| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 305/2025/01014/И |
| Дугаар | 305/ШШ2025/00904 |
| Огноо | 2025-12-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 305/ШШ2025/00904
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Одбаяр би
Нэхэмжлэгч: ***-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ***-ид холбогдох
Сарлаг үхрийн чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх түрээсийн гэрээний дагуу 2,193,250 (хоёр сая нэг зуун ерөн гурван мянга хоёр зуун тавь) төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: Сарлаг үхрийн чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх түрээсийн гэрээний дагуу 2,193,250 (хоёр сая нэг зуун ерөн гурван мянга хоёр зуун тавь) төгрөгийг гаргуулах тухай
2. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Тус сумын Засаг даргын Тамгын газраас *** сумын сарлаг үхрийн чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх түрээсийн гэрээ байгуулан 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 5 хээлтэгч 1 хээлтүүлэгч сарлаг үхрийг ***-д шилжүүлэн өгсөн. Гэвч гэрээнд зааснаар 3 жилийн хугацаанд дараагийн малчинд шилжүүлэн өгөх ёстой боловч өнөөдрийн байдлаар 6 үхрээс 3 үхрийг дутуу шилжүүлсэн буюу дараагийн малчинд шилжүүлж өгөөгүй байна. Тиймээс тус иргэнээс гэрээний үүргийн дагуу 3 үхрийн үнэ болох 2,193,750 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Зохигч шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ***-той 2019 онд сарлаг үхрийн чанарыг сайжруулах чиглэлээр 5 хээлтэгч 1 хээлтүүлэгч нийт 6 толгой үхрийг гэрээ хийж шилжүүлэн өгсөн. 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Засаг даргын тамгын газраас нэхэмжлэл хүргүүлсэн. Нэхэмжлэл дээр 3 толгой үхэр төлүүлэхээр нэхэмжлэл хүргүүлсэн. *** нь 2022 онд багийн малчин ***-ид 3 үнээ 1 тугал өгсөн байна. Иймээс 2 үхрийн үнэ болох 1,462,500 төгрөгийг 2026 оны 3 дугаар сард өр авлагыг бүрэн барагдуулахаар харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ хийв гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын тамгын газрын нэхэмжлэлтэй, хариуцагч ***-д холбогдох сарлаг үхрийн чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх түрээсийн гэрээний дагуу 2,193,250 (хоёр сая нэг зуун ерөн гурван мянга хоёр зуун тавь) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт ...Нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй, 26.3 дахь хэсэгт ...Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй гэж тус тус заажээ.
Говь-Алтай аймгийн Прокурорын газар нь ***-д холбогдуулан сарлаг үхрийн чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх түрээсийн гэрээний дагуу 2,193,250 (хоёр сая нэг зуун ерөн гурван мянга хоёр зуун тавь) төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 1 үхрийн үнэ гаргуулах шаардлагаас татгалзаж, хариуцагч *** нь 2 үхрийн үнэ 1,462,500 төгрөгийг 2026 оны 03 дугаар сард төлж барагдуулахаар талууд харилцан тохиролцож эвлэрчээ.
Зохигч харилцан эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хуульд нийцсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь эрх зүйн үндэслэлтэй байна.
3. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 1,462,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38,350 төгрөгийн тал хувь 19,175 төгрөгийг хариуцагч ***-оос гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ***-ын нэхэмжлэлтэй, ***-д холбогдох сарлаг үхрийн чанарыг сайжруулах, ашиг шимийг нэмэгдүүлэх түрээсийн гэрээний дагуу 2,193,250 (хоёр сая нэг зуун ерөн гурван мянга хоёр зуун тавь) төгрөгийг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *** нь 1 үхрийн үнэ гаргуулах шаардлагаас татгалзаж, хариуцагч *** нь 2 үхрийн үнэ 1,462,500 төгрөгийг 2026 оны 03 дугаар сард төлж барагдуулахаар зохигчид харилцан тохиролцож эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 1,462,500 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 38,350 төгрөгийн тал хувь 19,175 төгрөгийг хариуцагч ***-оос гаргуулж улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.ОДБАЯР