Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 418

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

улсын яллагч А.Марал,

шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас ___ овогт О_н Н-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн _______ дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___________

 

Шүүгдэгч О.Н нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хан Мотел” нэртэй зочид буудлын 203 тоот өрөөнд иргэн Б.Аыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Н мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч О.Н-н өгсөн:

            “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр би ангийнхантайгаа хорооллын ТSЕ бааранд уулзаад пиво ууцгаасан тэгээд бааранд байхдаа Аыг утсаар дуудаад ТSE бааранд хүрээд ир гээд дуудсан чинь 23 цаг өнгөрч байхад ганцаараа ирсэн. Би баарны гадаа тосож аваад бааранд дотогшоо ороод бид нар байж байгаад tse баарнаас 00:00 цаг өнгөрч байхад ангийнхантайгаа бөөндөө гараад Шонхор караокед орсон. Караокед 1 цаг гаруй дуулж байгаад 01 цаг өнгөрч байхад бөөндөө гараад Ц А бид гурав хорооллын эцсийн тийшээ буудалд очоод хонохоор ярилцаад хорооллын эцэст байдаг Хан Моtеl-д 2 давхарт 1 ортой өрөө аваад орсон. Орны зүүн захад Аыг хэвтүүлж би өөрөө голд нь миний баруун талд Ц хэвтсэн. Тэгсэн чинь А миний баруун талд хэвтэж байгаад миний дээгүүр даваад голд орж хэвтэнгүүтээ манай найз Цтой шууд миний нүдэн дээр үнсэлцээд эхэлсэн. Тэгэхээр нь би чинь эр хүн юм чинь уурлаад орноосоо буугаад Аын духруу гараараа нэг л удаа цохисон. Тэгсэн А надтай үнсэлцэх гээд эхлэнгүүт би уруулыг нь хазсан чинь бие засчихаад ирье гээд гараад явсан араас нь би гараад явсан /манай найзууд гадаа байсан/ бүр гадагшаа гарах гэтэл цагдаа дуудчихсан гээд буудлын хүмүүс гаргахгүй байсан тэгэнгүүт би буцаж өрөөнд нь ороод цонхоор нь гараад найзууд руугаа залгасан чинь утсаа авахгүй болохоор нь буцаад буудал руу ороод цагдаа ирээд Ц бид хоёрыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 48-49, 105-107/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Б.Аын өгсөн:

            “...Н гэх залуутай танилцаад би 14 хонож байсан энэ хугацаанд би зүгээр л үерхэж байсан. Тэгээд 2017 оны 12 сарын 28-ны өдөр Нгийн сүүлийн шалтгалтаа өгсөн өдөр байсан. Тэр орой Нгийн ангийнхан орой төгсөлтийн үдэш маягийн юм хийж байсан ба тэр үдэшлэгтээ Н намайг гуйсаар байгаад хорооллын эцсийн ТSЕ бааранд ирүүлсэн. Тэгээд бааранд нь очиход ангийнхан нь ихэнх нь байсан намайг бүгдтэй нь Н танилцуулж манай найз охин гэж хэлсэн. Ангийнхан нь хүртэл бид хоёрт сайн сайхныг хүсье гэж хэлсэн. Тэгээд хорооллын эцэст байдаг Шонхор нэртэй караокед шөнийн 00 цагаас өмнөхөн ороод тэнд байж байгаад тэндээс гарсан. Цагийн баримжааг би мэдэхгүй байна миний утас цэнэггүй болчихсон байсан. Тэндээсээ гараад бүгдээрээ нэг газар орох уу эндээс шууд явцгаах уу гэж хэлээд ангийнх нь нэг залуу гэр нь ойр ойрхон чиг чигийнхэн хаягтай хүүхдүүдийг цуг яваарай гэж хэлээд Н Ц бид гурвыг та гурав нэг зүгт биздээ цуг явна биз гэж хэлсэн. Тэгээд ангийнхантай нь такси бариад бид гурвыг Хан зочид буудлын ойролцоо буулгасан. Буугаад байж байтал Н гурвуулаа буудалд ороод хоночихьё өглөө би ажилтай өглөө эрт босоод явчихья гээд Н бид хоёрыг ятгасаар байгаад тэр хоёр анхнаасаа санаатай ангийнхнаасаа салж үлдсэн байх гэж бодож байна Хан зочид буудал руу ороод юм ярьж байгаад унтацгаая гэж хэлсэн. Тэр хоёр хоёулаа хувцсаа тайлаад турсиктэйгээ хэвтэцгээсэн. Би та хоёр гэртээ байгаа юм шиг яагаад хувцсаа тайлж хэвтээд байгаа юм бэ гэж хэлээд доогуураа өмдтэйгээ дээгүүрээ футболктойгоо хэвтсэн. Тэгсэн Н гэнэт миний дээгүүр гараад миний хэвтэж байсан хана нь талд гараад хэвтчихсэн би тэгээд голд нь орчихсон тэгсэн Ц нь миний цээжин дээгүүр гараа явуулахаар нь би зүгээр байгаач гэж хэлээд гараараа түлхсэн тэгсэн ёо гээд баашилсан тэгсэн Н босож ирээд миний нүүр рүү гараараа цохиод чи миний найзыг цохидог хэн бэ гэж хэлсэн.

Миний цүнхийг ухаж дотор нь байсан нойтон сальфетка гаргаад хэрэглэчихсэн байсан. Бүтэн байсан сальфетка бараг дундуур болчихсон газар байсан. Би босоод 00 өрөө рүү ороод бие засчихаад гаднах хаалгыг онгойлгоод шатны уруу гүйж буугаад ресепшин эгчээс тусламж гуйсан. Тэгээд ресепшин эгч юу болоод байгаа юм гэж хэлэхэд нөгөө хоёр хувцсаа өмсчихсөн дээрээс бууж ирсэн. Би тэр буудлын эгчийн утсаар цагдаад дуудлага өгсөн. Н зугтах гээд байсан тэгсэн намайг харааж байгаад буудлын өрөөрүү яваад орсон цагдаа дуудлага өгснөөс хойш 10-20 минутын дараа ирсэн. Тэгээд ресепшин эгч энэ хүүхдийн хувцсыг авч ирж өг гэж хэлээд Ц миний хувцсыг аваад ирсэн. Миний уруулыг Н хазаад дараа уруул хавдчихсан байсан. Н 2 давхрын буудлын өрөөний цонхоор төмөр сараалжин цонхны завсраар гарч зугтсан тэгээд цагдаа ирсний дараа гаднах хаалгаар орж ирсэн. Тэгээд би энэ залуу гэж Нг зааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-н 25-27, 85-87/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Э.Ц-гийн өгсөн:

“...Н, А бид гурав буудалд хоёр давхарт өрөөнд орцгоосон. ...А гэнэт даараад байна гэхээр нь Н “тэгвэл чи бид хоёрын голд ороод хэвт гэхэд А жаахан дургүйцсэн байдалтай Н бид хоёрын голд орж хэвтсэн. Тэгээд Н бид хоёр А-ыг хоёр талаас дулаацуулах гээд хоёр талаас нь тэвэрсэн. Гэхдээ миний гар Нг тэвэрсэн, тэгтэл А уурлаад байхаар нь би Н за буцаагаад байраа солъё гээд Н голдоо ороод Аыг захад хэвтүүлсэн. Тэр хоёр байраа сольсны дараа А Нд “чи намайг найздаа өгөх гээд байна” гээд тэр хоёр маргалдаад А явлаа гэхэд нь Н Аыг явж яах гээд байгаа юм бэ гээд нүүр хэсэгт 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 17-18/,  

 

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Ггийн өгсөн:

            “...2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн орой цагийг нь одоо санахгүй байна. 2 банди, 1 охин орж ирээд 20.000 төгрөг өгөөд 203 тоотод орсон. Би бүртгэлийн дэвтэр дээр бүртгэл авах гээд бичиг баримтыг нь асуухад бичиг баримтгүй амаараа регистрийн дугаараа хэлье гэхээр нь асуухад Баясгалан гэж нэг эрэгтэй нь хэлсэн. Өрөөндөө ороод 10 гаруй минутын дараа хамт явж байгаа охинтой нь үерхдэг гэх залуу нь бууж ирээд цэвэр ус байна уу гэж асуухад 1 ширхэг жижиг цэвэр ус аваад надад картаа өгөөд дээшээ гарсан. Би тэр картыг аваад гарч уншуулаад 10 гаруй минутын дараа ороод ирэхэд ресепшиний текний хажууд нөгөө хамт орсон гэх охин орилчихсон хувцастайгаа гадуур хувцасгүй зогсож байсан. Тэгэхээр нь би яасан юм бэ гэж асуухад манай өрөөний 2 залуу хүчиндэх гээд байна гэж хэлсэн. Тэгсэн чинь дээрээс манай үйлчлэгч Алтанцэцэг бууж ирээд нөгөө 2 банди чинь энэ охиныг хүчиндэх гэсэн юм байхгүй энэ охин дээрээс орилоод шалдан буугаад ирсэн гэж хэлсэн. Намайг ирэхэд дээшээ цагдаа нар орчихсон буудлын гадаа цагдаагийн машин ирчихсэн байсан. Нэг банди нь цагдаа ирэхээс өмнө зугтаасан гэж манай үйлчлэгч хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 30-32/,  

 

            Мөрдөн байцаалтад гэрч Г.А-н өгсөн:

            “...2017 оны 12 сарын 28-ны өдөр би буудалдаа ажлаа хийж байсан. 2 давхрын 203 тоотод Н Ц гэх хоёр залуу нэг охинтой орсон цагийг одоо сайн мэдэхгүй. Тэгсэн ресепшин Гэрэлмаа надад чи миний ажлын байран дээр байж бай тэр хоёр залуу цэвэр ус авья гэж хэлээд картаа үлдээсэн би гараад карт уншуулаад ирье гэж хэлээд гарсан. Тэгээд намайг ресепшиний ширээний ард сууж байхад нөгөө хоёр залуутай хамт орсон охин уйлаад энэ хоёр намайг хүчиндэх гээд байна гэж хэлээд бууж ирсэн. Тэгээд би юу гэсэн үг вэ гэсэн чинь эгчээ цагдаа дуудаа гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудсан тэгсэн нэг залуу нь үүдээр гарах гэхээр нь /хайраа гэж дуудаад байсан залуу нь гарах гээд байсан/ би гаргахгүй гээд хаалгаа бариад чи өрөөндөө ороод байж бай цагдаа ирэхээр учир нь олдоно гэж хэлсэн. Тэгээд нөгөө хоёр банди өрөөндөө орсон нөгөө охин нь доор 1 давхарт цагдаа иртэл байсан. Цагдаа удалгүй ирээд юу болсон гэхээр нь би 2 давхрын 203 тоотыг зааж өгсөн. Цагдаа нар зураг аваад байсан.

203 тоотод орж ирсэн гэх эмэгтэй уйлаад бууж ирэхдээ доогуур өмдгүй дээгүүрээ гуяныхаа тэрүүгээр татсан богино палажтай байсан. Би тэр хоёр бандийг та нар яаж байгаа юм бэ нэгнийгээ хайраа гэж хэлж орчихоод яагаад ийм болгож байгаа юм бэ гэсэн чинь нөгөө хоёр банди бид хоёр яагаа ч үгүй гэж хэлээд нэг банди нь дээшээ гараад өмдийг нь авчирч өгсөн охин өмдөө өмссөн цагдаа нарыг ирэхэд охин өмдөө өмсчихсөн байсан. Өрөөнд ороод бараг 10 минут ч болоогүй байхад тэр охин уйлаад гараад ирсэн. Нүүрэнд нь ил харагдах сорви гэмтэл харагдаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 33-34/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн _____ тоот: 

1. Б.А-ын биед дух, зүүн дээд зовхинд зөөлөн эдийн няцрал, уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, 2 гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар саниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Б.Аын үтрээнээс авсан арчдас, наалдцанд эр бэлгийн эс илрээгүй.

6. Б.А нь бэлгийн замын халдварт өвчингүй байна гэх дүгнэлт /хх-н 36/,

 

Шүүгдэгч О.Н-н хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 56, 92/,

- Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 57, 58/, 

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 60/,

- Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 223 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 78-81, 90-91/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч О.Н нь 2017 оны 12 дугаар сарын 29-ний өдөр иргэн Б.Аыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Б.А-ын “...Н ... миний хоёр чихний хажуу талруу гараараа цохиод байсан толгой руу хоёр гараараа балбаад байсан намайг уйлах гээд байхад янхан минь дуугүй байгаарай гээд байсан. ...Н нь намайг ирээд цохиод байсан...” гэх мэдүүлэг,  

 

гэрч Э.Ц-гийн “...А Нд “чи намайг найздаа өгөх гээд байна” гээд тэр хоёр маргалдаад А явлаа гэхэд нь Н Аыг явж яах гээд байгаа юм бэ гээд нүүр хэсэгт 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн 820 тоот дүгнэлт, шүүгдэгч О.Нн “...Аын духруу гараараа нэг л удаа цохисон...” гэсэн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас О.Н-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч О.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Хохирогч Б.А нь гэмт хэргийн улмаас нийт 587.660 төгрөгийн баримт гаргаж өгсөн байх тул баримтаар тогтоогдсон хохирлыг гэм буруутай этгээд болох О.Нгаас гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч О.Н-г эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгч О.Нн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд 470 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялыг биелүүлэх хугацааг 03 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

                        Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ________ овогт О-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Н-г 470 /дөрвөн зуун далан/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 470.000 /дөрвөн зуун далан мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар О.Нгийн торгох ялыг биелүүлэх хугацааг 03 сараар тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, О.Н цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар О.Н-гаас нийт 587.660 төгрөг гаргуулж хохирогч Б.Ад олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Н-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.МӨНХ-ЭРДЭНЭ