Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар  2025/ДШМ/398

 

       

 

 

Д.Г-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга  даргалж, шүүгч М.Алдар, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Намжил,

шүүгдэгч Д.Г-, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал, П.Итгэл,

хохирогч Г.О-ийн өмгөөлөгч Ц.Энхбаяр, А.Буяндэлгэр,

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/144 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Намжилын бичсэн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 6 дугаар прокурорын эсэргүүцэл, хохирогч Г.О-ийн өмгөөлөгч Ц.Энхбаяр, А.Буяндэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Г-т холбогдох 2205031882130 дугаар эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Д-ын Г /РД: ....................../, ........................... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй;

 Шүүгдэгч Д.Г- нь 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хороонд Баянгол дүүрэг, .... дугаар хороо, ..... байрны ..... тоотод байхдаа хохирогч Г.О-ээс “Тээвэрлэлтийн мөнгө, барааны үнэ, ахаас мөнгө зээлсэн хүүг нь өгөх гэсэн юм, Бельги улсаас ундаа оруулж ирж байгаа түр хугацаагаар өгөөч” гэх мэтчилэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өөрийн Голомт банкны 120ххххххх дугаарын дансаар 15 удаагийн гүйлгээгээр 56,310,000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч зориулалтын бусаар зарцуулж, буцаан өгөх зорилгогүйгээр цахимаар мөрийтэй тоглож бусдад их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн Прокурорын газраас: Д.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б овогт Д-ын Г-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах заалтад заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Б.Г-т авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, Д.Г- баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдаж, энэ хэрэгт иргэний нэхэмжлэлийг хэлэлцээгүй орхисон болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Д.О нь иргэний нэхэмжлэлээ иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжпэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Хохирогч Г.О-ийн өмгөөлөгч Ц.Энхбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Г-т холбогдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2 дах заалтад заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ, хохирогчоос мөнгө авсан үйлдэлд нь залилах гэмт хэргийн хуульд заасан шинжүүд тогтоогдоогүй гэж үзжээ. Хохирогч талаас шүүхийн энэхүү дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэхийн сацуу Д.Г-ын үйлдэл нь залилах гэмт хэргийн зарим шинжийг буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан, зохиомол байдлыг зориудаар бий болгосон гэж үзэж байна. Учир нь, Д.Г- нь мөнгө авахдаа үргэлж худал хэлж, найз охины ээж гэх байдлыг ашиглан урьдын харилцааны итгэлийг ашиглан хохирогч Г.О-ийн эзэмшлийн Альпард автомашины тос солиулах, машин угаалгана гэх зэргээр мөнгө авч мөрийтэй тоглоом тоглосон үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.  

Хохирогч Г.О-ийн өмгөөлөгч А.Буяндэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гомдлын үндэслэл: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй буюу тус зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан, 1.3-т заасан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхийн нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй.

Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх түхай хуулийн хэрэглээ, эрх зүйн үндэслэл: Залилах гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Бусдын эд хөрөнгө өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субъектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдэлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилах гэмт хэрэг нь гэрээний эрх зүйн маргаанаас ялгагддаг. Энэ гэмт хэргийг эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийг эрхийг “...хуурч, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харицааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах...” аргаар үйлдсэн байхыг шаардана.

Д.Г- нь Г.О-ээс 15 удаагийн үйлдэлээр нийт 53,310,000 төгрөгийг дансаар авахдаа “тээвэрлэлтийн мөнгө, барааны үнэ, ахаас мөнгө зээлсэн хүүг нь өгөх гэсэн юм. Белги Улсаас ундаа оруулж ирж байгаа, түр хугацаагаар өгөөч” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогчийг төөрөгдөлд оруулж, итгэлийг урвуулан ашиглаж авсан байх бөгөөд Г.О-ээс авсан мөнгөө дээрх авсан зорилгодоо зарцуулаагүй буюу цахим бооцоот мөрийтэй тоглоом тоглож захиран зарцуулсан нөхцөл байдал нь Д.Г-ын дансны хуулга, цахим мөрийтэй тоглоомын данс цэнэглэдэг гэрчүүд болох Б.Ш, О нарын мэдүүлэг, дээрх гэрчүүдийн дансны хуулга зэргээр нотлогддог. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолдоо “Д.Г- нь Г.О-ээс мөнгө авсан үйлдэлд түүнийг ...”хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгосон, төөрөгдөлд оруулсан, итгэлийг урвуулан ашигласан” гэсэн залилах гэмт хэргийн хуульд заасан шинжүүд тогтоогдохгүй байна. Д.Г- нь дээр дурьдсан зорилгод уг мөнгийг захиран зарцуулаагүйгээс үүссэн хариуцлагаа өөрөө хариуцах бөгөөд харин Г.О-ийн өмнө тухайн зорилгод зориулаагүйн төлөө хариуцлага хүлээхгүй” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь талуудын чөлөөт байдал, тэгш эрх, харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд хийгддэг учир гэрээ анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан нь тогтоогдсон, үүнийгээ гэрээний нэг тал урьдчилан мэдсээр байж байгуулсан, нөгөө тал /хохирогч/ нь мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бол залилах гэмт хэрэг гэж үздэг. Г.О-ийн хувьд Д.Г-ын дээрх зорилгоор буюу “тээвэрлэлтийн мөнгө, барааны үнэ, ахаас зээлсэн мөнгөний хүү өгөх гэсэн юм, Белги Улсаас ундаа оруулж ирж байгаа, түр хугацаагаар өгөөч” гэх зэргээр авч байгаа мөнгөөр мөрийтэй тоглоом тоглох гэж байгаа гэдгийг мэдэхгүй, мэдэхгүй боломжгүй юм. Түүнчлэн тус мөнгийг мөрийтэй тоглоом тоглоно гэж хэлсэн бол Г.О- өгөхгүй гэдгийг Д.Г- сайн мэдэж байгаа учраас хуурч мэхэлж авсан байдаг.

Бусдын эд хөрөнгийг зээл нэрээр халхавчлан залилах нь уг зээлийг буцаан төлөх бодит баталгаагүй, барьцааны хөрөнгөгүй, хөрөнгө байлаа ч гэсэн эрхийн зөрчилтэй, тухайн эд хөрөнгийг барьцаалах бүрэн эрхгүй этгээд барьцаалсан. Түүнчлэн, Иргэний хуульд заасан барьцааны гэрээ байгуулах журмыг санаатай зөрчсөн байдаг зэргээр иргэний эрх зүйн зээлийн гэрээнээс ялгагдана. Д.Г- Г.О-ийн мөнгийг авахдаа өөрийгөө бизнес хийж байгаа мэтээр төөрөгдөлд оруулан итгүүлж, хуурч мэхлэн мөнгийг нь шилжүүлж аваад мөрийтэй тоглоом тоглож байгаа үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж үзэж байна. Иймд цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.  

Прокурор Г.Намжил бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн цагаатгах тогтоолд “...Хохирогч Г.О-ийн хувьд Д.Г-т мөнгө өгөхдөө “...Би Д.Г-ыг өөрийн ганц охины найз залуу, түүний амьдралыг дэмжих, амьдралд нь дэм тус болох, зорьсон зорилгодоо хүрэг гэдэг утгаар 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын хугацаанд нийт 88,118,500 төгрөгийг түүнд шилжүүлсэн байна /1-р хх-ийн 30/. Д.Г- нь яллах дүгнэлтэнд дурдсан “тээвэрлэлтийн мөнгө, барааны үнэ, ахаас мөнгө зээлсэн хүүг нь өгөх гэсэн юм, Бельги улсаас ундаа оруулж ирж байгаа” гэсэн үүргийг Г.О-ийн өмнө хүлээгээгүй бөгөөд хохирогчийн шилжүүлсэн мөнгийг өөр байдлаар зарцуулсан нь хохирогчийг залилсан гэж үзэх боломжгүй юм. Ялангуяа “түр хугацаагаар өгөөч” гэсэн үйлдлийг залилах гэмт хэрэг гэж үзэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Д.Г- нь дээр дурдсан зорилгод уг мөнгийг захиран зарцуулаагүйгээс үүссэн хариуцлагаа өөрөө хариуцах бөгөөд харин Г.О-ийн өмнө тухайн зорилгод зориулаагүйн төлөө хариуцлага хүлээхгүй...” гэж дүгнэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр Д.Г-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Залилах гэмт хэргийн шинжийг гэм буруугийн санаатай хэлбэр, бусдын өмчлөх эрх, бусдын эд хөрөнгийг хэрхэн шилжүүлэн авч буй арга хэлбэрээр иргэний эрх зүйн харилцаанаас ялган зүйлчилдэг. Иргэний эрх зүйн шинжийг хууль тогтоомжид зааснаар хэлцэл, гэрээний үндсэн дээр болзол тавьж, харилцан эрх үүрэг хүлээж, биелэлтийг тооцох, дүгнэн эрсдэлд орсон улмаас үүссэн маргааныг ойлгохоор хуульчилжээ. Гэтэл Д.Г-, Г.О- нарын хооронд харилцан үр дагавар үүсгэсэн иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, гэмт санаа зорилго нь хүний оюун санаанд бүрэлдэн тогтож, үйлдлээр илрэн гардаг сэтгэхүйн дотоод харьцаа байдаг тул гэмт үйлдлийн шинж чанар, хэрэглэсэн арга, хэрэгсэл, газар, цаг хугацаа, орчин нөхцөл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар зэрэг объектив байдалд үндэслэн гэм буруугийн хэлбэрийг тодорхойлох боломжтой юм.

Д.Г- нь хохирогч Г.О-ийн төрсөн охинтой хувийн харилцаатай бөгөөд тэд харилцаа хамаарлын хувьд бие биесээ мэдэх, итгэл хүлээж болохуйц байдлыг далимдуулан, уг харилцаагаа давуу байдал болгон хохирогчийн эд хөрөнгө болох мөнгөн хөрөнгийг өөртөө шилжүүлэн авахын тулд бизнесийн үйл ажиллагаа эрхэлж, тухайн ажилдаа зарцуулж буй мэтээр ойлгуулан, ашиг орлогоос буцаан төлнө гэж, хуурах аргаар өөртөө шилжүүлэн авч, цахим бооцоот тоглоом тоглож үрэгдүүлж, өдий хүртэл ямар ч хариу төлбөр төлөөгүй нь залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

Хохирогч Г.О-ийн 2021 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн хооронд 15 удаагийн гүйлгээгээр “захиалсан барааны тээвэрлэлтийн мөнгө төлөх, захиалсан барааны үнэ төлөх, төрсөн ахаас зээлсэн мөнгөний хүүг нь төлөх, бельги улсаас ундаа оруулж ирж байгаа түр хугацаагаар өгөөч” гэсэн үгэнд итгэж, охин Г.Н, Д.Г- нарын амьдрал ахуйд тус нэмэр болохоор мөнгийг шилжүүлсэн санааг буруутгах боломжгүй юм.

Шүүгдэгч Д.Г-ын хувьд хохирогчоос шилжүүлэн авсан мөнгөн хөрөнгийг хэлж авсан зориулалтын дагуу зарцуулах санаа байгаагүй болох нь Д.Г-ын эзэмшлийн Голомт банкны 120ххххххх тоот дансаар хэрхэн зарцуулсан зарлагын гүйлгээгээр тогтоогдоно.

Цагаатгах тогтоолд, Д.Г- нь Г.О-ээс 15 удаагийн гүйлгээгээр нийт 56,310,000 төгрөгийг өөрийн хувийн үйл ажиллагаанд зарцуулахаар авсан гэж үзэхээр байна” гэж мөнгөн хөрөнгийг авсан болохыг дүгнэсэн ба зориулалтын хувьд цахим бооцоот тоглоом тоглон захиран зарцуулсан байхад “тээвэрлэлтийн мөнгө, барааны үнэ, ахаас мөнгө зээлсэн хүүг нь өгөх гэсэн юм. Бельги улсаас ундаа оруулж ирж байгаа, түр хугацаагаар өгөөч” гэж хувийн хэрэгцээнд зарцуулсан гэж хууль зүйн дүгнэлт хийсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Д.Г- нь хохирогч Г.О-ээс ямар нэгэн аргаар хуурч мөнгө авч буй нь гэм буруугийн шууд санаатай, хууль бус үйлдэл бөгөөд залилах гэмт хэргийн урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж, хохирогчийг төөрөгдүүлж, бодит байдлыг гуйвуулах замаар хохирогчийн зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр өөрийн өмчлөлд авсан үйлдлийг Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэрэг гэж үзэхээр байна.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Г.О-ийн мэдүүлэг тогтвортой, харин мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт Д.Г-ын өгсөн мэдүүлгүүд агуулгын хувьд зөрүүтэй байхад цагаатгах талын нотлох баримт болгон үнэлсэн нь өөрөө хууль зөрчсөн нотлох баримт учраас үүнийг цагаатгах болон яллах аль ч талын нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.

Залилах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцаа хамааралд дүгнэлт хийгээгүй нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж дүгнэлээ.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/144 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хянан хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Шүүгдэгч Д.Г-ын өмгөөлөгч Ж.Тэгшмандал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байна. Д.Г-ыг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол танилцуулахдаа 25 удаагийн үйлдлээр 85.000.000 төгрөг залилсан гэж буруутгасан. Дараа нь мэдүүлэг авахдаа 33 удаагийн үйлдэл болгосон. Сүүлд нь 2-3 удаа шөнийн цагаар мөрдөгч үзлэг явуулсан. Үзлэг хийгээд 56.000.000 төгрөг болгосон. Прокуророос зүгээр өөрийнхөө үзэмжээрээ 56.000.000 төгрөг болгосон. Г.О-ийн данснаас Д.Г-ын дансаар орсон гүйлгээ болгоныг залилсан үйлдэл болгож харуулсан. Зохиомол байдлыг зориуд бий болгосон гэж үздэг. Тээвэрлэлтийн мөнгө, барааны үнэ, ахын мөнгөний зээлийн хүүг төлнө, Бельги улсаас ундаа оруулж ирнэ гэх зэргийг шинж болгон оруулж холбох гэж үзсэн. 15 үйлдэл гэдэг боловч прокурорын үзлэгээр 17 үйлдэл байдаг. Д.Г-, Г.О- нарын хооронд харилцаа байсан. Д.Г- нь Н-той хамт амьдарч байсан. Гэр бүлийн баталгаагүй боловч хамтын амьдралтай байсан. Д.Г- нь Г.О-, Н нарын ажилд байнга тусалж байсан ба мөн хамтын бизнес хийж байсан. Г.О-, Н нар нь анх жимсний худалдаа эрхэлж байсан бөгөөд жимс оруулах ашигтай гэсэн байдаг. Д.Г-ын найз И гэх хүнээс 25.000.000 төгрөг, ах Г-оос 25.000.000 төгрөг, нийт 50.000.000 төгрөгийг вальют болгосон. Г.О-ийн найз Т гэх хүнээр дамжуулан Турк улсаас жимс авсан. Тухайн жимс нь тээвэрлэлтийн явцад муудсан. Н-гийн компаниар оруулж ирсэн баримт нь хэрэгт байгаа. Мэргэжлийн хяналтын акт тавигдаж устгагдсан. Жимсний хүү, зээлийн хүү төлж байсан болох нь хуурч зохиомол байдлыг бий болгосон асуудал биш ба бодит үнэн зүйл юм. Муудсан жимсний өр ширийг шийдэх асуудал болохоороо Турк улсын даатгалаас гаргуулах боломжтой гэж үзэж Г.Н нь тээврийн хэрэгслийг чөлөөлүүлээд явсан. Тэрийнхээ зээл болон зээлийн хүүнд тодорхой мөнгө төлж байсан. Бельги улсын ундааны асуудал нь бодиттой юм. Доктор пеппер, Сансари гэх 2 компани байдаг. Доктор пеппер ундааг одоо ч оруулж ирээд зарж байгаа. Нэгдүгээр хавтаст хэрэгт энэ талаар баримтжуулсан байгаа. Хил гаалийн бичиг баримтууд нь хэрэгт байгаа. Зохиомол байдал үүсгэсэн асуудал байхгүй. 30-40 хувийн ашигтай байдаг болохоор охин Г.Н болон Г.О- нар өөрсдөө энэ бизнес рүү орохоор санал тавьсан байдаг. Тухайн үед хамтарч ажиллаж байсан БолорТ гэх хүний оруулсан мөнгийг гаргаж өгсөн. Энэ бизнес рүү орсон байдаг. 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Д.Г-ын өгсөн гэрчийн мэдүүлэг байгаа. 30 сая төгрөгийг Г.О- оруулсан гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт “Өглөг авлагын асуудал байгаа. Өглөг авлагын асуудлаа шийдвэрлээд зөрүү байвал надаас авч болно” гэж тайлбарлаж байсан. Энэ нь дээр ямар ч залилан мэхэлсэн, хуурсан асуудал байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж байна. Гэмт хэргийн шинж нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй. Зориудаар хуурамч зүйл бий болгосон асуудал байхгүй. Иймд цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.  

Шүүгдэгч Д.Г-ын өмгөөлөгч П.Итгэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Цагаатгах тогтоолыг хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Цагаатгах тогтоолд хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан Бельги улсаас оруулж ирсэн ундаа, Турк улсаас оруулж ирсэн жимс хоёртой холбоотой асуудал дээр зохиомол байдлыг зориудаар бий болгосон зүйл байхгүй. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр эцэслэн шийдвэрлэгдсэн тогтоол, магадлал байгаа. Дээд шүүхийн тогтоол нь хэрэгт байгаа. Энэ бүгд нь иргэний журмаар шийдвэрлэгдсэн. Г.О-, Г.Н нар нь ээж охин хоёр байгаа. Тухайн бизнесийг хамтран эрхэлж байсан. Мөн Д.Г- нь хамтран амьдарч гэр бүлийн бизнестай байсан. Тухайн гэр бүлийн хамтран амьдарч байхдаа шилжүүлсэн мөнгө бүрээ иргэний журмаар нэхэмжилвэл олж чадахгүй харин эрүүгийн журмаар явбал хурдан гаргуулна гэсэн байр суурьтай эрүүгийн журмаар явсан байдаг. 15 удаагийн үйлдэл тус бүрээ гэмт хэрэг гэсэн байгаа. Прокуророос яллах дүгнэлт гаргахдаа 15 үйлдлийн үйлдэл тус бүр дээр гэмт хэргийн шинжтэй гэж дүгнэлтээ гаргаагүй. Тухайн үед хамтын амьдралтай байсан үеийн мөнгөн бүх гүйлгээгээ хавсаргуулан гэмт хэргийн шинжтэй мэтээр ерөнхий дүгнэн яллах дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болсон. Анхан шатны шүүхийн шүүгч А нь гэмт хэргийн шинжгүй талаар маш сайн дүгнэлт гаргасан. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

Шүүгдэгч Д.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор Г.Намжил намайг эрхэлсэн тодорхой ажилгүй гэж хэлсэн. Би 2019 онд Япон улсад байж байгаад Монгол улсад ирсэн. Ковид гараад буцаж явж чадаагүй. Япон улсад нарны цахилгаан эрчим хүч, панел угсардаг ажил болон нүүлгэлтийн ажил эрхэлдэг байсан. 2020 онд Г.Н-той танилцан үерхэж эхэлсэн. Хамтран амьдарч бизнесээ дэмжээд хамтдаа явж байсан. 2021 оны 10 дугаар сард ковид тусаад хамт каринтинд орсон үед Г.Н-гийн эх Г.О- нь Турк улсаас жимс оруулж ирдэг байсан бөгөөд жимс оруулж ирэх ашигтай гэсэн санал тавьсан. Өөрсдийн лагераа зээлийн барьцаанд тавих гэсэн боловч зээл бүтээгүй. Ах болон өөрөөсөө 43.000.000 төгрөг, найз Игаас 40 гаруй сая төгрөг, нийт 80 гаруй сая төгрөг өгч байсан. Тухайн жимс нь орж ирэлгүй муудсан байсан. Буцаагаад мөнгөө хүмүүс нь нэхсэн. Ямар ч төлбөр төлөөгүй. Үүнээс болж хүүний төлбөр, янз бүрийн төлбөр гарсан. Тэр мөнгийг огт өгөөгүй. 2 сарын 5-6 сая төгрөг төлсөн гэж байгаа. Түүнээс хойш огт төлөөгүй. Жимсний мөнгийг даатгалаас олж ирнэ гээд өөрсийн унадаг тээврийн хэрэгслээ ломбарданд байхад нь түүнийгээ чөлөөлүүлсэн. Дахин 25-26 сая төгрөгийн зээл тавьж охин нь явсан. 1 жилийн хугацаанд түүнийхээ төлбөрийг огт төлөөгүй. Тээврийн хэрэгслийн торгууль, даатгал бүх төлбөр мөнгийг би төлж байсан. Хохирогчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр “тээврийн хэрэгслийн тос, масло солиулна гэж хэлээд мөнгө авсан” гэж тайлбар хэлсэн. Би бүх баримтаа гаргаж өгсөн. Миний карт уншигдаад засварын газраас гарсан байгаа. Шатахуун хийсэн бол түүний төлбөр гарсан байгаа. Энэ тээврийн хэрэгслийн би унадаггүй мөртлөө өөрөөсөө бүх засвар зардлуудыг өгдөг байсан. Танай зээлийг өгөх гэж байна гэж хэлээд миний 1 жилийн дансны хуулгыг авсан. Тэр хуулган дээр өөрсдөө сууж байгаад Г.О- нь над руу хийсэн бүх мөнгөө надаас нэхэмжилж худал мэдүүлэг өгөөд явж байна. Би түүний охин Г.Н-той энгийн амьдралтай байсан. Г.О- нь Турк улсад харласан байж байгаад ирээд ийм юм хийх гэж байна гээд энэ бүх асуудлыг үүсгэсэн. Доктор пеппер ундааны асуудал дээр манай ах, найзтайгаа хамтарч хийдэг байсан. Бүх нотлох баримтыг гаргаж өгсөн. БолорТ гэх хүний мөнгийг нь өгөөд гаргасан байдаг. Доктор пеппер буюу ахын данс руу нийтдээ 40 гаруй сая төгрөг болгоод хийж байсан. Одоо ч гэсэн энэ ундаа нь оруулж ирээд худалдаалагдаж байгаа. Өмнөх жимсний төлбөр тооцоог мөн хийгээгүй. Одоо хүртэл манай найз надаас нэхэмжилж байгаа. 15 удаагийн гүйлгээ гэж байгаа. Үүн дээр нь 100.000 төгрөг, 150.000 төгрөг, 250.000 төгрөг гээд ямар ч утгагүй зүйл байдаг. Охин нь байхгүй байхдаа “Хүүхэд сургуулиас авчихаарай. Хоолгүй байгаа чи KFC захиалаад өгөөрэй” гэхэд би дандаа өөрөөсөө өгдөг байсан. Сүүлд нь ээж нь над руу мөнгийг нь шилжүүлдэг байсан. Миний тээврийн хэрэгслийн унадаг байхдаа энэ тэндэхийн зогсоол дээр аваачаад ачуулсан байдаг. Тэр төлбөр тооцоогоо буцаагаад надаас нэхэмжилсэн байдаг. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан эсэргүүцэл, гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаад, доорхи дүгнэлтийг хийлээ. Үүнд:

1. Д.Г-ыг Г.О-ээс “Тээвэрлэлтийн мөнгө, барааны үнэ, ахаас мөнгө зээлсэн хүүг нь өгөх гэсэн юм, Бельги улсаас ундаа оруулж ирж байгаа түр хугацаагаар өгөөч” гэх мэтчилэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өөрийн Голомт банкны 120ххххххх дугаарын дансаар 15 удаагийн гүйлгээгээр 56,310,000 төгрөгийг шилжүүлэн авсан боловч зориулалтын бусаар зарцуулж, буцаан өгөх зорилгогүйгээр цахимаар мөрийтэй тоглож бусдад их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэнийг анхан шатны шүүх “...Д.Г- нь Г.О-ээс 15 удаагийн гүйлгээгээр 56,310,000 төгрөгийг авахдаа

Г.О-ийн өмнө хүлээгээгүй бөгөөд хохирогчийн шилжүүлсэн мөнгийг өөр байдлаар зарцуулсан нь хохирогчийг залилсан гэж үзэх боломжгүй,

дурдсан зорилгод уг мөнгийг захиран зарцуулаагүйгээс үүссэн хариуцлагаа өөрөө хариуцах бөгөөд харин Г.О-ийн өмнө тухайн зорилгод зориулаагүйн төлөө хариуцлага хүлээхгүй” гэж дүгнэж цагаатгах үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна.

Хууль тогтоогчоос, залилах гэмт хэргийн шинжийг “...хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгох, ...замаар төөрөгдөлд оруулж, эсхүл урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан...” гэж заасан байхад шилжүүлэн авсан хөрөнгө болох мөнгийг өөр байдлаар зарцуулсан нь хохирогчийг залилсан болохгүй, Г.О-ийн өмнө тухайн зорилгод зориулаагүйн төлөө хариуцлага хүлээхгүй гэж тухайн мөнгөний зарцуулалтыг гэмт хэргийн шинжийг үгүйсгэх үндэслэл болгож, түүний гэмт хэргийн шинжийг хангаж буй үйлдлүүдэд дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн, улсын яллагч, хохирогчийн өмгөөлөгч нарын шинжлэн судалсан Д.Г-ын хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгох, ...замаар төөрөгдөлд оруулж, эсхүл урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсаныг нь нотлож буй нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар няцаан үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй, хууль зүйн дүгнэлтийг хийгээгүй нь хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй “...Улсын яллагчаас нийт 15 удаагийн 53,310,000 төгрөгийг авсан гэх үйлдлүүдийг нийтэд нь “ ... тээвэрлэлтийн мөнгө, барааны үнэ, ахаас мөнгө зээлсэн хүүг нь өгөх гэсэн юм, Бельги улсаас ундаа оруулж ирж байгаа, түр хугацаагаар өгөөч” гэж ерөнхий байдлаар дүгнэсэн нь үйлдэл тус бүрт нь гэмт хэргийн шинжтэй эсэх талаар ямар ч дүгнэлт хийгээгүй байна. ...” гэсэн үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн атлаа Д.Г-ын Г.О-ээс удаа дараа мөнгө авсан үйл баримтуудад тус тусад нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотлох ажиллагааг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаагаар хийлгээгүй нь үндэслэлгүй байна. Энэ ажиллагааг хийсний эцэст “Залилах” гэмт хэргийн шинжтэй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх байжээ.

Иймд дээрх үндэслэлээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, цагаатгах тогтоолыг хүчингүй болгох агуулга бүхий прокурорын эсэргүүцэл, хохирогч Г.О-ийн өмгөөлөгч Ц.Энхбаяр, А.Буяндэлгэр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/144 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Цагаатгагдсан этгээд Д.Г-т урьд авч байсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХТУЛГА

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ