Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 305/ШШ2025/00858

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ***-гийн хүсэлттэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг шүүх 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч ***, *** (цахимаар), гэрч ***, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай

2. Хүсэлт гаргагч *** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: *** миний бие 1968 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн. Одоо 57 настай. Би 21 настайдаа 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс Говь-Алтай аймгийн Алтай сумын Баянцагаан багийн эмчээр, 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл ажилласан. 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2003 оны 04 дүгээр сар хүртэл Алтай сумын Хүн эмнэлэгт эх баригч бага эмчээр ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл аймгийн архивт 1989-1998 он хүртэлх байхгүй, 1995-1998 оны архивын лавлагаа дутуу гарч ирэхгүй байгаа бөгөөд нийгмийн даатгалын дэвтрийн бичилтээр лавлагаа өгөхгүй гэсэн тул 1989-1998 он хүртэл ажилласан жилийг, мөн 1996 оны 10 дугаар сараас 1997 оны 05 дугаар сар хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байсныг ажилласан жилд тооцуулахыг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд миний бүрдүүлсэн нотлох баримтыг 1989 оны 08 дугаар сарын 01-ний 1998 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Говь-Алтай аймгийн Алтай сумын Хүн эмнэлэгт багийн эмч, эх баригч бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

*** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1989 оны 08 сарын 01-нд Анагаах ухааны дунд сургууль төгсөж ирээд багийн эмчээр томилогдож ажилласан. Би Баянцагаан багийн эмчээр томилогдоод явсан байгаа. Хөдөлмөрийн дэвтэр дээр 1989 оны 08 сарын 01-ээс 1994 оны 12 сарын 31 хүртэл 5 жил 5 сарыг баталгаажуулав гээд дэвтэр дээр бичсэн боловч энэ хөдөлмөрийн дэвтэр хүчингүй гэсэн. Тийм учраас би шүүхэд нэхэмжлэл гаргасан. 1995 оноос хойшхи хугацааг тогтоолгох шаардлагагүй гэжээ.

3. Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:

-Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,

-***-гийн иргэний үнэмлэхийн хуулбар,

-***-гийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар,

-***-гийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар,

-УАДС-иас ***-д олгосон 305009 дугаартай хөдөлмөрийн дэвтэр,

-Говь-Алтай аймгийн Төрийн архивын хэлтсийн 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 467 дугаартай тодорхойлолт,

-Говь-Алтай аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 42 дугаартай тодорхойлолт, цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар,

-1990 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, 1990 оны 03 дугаар сарын 15-ны өдөр, 1992 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр, 1992 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр, 1993 оны 03 дугаар сарын 10-ны өдөр, 1993 оны 08 дугаар сарын 08-ны өдөр, 1995 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, 1995 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн өвчний түүхийн хуулбар,

-БНМАУ-ын шинжлэх ухаан техник дээд боловсролын улсын хорооноос ***-д 1989 оны 06 дугаар сарын 29-ний өдөр олгосон диплом,

-Гэрч *** нарын мэдүүлэг зэрэг баримтуудыг ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

2. Хүсэлт гаргагч *** нь 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Алтай сумын Хүний их эмчийн салбарт Баянцагаан багийн бага эмчээр ажиллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргаж, түүнийг шүүхээр тогтоолгох  нь нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгоход эрх зүйн ач холбогдолтой байх бөгөөд  түүнийг ажилд томилсон тушаал олдохгүй байгаа учраас онцгой ажиллагааны журмаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт гаргах шаардлага үүссэн байна.

3. Хүсэлт гаргагч *** нь 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Алтай сумын Хүний их эмчийн салбарт Баянцагаан багийн бага эмчээр ажиллаж байсан болох нь:

-БНМАУ-ын шинжлэх ухаан техник дээд боловсролын улсын хорооноос ***  нь 1985 онд эх баригч бага эмчийн ангид элсэн орж, 1989 онд төгссөн тул Улсын шалгалтын комиссын 1989 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 22 дугаар шийдвэрээр эх баригч, бага эмч мэргэжил олгосон дипломын хуулбар,

-АУДС-ийн захирал ***-аас 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ***-д олгосон 305009 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн 6-7 дугаар хуудсанд Алтай сумын хүний их эмчийн салбарын 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 24 тоот тушаалаар мөн өдрөөс Баянцагаан багийн их эмчээр томилсон бичилт хийгдсэн,

-Говь-Алтай аймгийн Алтай сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 42 дугаартай тус эрүүл мэндийн төвийн дарга *** нь 1989-1997 онд хүн эмнэлгийн салбарт Баянцагаан багийн эмч, 1998-2003 онд эх баригчаар ажиллаж байсан *** нь гээд 1990 оны 01 дүгээр сараас 05 дугаар сар, 1991 оны 03 дугаар сар, 05 дугаар сараас 07 дугаар сар, 09 дүгээр сараас 10 дугаар сар, 12 дугаар сар, 1992 он оны 02, 04, 07, 10 дугаар саруудад авч байсан цалинг тодорхойлсон архивын лавлагаа, тухайн саруудын цалингийн тооцооны хүснэгтийн хуулбар,

-1990 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр, 1990 оны 03 дугаар сарын 15-ны өдөр, 1992 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр, 1992 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр, 1993 оны 03 дугаар сарын 10-ны өдөр, 1993 оны 08 дугаар сарын 08-ны өдөр, 1995 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, 1995 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн өвчний түүхийн хуулбар хэсгийн эмчийн нэр хэсэгт *** гэж бичигдсэн байгаагаар болон  гэрч ***-гийн “…Би 1990 онд төгсөж ирээд энэ Алтай сумын Бадрал багийн эмчээр томилогсон. Тэгэхэд *** Баянцагаан багийн эмчээр ажиллаж байсан. Би 1990 онд төгссөнөөс хойш одоог болтол Алтай сумын эмнэлэгтээ эрх баригчаар ажиллаж байгаа. Намайг төгсөж очиход *** нь Баянцагаан багийн эмчээр ажиллаж байсан…” гэх мэдүүлэг, гэрч ***-ын “…Би 1991 оны 07 сард төгсөөд Алтай сумын хүн эмнэлэгт эрхлэгч эмчээр ажиллаж байсан. Тэр хугацаанд *** эмч Баянцагаан багийн эмчээр ажиллаж байсан…” гэх мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

4. Иймд ***-г 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Алтай сумын Хүний их эмчийн салбарт Баянцагаан багийн бага эмчээр ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэг, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар ***-г 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Алтай сумын Хүний их эмчийн салбарт Баянцагаан багийн бага эмчээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.ОДБАЯР