Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 305/ШШ2025/00842

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би

Нэхэмжлэгч: ***-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ***-д холбогдох

Сарлаг үхрийн чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх түрээсийн гэрээний дагуу 7,312,500 (долоон гурван зуун арван хоёр мянга таван зуу) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч *** нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус сумын *** сумын Сарлаг үхрийн чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх түрээсийн гэрээ байгуулан 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 9 хээлтэгч, 1 хээлтүүлэгч нийт 10 сарлаг үхрийг *** багийн малчин ***-д шилжүүлэн өгсөн. Гэвч гэрээнд зааснаар 3 жилийн хугацаанд дараагийн малчинд шилжүүлэн өгөх ёстой боловч өнөөдрийн байдлаар 10 үхрийг дараагийн малчинд шилжүүлж өгөөгүй байна. Тиймээс тус иргэнээс гэрээний үүргийн дагуу 10 үхрийн үнэ болох 7,312,500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч***-ы тайлбарын агуулга: Миний бие ***  *** сумын *** багт амьдардаг. Ам бүл 3. Эхнэр охины хамт амьдардаг. Одоогоор 12 сарлагийн үнэ болох 7,312,500 (долоон сая гурван зуун арван хоёр мянга таван зуу) төгрөгийг төлөх боломжгүй байгаа учир он гараад 5 сард бүрэн төлж барагдуулах тул өргөдлгийг хүргүүлж байна. Иймд миний өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Эвлэрлийн гэрээнд: 10 сарлагийн үнэ 7,312,500 төгрөгийг 2026 оны 05 дугаар сард бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ хийв гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. ***-рын нэхэмжлэлтэй, хариуцагч ***-д холбогдох сарлаг үхрийн чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх түрээсийн гэрээний дагуу 7,312,500 (долоон гурван зуун арван хоёр мянга таван зуу) төгрөгийг гаргуулах тухайиргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.

*** нь 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/35 дугаартай албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч ***-ыг томилж, түүнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүрэн эрхийг олгосон байна.

Хариуцагч *** нь нэхэмжлэлийн шаардлагыг 2026 оны 05 дугаар сард багтаан төлж барагдуулахаар хариу тайлбар ирүүлснийг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг төлж дуусгах хугацааны саналыг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээг ирүүлж, харилцан тохиролцож эвлэрчээ.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн боловч төлөх хуваарийн хувьд зохигч харилцан эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн үндэслэлтэй байна.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хангагдсан хэсэг болох 73,125,00 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 131,950 төгрөгийн тал хувь 65,975 төгрөгийг хариуцагч ***-аас гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *** нь нэхэмжлэгч ***-ын сарлаг үхрийн чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх түрээсийн гэрээний дагуу 7,312,500 (долоон сая гурван зуун арван хоёр мянга таван зуу) төгрөгийг 2026 оны 06 дугаар сард бүхэлд нь төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хангагдсан хэсэг болох 73,125,00 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 131,950 төгрөгийн тал хувь 65,975 төгрөгийг хариуцагч ***-аас гаргуулж, улсын орлогод олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт заасныг баримтлан энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 ШҮҮГЧ                                        Б.ОДБАЯР