Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 2018/ШЦТ/223

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга П.Ханбүргэд,

Улсын яллагч Б.Амартүвшин,

Хохирогч Б.Г,

Шүүгдэгч Д.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ц холбогдох эрүүгийн 1838004420275 дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Д.Ц нь 2018 оны 6 дугаар сарын 07-ноос 8-нд шилжих шөнө Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Эргийн 72 дугаар байрны гадаа иргэн Б.Гзодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ц нь 2018 оны 06 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө Мөрөн сумын 8 дугаар багт байрлах Эргийн 72 дугаар байрны гадаа иргэн Б.Гзодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Д.Цийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...Би тухайн үед Гийг гараараа нэг удаа цохиж, хөлөөрөө нэг удаа өшиглөсөн нь үнэн. ...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Гийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдаааны хэлэлцүүлэгийн шатанд өгсөн: “...Намайг зодсон залуу руу хандаад одоо болно оо, ийм юм дэмий байдаг юм аа гэж хэлсэн. Тэгэхэд үгийн зөрүүгүй миний нүд рүү цохисон. Тэр үед би манараад нүүрээ дараад бөхийгөөд босч байсан чинь сэхээ авахын зуургүй нүүр рүү дороос өшиглөсөн. Тэгээд хүмүүс намайг тойроод шаваад байсан. Тэд нар чиний нүүрнээс цус гараад байна гээд... хүмүүс миний цусыг арчиж өгөөд намайг зодсон залууг Золоо ах нь энэ залуутай хоорондоо тохиролцлоо гээд байсан. ...тэгээд тэр залуу уурлаад эмэгтэй хүн шиг шалчигнасан пизда вэ гээд араас татаж боогоод хүзүүний гинжийг минь тасалсан...Эмчилгээний зардал 1.000.000 төгрөг нэхэмжилснээс 300.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Одоо 700.000 төгрөгийн хохирлоо нэхэмжилнэ... ” гэх мэдүүлэг,

Гэрч Г.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Ням-Очир эгч Оюун-Эрдэнэ эгчтэй хэрүүл маргаан хийгээд орилж хашгираад байсан. Би хэрүүл болж байх үеэр машин дотроо сууж байсан болохоор болсон хэргийн талаар сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 дүгээр хуудас/,

Гэрч С.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Батмөнхийг тэр залуутай ноцолдож байхад нь Г салгахаар очоод нүд рүүгээ цохиулчихсан юм шиг байсан. Гэхдээ Гийг тэр залууд цохиулахыг хараагүй, намайг очиход л хөмсөгнөөс нь цус гарчихсан, нүүрээ дараад сууж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч Ц.З-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн орой ...Цийг машинаас буухад надаас тамхи нэхдэг залуу Цийг чи бас юу вэ гэснээ түүнийг түлхэж унагаагаад түүнтэй барилцаж аваад хоорондоо цохилцоод унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 272 тоот дүгнэлтэд:

  1. Б.Гийн биед зүүн хөмсгөнд шарх, зүүн дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ.
  3. Б.Гийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Эрүүгийн 1838004420275 дугаар хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байна гэж шүүх үнэллээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд хохирогч Б.Г нь шүүгдэгч Д.Ц-ээс 1.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нь хохирогчид 300.000 төгрөгийг нөхөн төлж үлдэгдэл 700.000 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул үлдэгдэл 700.000 төгрөгийг шүүгдэгч Д.Ц-ээс гаргуулж хохирогч Б.Г-т олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Ц нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Эрүүгийн 1838004420275 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Д.Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч Д.Ц-ээс 700.000 /долоон зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Гт олгосугай.

      5. Эрүүгийн 1838004420275 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.      

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР