Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 2025/ДШМ/20

 

      

 

 

 

 

  Ц.М, Н.Н нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч А.Цэрэнханд, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;  

Прокурор Б.Дашням,

Хохирогчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,

Шүүгдэгч Ц.Мн өмгөөлөгч Г.Ганбадрах /цахимаар зайнаас/,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурор Б.Дашнямын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэгийн давж заалдсан гомдолд үндэслэн шүүгдэгч Ц.М, Н.Н нарт холбогдох 2319003470068 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

1.1.*,

1.2.*, 

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Ц.М нь 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Ж.Мс тээврийн хэрэгслийг чиргүүлийн хамт оношилгоонд оруулж өгнө, тээврийн хэрэгслүүдийг оношилгоонд оруулахад шаардлагатай гэж 12,600,000 төгрөг Хаан банкны * тоот дансанд "байрны урьдчилгаа" утгаар шилжүүлэн авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг "Залилах", 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 03 цагийн орчим Дорноговь аймгийн * багийн нутаг дэвсгэрт байрлах "Минерал" Нэртэй бааран дотор Н.Нтэй маргалдаж, түүний биед халдсаны улмаас түүний "...зүүн сарвууны 5 дугаар хурууны хумс бүрэн хууларч унасан шарх" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэгт, 

Шүүгдэгч Н.Н нь 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 03 цагийн орчим Дорноговь аймгийн * багийн нутаг дэвсгэрт байрлах "Минерал" Нэртэй бааран дотор Ц.Мтэй маргалдаж түүний нүүрэн тус газар цохиж халдсаны улмаас хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэгт холбогджээ.

3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.М, Н.Н нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: “...шүүгдэгч * холбогдуулан Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.3 дугаар 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинж тогтоогдоогүй, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж,

Шүүгдэгч Н.Нг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Н.Нд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Н.Нд оногдуулсан 500 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд тэнцүү хувааж төлөхийг даалгаж,

Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

Хэрэгт эд мөрийн баримаар хураан авсан 1 ширхэг компанкт дискийг хэрэг хавсаргаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н , Ц.М нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

5.Прокурор Б.Дашням эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхээс Мн үйл ажиллагааны улмаас энэ тээврийн хэрэгслүүд оношилгоонд орсон байна гэсэн дүгнэлтийг хийж байгаа нь хэргийн бодит байдалд нийцэхгүй байна нотлох баримтуудаар тогтоогдсон зүйлүүд дээр нотлогдохгүй байна гэж үзэж байгаа. Хохирогч М  бол Мг авто тээврийн үндэсний төвд ажилладаггүй, тээврийн хэрэгслийн үзлэг хийдэггүй этгээд гэдгийг мэдэж байсан гэсэн ч  М нь өөрийгөө тээврийн хэрэгсэл хэрэгслүүдийг нь оношилгоонд оруулж өгч чадна гэдэг зохиомол байдлыг зориудаар бий болгож түүнийг төөрөгдөлд оруулсны улмаас Мийн 12,600,000 төгрөгийг түүний данс руу шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог мөн  М болон М   нарын хооронд харилцан чатаар  М нь тээврийн хэрэгслүүд техникийн хяналтын үзлэгт оруулах талаар үйл ажиллагаа явуулж байгаа мэтээр  Мг төөрөгд оруулж байсан болох нь тогтоогддог. Түүнчлэн бусдын эд хөрөнгө, эзэмших өмчлөх эрхийг буцааж өгөхгүй хариу төлбөр огт хийхгүй эс үйлдэхгүй субьектив санаа зорилго нь гэмт этгээдийн хувьд гэмт үйлдэл хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдаг. М , Мэс 12,600,000 төгрөгийг тээврийн хэрэгслийн хяналтын үзлэгт оруулж өгөх төлбөр гэж авсан. Үүнээсээ 726,000 төгрөгийг төлбөрт нь хяналтын үзлэгийн төлбөрт тушааж байгаа нь илт мөнгийг Мэс авсан. Тухайн мөнгөө буцааж өгөхгүй гэдэг санаа сэдэл нь Мтэй тохиролцохоос өмнө бол үүссэн байсан болох нь тогтоогдож байна. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэхгүйгээр Мг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Тэгэхээр энэ эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд байдалд нийцэхгүй байна гэж үзэж байгаа. Шүүхийн цагаатгасан үндэслэл нь бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10 дахь заалтад зааснаар илт үндэслэлгүй хэргийг хэрэгсэхгүй болгосон байгаа. Шийтгэх тогтоолын 5 дугаар заалтад Н цагдан хоригдсон хоноггүй гэсэн атлаа 7 дугаар заалтад шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н,  М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй гэчихсэн байгаа. Гэтэл Н,  М нарт бол огт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй. Энэхүү заалт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь тодорхой ойлгомжтой түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлага хангахгүй байна гэж үзэж байгаа. Мд учирсан байгаа 12,600,000 төгрөгийн хохирлыг хэрхэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй эсэх бусдад төлөх төлбөргүй эсэхийг нь хэрхэн шийдвэрлэх талаар дурдаагүй.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.5 дахь заалтад заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн хангах тухай эсхүл хэрэгсэхгүй болгох хэлэлцэхгүй орхих тухай үндэслэлээ заагаагүй байна. Тийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад шүүх заасан шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.7 дугаар зүйлүүдэд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхээр заасан. Иймд эдгээр үндэслэлүүд дээр 9 дугаартай шийтгэх тогтоолыг эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцлийг бичсэн.” гэв.

6.Хохирогчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Өөрөөр хэлэх юм бол Мг залилах гэмт хэрэг үйлдээгүй гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Мн хувьд хохирогч Мтэй танилын харилцаатай байсан. Харилцаж байх явцдаа юу хийж байна вэ гэхлээр машин техник тээврийн хэрэгсэл оношилгоонд оруулж байна гэдэг зүйл ярьсан учраас өөрийнхөө компанийн тээврийн хэрэгслүүдийг оношилгоонд оруулахаар ярьсан. Гэхдээ ярихдаа 2023 оны 2 дугаар улиралд буюу 2023 оны 6 сардаа багтаагаад 21 машины тээврийн хэрэгслийг оношилгоонд оруулж өгөөч гэхэд болно гээд зөвшөөрсөн байдаг. Гэтэл анхнаасаа 21 машины тээврийн хэрэгсэл оношилгоонд оруулахад 700 орчим мянган төгрөг л тушаагддаг юм билээ гэтэл энэ мөнгөнөөс илт их хэмжээний мөнгө буюу 12,600,000 төгрөгийг 2 дугаар улиралд багтаан оношилгоонд оруулж өгнө гэж авч байгаа. Анхнаасаа авч байгаа тэр санаа зорилго нь өөрөө залилах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзээд байгаа. Яагаад гэхлээр тухайн үедээ ямар нэгэн оношилгоонд оруулах ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй энэ талаар мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй байдаг. Бүтээж өгч чадна гэж бодоод авсан хэдий боловч бүтээж өгөөгүй авсан даруйдаа ээжийнхээ данс руу шилжүүлээд ээж нь тухайн үед гадагшаа гарах гэж байсан гээд энэ мэтчилэн дансны хуулгаар нь тухайн мөнгийг өөр үйл ажиллагаанд зарцуулаад ингээд явж байсан дансны хуулгаар нь тогтоогддог. Дараа нь шүүхийн хэлэлцүүлэг дээр нотлох баримтаар гаргаж өгсөн Сүхбаатар аймгийн авто тээврийн газрын байцаагч нарт мөнгө өгсөн гэсэн асуудал ярьж нотлох баримт гаргаж өгсөн гэтэл тэр талаар мөрдөн шалгах ажиллагаа байгаагүй. Хамгийн гол нь эцсийн үр дүн нь хамаа байхгүй анхнаасаа авсан санаа зорилго нь ийм байгаа учраас залилах гэмт хэргийн шинжтэй байгаа. Тэгээд Сүхбаатар аймгийн цагдаагийн газарт гаргаж өгсөн авто тээврийн газраас гаргаж өгсөн албан бичиг болон гэрч Т ,  Г нарын мэдүүлгээр Мг танихгүй 21 тээврийн хэрэгсэл албан бичгийнхээ дагуу тэр журамд өөрчлөлт орсны дагуу 2023 оны 8 сарын 17-нд бол зохих журмынхаа стандартынхаа дагуу үзлэг оношилгоондоо орж тэнцсэн гэсэн албан бичгийг нотлох баримтаар хавтаст хэрэгт хавсаргасан байгаа. Эдгээр баримтаар Мн анхнаасаа энэ их хэмжээний мөнгийг авч байгаа сэдэл санаа зорилго нь буцааж өгөхгүй. Залилах гэмт хэргийн шинжтэй байсан тийм учраас гэм буруутайд тооцож хохирлыг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байгаа.” гэв.

7.Шүүдэгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокурорын эсэргүүцэлтэй танилцсаны үндсэн дээр дараах хэдэн зүйлийг хэлье гэж бодож байна. Анхан шатны шүүх дээр холбогдох шүүгдэгч нараас асуулт асуусан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан үүнтэй холбоотойгоор бол би анхан шатны шүүхийг хууль зүйн үндэслэлтэй хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэсэн гэдэг дээр прокурорын эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Манайх үнэн зөвөөр шийдсэн гэдэг байр суурь дээр байна. Учир юу вэ гэхээр прокурорын эсэргүүцэл дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар гэж байгаад бичсэн юм байна, таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудлыг бичсэн байна. Тэгвэл  таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой асуудал бол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээтэй байсныг бүгд мэдэж байгаа. Энийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн биш харин техникийн алдаа гарчээ гэж харж байгаа. Процессын хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд орохгүй байх. Хохирогч Мийн улмаас учирсан хохирлыг хэрхэн төлөх вэ гэдэг асуудлыг дурдсан байна. Нэгэнтээ Мд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгасан учраас хохирогч хохирол гэсэн асуудал яригдахгүй. Харин Мийн зүгээс энэ үйл ажиллагаатай холбоотой мөнгө төгрөгөө өгч авалцсан эдийн засгийн харилцаагаа иргэний харилцаагаар шийдэх эсэх нь тухайн иргэний эрхийн асуудал. Тэгэхэд прокурор хэт нэг талын эрх ашгийг хамгаалж хууль зүйд нийцээгүй эсэргүүцлийг гаргаж байгаа. Тэрийгээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар гэж байгаад дурдаж шүүхийн эрх хэмжээний асуудалд халдаж байгааг өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөхгүй. Анхан шатны шүүх хуралдаан дээр авсан нотлох баримтыг шинжлэн судлаад үзсэн хавтаст хэргийн 9 болон 103 дахь талд хохирогч Мийн авсан мэдүүлгийн зарим хэсгийг бид шинжлэн судалсан. Энэ дээрээ прокурорын эсэргүүцэлд дурдаад байгаа, зохиомол байдлыг зориудаар бий болгоод худлаа ярьж хууран мэхэлж итгэлийг нь эвдсэн урьд үүссэн харилцаа дээрээ тулгуурлаж гэж байгаагаа бол хүлээн зөвшөөрөхгүй, бүхэл бүтэн хохирогчийн өгсөн мэдүүлгийг дээр дурдсан байгаа Мг ямар нэгэн байдлаар тухайн авто тээврийн үндэсний төв, авто тээврийн үндэсний газарт ажилладаггүй гэдгийг энэ хохирогч өөрөө мэдэж байсан хавтаст хэргийн 9 болон 103 дахь тал дээр тодорхой мэдүүлсэн. Дээрээс нь холбогдох мэдүүлэг дээрээсээ мөнгө төгрөгөө хүлээн зөвшөөрөөд өгч авалцсан асуудал ямар зорилгоор мөнгөө өгч байгаа нөгөөдөх нь ямар зорилгоор мөнгөө авч байгаа тухайн авсан мөнгөө албан тушаалтнуудад тарааж өгсөн талаар мөн тухайн албан тушаалтнуудаас мөнгө төгрөгөө буцааж авч өгөөрэй гэсэн энэ үйл баримт хохирогч гэж мэдүүлэг өгсөн Мийн мэдүүлгээр бүрэн авагдсан байхад энийг анхаарч үзээгүй гэж үзэж болохгүй. Анхан шатны шүүх үнэн зөв бодитойгоор шийдсэн. Энэ хэргийн үйл явдал бодит байдалд нийцээгүй гэж байна.  Энэ үйл явдал эрхэм шүүгч нараа 2023 оны 6 сард болж өрнөөд байгаа юм. Харин энэ тухайн үед MNS6278 гэсэн журмаар тухайн 2023 оны 6 сард энэ Мийн оношилгоонд оруулж байгаа машинууд оношилгоонд тэнцэхгүй байсан. Ийм учраас энэ нөхдүүд оношилгоонд тэнцүүлэхийн тулд авлига хээл хахуулийн шинжтэй мөнгө төгрөгийг өгөөд байгаа. Харин энэ залилан мэхлэх гэмт хэрэг биш албан тушаал хээл хахуулийн шинжтэй гэмт хэрэг байна гэдгийг анхан шатны шүүх дээр өмгөөлөгч миний бие дурдаж байсан. Гэтэл харин 7 сард нь нөгөө болохгүй байсан журамд нь өөрчлөлт ороод Мийн оношилгоонд тэнцэхгүй байсан машинууд нь тэнцсэн. Энэ дундаа чиргүүлүүд нь тэнцээд эхэлж байгаа юм. Ийм нэг бодит байдал үйл баримт авагдсан байгаа юм. Ингээд журамд өөрчлөлт орсонтой холбоотойгоор Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн Мийн захирал гээд байгаа Ханхан Мин гэх нөхөр энэ журамд өөрчлөлт орсноор машинууд нь асуудалгүй оношилгоонд орчхонгуут М  рүүгээ чи наад хүнээсээ тэр мөнгө төгрөгөө буцааж аваарай гэдэг энэ үйл баримтыг өдөөн хийж байгаа. Тэгэхээр энэ харин бодит хэргийн нөхцөл байдал мөн үү гэвэл мөн байгаа юм. Харин энийг анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар хавтаст хэргийн хүрээнд цугларсан нотлох баримтын хүрээнд залилан мэхлэх гэмт хэргийн шинжгүй байна гээд цагаатгасан нь үндэслэлтэй. Харин прокурорын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөн байцаах ажиллагааны явцад энэ залилах биш албан тушаал хээл хахуулийн шинжтэй гэмт хэрэг байгааг шалгахгүй орхигдуулсан гэдгийг бол өмгөөлөгч миний зүгээс анхан шатны шүүх дээр ухаалаг хэлж байсан. Энэ хятад захирал Ханхайн Мин гэж нөхөр Мдээ мөнгө өгөөд байгаа юм. Мөнгө өгөөд цаашаагаа Монгол улсын хууль тогтоомжийг зөрчсөн хууль бус үйлдлийг хэрэгжүүлээд оношилгоонд оруулах үйл ажиллагааг явуулаад байгаа. Дээрээс нь холбогдох болохгүй байсан хууль тогтоомж дүрэм журамд нь өөрчлөлт орсноор энэ үйл ажиллагаа нь хэрэгжээд явчихаж байгаа юм. Энэ үйл ажиллагаа хэрэгжихдээ оношилгоонд тэнцэхгүй байсан чиргүүлүүд нь орчихож байгаа юм. Миний үйлчлүүлэгч Мн хувьд бол тохирсныхоо дагуу албан тоотоо явуулж байгаа юм. Бүх толгойнуудыг оношилгоонд оруулаад чиргүүлүүдийг нь оношилгоонд оруулах процесс явагдаж байх хооронд энэ журамд өөрчлөлт орсонтой холбоотойгоор эдгээрийн хооронд эдийн засаг өгч авсан мөнгөнийх нь маргаан үүсэж байгаа юм. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр авто тээврийн үндэсний төвийн ажилтнууд мөнгө төгрөг авсан гэдэг нь бүгдээрээ дансны хуулга миний үйлчлүүлэгч Мн өгсөн мэдүүлгээр бол тогтоогдож байгаа. Энүүгээрээ  М бол залилан мэхлэх биш Мтэй тохирсон ажлаа гүйцэтгээд явж байгаа гэдгийг нотлох баримт шинжлэн судлах болоод асуулт хариултаар бүрэн тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хувьд энийг бол бүрэн бодитойгоор прокурор ч бай шүүгдэгчийн өмгөөлөгч ч бай шүүгдэгч нар бүгдээрээ хоорондоо асуулт хариултууд шинжлэн судалснаараа энэ бол үнэн зөвөөр шийдэгдсэн асуудал. Ийм учраас анхан шатны шүүхийн шийдэх тогтоолыг одоо дэмжиж үнэн зөв шударга шийдвэрлэсэн гэдэг байр суурь дээр өмгөөлөгчийн хувьд хууль зүйн дүгнэлтээ шүүхэд гаргаж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурор Б.Дашнямын гаргасан эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэгийн гаргасан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, эсэргүүцэл, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэргийн бодит байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй нь шийтгэх тогтоол хүчингүй болох үндэслэл болсон.

2.Хэрэгт авагдсан баримтуудаар 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр Ж.Мс өөрийн ажилладаг “Силвер титан интернэйшнл” ХХК-ны тээврийн хэрэгслийн үзлэг оношилгооны шаардлагад тэнцэхгүй 21 хүнд даацын автомашинуудыг чиргүүлийн хамт оношилгоонд яаралтайгаар 6 дугаар сардаа багтаан үзлэг оношилгоонд оруулахыг Ц.М эд хүсч, Ц.Мн хэлснээр тээврийн хэрэгслүүдийг оношилгоонд оруулахад шаардлагатай гэж 12,600,000 төгрөгийг түүний Хаан банкны * тоот дансанд "байрны урьдчилгаа" утгаар шилжүүлэн өгсөн боловч автомашинуудыг  2023 оны 08 дугаар сарын 17-нд компанийн зүгээс зохих журмын дагуу оруулсан гэж Ц.М ээс өгсөн 12,600,000 төгрөгөө буцаан өгөхийг шаардаж, Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан,

мөн 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 03 цагийн орчим Дорноговь аймгийн * багийн нутаг дэвсгэрт байрлах "Минерал" Нэртэй бааран дотор Ц.М нь Н.Нтэй маргалдаж, түүний биед халдсаны улмаас түүний "...зүүн сарвууны 5 дугаар хурууны хумс бүрэн хууларч унасан шарх" бүхий хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Н.Н нь Ц.М эд хамрын таславчийн муруйлт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйл баримтуудад Дорноговь аймгийн прокуророос шүүгдэгч Ц.Мг хохирогч Ж.Мтэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг далимдуулан зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 12,600,000 төгрөгийг нь залилан авсан буюу Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Ц.М, Н.Н нарыг харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирлыг санаатайгаар учруулсан гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

3.Анхан шатны шүүх хохирогч Ж.Мс 12,600,000 төгрөгийг авсан шүүгдэгч Ц.Мн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах гэмт хэргийн шинж байхгүй, мөн хохирогч Н.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирлыг санаатайгаар учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг тогтоогдохгүй байна гэж тус тус үзэж түүнд холбогдох хэргийг бүгдийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.Мг цагаатгасан, шүүгдэгч Н.Нг хохирогч Ц.Мн эрүүл мэндэд хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

4.Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзсэн.

Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд мөрдөгч, прокуророос гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг нотолбол зохих байдлыг тал бүрээс нь бодитойгоор шалгаж тогтоогоогүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна

Хэрэгт Ж.Мс “Силвер титан интернэйшнл” ХХК-ны уул уурхайн үйл ажиллагаанд ашиглагддаг тээврийн хэрэгслийн үзлэг оношилгооны шаардлагад тэнцэхгүй 21 хүнд даацын автомашинуудыг чиргүүлийн хамт оношилгоонд яаралтайгаар оруулах шаардлагын үүднээс Ц.М эд “ тийм боломж байна уу” гэж хандсан, Ц.Мн хувьд Авто тээврийн үндэсний төвд ажилладаггүй боловч 12,600,000 төгрөгийг өгвөл болно гэж хэлсний дагуу 12,600,000 төгрөгийг Ж.Мс шилжүүлсэн, Ц.М Автотээврийн үндэсний төвийн Дорноговь аймаг болон Сүхбаатар аймгийн салбарын албан тушаалтнуудад нөлөөлж, авлига өгч уг автомашинуудыг тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд хуурамчаар тэнцүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал нь шүүгдэгч Ц.М , хохирогч Ж.М  нарын мэдүүлгүүд, тэдгээрийн хоорондоо харилцсан Facebooc-ийн мессенжер, Ж.М, Ц.М нарын банкны харилцах дансны дэлгэрэнгүй хуулга зэргээс харагдах ба эдгээр нь шүүхийн дүгнэлтэд нөлөөлж болох нөхцөл байдал болж байхад мөрдөгч, прокурор, анхан шатны шүүхээс анхаараагүй, энэ нөхцөл байдалд огт дүгнэлт хийгээгүй орхигдуулсан нь хэргийн бодит байдал бүрэн тогтоогдсон гэж гэж үзэх үндэслэлгүй юм.

Эдгээр нотлох баримтууд нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтууд байна.

Прокуророос шүүгдэгч Ц.Мг хохирогч Ж.Мтэй урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг далимдуулан зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 12,600,000 төгрөгийг нь авч, залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн байхад анхан шатны шүүх дээрхээс өөр үндэслэлээр буюу “хуурч” гэсэн шинжийг дүгнэж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

5.Иймд шүүгдэгч Ц.Мн Ж.Мс 12,600,000 төгрөг авсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан авлигын гэмт хэрэг эсэхийг бүх талаас нь бүрэн бодитойгоор хянан шалгах шаардлагатай байх тул хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-д заасан шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх үндэслэлд хамаарч байх ба эдгээр үндэслэлүүдээр прокуророос гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.    

6.Давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэлэлцүүлэхээр буцаасан тул шүүгдэгч Ц.М, Н.Н нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтэд эрх зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.5 дугаар зүйлийн 1.1,  39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/09  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд хэлэлцүүлэхээр буцааж, прокурорын эсэргүүцэл, хохирогчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэгийг гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсүгэй.

2.Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.А.САЙНТӨГС

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БОЛОРМАА

ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД

ШҮҮГЧ А.САЙНТӨГС