Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2025/ДШМ/19

 

   

 

 

 

 

Д.Г, Г.П нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Цэрэнханд, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Б.Дашням,

Шүүгдэгч Д.Гн өмгөөлөгч С.Шинэбаяр,

Шүүгдэгч Г.Пн , түүний өмгөөлөгч З.Алтанцэцэг,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж хийсэн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор Б.Дашнямын эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч Д.Г нарт холбогдох 2419000000079 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

1.1.*, 

1.2.*,

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Г.Пн , Д.Г нар нь бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн * тоотод оршин суух С.Бн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар Мандэллина нэртэй дарс болон бэлэн 60.000 /жаран мянга/ төгрөгийг авч хулгайлах гэмт хэргийг, 2023 оны 02 дугаар сарын 19-нөөс 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн үед Дорноговь аймгийн * нутаг дэвсгэрт байх Б.Мн эзэмшлийн байшинд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ нууцаар, хууль бусаар нэвтэрч "TCL" брэндийн 36 инчийн зурагт, Айфоне 7 маркийн гар утас, Жимобайлын суурин утас зэргийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч бусдад 730,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн * урд гэр байранд оршин суух Д.Чн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрт нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар мөнгөн аяга 1 ширхэг, соруул нь хагарсан хаш соруултай гаанс 1 ширхгийг авч Д.Чт 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг, шүүгдэгч Г.Пн  нь 2024 оны 02 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Дорноговь аймгийн * тоотод нууцаар, хууль бусаар нэвтрэн орж Э.Цны өмчлөл, эзэмшлийн Самсунг Эсб маркийн гар утас, мөнгөн бөгж 6 ширхэг, мөнгөн кулон 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч нийт 812,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Г.П , Д.Г нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг, анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Гт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад зааснаар шүүгдэгч * бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Г.Пн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/84 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийн 2 дахь заалтаас хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэр болон 3 дахь заалтыг хүчингүй болгож, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг баримтлан шүүгдэгч Г.Пн д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоногийн хорих ялаар сольж мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пн д оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пн гээс хохирогч С.Бд 80,000 төгрөг, Б.Мд 180,000 төгрөг, Д.Чт 1,200,000 төгрөг, Э.Цд 672,000 төгрөг гаргуулан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цэнхэр өнгийн саравчтай малгай, улаан өнгийн асаагуур, ишгүй овтёрка, шилэн хундага зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 3 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Пн д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Д.Гт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт, шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

5.Прокурор Б.Дашням эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг нь 4 заалтаас бүрддэг ба шүүх Г.Пн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн аль заалтад хамааруулж гэм буруутайд тооцсон нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. 

Энэхүү зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэснийг мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад "...Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох..." гэж заасан хуулийн шаардлагыг хангахгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад хамаарч байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна. 

Шүүгдэгч Г.Пн д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ урьд буюу 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/84 дүгээр шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар ял оногдуулахгүйгээр тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэхдээ шийтгэх тогтоолын 5 дахь заалтад "...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтыг баримтлан шүүгдэгч Г.Пн д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоногийн хорих ялаар сольж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай..." гэжээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг нь "Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх Ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино" заалт юм. 

Анхан шатын шүүх шүүгдэгч Г.Пн д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, урьд оногдуулсан 2022/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолоор хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар нийтэд тустай ялыг хорих ялаар сольж, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг тогтоох учиртай. 

Дээрх зөрчил нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 "шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй", мөн хэсгийн 1.2 "хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэсний дагуу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. 

Иймд Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Хорчин овогт Гантөмөрийн Г.Пг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад... " гэж, 5 дахь заалтад "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг баримтлан шүүгдэгч Г.Пн д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоногийн хорих ялаар сольж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай..." гэж тус тус өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэв.

6.Шүүгдэгч Г.Пн өмгөөлөгч З.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын яллагчийн зүгээс гаргасан эсэргүүцэл үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хэдийгээр шийтгэх тогтоолын 2 дахь заалтад хуулийн тусгай ангийн 17.1.2 дахь заалт гээд биччихсэн байгаа боловч энэ бол техникийн шинжтэй л алдаа гарсан байх гэж бодож байна. Энийг хэлээд бид нар засуулах боломжтой л байсан. Яагаад заавал энийг өнөөдөр ингэж яриад байгаа юм гэхдээ 3 дахь заалтаараа Г.Пн г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2.1-т зааснаар гээд бүр тодорхой оруулаад өгчихсөн байгаа үүнээс өөрөөр хуулийг ноцтой зөрчөөд ойлгомжгүй болсон зүйл бол шийтгэх тогтоолд байхгүй байна. Хуулийг буруу хэрэглэсэн гэж байна, шийтгэх тогтоолын 2 дахь заалт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг гээд Г.Пн үйлдэгдсэн гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр энэ хулгайн гэмт хэргийг үйлдсэн байна гээд заагаад өгчихсөн. ...2 дугаар хавтаст хэргийн 8 дугаар хуудсанд Г.Пн  хувийн байдлын талаарх баримт хэрэгт авагдсан хугацаагүйгээр группт байдаг эмнэлгийн магадлалын хөдөлмөрийн комиссын акт байгаа. Г.П өөрөө сонсголын бэрхшээлтэй учраас хэл яриагаар өөрийгөө илэрхийлэх, тодорхойлох чадвар бол маш бага муу байдаг. Энэ ч үүднээсээ хэрэгт өөрийнхөө мэдэж байгаа зүйлийг мэдүүлсэн мөн хавтаст хэргийн 129-131 дүгээр хуудсанд Г.Пн  тухайн үед өмсөж явсан гутлыг шинжилгээнүүд авсан байдаг. Гэсэн хэдий ч тухайн хэргийн газраас олдсон мөртэй Г.Пн өмсөж явсан гутлын мөр тэнцэхгүй нөхцөл байдлууд гарсан. Тэгэхээр Г.П энэ хэрэгт ямар хэр хэмжээгээр оролцсон юм бэ гэдэг нөхцөл байдал байдаг учраас Г.Пн хувийн байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн ноогдуулж өгөөч гэж хүсэх байна. Өөрөөр хэлбэл Г.П хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг группийнхээ мөнгөөр цувуулаад төлөх бүрэн боломжтой байгаа учраас энэ нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү гэж хүсэх байна.” гэв.

7.Шүүгдэгч Д.Гн өмгөөлөгч С.Шинэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн 49 дүгээр тогтоолын 2 дугаар заалтад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дахь хэсгийн 2.1 дээр тоо орхигдуулсан асуудал байгаа. Гэхдээ Д.Г , Г.Пг бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон гээд хэдийгээр 2.1 гэсэн зүйл хэсгийн тоог орхигдуулсан боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1.2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай гээд дүгнэчихсэн байгаа мөн прокурорын яриад байгаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг хэрэглэхтэй холбоотойгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.14-т заасан шүүхийн шийдвэрийг залруулаад шийдчих боломжтой тул заавал өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурор Б.Дашнямын гаргасан эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, эсэргүүцлийг хангаж шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн нь шийтгэх тогтоолд өөрчлөлт орох үндэслэл болсон.

2.Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Г.П  нь 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хохирогч С.Бн  гэрээс Мандэллина нэртэй дарс болон бэлэн 60,000 төгрөгийг, 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн үед Б.Мн гэрээс "TCL" брэндийн 36 инчийн зурагт, Айфоне 7 маркийн гар утас, Жимобайлын суурин утас зэргийг  хулгайлж, 730,000 төгрөгийн хохирол учруулсан, 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Д.Чн гэрээс мөнгөн аяга 1 ширхэг, соруул нь хагарсан хаш соруултай гаанс 1 ширхгийг авч 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан, 2024 оны 02 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө Э.Цны гэрээс Самсунг Эсб маркийн гар утас, мөнгөн бөгж 6 ширхэг, мөнгөн кулон 1 ширхэг зэргийг хулгайлан авч нийт 812,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтууд тус тус болсон ба прокуророос шүүгдэгч Г.П г шүүгдэгч Д.Д.Г тай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

3.Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд хулгайлах гэмт хэрэгт шүүгдэгч Д.Г оролцсон нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байна гэж үзэж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.П г дангаараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

4.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцвэл анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэж, шүүгдэгч Д.Гт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Прокурорын яллах дүгнэлтээр шүүгдэгч Д.Д.Г ыг шүүгдэгч Г.П тэй бүлэглэж хохирогч С.Б, Д.Ч, Б.М нарын гэрт хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэнийг анхан шатны шүүх гэрч Д.Б, С.Д, Г.Э нарын мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна гэж үзэн түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй зөв болсон, мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор болон шүүгдэгч Г.П , түүний өмгөөлөгч нарын зүгээс маргаагүй байна.

5.Харин анхан шатны шүүх шүүгдэгч Г.Пн г “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар” гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.3-т заасан “...шүүхийн шийдвэрт шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад зааснаар зүйлчлэгдэх”-ийг бүрэн бичээгүй, мөн хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмыг баримтлаагүй, шүүгдэгчид авсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хорих ялаар солихдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамласан нь үндэслэлгүй болсон.

Тодруулбал, шүүгдэгч Г.П  нь 4 удаагийн үйлдлээр бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, ...хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах ...орон байранд нэвтэрч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэх шинжид нийцсэн, анхан шатны шүүх энэ тухай тогтоолын дүгнэлт хэсэгт тусгасан боловч тогтоох хэсэгт орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцсэнгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт “...шүүх хэд хэдэн тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасан.

Шүүгдэгч Г.П  урьд нь Дорноговь аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгүүлж, шүүхээс түүнд хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд дахин хулгайлах гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэнийг хүчингүй болгож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулсан нь зөв болсон боловч уг ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэхдээ хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж 30 хоногийн хорих ял гэж тогтоож, нэмж нэгтгэхээр заасан журмыг хэрэглээгүй, ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамласан нь буруу болсон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан  үндэслэл нь ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солих журам.

Гэтэл анхан шатны шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т заасантай адилтгаж  хэрэглэсэн нь шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн алдаа гаргасан гэж үзэх ба эдгээр нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохгүйгээр өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолыг зөвтгөх боломжтой тул прокурор Б.Дашнямаас гаргасан эсэргүүцлийг хангаж шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасан “...хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөх” үндэслэлд нийцнэ.

6.Шүүгдэгч Г.П д оногдуулсан 2 жил 1 сарын хорих ял нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ба шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод  мөн нийцсэн.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/11 шийтгэх тогтоолын 2 дугаар заалтыг: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Хорчин овогт Гантөмөрийн Г.Пг бусдын эд хөрөнгийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

5 дугаар заалтыг: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Г.П д урьдах тогтоолоор оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялыг нэг хоногтой дүйцүүлж 30 хоногийн хорих ял гэж тогтоож, энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ял дээр 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хугацааг 2 жил 1 сарын хорих ялаар тогтоосугай” гэж тус тус өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, прокурор Б.Дашнямаас гаргасан эсэргүүцлийг хангасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Пн  2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс 03 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл нийт 63 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.А.САЙНТӨГС

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД

ШҮҮГЧ А.САЙНТӨГС