Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 297

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга С.Буянхишиг,

улсын яллагч Д.Эрдэнэчимэг,

шүүгдэгч А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан А яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр  ирүүлсэн эрүүгийн 1805016030389 дугаартай хэргийг 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, .....оны ... дугаар сарын ...-ний өдөр Ховд аймгийн Дарви суманд төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, .............ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг ... дугаар хороо .... дугаар гудамжны .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ... дугаар хороо ... дүгээр байр ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, А

 

Шүүгдэгч Ань 2018 оны 03 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө .... дүүргийн ...дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дүгээр байрны ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн хамтран амьдрагч иргэн П-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Амэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхээс шүүгдэгч А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримтуудад агуулагдсан мэдээлэл болон хэргийн талаар өгсөн хууль зүйн дүгнэлтийн үндэслэл:

 

Шүүгдэгч А гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн хамтран амьдрагч иргэн П-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зодож түүний биед зүүн хацарт цус хуралт, баруун өвдөгөнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дараах баримтууд болох:

Хохирогч П-гийн “2018 оны 03 дугаар сарын 09-ний 19:00 цагийн үед ........дүүргийн ... дугаар хороо .......тоот гэртээ ороход манай нөхөр А 2,5 литр Нийслэл пиво уугаад сууж байсан. Тэгээд намайг ороход А 2 эгчийн хамт гарч Март тэмдэглэе гэхэд би гарахгүй ядраад байна стресстэй  байна гэхэд А чи манай эгч нарыг хамт явъя гэсэн болохоор тоохгүй байна, чи угаасаа ийм, ажлын газрын янхануудтайгаа болохоор явж ууж иддэг биздээ гэх зэргээр намайг болон миний таньдаг хүмүүсийг доромжилсон. Тэгэхээр нь би уйлсан. Тэгэхэд А гараад 2,5 литр пиво авч орж ирсэн. Тэгээд намайг А одоо битгий уйл дахиж ийм юм ярихгүй гээд аргадаад надад 1 стакан пиво хийж өгөхөд тэрнийг уучихаад унтсан. Тэгээд шөнө 00 цагийн үед би сэрэхэд А миний утсыг аваад явсан байсан. Тэгээд А 03:00 цагийн үед нэлээн согтуу орж ирээд намайг хэвтэж байхад А миний хөл болон толгой дээр дэвсэж, хөл рүү өшиглөж, үсдэж чирсэн. Тэгээд А миний утсан дээр байсан комментуудыг уншаад энийгээ хар чиний нууц амрагийг чинь олсон гэж дахин миний хөлрүү өшиглөж бас нүүр рүү хальт өшиглөсөн. Тэгээд миний нөмөрч байсан хөнжил дэвсгэр зэргийг авч шидээд өмсөж байсан дотуур хувцаснуудыг урсан. Тэгэхэд би хажууд байсан плате өмсөх гэж байх хооронд миний нүцгэн зургийг утсаараа авсан. Тэгээд А гараад явсан. 

... А үүдэнд сууж байгаад гэнэт босож ирээд чи муу банзал гээд сандлаар миний нуруу хавьд цохиж үсдэж чирэхэд би 102 руу залгаж цагдаа дуудахад А гараад явчихсан. ...А намайг оруулахгүй байх чинь яасын бэ гээд дахин үсдэж миний нүүр лүү гараараа 1 удаа цохиод би цагдаа руу залгахад А гараад зугтсан. ... Өмнө нь А намайг зодож байсан. Намайг зодлоо гэж цагдаа дуудаж 2 удаа эрүүлжүүлэхэд хонуулж байсан.

... А бид хоёр хоорондоо зохицоод салж тусдаа амьдарч байгаа болохоор Ад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хэргийн 30 дугаар хуудас/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №3514 дугаартай

“1. П-д зүүн хацарт цус хуралт, баруун өвдөгөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг  түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 32 дугаар хуудас/

 

Яллагдагч Д.Аийн “Би 2018 оны 03 дугаар сарын 09-10 шилжих шөнө эхнэртэйгээ унтаж байгаад гар утсанд нь захиа ирэхээр нь үзсэн чинь Үүрийнцолмон гэх залуутай харилцан бие биеэндээ хайртай гэсэн чатууд байхаар нь хардсан зодсон. Өөр ямар нэгэн шалтгаан байхгүй. ... Би эхнэр Пүрэвмаатай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 43-44 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судласан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

          Шүүгдэгч Д.Аийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

 

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ань гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд  төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдож байна.  

 

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан “шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “... Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч П- нь “... А бид хоёр хоорондоо зохицоод салж тусдаа амьдарч байгаа болохоор Ад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 30 дугаар хуудас/ өгсөн тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй,  баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг дурдвал зохино.

                                                                                                                                

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                      ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Д.А-ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  Аторгох ялыг 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  А торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, А баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.