2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2025/08304

 

                                                                                                   

 

 

                     2025           10              15

                                        192/ШШ2025/08304

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн 3 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *******,*******,*******,******* хаягт оршин суух, ******* овогт *******ы *******-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,*******,, өөрийн байранд байрлах, ХХК /ТБОНӨО/,-д холбогдох,

Тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Солонго, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намуун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Насантогох нь хариуцагч “-д холбогдуулан тушаал хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “ миний бие 2004 оны 7 дугаар сарын 15-ны өдөр Буянх-Ухаа Олон Улсын нисэх буудлын карго терминалд нярав диспетчирээр, 2004 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Аюулгүй байдал хамгаалалтын албанд харуулаар 4 жил, 2008 оны 3 дугаар сараас аюулгүй байдлын үзлэг шалгагчаар 13 жил, 2021 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс ээлжийн ахлах шалгагчаар 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 4 жил буюу Иргэний нисэхийн салбарт нийт 20 жил 8 сарын хугацаанд тогтвор суурьшилтай, ажилдаа дуртай хичээж ажиллаж ирсэн. Би ажиллах хугацаандаа 2015 онд МЗХ-ы тэргүүний залуу, 2016 оны Чингис хаан Олон улсын нисэх буудлын баярын бичиг, 2017 онд МҮЭ-ийн хүндэт тэмдэг, 2019 онд ЗТХЯ-ны Иргэний агаарын тээврийн тэргүүний ажилтан, 2024 онд Хөдөлмөрийн хүндэт медалиар тус тус шагнуулж байсан. Мөн байгууллагаас зохион байгуулагдаж буй урлагийн наадмууд гоцлол хөгжим болон дууны төрлөөр тогтмол тэргүүн болон дэд байранд шалгарч байсан. Гэтэл 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр той байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай Б/190 дугаартай ТӨХК-ийн тушаал гарч намайг сахилгын зөрчилгүйд тооцох хугацаа дуусаагүй байхад зөрчил гаргасан гэх үндэслэлээр хөдөлмөрийн харилцааг маань дуусгавар болгосон. Миний бие энэхүү тушаалыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд ямар нэг зөрчил гаргаагүй, хүнийг амь насыг аварсан, мөн бусад ямар нэг байдлаар хохирол учруулаагүй бөгөөд дээд шатны удирдлагадаа танилцуулж, чиглэл авсны дагуу Эрдэнэт хүний амьд явах эрхийг нь хангасан төдий билээ. Иймд ТӨХК-ийн захирлын 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/190 дугаартай тушаалыг хүчингүй болгож, намайг тус байгууллагын Нисэхийн аюулгүй байдал, хамгааллын албаны Үзлэг шалгалтын хэлтсийн ээлжийн ахлах шалгагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү. гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Билгүүн шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нь Нисэхийн аюулгүй байдал, хамгааллын албанд 2004 оноос ажиллаж эхэлсэн бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа цуцлахын өмнө үзлэг, шалгалтын хэсгийн ээлжийн ахлах шалгагчийн албан тушаалд ажиллаж байсан. Нэхэмжлэгч нь 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр мөн ажлын байранд үүрэг гүйцэтгэх үедээ ажлын технологийн зөрчил гаргаж Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны даргын Б/251 дугаартай тушаалаар хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээж байсан. Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заасныг баримтлан, ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/190 дугаар тушаалаар нэхэмжлэгч той үүсгэсэн хөдөлмөрийн харилцааг цуцалсан. Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын алба нь Чингис хаан олон улсын нисэх буудалд аюулгүйн үзлэг, шалгалтын үйлчилгээг 24 цагаар ээлжийн зохион байгуулалтаар үзүүлдэг. Аюулгүйн үзлэг, шалгалт нь нисэх буудлын хориотой бүс, агаарын хөлөгт нэвтэрч буй этгээдийн бие, эд зүйл, гар тээш, тээшинд тэсэрч дэлбэрэх бодис, зэвсэг хэрэгсэл, асаагуур зэрэг аюул заналхийлэл учруулах зүйлсийг гараар болон тусгай зориулалтын төхөөрөмжөөр шалган тогтоож, эрсдэл учрахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хийдэг чухал ач холбогдол бүхий үйл ажиллагаа юм. Нэхэмжлэгч нь ээлжийн хуваарийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Чингис хаан Олон улсын нисэх буудалд аюулгүйн хамгаалалтын үзлэг, шалгалт хийх үйл ажиллагааг хариуцан үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд тус өдрийн 20:30 цагт хөөрөх Улаанбаатар-Хөх хот чиглэлийн МО801 нислэгийн зорчигчдыг нэвтрүүлэх үеэр бусдын нөлөөлөлд автаж ажлын технологи зөрчин аюултай ачааг үзлэгийн дараах бүс сүү нэвтрүүлсэн ажлын технологийн зөрчил гаргасан. Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны Аюулгүйн хамгаалалтын ерөнхий заавар-ын 12.4.1-д зааснаар ээлжийн ахлах шалгагчийн ажлын технологид ээлжийн үүрэг гүйцэтгэх хугацаанд үзлэгийн ажилтнуудыг удирдлагаар хангаж ажиллах, нисэхийн аюулгүй байдалтай холбоотой хэрэг зөрчил, үл тохирол гарсан тохиолдолд хэсгийн удирдлага, ерөнхий зохицуулагчид яаралтай мэдэгдэх, холбогдох арга хэмжээг авах, үзлэгийн дараах бүсэд хяналт тавих ажлыг зохион байгуулах үүрэгтэй мөн агаарын хөлгөөр зорчиж буй олон зуун зорчигчийн аюулгүй байдлын баталгаа болж эд хөрөнгө, эрүүл 1 амь насанд эрсдэл учрахаас урьдчилан сэргийлдэг онцгой үүрэг хариуцлагатай албан тушаалтан юм. Тус ээлжийн ахлах шалгагч нь Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны Аюулгүйн хамгаалалтын ерөнхий заавар-ын хавсралт 17-ын 2.3-д Олон улсын иргэний нисэхийн Чикагогийн конвенцын хавсралт 17-ын 4.1.1, 4.2.5 дахь стандарт шаардлагыг хэрэгжүүлэх зорилгоор Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Нисэхийн аюулгүй байдлын заавар Doc 8973-ын 43 дугаар хавсралтыг үндэслэн баталсан Агаарын хөлгийн бүхээг болон нисэх буудлын хориотой бүсэд зорчигч, нисэх багийн гар тээшинд нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлсийн жагсаалтын 2.3-т заасан аюултай ачааг /хийн баллон/ нэвтрүүлэх зөвшөөрлийг өгч нэвтрүүлсэн. Энэхүү зөрчлийг агаарын тээвэрлэгч компанийн ажилтан илрүүлж хийн баллон болон аюултай ачааг үзлэгийн дараах бүсээс гаргах шаардлага тавьж, таслан зогсоогоогүй бол агаарын хөлөгт нэвтэрч олон улсын чиглэлд зорчиж буй зорчигчдын аюулгүй байдал, агаарын хөлгийн бүрэн бүтэн байдалд заналхийлэх өндөр эрсдэл .сэх нөхцөл бүрдсэн байсан. ын дээрх үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хуулийн (шинэчилсэн найруулгын) 42 дугаар зүйлийн 42.2.2 дугаар зүйл, хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм эмжээг дагаж мөрдөх, ажлын цагийг баримтлах, ажлын цагийг гагцхүү ажил үүргээ гүйцэтгэхэд зарцуулах, Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны даргын 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/251 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл :үлээж байсан зэрэг нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх заалтын урьдчилсан нөхцөлийг хангасан тул түүнтэй үүсгэсэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан болно.” гэв.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Б/190 дугаартай тушаал, ын иргэний үнэмлэхийн лавлагаа, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн №25/47 дугаартай тэмдэглэл, ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, фото зураг.

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Иргэний нисэхийн ерөнхий газрын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03/223 дугаартай албан бичиг, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/43 дугаартай тушаал, Агаарын хөлгийн бүхээг болон нисэх буудлын хориотой бүсэд зорчигч, нисэх багийн гар тээшинд нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлсийн жагсаалт, Зорчигч болон нисэх багийн тээшинд нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлсийн жагсаалт, Нисэх буудлын хориотой бүсэд зорчигчоос бусад хүний эд зүйл болон тээврийн хэрэгсэлд нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлсийн жагсаалт, Агаарын хөлгийн бүхээг болон нисэх буудлын өндөржүүлсэн аюулгүйн хамгаалалттай бүсэд зорчигч, нисэхийн багийн гар тээшинд нэвтрүүлэхийг зөвшөөрөөгүй эд зүйлсийн жагсаалт, ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/40 дугаартай тушаал, ТӨХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журам, фото зураг, , Иргэний нисэхийн Үндэсний төв Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны даргын 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/250 дугаартай тушаал, Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны аюулгүйн хамгаалалтын ерөнхий заавар,

3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Иргэний нисэхийн ерөнхий гарын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 03/223 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/43 дугаартай тушаал, түүний хавсралт, ээлжийн ахлах шалгагчийн албан тушаалын тодорхойлолт,ийн даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/09 дугаартай тушаал, түүний хавсралт, той байгуулсан хөдөлмөрийн гэрээ, Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны аюулгүйн хамгаалалтын ерөнхий заавар, Аэро монголиа ХХК-ийн 2025 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 1/25-446 дугаартай албан бичиг, түүний хавсралт, Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт ХХК-ийн 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн АМ-L/1138 дугаартай албан бичиг, тус компанийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн АМ-L/1259 дугаартай албан бичиг, Аэро монголиа ХХК-иас ирүүлсэн тайлбар болон фото зураг, М.Энхтайванбаатараас авсан гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй

гэж дүгнэв.

Шүүх ийнхүү шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.

 

2.    Нэхэмжлэгч оос хариуцагч Иргэний нисэхийн Үндэсний төв

ТӨХК-нд холбогдуулан “Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-ийн захирлын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/190 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

2.1.        Хариуцагч Иргэний нисэхийн Үндэсний төв ТӨХК-аас нэхэмжлэлийн

шаардлагыг эс зөвшөөрч, шүүх хуралдаанд мэтгэлцдэг.

 

3.    Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний өмгөөлөгч

Б.Солонго нар нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:.... нь Нисэхийн салбарт 20 жил 08 сар тогтвор суурьшилтай ажилласан. Түүнийг ТӨХХК-ийн захирлын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/190 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нисэхийн аюулгүй байдлын дүрмийг илтэд зөрчөөгүй, хүний амь нас аврах үүднээс нисэхийн хяналтын бүсээс иргэн хүчилтөрөгчийн  зөөврийн 1000 мг маскийг онгоц хөөрөх хүртэлх хугацаагаар нисэхийн аюулгүй байдал хариуцсан хяналтын ажилтан болон Аэро монголиа авиа компанийн ажилтны хамт хяналт тавьж тухайн зорчигчийн амьсгалыг тасалдуулах эрсдэлээс сэргийлж онгоцны терминал хаалга ортол нь хүчилтөрөгчийн маскаар амьсгалуулж байгаад онгоцонд орох үед хүчилтөрөгчийн маскийг авч үлдсэн байна. Энэ нь нисэхийн аюулгүй байдлын дүрмийг зөрчсөн гэж ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй юм. ТӨХК-ийн захирал нь ажлаас халах тушаал гаргахдаа уг гүйцэтгэх захирлын ажилд томилогдоогүй байсан тул энэхүү ажлаас халсан тушаал нь хүчин төгөлдөр бус тушаал гэж үзнэ. Мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны журам нь захиргааны хэм хэмжээний акт байтал Хууль зүйн яамны бүртгэлд бүртгэгдээгүй тул уг журам нь хүчин төгөлдөр бус журам гэж үзэхээр байна. Энэхүү үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү...гэжээ.

3.1.        Хариуцагч Иргэний нисэхийн Үндэсний төв ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн

төлөөлөгч О.Билгүүн нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Нэхэмжлэгч нь өмнө сахилгын шийтгэл авагдсан байхдаа дахин хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчил гаргасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан эрхэлж байсан ажлаас халсан. Нэхэмжлэгч ээлжийн хуваарийн дагуу 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Чингис хаан” олон улсын нисэх буудалд аюулгүйн хамгаалалтын үзлэг шалгалт хийх үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд тус өдрийн 20:30 цагт Хөх хот чиглэлд хөөрөх М0801 нислэгийн зорчигчдыг нэвтрүүлэх үеэр бусдын нөлөөлөлд автаж ажлын технологи зөрчин аюултай ачааг үзлэгийн дараах бүс рүү нэвтрүүлсэн ажлын технологийн зөрчил гаргасан. Энэ нь Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын ерөнхий зааврын 12.4.1-т заасныг зөрчиж, агаарын хөлгөөр зорчиж буй агаарын хөлөг болон зорчигч нарын аюулгүй байдлыг ноцтой зөрчсөн. Мөн Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын ерөнхий зааврын 17-ын 2.3, Олон улсын иргэний нисэхийн Чикагогийн конвенцын хавсралт 17-ын 4.1.1, 4.2.5-т заасан стандартыг зөрчсөн, мөн Агаарын хөлгийн бүхээг болон нисэх буудлын хориотой бүсэд зорчигч, нисэх багийн гар тээшинд нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлсийн жагсаалтын 2.3-т заасан аюултай ачаа /хийн баллон/ нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон нь ноцтой зөрчил юм.  Иймд түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.2, 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсгийг зөрчсөн үндэслэлээр ажлаас халсан тушаал нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.... гэжээ.

 

4.    Хэрэгт дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

4.1.        Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны

03 дугаар сарын 20-ны өдөр Б/190 дугаартай тушаалаар ыг Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны Үзлэг, шалгалтын хэсгийн ээлжийн ахлах шалгагчийн ажлын хөдөлмөр эрхлэлтийг харилцааг дуусгавар болгосон байна.  /1х-3-4х/.

4.2.        Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт

хорооны 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 25/47 дугаартай тэмдэглэл авагдсан бөгөөд уг тэмдэглэлээр зохигч нар нь маргааныг харилцан тохиролцож чадаагүй байна. /1х-6-9х/

Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт

“Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” гэж, 154.7 дахь хэсэгт “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо энэ хуулийн 154.6-д заасны дагуу гомдлыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргааныг хянаж, шийдвэр гаргана” гэж, 154.8 дахь хэсэгт “Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгчээс шүүхээс өмнөх урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг явуулсан бөгөөд Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 25/47 дугаартай тэмдэглэлийг хүлээ авснаас хойш 10 хоногийн дотор буюу 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Тэрээр шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.

 

5.    Нэхэмжлэгч нь Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-нд

Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны Үзлэг, шалгалтын хэсгийн ээлжийн ахлах шалгагчийн ажилд ажиллаж байсан болох нь ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Б/190 дугаартай тушаал, түүний нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт болон зохигч нарын тайлбараар тогтоогдож байна. /1х-10х/

 

6.    Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал ийг

гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр ТӨХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл[1] бүртгэсэн байна. /1х-12-13х/

Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал ийг ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс тус компанийн гүйцэтгэх захирлаар томилсон тогтоол, шийдвэр хэрэгт нотлох баримтаар авагдаагүй бөгөөд дээрх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллээр нь ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Б/190 дугаартай тушаалд гарын үсэг зурж баталгаажуулахдаа ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын ажил, албан тушаалыг эрхлэх эрхтэй, эрх бүхий албан тушаалтан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Хуульд заасан эрх зүйн чадамжтай иргэн, хуулийн этгээд болон хуулиар эрх олгогдсон этгээд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд оролцох эрхтэй” гэж, 14.2 дахь хэсэгт “Оролцогчийг хуульд заасан эрх зүйн чадвар, чадамжтай байхыг шаардана” гэж заасан бөгөөд Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал нь 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч ын хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаалд гарын үсэг зурж баталгаажуулах эрхтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд  Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-ийн гүйцэтгэх захирлын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Б/190 дугаартай тушаалыг хүчин төгөлдөр тушаал гэж үзэх боломжгүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно” гэж, 123.2 дахь хэсэгт “Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна” гэж зааснаар Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал нь нэхэмжлэгч ын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болох цаг хугацаанд ажил олгогч эрх бүхий албан тушаалтан гэж үзэх үндэслэлгүй байх ба түүнд ажил олгогчийг төлөөлөх эрх олгогдоогүй байна.

Мөн уг тушаалын 1 дэх заалтад ....той хөдөлмөр эрхлэлтийг харилцааг дуусгавар болгосон хэр нь түүнийг ажлаас чөлөөлөх, ажлаас халах талаар дурдаагүй нь ойлгомжгүй байна. Учир нь тушаалын тушаах нь хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэж зааснаар бол хөдөлмөр эрхлэлтийг харилцааг дуусгавар болгохоор зохицуулсан бөгөөд энэхүү хуулийн зүйл заалтаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх гэж дүгнэх боломжтой байсан, харин  Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэгт “ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах” гэж зааснаар нэхэмжлэгчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар зохицуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл байхад хариуцагчаас нэхэмжлэгчийн хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон гэж тушаал бичсэн нь ойлгомжгүй утга санааг илэрхийлжээ. Өөрөөр хэлбэл ажил олгогчоос ажилтныг хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 123 дугаар зүйлийн 123.2.5 дахь хэсэгт заасныг давхар барьж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож, ажлаас халах сахилгын шийтгэлийг оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй байсан байна. Зөвхөн ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон нь түүнийг ажлаас чөлөөлөх, ажлаас халах хууль зүйн аль ойлголтыг хэрэглэх нь эрх зүйн үр дагавартай юм. Хэрэв ажлаас халаагүй бол нэхэмжлэгчийг тухайн ажлаас өөр ажил эрхлүүлэхээр өмнөх ажлын байрны хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг зогсоож байгаа мэтээр ойлгогдох, мөн тушаалын жинхэнэ утга санаа бүрэн гүйцэд тусгагдсан байхыг хуульд зохицуулсан байх бөгөөд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тохиолдолд тухайн ажлаас өөр ажилд шилжүүлэн томилох, ажлаас чөлөөлөх, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах зэрэг нь өөр өөр эрх зүйн үр дагаварыг үүсгэхийг анхаарвал зохилтой юм.

 

7.    Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 29-

ний өдрийн А/43 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Агаарын хөлгийн бүхээг болон нисэх буудлын хориотой бүсэд зорчигч, нисэх багийн гар тээшинд нэвтрүүлэхийг хориглосон эд зүйлсийн жагсаалт”-ын 2.3-т “....шахмал хий...” гэж, Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-

ы өдрийн А/09 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны журам”, “Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны ерөнхий заавар”-ыг тус тус нэхэмжлэгч од танилцуулсан, нэхэмжлэгч уг журам, зааврыг дагаж мөрдөж ажилладаг талаараа шүүхэд гаргасан тайлбартаа дурдсан. /1х-88-93х, 97-102х, 108-250х, 2х-1-109х/

                Харин дээрх нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын журам, заавар нь зөвхөн ТӨХХК-ийн ажилтан, албан хаагчдад зориулаагүй, зарим зүйл, заалт нь нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй зорчигчид, нисэх онгоцны багийн гишүүд, аюулгүй байдал, хамгаалалтын ажилтнууд, цагдаагийн байгууллагын албан хаагчтай хэрхэн хамтран ажиллах зэрэг олон талт гадагш болон дотогш чиглэсэн захиргааны хэм хэмжээний актыг агуулсан байна.

                Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж, “Тайлбар: “Гадагш чиглэсэн” гэж иргэн, хуулийн этгээдэд эрх зүйн үр дагавар үүсгэсэн, тухайн байгууллагын дотоод зохион байгуулалт, зохицуулалтын шинжийг агуулаагүй байхыг ойлгоно” гэж заасантай нисэхийн дээрх журам, заавар нийцэж байх бөгөөд захиргааны хэм хэмжээний актыг шинжийг агуулж байна.

                Захиргааны ерөнхий хуулийн 61, 62, 63 дугаар зүйлүүдэд захиргааны хэм хэмжээний актын төслийг боловсруулах, бэлтгэх олон нийтээс санал авах зэрэг олон нийтэд зориулсан хэм хэмжээний акт батлахтай холбоотой шаардлагыг хуулиар тавьдаг. Үүний зорилго нь захиргааны хэм хэмжээний акт нь олон нийтэд зориулж дахин давтагдах шинжтэй байдаг тул олон нийтэд, холбогдох байгууллага, мэргэжлийн төлөөллөөс санал авах нь зайлшгүй шаардлагатай гэдгийг тодруулж байна.

                Захиргааны хэм хэмжээний актыг Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 64.2, 64.3 дахь хэсэгт зааснаар батлах процессыг зохицуулсан бөгөөд Хууль зүйн асуудал хариуцсан Засгийн газрын гишүүн баталж, улсын бүртгэлд захиргааны хэм хэмжээний актыг бүртгэхээр зохицуулсан байна. Тэгвэл дээрх нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын журам, заавар нь захиргааны хэм хэмжээний актын улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул дээрх журам, заавар хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

                Ингэснээр нэхэмжлэгч ыг нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын журам, зааврыг зөрчиж, Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах нь хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний актыг үндэслэж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох нь хууль зүйн үндэслэлгүй байх боломжтой юм.

 

8.    Нэхэмжлэгч ын албан тушаалын тодорхойлолт /1х-94-96х/,

хөдөлмөрийн гэрээ /1х-103-107х/, ТӨХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам /1х-31-49х/, ын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тайлбар /1х-50х/, “Аэро Монголиа” ХХК-ийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №1/25-446 дугаартай албан бичиг, Аюултай ачаа тээвэрлэх заавар /2х-110-123х/, Ч.Шижирбаатарын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн тайлбар /1х-51х/ болон зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нь 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байхдаа технологийн алдаа гаргаж, агаарын хөлгөөр тээвэрлэхийг хориглосон аюултай ачаа буюу 1000мг савлагаатай 3 ширхэг баллонтой хүчилтөрөгчийг нисэх онгоцны буудлын үзлэгийн дараах бүс рүү нэвтрүүлсэн нь тогтоогдсон байдаг.

Харин уг 1000мг савлагаатай 3 ширхэг баллонтой хүчилтөрөгчийг нэвтрүүлсэн зорилго нь тухайн өдөр “Аэро Монголиа” ХХК-ийн агаарын хөлгөөр зорчих 73 настай иргэн Мөнх-Эрдэнийн биеийн байдал муу, тархин дахь хүчилтөрөгчийн дутмаг, уушгины хүнд өвчтэй иргэн БНХАУ-ын Хөх хот руу эмчлүүлэхээр явж байсантай холбогдуулж, агаарын хөлгийг хөөрөхөөс өмнө буюу үзлэгийн дараах бүсээс агаар хөлөг рүү орох хоолой терминалын хоорондох хүлээлгэн танхимд дээрх хүчилтөрөгчөөр амьсгалуулж байгаад агаарын хөлөг рүү орохоос өмнө 1000мг савлагаатай 3 ширхэг баллонтой хүчилтөрөгчийг нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын ажилтан Ч.Шижирбаатар, “Аэро Монголиа” ХХК-ийн ажилтан 2 хурааж авсан байдаг.

Энэ нь ын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн бичгээр гаргасан тайлбар, Ч.Шижирбаатарын 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн бичгээр гаргасан тайлбар, шүүхэд гэрчээр тайлбар өгсөн М.Энхтайванбаатарын тайлбараар /2х-136-140х/ тогтоогддог. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс мөн өдөр өвчтэй Мөнх-Эрдэнэ гэдэг зорчигчоос 1000мг савлагаатай 3 ширхэг баллонтой хүчилтөрөгчийг үзлэгийн дараах бүс буюу нисэх онгоц хөөрөхөөс өмнөх хүлээлгэн танхимд зорчигч Мөнх-Эрдэнэ нь хүчилтөрөгчөөр амьсгалж байгаад агаарын хөлөгт орохоос өмнө нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын ажилтан Ч.Шижирбаатар, “Аэро Монголиа” ХХК-ийн ажилтан нар хурааж авсан талаар тайлбартаа хэлдэг.

Мөн нисэх онгоцны буудал буюу “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Ам-4/1138 дугаартай албан бичиг, түүний хавсралт бүртгэлээр 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 19 цаг 10 минутад 73 настай эрэгтэй Мөнх-Эрдэнэ биеийн байдал муу байгаа талаар тэмдэглэсэн байна. /2х-125-125х/

Гэрч М.Энхтайванбаатар тайлбартаа:....тухайн өдөр аав Мөнх-Эрдэнэ бие маш муу амьсгалын уушгины хүнд өвчтэй Хөх хот руу эмчилгээнд явж байсан, 1000мг савлагаатай 3 ширхэг баллонтой хүчилтөрөгчийг нисэхийн үзлэгийн бүсээр оруулахгүй байсан, уг хүчилтөрөгч нь онгоцны зурагтай онгоцонд хэрэглэх зориулалттай байсан. Харин нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын журмаар аюултай ачаанд ордог тул хурааж авсан, би тухайн үед ээлжийн ахлагч гэх оос аав минь амь нас аюултай байдалтай байгаа талаар танилцуулж, онгоц хөөрөх хүртэл хүлээлгийн танхимд нисэхийн хамгаалалтын ажилтны хяналтад хүчилтөрөгчөөр амьсгалуулж байгаад онгоцонд оруулъя гэж гуйсан. хамгаалалтын ажилтнаар хяналт тавиулж хүчилтөрөгчөөр аавыг минь амьсгалуулж байгаад онгоцонд ороход хүчилтөрөгчийн маскийг хурааж авсан. Аав минь хүчилтөрөгчгүй 60-70 минут болоход хүчилтөрөгчийн дутагдалд ордог. Хөх хот 1 цаг 10 минут явахад арай гэж тэнд очих боломжтой гэж тооцоолсон. Аав Хөх хот буухад бараг муужирсан байсан цаанаас хятадын эмч нар аваад л хүчилтөрөгч залгаад амь насыг аварсан байдаг. Хэрэв үзлэгийн дараах бүс рүү ороод 30 минут нислэгээ хүлээж суусан бол аав маань Хөх хотод амьд очих боломжгүй нөхцөл байдал байсан, учир нь онгоц дотор хүчилтөрөгчийн аппарат байхгүй, үзлэгийн дараах бүс хүчилтөрөгч байхгүйн улмаас энэ нэхэмжлэгч залууг гуйсны эцэст аав маань амьд гарлаа. Би эргэж Монгол ирээд нисэхийн ажилтнаас хураасан хүчилтөрөгчийн маскийг авсан...гэж тайлбар өгсөн.

Иргэний нисэхийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээ нь аюулгүйн үзлэг, шалгалт болон нисэх буудал, агаарын навигацийн байгууламжийн харуул хамгаалалтын үйлчилгээнээс бүрдэнэ” гэж, 34.3 дахь хэсэгт “Олон улсын нисэх буудал дахь нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээг Иргэний нисэхийн дүрмийн дагуу гэрчилгээжсэн төрийн өмчит хуулийн этгээд гүйцэтгэнэ” гэж, 34.5 дахь хэсэгт “Нисэхийн аюулгүйн хамгаалалтын үйлчилгээний байгууллага нь үзлэг, шалгалтаар илэрсэн зөвшөөрөгдөөгүй эд зүйлсийг хураан авна” гэж зааснаар Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-ийн ажилтан болох нэхэмжлэгч нь хориглосон эд зүйл болох 1000 мг хэмжээтэй баллонтой хүчилтөрөгчийг үзлэгийн бүсэд хурааж авсныг үзлэгийн дараах бүс рүү нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын ажилтан Ч.Шижирбаатарын хяналттай нэвтрүүлсэн нь тогтоогдож байна.

Эндээс дүгнэхэд Нисэх онгоцны буудлын үзлэгийн дараах бүс, хүлээлгэн танхим болон “Аэро Монголиа” ХХК-ийн агаарын хөлөг дотор хүчилтөрөгчийн зориулалтын аппарат, тоног төхөөрөмж байгаагүйгээс болж эрдэнэт хүний амь нас эрсдэх нөхцөл байдалд тогтоогдож байна.

нь нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын холбогдох журам, зааврыг санаатайгаар зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд тухайн өдөр өвчтэй иргэн Мөнх-Эрдэнийн биеийн байдлыг мэдсэн даруй өөрийн эрх хэмжээний хүрээнд журам, зааврыг илтэд зөрчөөгүй, агаарын хөлөг рүү 1000 мг хэмжээтэй баллонтой хүчилтөрөгчийг оруулаагүй, өөрийн ажилтнаар түүний хяналтад хүчилтөрөгчөөр амьсгалуулж байгаад хурааж авсан, хурааж авсан хүчилтөрөгчийг гэрч М.Энхтайванбаатар буцаж ирээд үзлэгийн бүсээс гарахдаа эргүүлэн авсан зэрэг үйл явдлаар хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой мэргэжлийн үйл ажиллагаанд хохирол учруулаагүй ажилласан гэж дүгнэхээр байна.

Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын холбогдох хууль болон журам, заавар агаарын хөлөгт аюултай ачааг оруулахгүй байх эцсийн зорилготой бөгөөд үүнээс урьдчилан сэргийлсэн хууль болон журам, зааврыг дагаж мөрдөх бөгөөд нь уг хууль болон журам, зааврыг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас мэргэжлийн үйл ажиллагааны хяналтад үндэслэн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүднээс зөрчсөн биш нөхцөл байдалд тааруулж ажилласан гэж шүүхээс дүгнэв.

 

9.    Монгол Улсын Үндсэн хуульд “Монголын ард түмэн бид: ….эх орондоо

хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна” гэж Үндсэн хуулийн зорилгыг тодорхойлсон.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1-т “хүн амьд явах эрхтэй….” гэж, 2-т “эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж зааснаар Монгол Улсын төр иргэнийхээ амь явах эрх, эрүүл мэндээ хамгаалах эрхийг хангаж, түүнд тохирсон орчин нөхцөл, эрх зүйн орчныг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүрэг нь Монгол Улсын Үндсэн хуульд дурьдсан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэх эрхэм зорилготой нийцэх учиртай юм.

Нэхэмжлэгч ын Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын холбогдох журам, зааврыг хэлбэрийн хувьд зөрчөөд байгаа юм шиг үйлдэл гаргасан боловч хууль зүйн агуулгын хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх зорилго, зүйл, заалттай тохируулан мэргэжлийн үйл ажиллагаагааг журам, зааварт нийцүүлэн хэрэгжүүлж ажиллаж, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалсан гэж үзнэ. Өөрөөр хэлбэл хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн журам, зааврыг өөрийн мэргэжлийн үйл ажиллагаанд тааруулан уян хатан нөхцөлөөр хэрэглэж, агаарын хөлөгт шахмал хийн төлөвийн 1000 мг савлагаатай хүчилтөрөгчийн аппаратыг оруулаагүй байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дүгээр зүйлийн 80.1, 123 дугаар зүйлийн 123.2, Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсэгт заасныг баримтлан ТӨХХК-ийн захирлын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/190 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч ыг ТӨХХК-ийн Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны Үзлэг, шалгалтын хэсгийн ээлжийн ахлах шалгагчийн ажилд эгүүлэн томилж шийдвэрлэв.

 

10.  Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт

“хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан” гэж,  Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын  2.1.1-т “нэг сарын дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо ажилтанд тодорхой хугацаанд олгосон цалин хөлсний нийлбэрийг тухайн хугацаанд ажилласан нийт сарын тоонд хувааж” гэж,   мөн журмын 2.3-т “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд олгох дараах олговор, тэтгэмжийг тооцох дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” гэж зааснаар ын сүүлийн 3 сарын цалин хөлсний дунджаар тооцож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсний олговрыг олгох нь зүйтэй байна.

 

10.1.      Хариуцагч Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК болон нэхэмжлэгч

нарын хооронд байгуулсан 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Б/24-33 дугаартай хөдөлмөрийн гэрээний 2.1.3-т цалин хөлсний хэмжээг тодруулж бичээгүй байна. Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр  гаргаж өгсөн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод 2025 оны 1, 2 дугаар сар, 2024 оны 12 дугаарын сарын цалингийн дундаж нь 4,455,536 төгрөгөөр тогтоогдож байна. /2024 оны 12 дугаар сарын цалин 5,429,801 төгрөг, 2025 оны 01 дүгээр сарын цалин 4,062,342 төгрөг, 02 дугаар сарын цалин 3,874,465 төгрөг/

                Тэгвэл нэхэмжлэгчийн сарын дундаж цалин хөлс болох 4,455,536 төгрөгийн нэг өдрийн цалин нь 148,517 төгрөгөөр тогтоогдоно. Түүний ажилгүй байсан 6 сарын 15 хоногийн хугацаанд үржүүлэн тооцвол 28,960,983 төгрөг болж байна.

Иймд хариуцагч Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-аас 28,960,983 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч од ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговорт олгохоор шийдвэрлэв.

 

11.  Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт

“ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1 дэх хэсэгт “өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтан” гэж зааснаар албан журмаар даатгуулахаар, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Ажил олгогч болон энэ хуулийн 7.2, 7.3, 7.4, 7.5-д заасан даатгуулагч дараах хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлнө” гэж зааснаар хариуцагч Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-аас нэхэмжлэгчид шүүхээс олгохоор тогтоосон цалин хөлсний нөхөн олговорт нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд зааснаар нөхөн төлөлт хийх болон нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт баталгаажуулалт хийх  үүргийг хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн

57.3, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-аас шүүхээс гаргуулсан 28,960,983 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 302,754 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг,

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дүгээр зүйлийн 80.1, 123 дугаар зүйлийн 123.2, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2, Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсэгт заасныг баримтлан ТӨХХК-ийн захирлын 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн Б/190 дугаартай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч ыг ТӨХХК-ийн Нисэхийн аюулгүй байдал, хамгаалалтын албаны Үзлэг, шалгалтын хэсгийн ээлжийн ахлах шалгагчийн ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгч ын ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговорт ТӨХХК-ийн 28,960,983 /хорин найман сая есөн зуун жаран сая есөн зуун наян гурав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч од олгож, уг олговроос холбогдох эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт баталгаажуулалт хийхийг Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-нд даалгасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн

57.3, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдгийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Иргэний нисэхийн үндэсний төв ТӨХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 302,754 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.АРИУНБОЛД

 

 

 

 


[1]https://opendata.burtgel.gov.mn/lesinfo/c3ZzMVpLYTJ0dklZSExkK0NDV1RiQT09Ojreas9_zcNXNEEzI_8fvcMI