Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 320

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,

   улсын яллагч Б.Гүнсэл,

шүүгдэгч А.Э -, түүний өмгөөлөгч Ц.Амар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт А-ийн Э-т холбогдох 18100000000000 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1996 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа малчин, ам бүл 6, эцэг, эх, ах, 2 дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 000 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Н овогт А-ийн Э /РД:000000010/       

 

Холбогдсон хэргийн талаар/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч А.Э - нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Бөхөгийн 0 тоотод оршин суух хохирогч В.Б-гийн орон байр болох өвлийн сууцны хаалгаар нэвтэрч, 4 кг 730 грамм ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 473.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч А.Э -аас: “... Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйлгүй ...” гэв.

          Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч В.Б-гийн: “...2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр би Туул тосгоны эмнэлэгт очиж, дусал хийлгээд гэртээ очсон чинь манай дүү Т - наад түрүүн манай хойд талын өрөөнөөс хүн гарч байхыг харсан гэхээр нь хойд өрөө рүүгээ ороод ноолуураа үзтэл цагаан шуудайтай ноолуур алга болсон байхаар цагдаагийн байгууллагад хандсан. Ноолуураа олсон болохоор гомдол, санал байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,

Мөрдөн шалгах ажиллагаанд А.Э - гэрчээр мэдүүлэхдээ: ”...орой 20 цаг 30 минут болж байхад би Т. - ахынх руу очсон, үүдний амбаар нь онгорхой байхаар нь яваад очсон чинь Т. - ах согтуу хэвтэж байсан, тэгээд би гадаа гарч хүн харчихаад том өрөөний жижиг зооринд байсан 2 шуудайтай ноолуурын 1-ийг аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар  хуудас/,

  Гэрч В.Т -ы: “...20 цагийн үед гэртээ ганцаараа унтаж байхад манай байшингийн хаалга дуугараад хүн орж ирэх чимээ гарахаар нь сэрээд жижиг өрөө рүүгээ ороход Эрхэмбаяр ганцаараа зогсож байхаар нь чи юу хийж байгаа юм бэ гэж асуухад ямар нэгэн үг хэлэлгүй гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

Шинжээчийн дүгнэлт болон хэргийн талаар бусад нотлох баримтууд

2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ХУ2-18-221 тоот “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28 дугаар хуудас/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Яллагдагч А.Э -ын: “...Би 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 08 цагийн орчим Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Шувуун фабрикийн эцсийн буудал дээр байх фермийн дэлгүүр нэртэй дэлгүүр дээр Б эгчийн дүү Т -тай тааралдаад хамт 2 шил шар айраг аваад уусан. Тэгээд би тэндээсээ 4 дүгээр хэсэгт байх сагсан бөмбөгийн талбай дээр очиж тоглож байгаад хамаатны хүн Тайван ахын гэрээс очиж өөрийнхөө Монгол гутлыг авсан. Уг гутлыг Т ахын хүү Эг надаас өвөл өмсчихөөд өгье гээд түр авсан байсан. Тэгээд гутлаа авчихаад дахин Т. - ахтай фермийн дэлгүүрийн ойролцоо тааралдаад дахин шар айраг авч уусан. Энэ үед Т. - ах надад Б өгч орой Шувуу явж тариа хийлгэнэ гэж хэлж байсан. Тэгээд би шар айрагаа ууж дуусгачихаад гэртээ харьж байтал манай урд талын айлын хүн болох С мотоциклоороо Б - эгчийг хүргэж өгөх гээд Шувуу руу явахаар нь би Т - ахыг гэртээ ганцаараа үлдсэнийг мэдээд 20 цаг 30 минутын орчим гэрт нь явж очсон. Намайг Б - эгчийн гэрт очиход үүдний амбаар нь онгорхой Т - ах гэртээ согтуу унтаж байсан. Тэгэхээр нь би гэр лүү нь ороод Байгальмаа эгчийн байшингийн том өрөөнд байдаг жижиг зоорьноос нь цагаан өнгийн шуудайнд хийсэн ноолуурыг аваад гарсан. Тэгээд гэртээ харих замдаа уг ноолуурыг жалганд нуусан юм. Тэгээд явж байхдаа Б - эгчийн гэрт бээлийгээ орхисоныг мэдээд буцаж очоод бээлийгээ авчихаад гарах гэтэл Т - ах сэрээд хэн бэ гэж асуухаар нь би Эрхэмээ байна, бээлийгээ мартчихаж гэж хэлээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар хуудас/

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний хуулбар   /хх-ийн 33 дугаар хуудас/,

-Оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх-ийн 32 дугаар хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/,

-Боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 35-36 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, хохирогч нарыг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч А.Э - нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Бөхөгийн 0 тоотод оршин суух хохирогч В.Б-гийн орон байр болох өвлийн сууцны хаалгаар нэвтэрч, 4 кг 730 грамм ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 473.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөшөөрсөн мэдүүлэг, хохирогч В.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэрч В.Т -ы мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/, 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн ХУ2-18-221 тоот “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 28 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй  болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх болон орон байрны халдашгүй дархан байдал нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан байдаг.   

Шууд санаатай, шунахай зорилгоор бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсан үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэгдэх бөгөөд уг гэмт хэргийг “...хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч” үйлдсэн нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүн болохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зохицуулсан байна.   

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Э -ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Э - нь бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.   

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг.

 

Хохирогч В.Б-гаас: “...Ноолуураа олсон болохоор гомдол, санал байхгүй...”/хх-ийн 10-11 дүгээр хуудас/, гэж мэдүүлсэн байх тул А.Э -ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх, шүүгдэгч А.Э - нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг биет байдлаар нь буцаан өгч арилгасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан хэрэглэх боломжтой гэж үзэв.

       Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, А.Э - нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.

       Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага

ТОГТООХ нь:

  

1.Н овогт А-ийн Э-рыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар А.Э -ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар А.Э -т оногдуулсан  1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, А.Э - нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. А.Э -т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний ял эдлэх хугацааг 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл А.Э -т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ