Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 215/МА2020/00035

 

И.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Э даргалж, шүүгч Г.У, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 133/ШШ2020/00706 дугаар шийдвэртэй,

Нэхэмжэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1-р баг, 11-р гудамж, ... тоотод оршин суух, З овогт И.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын ... дүгээр сургуульд холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, хариуцагч байгууллагын төлөөлөгч Ч.С, түүний өмгөөлөгч Ж.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Н нар оролцов.

 

Нэхэмжлэгч И.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие И.Б 2005 оноос Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын сургуульд англи хэлний багшаар тасралтгүй 14 жил ажиллаж байгаад 2019 оны 05 сард эрүүл мэндийн шалтгааны улмаас нэг жилийн чөлөө авсан юм. Гэтэл 4 дүгээр сургуулийн захирал Ч.С нь намайг ажлын ямар нэгэн алдаа зөрчил гаргаагүй байхад 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ... дүгээр сургуулийн захирлын Б/29 тоот тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлснийг 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр ажилдаа ороод 7 хоног цаг бүртгүүлж ажлаа хийж байгаад 08 дугаар сарын 25-нд ажлаас чөлөөлөх тушаал гарсныг мэдсэн. Надад уг тушаалыг хүлээлгэн өгсөн албан ёсны мэдэгдэл, баримт олгоогүй болно. Иймд дээр дурьдсан нөхцөл байдлуудыг харгалзан ... дүгээр сургуулийн захирлын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/29 дугаартай тушаалын хууль зүйн үндэслэлийг хянаж намайг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын нөхөн бичилтийг хийж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч И.Б итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж байна. И.Б нь мэргэжлээрээ 19 жил ажиллаж байгаа. 2019 оны 05 дугаар сард эрүүл мэндийн шалтгаанаар 1 жилийн чөлөө авсан. 2020 оны 08 дугаар сарын 11-нд ажилдаа ороход 7 хоног хурууны хээг бүртгүүлж ажилдаа явсны дараа 2020 оны 08 дугаар сарын 17-нд ажлаас чөлөөлөгдсөн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн тушаалын конандсан хуулбарыг харсан байдаг. Ингээд эрх ашгаа хамгаалуулахаар шүүхэд хандсан. Ажил олгогч байгууллага Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-ийг болон холбогдох гэрээ болон журмыг үндэслэж ажлаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан үйлдэл И.Б-д байхгүй. Хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гаргаагүй байдаг. Энэ хүн тушаал гарсанаа 08 дугаар сарын 17-нд мэдсэн. Хэргийн материалтай танилцахад хөдөлмөрийн гэрээ 2019 оны 04 дүгээр сарын 17-нд байгуулагдсан байдаг. Гэтэл хөдөлмөрийн гэрээнд И.Б гарын үсэг зураагүй байгаа. Хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зураагүй байдал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4.3 дахь хэсэгт зааснаар ажлаа гүйцэтгэсэнгүй гэж шаардах боломжгүй. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаад нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй. Гэтэл хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл юу юм бэ энэ талаар нарийвчилсан тохиролцоо нь дээр гарын үсэг зураагүй байгаа. Тэгэхээр Хөдөлмөрийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэрээг баримталж ажил олгогч ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалд нөхөн бичилт хийж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ч.С шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус сургуулийн англи хэлний багш ажилтай И.Б нэхэмжлэлтэй ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн захирал хариуцагч Ч.С миний бие Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дараах тайлбарыг гаргаж байна. И.Б багш 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр жилийн чөлөө авах хүсэлтэй байгаагаа илэрхийлэн өргөдөл өгөөд, шийдвэрлэгдээгүй байхад ажлаа таслаад явсан. 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр сургалтын менежер С.М холбогдох гэж оролдсон ч утсаа салгасан байсан. 2020 оны 05 дугаар сарын 10-аас сургалтын менежер Ё.Б, нийгмийн ажилтан С.М, бичиг хэргийн ажилтан А.О нар утас руу нь залгаж холбогдох гэхэд холбогдохгүй, хаягаар нь хайгаад олоогүй. Ажил тасалсан И.Б сургуулийн англи хэлний багшийн ажлаас 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн А/29 тоот тушаалаар чөлөөлсөн. Иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ч.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Б 2019 оны 04 дүгээр сарын 15-нд 3 дугаар сургуулиас 4 дүгээр сургуульд шилжин очсон, 05 дугаар сарын 10-ны өдөр аймгийн Засаг даргын хөндлөнгийн үнэлгээний шалгалт авахаас нэг хоногийн өмнө, 1 жилийн чөлөө олгож өгнө үү гэсэн өргөдлөө өгөөд өргөдлийг хуульд зааснаар 30 хоногийн дотор шийдвэрлэх ёстой байтал ямар нэгэн тушаал шийдвэр гараагүй байхад 05 дугаар сарын 09-ний орой ажлаа орхиж явсан. Ажлаас чөлөөлсөн баримт байхгүй. Э захирал 06 дугаар сарын 09-ний өдөр өргөдөлтэй танилцаж тушаал гаргасан. 05 дугаар сарын 10-ны өдрийн хөндлөнгийн үнэлгээний шалгалт дээр анги даасан багш байсан. Тэгэхэд даасан ангиа орхисон мөн боловсролын бичиг баримт нэгийг ч хүлээлгэж өгөөгүй. Ажлаа хүлээлцээгүй, ангийн журнал хөтлөлт хөтөлсөн зүйл байхгүй. 05 дугаар сарын 10-наас эхлэн ажилдаа ирээгүй. Боловсролын байгууллагад 19 жил ажилласан гэж сонслоо. Ямар нэгэн хариуцлага алга. 05 дугаар сарын 10-ны өдөр ажлаа орхиод явсан. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогч байгуулсан байсан. И.Б өөрөө нэг хувийг аваад үлдсэн нэг хувь дээр нь гарын үсэг зураагүй байсан. Хөдөлмөрийн гэрээн дээр ноцтой зөрчил гаргасан гэдэг нь 3 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан гэж байгаа. Удирдлагын зөвлөлөөр хуралдаад 05 дугаар сарын 20-ны өдөр менежерүүд хурал хийсэн. Чөлөө авснаа хүчин төгөлдөр гэж үзэж байгаа бол 05 дугаар сарын 20-ны өдөр ажилдаа орох хүсэлтээ өгч шийдвэрлүүлэх ёстой байдаг бол 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл харахад өргөдлөө өгөөгүй мөн сургалтын менежер, нийгмийн ажилтан холбогдох гэж үзсэн. Өргөдөл дээр байсан утас руу маш олон удаа ярьсан. Тэгэхэд ажилдаа эргэж орооч, танхимын сургалт явагдахгүй байгаа ч гэсэн цахимаар сургалт байнга явагдаж байсан. Иймээс бид нар хүлээгээд 06 дугаар сарын 10-ны өдөр дотоод журмаа үндэслээд ажил тасалсан, чөлөөний хугацаа хэтрүүлсэн гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн байгаа. Би 08 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл ээлжийн амралттай байсан. Тэр хугацаагаар ямар нэгэн тушаал шийдвэр гараагүй. Үүнээс дураараа яваад дураараа ирж байдаг. Надтай уулзах гээд орж ирсэн. Тэгэхэд би 7 хоног хурууны хээгээр бүртгүүлж явсан. 7 хоногийн цалин авна гэж хэлсэн. Би гайхсан. Ямар нэгэн тушаал шийдвэргүйгээр ажлаа хаяж явчихаад хүүхдийн сурч боловсрох эрхийг ноцтой зөрчсөн. Би өөрөө өрөөндөө дуудаад энэ тушаалыг танилцуулсан. Ёс зүйн хувьд доголдолтой. Өмнө нь 3 дугаар сургуульд байхдаа хүүхдийн эрхэд халдаж хүүхдийг зодож байсан. Хамтран ажиллагчдаа цохиж зодож байсан үйлдэл давтагдаж байсан. Мөн захиргааны чөлөөтэй байсан гэдэг зүйл яриад байна. И.Б ямар нэгэн шийдвэр гарахгүйгээр явсан байгаад ямар нэгэн тушаал шийдвэр гараагүй байсан. Тэгэхэд ажлаа хаяад хүүхдийн сурч боловсрох эрхийг ноцтой зөрчсөн гэж байгаа. 05 дугаар сарын 09-нд эрүүл мэндийн шалтгаанаар Улаанбаатар хот руу явсан гэж байгаа юм. Өргөдөл дээрээ 05 дугаар сарын 10-наас эхлэн жилийн чөлөө олгож өгнө үү гэсэн байгаа. Дотоод журамд хүсэлтийг үндэслэж байж шийдвэрлэдэг. Хүсэлтээ шийдвэрлүүлээгүй явсан. Нэг жилийн чөлөө 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдөр байх ёстой. Тэгэхээр И.Б ажилд нь эгүүлэн тогтоох боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 128.1.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын ... -р сургуулийн захирлын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/29 дугаартай тушаалыг хүчингүй болгож, З овогт И.Б-ыг урьд эрхэлж байсан ажил буюу Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн англи хэлний багшийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч И.Б-д 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны олговорт 1.554.995 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулиас гаргуулан нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх ажилгүй байсан хугацааны олговроос зохих журмын дагуу нийгмийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон, И.Б нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуульд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад 70.200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагын хангагдсан хэмжээ 1.554.995 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 39.830 төгрөг, нийт 110.030 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч Ч.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгч И.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргаж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь И.Б нь нэхэмжлэлийн шаардлагадаа 2019 оны 05 дугаар сарын 09-нд эрүүл мэндийн шалтгаанаар 1 жилийн чөлөө аваад явсан, 2020 оны 06 дугаар сарын 10-нд намайг үндэслэлгүйгээр ажлаас халсан гэжээ. Гэтэл И.Б багш нь 2020 оны 04 дүгээр сарын 15-нд 4-р сургуульд шилжиж орсон. 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр жилийн чөлөө авах тухай хүсэлтээ өгч, сургуулийн захиргаанаас шийдвэрлэгдээгүй байхад ажлаа таслаад явсан, чөлөө олгосон баримт байхгүй, даасан ангиа орхиод явсан боловсролын баримт бичиг хүлээлгэж өгөөгүй дур мэдэн ажил хаяж явсан. 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр сургалтын менежер холбогдох гэсэн боловч утсаа салгаад явсан, гэрийн хаягаар нь хайгаад очхоор тийм хүн байхгүй байраа зараад явсан гэдэг. И.Б нь дур мэдэн зөвшөөрөлгүй ажил хаяж тасалж, жилийн чөлөө авсан гэх боловч жилийн чөлөөг хугацаанаасаа хэтрүүлсэн тул 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/29 тушаалаар ажлаас чөлөөлсөн. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжпэгч нэхэмжлэлийн шаардлагаа тэргүүн ээлжинд нотлох үүрэгтэй, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зохигчийн тайлбар нь нотлох баримтад тооцогддог. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч албан ёсоор чөлөө аваагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын байр хаяж явсан болох нь хэргийн материалд нотлогдож байхад Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзлээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч И.Б 2019 оны 05 сард эрүүл мэндийн шалтгааны улмаас нэг жилийн чөлөө авсан. Сургуулийн захирал Ч.С 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 4 дүгээр сургуулийн захирлын Б/29 тоот тушаалаар үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж маргажээ.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт зааснаар Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй буюу ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг ажил олгогчид хуулиар ногдсон байна.

Гэвч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй атлаа ажилтныг ажил, үүрэг гүйцэтгүүлсэн бол тухайн ажилтны эрх зүйн байдал нь хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтаныхтай нэгэн адил байна.

 

Харин ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь уг ажилтанд хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж буй ажилтнаас илүү давуу байдал бий болгох үндэслэл болох учиргүй.

 

Анхан шатны шүүх энэ байдлыг анхаарч үзээгүй нь шүүхээс хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бодитой тогтоож, тогтоогдсон үйл баримтад үндэслэн материаллаг эрх зүйн хэм хэмжээг зөв хэрэглэж хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т зааснаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг шүүх бус нэхэмжлэгч өөрөө тодорхойлох үүрэгтэй байна.

 

Гэвч ажил олгогч нь ажилтныг ажилд томилсон шийдвэр гаргасан эсэх, талууд хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийн талаар харилцан тохиролцсон эсэх, тухайлбал: ажлын байрны буюу албан тушаалын нэр, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг, үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ, хөдөлмөрийн нөхцөл зэрэг хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нөхцөл байдлууд тодорхой бус байхад шаардлагатай нотлох баримтыг гаргах боломжийг зохигчид олголгүйгээр шүүх хуралдааныг хийж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг тооцон олгохдоо нэхэмжлэгчээс уг хугацааг тодорхойлоогүй байхад хэрхэн тооцсон тодорхойгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид эрх, үүргийг танилцуулж гарын үсэг зуруулсан эсэх нь эргэлзээтэй байгааг дурдах нь зүйтэй. Дээрх нөхцөл байдлуудыг үндэслэн давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 133/ШШ2020/00706 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 110030 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.Э

 

ШҮҮГЧИД Г.У

 

Ш.Б