| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/01054/И |
| Дугаар | 305/ШШ2025/00849 |
| Огноо | 2025-12-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 305/ШШ2025/00849
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ***-ын хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр оролцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно гэжээ.
Хүсэлт гаргагч *** нь өөрийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгээр хүсэлт гаргасан тул хуулийн дээрх заалтын дагуу түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай
2. Хүсэлт гаргагч *** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: *** миний бие 1971 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төрсөн. Ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Уул сум Баянхайрхан багт мал маллаж амьдардаг. Миний бие 1987 оны 06 дугаар сарын 20 дээр сумдаа 8 дугаар ангиа төгсөөд, тус сумдаа Лениний зам нэгдлийн туслах барилгачнаар ажилд ороод тасралтгүй ажиллаж байгаад 1989 оны 10 дугаар сард цэргийн албанд татагдан 2 жилийн хугацаагаар цэргийн албаа хаагаад ирж байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэхэд тухайн үеийн хөдөлмөрийн дэвтэр нээгээд ямар ч бичилт хийгдээгүй байгаа учраас шүүхээр тогтоолгох болсон юм. Иймд *** намайг 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийг дуустал хугацаанд тус аймгийн Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
3. Хүсэлт гаргагч нь нотлох баримтаар:
-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,
-***-ын иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 688 дугаартай архивын лавлагаа, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар зэрэг баримтуудыг ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлт гаргагч ***-ын хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2. Хүсэлт гаргагч *** нь шүүхэд 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийг дуустал хугацаанд тус аймгийн Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан.
Хүсэлт гаргагч *** нь шүүхээр ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор хүсэлт гаргаж, түүнийг шүүхээр тогтоолгох нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой байх бөгөөд ажиллаж байсан байдлыг гэрчлэх цаасан суурьтай анхдагч нотлох баримт болох ажил томилсон болон чөлөөлсөн шийдвэр байхгүйн улмаас онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт гаргах шаардлага үүссэн байна.
2.1 Хүсэлт гаргагч *** нь 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийг дуустал хугацаанд тус аймгийн Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан болох нь Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 688 дугаартай тус аймгийн Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан *** нь гээд 1987 оны 07 дугаар сараас 09 дүгээр сар, 1988 оны 01 дүгээр сараас 09 дүгээр сар, 1989 оны 01 дүгээр сараас 04 дүгээр сарыг дуустал хугацаанд авч байсан цалинг тодорхойлсон архивын лавлагаа, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбараар тус тус тогтоогдож байна.
3. Иймд ***-ыг 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй байна.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ***-ыг 1987 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Лениний зам нэгдлийн туслах үйлдвэрт барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР