| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 2219003520295 |
| Дугаар | 2025/ДШМ/18 |
| Огноо | 2025-03-18 |
| Зүйл хэсэг | 22.1.1., 24.2.1., |
| Улсын яллагч | Б.Дашням |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2025/ДШМ/18
Я.Т, М.Ц, Б.Д,
Д.А, Т.Г, С.А нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Цэрэнханд, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Б.Дашням,
Шүүгдэгч Я.Тн өмгөөлөгч Х.Ургаа, Б.Батбаяр /цахимаар зайнаас/,
Шүүгдэгч Б.Д, Т.Г, С.А нарын өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,
Шүүгдэгч Т.Г, С.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж хийсэн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор Б.Дашнямын эсэргүүцэл, шүүгдэгч Б.Д, Т.Г, С.А нарын өмгөөлөгч М.Эрдэнэчимэгийн давж заалдсан гомдолд үндэслэн шүүгдэгч Я.Т нарт холбогдох 2219003520295 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.1.*,
1.2.*,
1.3.*,
1.4.*,
1.5.*,
1.6.*,
2.Холбогдсон хэргийн товч агуулга:
шүүгдэгч М.Ц нь * дугаар ангийн * дугаар салбарын сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгаа эрхэлсэн орлогчоор ажиллаж байхдаа тус ангийн захирагчаар ажиллаж байсан Я.Тс өгсөн хууль бус үүргийн дагуу өөрийн салбарын хамгаалалтад байх * гэх газруудад 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нэр бүхий иргэдийг хууль бусаар ашигт малтмал хайж, 2,740,609.39 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэх боломж олгож, тэдгээр иргэдийг техник тоног төхөөрөмжийн хамт, хяналт шалгалтгүйгээр шалган нэвтрүүлэх цэгээр оруулж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэн ажиллаж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон,
шүүгдэгч Б.Д нь * дугаар ангийн захирагч Я.Тт нөлөөлж Дорноговь аймгийн *нутаг дэвсгэр Улсын хилээс хойд зүгт 3,8-5,8 километрийн зайд байрлах * гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах зорилгоор албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгох гэмт хэрэгт үйлдэхэд зориуд хүргэж хатгасан, мөн бусадтай бүлэглэн * дугаар анги байрлах газар буюу Дорноговь аймгийн* нутаг дэвсгэр * солилцолд байрлах * гэх газарт 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчинд 2,740,609.39 төгрөгийн /хоёр сая долоон зуун дөчин мянга зургаан зуун есөн төгрөг гучин есөн мөнгө/ хохирол учруулсан,
шүүгдэгч С.А нь дээрх* гэх газарт 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр "ОКС" загварын Герман улсад үйлдвэрлэсэн "Ус болон газрын хагарал GPS цэг тавих төхөөрөмж"-өөр ашигт малтмалын байршлыг тогтоох зэргээр бусдад дэмжлэг үзүүлж тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчинд 2,740,609.39 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Д.А нь мөн* гэх газарт 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдөр бусадтай бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчинд 2,740,609.39 төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч Т.Г нь бусадтай бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль орчинд 2,740,609.39 төгрөгийн хохирол учруулсан, тус гэмт хэргийг үйлдэхэд Н.Н Хаан банкны * дугаарын данснаас Д.Ан Хаан банкны * дугаарын данс руу 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 11,000,000 төгрөгийг "Aqua" гэх утгаар шилжүүлэн өгч санхүүжүүлэн бусдыг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн хамтран оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
3.Дорноговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокуророос шүүгдэгч Я.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.
4.Анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Я.Т, Б.Д нарт аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч М.Цг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан "албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Б.Д, Д.А, Г.Г, С.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Цн нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000/зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ат хорих ял оногдуулахгүйгээр 2/хоёр/ жилийн хугацаагаар тэнсэх,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Д.А, Г.Г нарыг тус бүр 10,000,000/арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ц, Б.Д, Д.А, Г.Г нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар "оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх" үүрэг хүлээлгэж, хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож,
Шүүгдэгч М.Цт оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёp/ жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д, Д.А, Г.Г, С.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийг үнэлгээгээр тогтоогдсон 326,582,699 төгрөгийг дээрх шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу тус бүр 81,645,674.75 төгрөг гаргуулан улсын төсөвт оруулж,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2022 оны 11 сарын 17-ны өдрийн 5/706 тоот Дорноговь аймгийн прокурорын газрын хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан тогтоол болон ОКС загварын Герман улсад үйлдвэрлэсэн 1 ширхэг ус болон газрын хагарал GPS цэг тавих төхөөрөмж, цэнхэр хар өнгийн Gold monster 1000 төхөөрөмж, N гэсэн бичиглэлтэй чихэвч, КФС гэсэн бичиглэлтэй жижиг хар төхөөрөмж, хар өнгийн Dell гэсэн бичиглэгчтэй нөүтбүүк, хар өнгийн ОКС гэсэн бичигтэй нөүтбүүк, хар өнгийн холбогч утас, хар өнгийн дэлгэцтэй төхөөрөмж болон шар өнгийн багаж, хар өнгийн залгуур, хар өнгийн 2 ширхэг дөрвөлжин төхөөрөмж зэрэг эд хөрөнгийг битүүмжилсэн 2023 оны 06 сарын 14-ний өдрийн 5/01 дугаартай Дорноговь аймгийн прокурорын газрын тогтоол зэргийг хүчингүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн хаан банкны бичлэг бүхий 3 ширхэг сидиг хэргийн хамт хадгалж, * улсын дугаартай HOWO.TAZ9260 MJZ маркийн болон * Beiben Nort Benz.ND4250-IB34J7 маркийн автотээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгч Хүн Эрдэнэ Хөгжил ХХК-д, * улсын дугаартай Hyundai.Robex 2900LC-7 маркийн автотээврийн хэрэгслийн гэрчилгээг өмчлөгч А*нарт олгож,
Шүүгдэгч нар нь экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон 2,740,609.39 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн 314,541.69 төгрөгийг төлсөн болохыг дурдаж,
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ц, Б.Д, Д.А, Г.Г, С.А нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Я.Тт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
5.Прокурор Б.Дашням эсэргүүцэлдээ: “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн талаар:
Шүүгдэгч Я.Т нь Б.Дтай утсаар холбогдож харилцсаны үндсэн дээр түүний хүсэлтийн дагуу өөрийн удирдлагад ажилладаг 0137 дугаар албарын сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгаа эрхэлсэн орлогч 1.Цтай утсаар холбогдож түүнтэй утсаар холбогдох хүн болох Б.Дн явуулах үйл ажиллагаанд нь "дэмжлэг үзүүл" гэж хэлсэн Болохоо хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ нь М.Ц болон шүүгдэгч Б.Дн мэдүүлгээр нотлогддог.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М.Ц өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 148-150), түүний гараар бичсэн тодорхойлолтоор М.Ц нь өөрийн шууд удирдлага болох Я.Тн амаар өгсөн үүрэг болох "түүнтэй утсаар ярих хүний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүл” гэсний дагуу тухайн хүн болох Б.Дтай холбогдож, түүнийг хамт явсан хүмүүстэй нь хамт Монгол Улсын Хилийн тухай ууль болон түүнд нийцүүлэн гаргасан журмуудад заасны дагуу шалгаагүй, хууль усаар ашигт малтмал эрэх, хайх, олборлох, ашиглах, боловсруулах үйл ажиллагаа явуулахад нь таслан зогсоогоогүй болох нь тогтоогддог билээ.
Шүүх хуралдааны явцад Я.Т нь Б.Дг хууль бусаар ашигт малтмал олборлох талаар мэдээгүй гэдэг боловч энэ нь түүний холбогдсон хэргийн гэм бурууг үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд учир нь Я.Т нь шүүгдэгч Б.Дтай ярьсны үндсэн дээр түүний хүсэлтийн дагуу хилийн бүс рүү түүнийг нэвтрүүлэх үйл ажиллагааг нь хилийн цэргийн холбогдох салбарын зүгээс дэмжих талаар тохиролцон, улмаар шүүгдэгч М.Цт энэхүү үүргийг өгснөөр бусад хүний зүгээс эдлэх боломжгүй ашигтай байдлыг Б.Д Болон түүнтэй хамт явж байсан шүүгдэгч Д.А, С.А, Т.Г нарт бий болгосон үйлдэл юм.
Энэхүү үйлдэл нь Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 1.1.4-т заасан "давуу байдал" гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн олон эдийн бус ашигтай байдлыг ойлгохоор заасанд нийцэх бөгөөд бусад хүний хувьд эрх олгосон баримт бичиг, гэрээ хэлцэлгүйгээр хилийн бүсэд нэвтэрч, Хил хамгаалах байгууллагын салбар, нэгжийн дэмжлэгийг аван, тухайн бүсэд дураараа орчих эрхийг эдлэх боломжгүй билээ.
Шүүгдэгч М.Цт Я.Т нь Б.Дг зохих журмын дагуу шалгалгүйгээр нэвтрүүл гэсэн үүргийг өгөөгүй байж, М.Ц нь Б.Д Д.А, С.А, Т.Г нарыг хууль зөрчин хилийн бүс рүү шалгалтгүйгээр нэвтрүүлсэн байлаа ч тэдгээрийн цаашдын үйл ажиллагаа Болох хилийн бүсэд дураараа зорчих, хэмжилт, хайлтуудыг хийхэд М.Ц нь хамт явж, зам зааж өгөн, тухайн үйл ажиллагааг нь дэмжин ажилласан нь Я.Тс өгсөн "үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүл" гэсэн үүргийн дагуу хийгдсэн үйл ажиллагаа тул Я.Тг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх нь зүйтэй 066 Түүнчлэн шүүх хуралдаанд Я.Тн мэдүүлсний дагуу түүний М.Цт өгсөн үүргийг хууль ёсны гэж үзэх нь үндэслэлгүй бөгөөд Я.Т нь * дугаар ангийн захирагчаар ажиллаж байхдаа тус * дугаар салбарын хариуцсан хилийн бүсийг хяналтын камераар хангах ажлын хүрээнд Б.Дг хяналтын камерыг суурилуулах алаар судалгаа хийх гэж байгаа гэж ойлгон, судалгаа хийх боломж нөхцөлийг ангаж өгөхөөр түүний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүргийг М.Цт өгсөн тохиолдолд ч тухайн үүрэг нь хууль бус юм.
Учир нь хилийн бүсийг хяналтын камержуулах талаар Б.Дтай ямар нэгэн гэрээ хэлэлцээр хийгээгүй, үнийн дүн, техникийн нөхцөл байдлын талаар урьдчилан харилцан тохиролцоогүй, Б.Дтай ярьсан судалгааны ажлыг ямар тоног төхөөрөмж ашиглан хийж гүйцэтгэх, судалгааны ямар арга, хэрэгсэл ашиглах талаар мэдээгүй атлаа түүний үйл ажиллагааг дэмжихээр зөвшөөрч, үүнийг хилийн бүс рүү нэвтрүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шаардлагыг ангаагүй, Хилийн тухай хуулийн 26, 30, 32, 35 дугаар зүйлүүдээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, улсын хил хамгаалалтыг зохих журмын дагуу зохион байгуулж, хууль дээдлэх зарчмыг баримтлаагүйг нотолж байна.
Мөн Я.Т нь өөрийн хуулиар хүлээсэн үүргийг зориуд хэрэгжүүлэхгүй байж, Б.Дг судалгаа хийх нэрээр хилийн бүсэд тогтоосон маршрутын дагуу зорчихгүй байх, хэмжилт, хайлт хийх боломж нөхцөлийг Бүрдүүлсэн үйлдэл нь бусдад давуу байдал болгосон үйлдэл билээ.
Гэтэл анхан шатны шүүхээс нотлох баримтаар тогтоогдон энэхүү нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр шийдвэр гаргасан нь шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар анхан шатны шүүхээс шүүгдэгч Я.Т , Б.Д нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй тул үндэслэлгүй юм.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10 дахь заалтад зааснаар илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн үндэслэлд хамаарч байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад "шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2,... 36.7... дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй..." тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр заасан билээ.
Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Я.Т , Б.Д нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгохдоо улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүх хуралдаанд хийсэн тайлбар дүгнэлтүүдийг хэрхэн үгүйсгэсэн тайлбарлаагүй, Я.Тн үйлдэл нь яагаад гэмт хэргийн шинжийг хангахгүй байгаа талаар тусгаагүй, түүнийг цагаатгасан үндэслэлээ тайлбарлаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Түүнчлэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад "...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан С.А Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар "оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх" үүрэг хүлээлгэж, хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай..." гэжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох зохицуулалт нь мөн зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1-5 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэр гаргасан тохиолдолд хэрэглэх ёстой билээ.
Гэтэл шүүгдэгч С.Ат шууд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг хэрэглэсэн бөгөөд ингэхдээ ямар хугацаагаар тэнссэн талаар тодорхой заагаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрөхөөргүй байхаар бичигдсэн байх шаардлагыг хангахгүй байна.
Иймд Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэв.
6.Шүүгдэгч Б.Д, Т.Г, С.А нарын өмгөөлөгч М.Эрдэнэчимэг давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний үйлчлүүлэгч шүүгдэгч Б.Д, Т.Г, Д.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус бүрийг 10 сая төгрөгөөр торгох ял оногдуулсныг үгдэгч нарын болон өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрч байгаа болно.
Тухайн үед шүүгдэгч нар Дорноговь аймгийн * суманд алт хайх, борлох зорилготойгоор ирж, хилийн бүсийн * газрын ээлжийн толгод, Цувраа гурван толгой гэх газруудад 2 удаа газрын хэвлийд халдсан боловч алт олох санаа зорилго нь биелээгүй учраас буцаж явах замдаа лийн тагнуулын албанд саатуулагдсан болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч нарын дүүлэг болон бусад гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогддог юм.
Гэтэл шүүх газрын хэвлийд халдах гэмт хэрэгт огт ашиглаагүй, /ашиглахаар бэлтгэж ирсэн/ тээврийн хэрэгслүүд болох * маркийн тээврийн хэрэгслүүдийн үнэлгээг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэснийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолын 7 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.
7.Шүүгдэгч Я.Тн өмгөөлөгч Б.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг ч тэр яллах дүгнэлт энэ яллаж байгаа хэргийн агуулгыг бүхэлд нь аваад үзэх юм бол бид хийсвэрлэсэн байдалтай Я.Т хууль бус үүрэг чиглэл өгөөд гээд тэр нь тэгэхдээ ямар нотлох баримтад суурилсан юм гэдэг нь тодорхойгүй. Я.Т хилийн зурвас руу хүмүүсийг оруулаад тэгээд хууль бусаар ашигт малтмал газрын хэвлийд халдах ажлыг зохион байгуулаад М.Цт хууль бус үүрэг даалгавар өгөөд сүүлдээ сая сонссон чинь төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн гээд л яриад энэ чинь бүүр яллах дүгнэлтэд ч байхгүй юм руу сүүл рүүгээ орж ороод яриад байна. Тэгэхээр бид нар хэргийг ямар ч объектив талын нотлох баримт ямар нэгэн болсон үйл явдал байхгүй юм шиг зүгээр Я.Т гэж хүн баахан хэрэг хийгээд байсан юм шиг байдлаар ярьж боломгүй байгаа юм. ...эсрэгээрээ хууль бус үүрэг даалгавар өгсөн гэдэг юм байгаа бол тэр нь хавтаст хэргийн хаана ямар байдлаар байгаа юм ямар нотлох баримт байгаа юм бэ гэдэг нь тодорхой байх ёстой. Гэтэл ямар ч тийм нотлох баримт хэрэг дотор байхгүй байж байгаа юм. Тэгэхээр энийг бол анхаарч үзэх нь зөв байх гэж бодож байгаа.
...эсэргүүцлийн 2 дахь агуулга нь юу байна вэ гэхлээр хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж байгаа. Яагаад зөрчсөн гэж байгаа юм бэ гээд уншихаар зэрэг прокурорын Я.Т ыг яллаж байгаа байр суурийн талаар шүүх дүгнэлт хийгээгүй гээд бичээд байгаа. Гэтэл шүүх дүгнэлтдээ маш тодорхой бичиж байгаа. ... тэгэхээр энэ хүний хувийн байдал энэ нөхцөл байдлаас харсан ч гэсэн Монгол улсын хилийн бүс дээр алт олборлуулах үйл ажиллагааг зохион байгуулсан гэх хувийн байдал талаасаа ч сэжиг таамаг харагдахгүй байгаад байгаа. Энийг шүүх бүрэлдэхүүн нэгэнт хэргийг бүхэлд нь хянаж байгаа юм чинь анхаарч үзээд шийдвэрлэх байх гэж бодож байна.
Өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэл бүхий байна гэж үзэж байгаа.” гэв.
8.Шүүгдэгч Я.Тн өмгөөлөгч Х.Ургаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Я.Т ыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.19-ийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэлээр анхан шатны шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж шийдвэрлэсэн. Энэ шийдвэр бол өөрөө хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. ...Я.Т ын тэр нэг утсаар ярьсан асуудал нь заавал хууль зөрчсөн байх ёстой юм гэдэг энэ өнцгөө барьж ялах гэж улайрч байгаа нь өөрөө харамсалтай. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэр бол Монгол Улсын үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль зэрэг суурь зарчмуудыг баримталж хүний эрхийг хангах нөхцөл байдлууд байна. Тийм учраас прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна. Дээрээс нь прокурор нэмээд хэрвээ Я.Т ыг цагаатгачихсан бол М.Ц гэж хүн яагаад үлдчихэв гэж байгаа юм. Энэ өөрөө тусдаа өөр ойлголт М.Ц тухайн үед баримт дээр очоод тэр хүмүүс ингээд юм хийгээд байна гэдгийг хараад энийг шууд болиулаад л гарах ёстой байсан. Я.Т гэдэг хүн хууль бус үүрэг чиглэл өгөөгүй юм байна. Энэ хүн энэ хүнд хоёулаа хуурагдчихсан юм байна тэгсэн бол тухайн үйл ажиллагааг таслан зогсоогоод гаргах л байсан энэ үүргийг хэрэгжүүлээгүйнхээ төлөө тухайн хүнийг анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн юм байна л гэж дүгнэчихсэн. Ийм л үйл ажиллагааг энэ нь ямар нэгэн логик алдаа байдаггүй юм. Тийм учраас 2025 оны 1 сарын 9-ний шийтгэх тогтоол хууль ёсны гэвэл үндэслэлтэй гарсан учраас прокурорын Я.Т т холбогдуулан гаргасан прокурорын эсэргүүцэгчийг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолын миний үйлчлүүлэгч, холбогдогчийн холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгөөч.” гэв.
9.Шүүгдэгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд болохоороо хайгч гээд байгаа 96 сая төгрөгийн үнэтэй. Энийг авлигатай тэмцэх газраас тогтоож өгсөн. Тэгээд бид нарыг шууд гарын үсгээ зураад та нар асуудалгүй гээд бид нар ийм үнэтэй гэдгийг нь бид нар мэдээгүй. Машин техникүүдийг яагаад ийм их үнэтэй гарсан юм бол гэдгийг л би гайхаад байгаа. Бид нар хүлээн зөвшөөрч байгаа. Харин техникийг үндэслэлгүй байна гэж бодож байна. Авлигатай тэмцэх газар очиж уулзахад гайгүй гээд зуруулсан.” гэв.
10.Шүүгдэгч Т.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхбаяртай адилхан санал 1 байна. 2 сая төгрөг төлчихвөл хялбаршуулсан журмаар газрын хэвлийд халдсан гэдгээ төлчихлөө гэж ойлгож болно гэсэн. Тэгээд хэргээ хүлээж байна гэсэн өргөдөл бичүүлсэн.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх прокурор Б.Дашнямын гаргасан эсэргүүцэл, шүүгдэгч Б.Д, Т.Г, С.А нарын өмгөөлөгч М.Эрдэнэчимэг болон тэдгээрээс гаргасан давж заалдсан гомдлуудад үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэл, гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцлийг хангаж, шүүгдэгч нарын өмгөөлөгч болон шүүгдэгч нарын гомдлуудыг хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.
1.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн.
2.Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Я.Т нь Дорноговь аймгийн * сум дахь * дугаар ангийн захирагч бөгөөд иргэн Б.Дн гуйсны дагуу тус * дугаар салбарын сургалтын орлогч М.Цт “...иргэдийг шалган нэвтрүүлэх цэгээр оруулах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэн ажиллах” гэсэн үүрэг чиглэл өгсөн, шүүгдэгч М.Ц нь 2022 оны 08 дугаар сарын 11-ны өдөр захирагчаас өгсөн үүргийн дагуу Б.Д, Д.А, С.А нарыг * дугаар анги байрлах газар буюу Монгол Улсын хилийн бүс болох Дорноговь аймгийн * сумын * багийн нутаг дэвсгэр * солбицолд байрлах * газрын * гэх газарт машин техникийн хамт нэвтрүүлж, хууль бусаар ашигт малтмал хайж, газрын хэвлийд 2,740,609.39 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.
Шүүгдэгч нарын эдгээр үйлдлүүдэд Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас шүүгдэгч Я.Тг нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль бус үүргийг доод шатны албан тушаалтан М.Цт өгч, бусдад хууль бусаар давуу байдал бий болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч М.М.Ц ыг удирдах албан тушаалтны хууль бус үүргийг биелүүлж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад хууль бусаар давуу байдал бий болгосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Шүүгдэгч Б.Дг нийтийн албан тушаалтан Я.Т т нөлөөлж, түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдэхэд хүргэж, уг хэрэгт хамжигчаар оролцсон, мөн шүүгдэгч Д.А, С.А, Т.Г нартай бүлэглэж, Монгол Улсын хилийн бүсэд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 зааснаар,
Шүүгдэгч Д.А, С.А, Т.Г нарыг шүүгдэгч Б.Дтай бүлэглэн тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, олборлосон, энэ үйл ажиллагаанд С.А алт хайгч төхөөрөмжөөр дэмжлэг үзүүлсэн, шүүгдэгч Т.Г 11,000,000 төгрөгөөр санхүүжүүлж дэмжлэг үзүүлсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
3.Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “...шүүгдэгч Я.Тн үйлдэлд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэргийн шинж байхгүй” гэж үзэж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч түүнээс өгсөн үүргийг гүйцэтгэсэн албан тушаалтан М.М.Ц ыг албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад хууль бусаар давуу байдал бий болгосон гэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн.
Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг мөрдөгч, прокуророос тал бүрээс бүрэн бодитойгоор шалгаж үзсэний үндсэн дээр тогтоох, шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоохдоо хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай эсэх, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд нотлох баримтын хүрэлцээтэй байдал хангагдсан эсэхийг бүхэлд нь үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх зарчимтай.
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Я.Т нь шүүгдэгч Б.Дн “газрын өндрийн цэг тогтоомоор байна” гэх гуйлтыг хүлээн авч, * дугаар * дугаар салбарын сэтгэл зүй, мэдээлэл, соёл сурталчилгаа эрхэлсэн орлогч М.Цт утсаар үүрэг өгсөн, М.Ц захирагчийн утсаар өгсөн үүргийг биелүүлж Б.Д, С.А, Д.А нарыг Монгол Улсын хилийн бүс рүү хяналт шалгалтгүйгээр нэвтрүүлж, алт хайлгасан үйл баримтын талаар тусгагдсан байна.
Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь шүүгдэгч Я.Тс өгсөн чиг үүрэгтэй шалтгаант холбоотой эсэх, Монгол Улсын Хилийн тухай хуульд зааснаар хил орчмын нутаг дэвсгэрт улсын хилийн дэглэмийг сахиулах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, улсын хил хамгаалах үйл ажиллагаанд халдсан үйлдлийг хил хамгаалах үүрэг бүхий этгээдүүд өөрсдөө зөрчсөн эсэхэд, түүнчлэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр шүүгдэгч Я.Т т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасантай нийцээгүй байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн ба энэ тухай гаргасан прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.
5.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдож шүүгдэгч Б.Д, С.А, Д.А, Т.Г нарын өмгөөлөгч М.Эрдэнэчимэг болон шүүгдэгч нараас гаргасан “...гэмт хэрэгт ашигласан гэх техник хэрэгслийн үнэ бодитой тогтоогдоогүй, ... гэмт хэрэгт автомашин болон техник хэрэгслийг бүрэн ашигласан эсэхэд дүгнэлт хийгээгүй, гэмт хэрэгт ашиглаагүй техник хэрэгслийн үнийг хасч, хөрөнгө хураах албадлагын арга хэмжээг багасгаж өгөхийг хүссэн” давж заалдах гомдлуудад дүгнэлт хийлгүйгээр хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэсэн.
6.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн хэлэлцүүлэгт дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж, эсэргүүцлийг хангаж, шүүгдэгч нарын болон тэдгээрийн өмгөөлөгчийн гомдлуудыг хэлэлцэхгүй орхисугай.
2.Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧ А.САЙНТӨГС