Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 305/ШШ2025/00888

 
 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Оюунбилэг би

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ******** сумын **************-н нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн ******** сумын *********** багт оршин суух, М-н М-д холбогдох,

1,500,000(нэг сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ******** сумын ************ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сумын **************-с ******** сумын Адууны чанарыг сайжруулах чиглэлээр ирсэн азарган үрээ авсан малчидтай түрээсийн гэрээ байгуулан 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр цавьдар зүсмийн хос арвай тамгатай 1 азарган үрээг ********** багийн малчин М-н М-д шилжүүлэн өгсөн. Гэвч гэрээнд зааснаар 3 жилийн хугацаанд дараагийн малчинд шилжүүлэн өгөх ёстой боловч өнөөдрийн байдлаар 1 азарган үрээг дараагийн малчинд шилжүүлэн өгөөгүй байна. Тиймээс тус иргэнээс гэрээний үүргийн дагуу 1 азарган үрээний үнэ болох 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.У, хариуцагч М.М нар шүүхэд бичгээр гаргасан эвлэрэлдээ: Говь-Алтай аймгийн ******** сумын *********** багийн малчин М.М-тай 2019 онд гэрээ байгуулан адууны чанарыг сайжруулах чиглэлээр 1 азарган үрээг шилжүүлэн өгсөн. 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ************-с нэхэмжлэл хүргүүлсэн. Малчин М.М-с өргөдөл хүлээн авч 2026 оны 06 дугаар сард өр авлагыг хүрэн барагдуулж, дараагийн малчинд шилжүүлэн өгөхөө харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ хийв гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Говь-Алтай аймгийн ******** сумын **************-н нэхэмжлэлтэй, М.М-д холбогдох, 1,500,000(нэг сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.

Дээрх иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.У, хариуцагч М.М нар нь харилцан тохиролцож, хариуцагч нь 2026 оны 06 дугаар сард нэг азарган үрээг дараагийн малчинд шилжүүлэн өгөхөөр эвлэрчээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана гэж заажээ.

Зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасны дагуу зохигчийн эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт төсвийн байгууллагын нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр зохицуулжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу Говь-Алтай аймгийн ******** сумын **************-н М.М-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт ...Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна... гэж хуульчилжээ.

Иймээс нэхэмжлэлийн үнийн дүн 1,500,000(нэг сая таван зуун мянга) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38,950(гучин найман мянга есөн зуун тавь) төгрөгийн тал хувь 19,475(арван есөн мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг хариуцагч М.М-с гаргуулж, улсын орлого болгох нь дээрх зохицуулалттай нийцнэ гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймгийн ******** сумын **************-н нэхэмжлэлтэй, М.М-д холбогдох, 1,500,000(нэг сая таван зуун мянга) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.У, хариуцагч М.М нар нь харилцан тохиролцож, хариуцагч М.М нь 2026 оны 06 дугаар сард нэг азарган үрээг дараагийн малчинд шилжүүлэн өгөхөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн ******** сумын ************ нь М.М-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус баримтлан нэхэмжлэлийн үнийн дүн 1,500,000(нэг сая таван зуун мянга) төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38,950(гучин найман мянга есөн зуун тавь) төгрөгийн тал хувь 19,475(арван есөн мянга дөрвөн зуун далан тав) төгрөгийг хариуцагч М.М-с гаргуулж улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Н.ОЮУНБИЛЭГ