийсэн “...баруун чамархайн дээд хэсэгт орчны эд овойж хавдсан 3x0,5 см, 2x0,2 см хүрэн улаан өнгийн шархтай, зүүн чамархайд орчны эд овойж хавдсан 2x0,5 см зах ирмэгийн тэгш бус шархтай, шархнаас цус гарна, зүүн чамархайн дунд хэсэгт 2x0,3 см хүрэн улаан өнгийн зулгаралттай, зүүн хөмсөгний дээд хэсэгт хүрэн хөх өнгийн цус хуралттай, доод уруулын дотор салст болон урууланд хөхөлбөр өнгийн цус хуралттай, цээжний зүүн дээд хэсэгт 2x1,5 см, 3x1,5 см бүлэг хөх өнгийн цус хуралттай, баруун гуяны урд, дунд хэсэгт 4x3,5 см, 3,5х2см хөхөлбөр өнгийн, зүүн өвдөгт 1x1,5 см хөхөлбөр өнгийн, зүүн шилбэний дотор дээд хэсэгт 5x3 см хөхөлбөр өнгийн, дунд хэсэгт 3x2 см хөхөлбөр өнгийн цус хуралтуудтай, баруун өндөгт 1x0,5 см хүрэн улаан өнгийн зулгаралт, 7x5 см хүрэн ягаан өнгийн цус хуралттай. Биед өөр харагдах гэмтэл шархгүй...” гэсэн амь хохирогчийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-ийн 56-58/,
шинжээч эмч Э.Э-ын: “...Дээрх гэмтлүүдийн гавал тархины битүү гэмтэл буюу зүүн зулай ясны шугаман хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, 2 тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн няцрал, хуйхан дахь цус хуралт, шарх гэмтлүүд үүссэний улмаас талийгаач нь нас барсан байна. Уг гэмтлүүд нь цохих болон цохигдох хүчин зүйлийн улмаас үүсгэгдэх боломжтой гэмтлүүд юмаа. Бусад зүүн хөмсөг уруулын салст, цээж, баруун гуя, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь үхэл хүргэх шалтгаан болохгүй бөгөөд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Уг гэмтлүүд нь унах болон цохих, цохигдох үед үүсэх боломжтой гэмтлүүд. Цогцост хийсэн гадна үзлэгээр нас бараад 5-6 цаг болсон байжээ. Үүнээс үзэхэд талийгаач 2023 оны 4 дүгээр сарын 15-ны 19-20 цагийн үед нас барсан гэж дүгнэхээр байна. “Цохих” гэдэг нь шууд утгаар мохоо зүйлээр цохихыг ойлгоно. “Цохигдох” гэдэг нь хүний биед хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр цохих, цохигдох, хатуу гадаргууд унах үед үүссэн гэмтлийг ойлгоно. Хатуу хальсан доорх цусан хураа нь тархи дарагдаж, төвийн гаралтай амьсгал зүрх судасны үйл ажиллагаа зогсох хүртэл идэвхтэй үйл хөдөлгөөн хийх боломжтой. Дээрх гэмтлийг авснаас хойш нас барах хүртэл идэвхтэй үйл хөдөлгөөн хийх боломжтой үүнийг цаг, хугацаагаар нарийн хэмжих боломжгүй. ...Эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгэг цаг алдалгүй оношилж эмчлэгдсэн тохиолдолд амь нас аврагдах боломжтой. ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 162-163, 3-р хх-ийн 27/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 683 дугаартай хэргийн материалаар хийсэн: “...2023.04.16-ны өдрийн 01 цаг 05 минутын шүүх эмнэлгийн цогцосны гадна үзлэгээр нас бараад 5-6 цаг болсон байна. Цохих, цохигдох үйлчлэл нь гэдэг нь утгын хувьд ижил ба тухайн хэсэгт цохих, цохигдох хүч үйлчилсэн механизмыг хэлж байгаа юм. Талийгаачид учирсан гавал тархины битүү гэмтэл нь зүүн зулай, чамархай хэсэгт хүч үйлчилсний улмаас /тухайлбал зүүн зулай, чамархай хэсгээр унах, цохигдох/ үед үүснэ. Талийгаачид учирсан зуун зулай ясны шугаман хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун тал бөмбөлгийн духны суурийн хэсгийн эдийн няцрал, хуйханд цус хуралт, шарх, зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Харин зүүн хөмсөг, уруулын салст, цээж, баруун гуя, зүүн өвдөг, шилбэнд цус хуралт, баруун өвдөгт зулгаралт, цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэсэн нэмэлт шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 43-46/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 521 дугаартай: “...ШШЕГ-н 2023.07.04-ний өдрийн 683 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. П.Э-д учирсан гавал тархины битүү гэмтлийн үед яаралтай эмнэлгийн тусламж авсан тохиолдолд амь нас аврагдахыг үгүйсгэхгүй. Зүүн хөмсөгний цус хуралт, доод уруулын салстын шарх, цээж, баруун гуя, зүүн өвдөг шилбэнд цус хуралт, баруун өвдөгт цус хуралт зулгаралт гэмтлүүд нийлээд хөнгөн зэрэгт хамаарах ба дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн хөмсөгний цус хуралт, доод уруулын салстын шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 22-23/,
шинжээч эмч Б.А-ын: “...Гавал тархинд үүссэн битүү гэмтлийн үед гэмтлийн хэмжээ болон байрлал тухайн хүний бие мах бодийн онцлогоос хамаарч эмнэл зүйн хэлбэр хүн бүрд харилцан адилгүй илэрдэг. Тиймээс эмчилгээний үр дүнг энэ тохиолдолд хэрхэн үр дүнтэй байхыг тааварлахад төвөгтэй. Дээрх хоёр гэмтэл нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 24/,
Ө.Б- нь хэрэг хариуцах чадвартай болохыг тогтоосон Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 455 дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 36-37/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1979 дугаартай: “ХГҮ-ээр хураан авсан гэх байшингийн гадна талаас бэхжүүлж авсан гэх сальфетка, хуванцар саванд хийсэн нунтаг зүйл, байшингийн гадна хэсгээс бэхжүүлж авсан гэх хөрс, шорооны дээж дээр хүний цус илэрсэн. Уг цус нь 0/1/ бүлгийн харьяалалтай байна. ХГҮ-ээр хураан авсан гэх шаргал эрээн өнгийн иштэй нийт урт нь 27 см заазуур 1ш, бор өнгийн иштэй нийт урт нь 32 см хутга дээр цус, биологийн гаралтай ул мөр илрээгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 164-165/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 5144 дугаартай: “Ө.Б-ын биед хүзүү, баруун эгмэнд цус хуралт, баруун бугалга, хоёр сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 201-202/,
Ө.Б-ын яллагдагчаар мэдүүлсэн: “...Би 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр ... талийгаач миний ардаас дэгээ төмөр барьсан гарч ирээд миний нуруун тус газар 1 удаа цохихоор нь би түүнийг тэврээд дэгээ төмрийг нь аваарай гэж орилоод талийгаачийн нүүрэн тус газар нь гараараа цохисон чинь талийгаач зөрүүлээд миний нүүрэн тус газар гараараа цохихоор нь би түүнийг зүүн талаар нь хөмөрч газар Унасан чинь талийгаач босож ирсэн. Тэр үед би хойшоо алхаж байгаад амбаарын босгонд нь тээгэлдэж унахад талийгаач миний дээрээс дарж унахаар нь би доороос нь нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохисон талийгаачийн ээж нь гарч ирэхээр нь зодолдохоо болиод боссон. ...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 12-р хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.
2. Шүүгдэгч Ө.Б-ын 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр тухайн үед үүссэн “эмэгтэй хүнд гар хүрлээ” гэх таарамжгүй харилцааны улмаас П.Э-тай маргалдаж, улмаар П.Э-ыг цохих, толгой хэсгээр нь хатуу гадаргуу дээр Ух зэргээр эрүүл мэндэд нь “...зүүн зулай ясны шугаман хугарал, хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх голомтлог цус харвалт, баруун тал бөмбөлгийн духны суурийн хэсгийн эдийн няцрал, хуйханд цус хуралт, шарх, зулгаралт...” гэсэн хүнд гэмтэл санаатай учруулсан, уг гэмтлийн улмаас хохирогч П.Э-ы тархи дарагдаж эрс хавагнаж маргааш нь буюу 2023 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр нас барсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “...Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан...” гэсэн шинжтэй байна.
Ө.Б- нь хохирогч П.Э-ы биед санаатай үйлдлээр хүнд гэмтэл учруулсан, харин тус санаатай үйлдлийн улмаас учирсан хүнд гэмтлээс шалтгаантайгаар П.Э-ы амь нас нь хохирно гэдгийг мэдээгүй байсан нөхцөл байдал нь нотлох баримтаар тогтоогдсон байх тул Ө.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулах үйлдэлдээ санаатай гэм буруутай, харин нас барсан үйлдэлд болгоомжгүй хандсан гэм буруутай гэж дүгнэж, Ө.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтаар зүйлчилснийг хууль зүйн үндэслэлтэй болжээ гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-д заасан “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэснээр хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, хэргийн үйл баримтыг тогтоосон дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн шүүгдэгч Ө.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтаар зүйлчилж, тус зүйл хэсэгт заасан ял шийтгэлийг оногдуулсан байна гэж дүгнэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Эрүүгийн хуулийн шудрага ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “...таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял...” шийтгэхээс Ө.Б-ад 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан зэрэгт нь тохирсон төдийгүй их биш хэмжээтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнээд, хэргийн зүйлчлэл болон ялыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батхандын гаргасан “...хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
4. Анхан шатны шүүх нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар хэргийн үйл баримт, бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлтийг хийж зөв шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Я.Батханд нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.П-ээс бичиж өгсөн гэх “Ө.Б-аас оршуулга, сэтгэл санааны хохирлыг бүрэн авсан, хохиролгүй болсон тул Ө.Б-ын ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий гараар бичсэн хүсэлтийг гаргаж өгсөн. Уг баримтыг давж заалдах шатны шүүх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.П- бичиж өгсөн байдлыг тодорхойлж чадахгүй байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж дүгнэв.
Амь хохирогчийн ээж Ш.П- нь хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцсон байх ба шүүх түүний “...сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ...” гэсэн хүсэлтийг хангасан /2 хх 168-170 тал/ ба Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 3 дугаар сарын 4-ний 311 дугаар сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээгээр “Ш.П-ийн сэтгэцэд 2023 онд тохиолдсон гэмт хэргийн улмаас сэтгэл зүйн гэмтэл, дасан зохицохын хямралын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна.” гэсэн шинжээчийн дүгнэлт / 2хх 196-197 тал/ гарсан байна.
Анхан шатны шүүх:
хохирогчийн оршуулгын зардалд нотлох баримтаар тогтоогдож буй 5,604,428 төгрөгөөс төлсөн 4,500,000 төгрөгийг хасаж үлдэх 1,104,428 төгрөгийг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.П-ийн сэтгэцэд учирсан гуравдугаар зэрэглэлийн хор уршгийг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар тогтоолын дагуу тухайн гэмт хэрэг гарсан 2023 оны 4 сард дагаж мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,250,000 төгрөгийг тус тус шүүгдэгч Ө.Б-аас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.П-эд олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
5. Шүүгдэгч Ө.Б- нь шийтгэх тогтоол гарсан 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэсэн 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нийт 66 хоног цагдаагийн хоригдсоныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/226 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Б-ын өмгөөлөгч Я.Батхандын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Б-ын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл цагдаагийн хоригдсон 66 /жаран зургаа/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар хэргийн оролцогч гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Д.ОЧМАНДАХ