Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 395

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг,

улсын яллагч Б.Бямбадагва,

шүүгдэгч Б.Ө,

хохирогч Г.Анарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б____ овогт Б_н Ө_д холбогдох эрүүгийн _________ дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ____________

 

Шүүгдэгч Б.Ө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ө мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.А мэдүүлэхдээ:

“...2017 оны 12 дугаар сарын 20 өдөр БГД-ийн 6-р хороонд байрлах нийтийн байрны өрөөг хамтран амьдрагч Б.Өы хамт түрээслэн амьдарч байсан юм. 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр би 14 цагийн үед Ө руу утсаар яриад миний утсыг бичиг баримттай хамт ажил дээр аваад ирээч гэхэд чадахгүй манайд манай үеэл ах ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд би ажлын цайны цагаараа гэртээ яваад очтол, хамтран амьдрагч Б.Ө ах Гарьд гэх хүн эхнэр Ганаа нарын хамт пиво уугаад сууж байсан. Би нөгөө өрөө рүү ороод утасны цэнэглэгч аваад гарах гэтэл шууд өрөөнд орж ирээд үгийн зөрүүгүй шууд боож унагаад чамайг ална гээд нүд рүү цохисон. Би туслаарай гээд орилоод тусламж гуйтал нөгөө өрөөнөөс үеэл ах нь орж ирээд салгаад холдуулсан. Тэр үед миний ухаан санаа балартаад уйлаад чи яагаад намайг зодож байгаа талаар асуухад чи манайд ирсэн ах, эгч хоёрыг хүндлэхгүй байгаа учраас зодлоо гэсэн. Би юмны учир олж байж уураа гарга би хувцсаа солиод очих гэж байхад намайг зодлоо гэхэд согтуу байсан тул миний хэлж байгаа үгийг ойлгох чадваргүй байсан.

Би эмчилгээний болон сэтгэл санааны хохирол болох 2.000.000 төгрөг нэхэмжлэх хүсэлтэй байна. Болор мэлмий нүдний эмнэлэгт үзүүлсэн. Нүдний нарийн судас тасарсан байна гэсэн. Эмнэлэгт үзүүлсэн 25.000 төгрөгийн баримт байгаа...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Өы өгсөн:

            “...2017 оны 12 сарын 20-ны өдөр өглөө 09 цагийн үед ажилдаа явах гэтэл ажлын машин асахгүй байсан....11 цагийн үед Гарьдмагнай ах эхнэр 2 хүүхэдтэйгээ Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн байранд манай гэрт ирсэн. Би хоол хийж байх хооронд Гарьдмагнай ах гадагшаа дэлгүүр рүү яваад 3 литрийн 2 шил пиво авчраад бид 3 хоолоо идээд пивоо уугаад сууж байтал 14 цагийн үед А гэнэт гэртээ ирсэн. Тэгээд учиргүй утас бичиг баримт хаана байна гээд орилоод байхаар нь чи юу яриад байгаа юм жижиг өрөөнд орж ярилцья гэтэл орохгүй гээд уурлаад байхаар нь түлхээд жижиг өрөө рүү оруулаад хаалгыг нь хаасан. Хаалга зөвхөн дотроосоо л бариулыг дарж онгойдог юм. Чи яагаад байгаа юм хүн амьтан ирчихээд байхад гээд тайлбарлах гэтэл чи намайг байхгүй байхад хүн амьтан цуглууллаа гэж уурлаад учир зүггүй нүүр ам, цээж маажаад байхаар нь боль гээд зүүн нүднийх нь орчим нэг удаа гараараа алгадтал би явлаа гээд байсан. Энэ үед Гарьдмагнай ах гаднаас хаалга эвдэж орж ирээд юу болоод байгаа юм больцгоо гэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 33-34, 47-48/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Г.Аын өгсөн:

            “...2017 оны 12 сарын 20 өдөр БГД-ийн 6-р хороонд байрлах нийтийн байранд хамтран амьдарч Б.Өы хамт өрөө түрээслэн амьдарч байсан юм. 2017 оны 12 сарын 20-ны өдөр би 14 цагийн үед Ө руу утсаар яриад юу хийж байгаа талаар асуухад манайд манай үеэл ах ирсэн байна гэхээр нь би ажлын цайны цагаараа гэртээ яваад очтол, хамтран амьдарч Б.Ө ах Гарьд гэх хүн эхнэр Ганаа нарын хамт пиво уугаад сууж байсан би нөгөө өрөө рүү ороод утасны цэнэглэгч аваад гарах гэтэл шууд өрөөнд орж ирээд үгийн зөрүүгүй шууд боож унагаад чамайг ална гээд нүд рүү цохисон. Би туслаарай гээд орилоод тусламж гуйтал нөгөө өрөөнөөс үеэл ах нь орж ирээд салгаад холдуулсан. Тэр үед миний ухаан санаа балартаад уйлаад чи яагаад намайг зодож байгаа талаар асуухад чи манайд ирсэн ах эгч хоёрыг хүндлэхгүй байгаа учраас зодлоо гэсэн. Би “чи юмны учир олж байж уураа гарга би хувцсаа солиод очих гэж байхад намайг зодлоо” гэхэд согтуу байсан тул миний хэлж байгаа үгийг ойлгох чадваргүй байсан...” гэх мэдүүлэг /хх-н 19-20, 49/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч С.Г-гийн өгсөн:

            “...2017 оны 12 сарын 20-ны өдөр Ө руу ярьтал гэртээ байна гэхээр нь эхнэр 2 хүүхэдтэйгээ Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах тухайн үед Ө, А нарын амьдарч байсан нийтийн байранд нь очсон. Ө бид хоёр пиво ууж байтал гаднаас А орж ирээд үүдэнд утсаа авъя гээд Өтай маргалдаж байгаад жижиг өрөө рүүгээ 2-лаа яваад орсон. Би очоод хаалгыг тогштол хаалгаа тайлахгүй байхаар нь тайл гээд хаалгыг нь онгойлгоод ортол 2-лаа барьцалдаад авчихсан хоорондоо зодолдож байхаар нь би дундуур нь орж салгасан...” гэх мэдүүлэг /хх-н 21/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн шинжээчийн _____ тоот: 

1.2. Г.А-ын биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, хамрын зүүн талд цус хуралт, нүдний алимны салстад цус харвалт, эрүүний баруун талд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3.5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

6. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 30/,

 

Шүүгдэгч Б.Ө-ы хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 51/,

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 41/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

Шүүгдэгч Б.Ө нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Г.А-ын “...2017 оны 12 сарын 20 өдөр БГД-ийн 6-р хороонд байрлах нийтийн байранд хамтран амьдарч Б.Өы хамт түрээслэн амьдарч байсан юм. 2017 оны 12 сарын 20-ны өдөр ... Б.Ө ... шууд өрөөнд орж ирээд үгийн зөрүүгүй шууд боож унагаад чамайг ална гээд нүд рүү цохисон...” гэх мэдүүлэг,

 

            гэрч С.Г-гийн “...2017 оны 12 сарын 20-ны өдөр ... Ө руу ярьтал гэртээ байна гэхээр нь эхнэр 2 хүүхэдтэйгээ Баянгол дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах тухайн үед Ө А нарын амьдарч байсан нийтийн байранд нь очсон. ... хаалгыг нь онгойлгоод ортол 2-лаа барьцалдаад авчихсан хоорондоо зодолдож байхаар нь би дундуур нь орж салгасан...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 757 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Ө-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Ө-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Хохирогч Г.А нь шүүх хуралдаанд “...Болор мэлмий нүдний эмнэлэгт 25.000 төгрөгөөр үзүүлсэн баримт нь байгаа...” гэх мэдүүлэг өгсөн тул шүүгдэгч Б.Өаас 25.000 төгрөг гаргуулж хохирогч Г.А-д олгож, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгч Б.Өы хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б___ овогт Б-н Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б.Өыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Өы торгох ялыг биелүүлэх хугацааг 3 сараар тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Б.Өаас нийт 25.000 төгрөг гаргуулж хохирогч Г.Ад олгож, хохирогч Г.Ань гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Өд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ