Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2025/ДШМ/27

 

 

 

 

 

 

Б.Аэд холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                         Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч О.Однямаа, Ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд;  

прокурор: Э.Намуун /цахимаар зайнаас/,

иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Амарбаясгалан /цахимаар зайнаас/,

шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Гомбо /цахимаар зайнаас/,

шүүгдэгч Б.А,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Хосбаяр нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж хийсэн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Б.Аийн давж заалдсан гомдолд үндэслэн шүүгдэгч Б.Аэд холбогдох 2420000000006 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв. 

1.Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд:

*,

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.А нь 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн * задгайд байсан "Чанг Шэн олон улсын ачаа тээврийн чөлөөт бүс" ХХК-ийн эзэмшлийн 40 тонны чингэлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч, учрах саадыг арилгах зорилгоор шар өнгийн автокран XCMGQY25K маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн, машин механизм ашиглан 13,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцжээ.

4.Анхан шатны шүүх: “…Шүүгдэгч * овгийн Б.А /РД:* /-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4- т зааснаар шүүгдэгч Б.Аийг 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аэд оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг СИДИ дискийг хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хадгалж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шар өнгийн автокран XCMGQY25k маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг Төмөрт-Өргөө ХХК-нд буцаан олгож, шүүгдэгч Б.Аээс уг тээврийн хэрэгслийн үнэ 60,000,000 /жаран сая/ төгрөгийг гаргуулж, улсын орлого болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 2023 оны 12 сарын 18-ны өдрийн мөрдөгчийн "Эд хөрөнгө битүүмжлэх тухай" тогтоолоор шар өнгийн автокран XCMGQY25K маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилснийг хүчингүй болгож,

Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт нь ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

5.Шүүгдэгч Б.А гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбар байхгүй.” гэв.

6.Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Гомбо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гомдлыг гаргах үед миний хувьд өөр орон нутагт шүүх хуралтай явж таарсан. Тийм учир өөрийн бичсэн гомдлоо шууд нэрийг нь солиод шууд миний үйлчлүүлэгч гаргаж байгаа юм шиг өөрөө бичээд явуулчихсан учраас гомдол дээр хуулийн үндэслэлүүдээ дэлгэрэнгүй дурдчихсан учраас миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг харгалзан үзээд албадлагын арга хэмжээнээс чөлөөлж өгнө үү гэж хүсэж байна. Мөн нэмээд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хугацаанд анхан шатны шүүхээс авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж өгнө үү. Учир нь миний үйлчлүүлэгч 4 сарын 9-нд хавдар судлалын үндэсний төв дээр ээлжит эмчийнхээ үзлэгт орох хуваарьтай байгаа учраас таслан сэргийлэх арга хэмжээг мөн хэвээр үлдээж өгнө үү гэсэн ийм 2 санал байна.” гэв.

7.Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Амарбаясгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Яагаад гэхлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйл дээр тухайн эд мөрийн баримт буюу битүүмжилсэн эд хөрөнгийг яаж шийдвэрлэх асуудлыг тодорхой шийдвэрлэчихсэн учраас холбогдох төлбөрийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна гэсэн ийм тайлбартай байна. Дээрээс нь 2023 онд Төмөрт-Өргөө компани иргэн Б.А нарын хооронд машин механизм худалдах худалдан авах гэрээ хийгдсэн байдаг. Энэ үндэслэлээр шүүгдэгчийн зүгээс 15 сая гаран төгрөг өгсөн байдаг. Гэхдээ худалдах худалдан авах гэрээ маань бүрэн гүйцэт шийдвэрлэгдсэн гэх үндэслэлгүй. Яагаад гэхлээр шүүгдэгчийн зүгээс төлбөрийг 100 хувь барагдуулсан асуудал байхгүй. Гэрээ хүчин төгөлдөр явж байх хугацаанд шүүгдэгчийн зүгээс тухайн механизмыг хулгайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэдэг ийм үндэслэл хэрэгт авагдсан баримтаар хангалттай ногтолж тогтоогдож байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд заасан сум дундын шүүхээс шийдвэрлэсэн шүүгдэгчээс тухайн механизмын үнэ төлбөр болох 63 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна гэсэн ийм тайлбарыг хэлэхээр байна.” гэв.

8.Прокурор Э.Намуун шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Б.Аийн гомдолд тохиолдлын шинж чанартайгаар гэмт хэрэг үйлдсэн гэж гомдол дээрээ бичсэн байна. Б.А нь тухайн өдөр гэр хороололд явж байхдаа чингэлгийг харсан үедээ уг чингэлэг хулгайлах санаа сэдэл нь төрсөн боловч уг чингэлгийг машинд ачихаар машин дуудаж өөрийн жолоодож явсан кранаар машинд ачиж өгсөн явдал нь гэмт хэрэг үйлдэхэд урьдчилан бэлтгэсэн гэж үзэж байгаа. Мөн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 7.5-р зүйлийн 5-ийг журамлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шар өнгийн авто краныг Төмөрт-Өргөө компанид буцаан олгож, шүүгдэгч Б.А уг тээврийн хэрэгслийн үнэ болох Ашид билгүүн компанийн 2023 оны 12 сарын 25-ны өдрийн техникийн үнэлгээгээр үнэлсэн 63 сая төгрөгийг улсын орлого болгуулахаар шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай тайлбар гаргаж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Аээс гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар  хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд шүүгдэгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шүүгдэгчид хорих ял оногдуулж биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн боловч цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй нь буруу болсон ба энэ нь шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл болсон.

2.Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Б.А 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн * задгайд байсан “Чанг Шэн олон улсын ачаа тээврийн чөлөөт бүс” ХХК-ийн эзэмшлийн 40 тонн чингэлгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахдаа учрах саадыг арилгах зорилгоор шар өнгийн автокран XCMGQY25K маркийн * улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдэн бусдад 13,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримтад Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.   

3.Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Аийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэж гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэснийг шүүгдэгч Б.Аээс эс зөвшөөрч “ ... хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ хэрэглэж, тээврийн хэрэгслийн үнэ 60,000,000 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэснийг хүчингүй болгож, хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий үндэслэлээр давж заалдсан гомдол гаргасан.

4.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэхдээ  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт олж авсан энэ хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хэрэгт хамааралтай нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашиглаж үйлдсэн гэж үзсэн шүүхийн тогтоолын дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, хэрэгт цугларсан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, мөрдөгч, прокурор, шүүхээс хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх зөрчил тогтоогдсонгүй. 

Анхан шатны шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирогч “Чанг Шэн олон улсын ачаа тээврийн чөлөөт бүс” ХХК-ийн эзэмшлийн 40 тонн чингэлгийг буцааж өгч, бусдыг хохиролгүй болгосон зэрэг нөхцөл байдлуудад үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан ялыг хөнгөрүүлж 1 жил 1 сарын хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон, эрүүгийн хариуцлагын зорилгод мөн нийцсэн гэж давж заалдах шатны шүүх үзсэн.

5.Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Б.А гэмт хэргийг үйлдэхдээ тухайн өдөр нь  чингэлгийг харсан үедээ хулгайлах санаа сэдэл төрж, шөнийн цагаар крантай очиж 40 тонны чингэлгийг машинд ачиж авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4-д тус тус заасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол ... энэ гэмт хэргийг ...учрах саадыг арилгах зорилгоор ...машин механизм ашиглаж үйлдсэн бол” гэх шинжүүдэд нийцсэн.

Өөрөөр хэлбэл: 40 тонны чингэлгийг кран ашиглахгүйгээр авч явах боломжгүй, заавал кран ашиглаж авах учир энэ нөхцөл байдал нь хулгайн гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэх шинжид нийцнэ.

6.Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-д “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн...-ий хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”,   мөн хууль, зүйлийн 2-д “ ...гэмт хэрэг үйлдсэн олсон хөрөнгө, орлого гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан техник хэрэгслийг ойлгоно” гэж тус тус заасан.

Иймд шүүгдэгч Б.Аийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гэмт хэрэг үйлдэхэд  ашигласан XCMGQY25k маркийн тээврийн хэрэгслийн үнэ буюу 60,000,000 /жаран сая/ төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд нийцсэн, түүнийг хүчингүй болгох боломжгүй тул шүүгдэгч Б.Аээс энэ үндэслэлээр гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

7.Харин анхан шатны шүүгдэгч Б.Аэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байж түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлд нийцээгүй.

Иймд шийтгэх тогтоолд шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар өөрчлөлт оруулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасан хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулах үндэслэлд хамаарна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3,  39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/11 дугаартай шийтгэх тогтоолын 8 дугаар заалтыг “Шүүгдэгч Б.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж түүнд цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авсугай” гэж өөрчлөлт оруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Н.БОЛОРМАА

ШҮҮГЧ                       О.ОДНЯМАА

ШҮҮГЧ                       А.САЙНТӨГС