Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 419

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Урангуа,

улсын яллагч Г.Ганхөлөг,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ____овогт Б-н Б-д холбогдох эрүүгийн ___________ тоот дугаартай, 1 хавтаст хэргийг 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, __________________

 

Шүүгдэгч Б.Б нь зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б мэдүүлэхдээ:

“...Яллах дүгнэлтэд уншиж сонсгосон зүйл үнэн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

           

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Б-гийн өгсөн:

            “...Би М, Б нартай хамаатны Ж гэх хүнээр дамжуулан 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр танилцсан. Би Жтай уулзахдаа өөрийгөө Солонгос улс руу хүн гаргаж байгаа гэж ярьсан ба Олимпийн шугамаар ажилчид гарганаа гэж Жтай ярихад Ж би тэгвэл өөрийн 2 дүүгээ гарганаа гэж хэлэхээр нь бичиг баримтынх нь хамтаар нийт 2 удаа 2.840.000 төгрөг залилан авсан нь үнэн би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Учруулсан хохирлоо бүрэн барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-н 27-28/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч Д.Бын өгсөн:

            “...Би 2018 оны 1 дүгээр сарын 07-08-ны үед манай эхнэр М Ж эгч ярилаа хамаатны хүн нь Солонгос улс руу хүн гаргадаг юм байна олимпийн шугамаар Солонгос руу яаралтай 5-6 хүн авч явах юм байна чи явах уу гэж байна гэж эхнэр хэлсэн. Тэгэхээр нь юу ч гэсэн 2-уулаа асууж үзье гээд тухайн үедээ манай эхнэр Ж эгчид нөхөр маань бас явна гэж хэлсэн байсан тэгээд эхнэр тэр Ж эгчийн хамаатан гэх Базар овогтой Б гэж хүнтэй ярьсан. Тэгсэн тэр хүн олимпийн шугамаар Солонгос улс руу явах боломжтой 2 сарын дундуур хүн гарганаа гэж хэлсэн. Тэгээд өнөөдөр би тэр компанитайгаа уулзах гэж байна тэр компанийх нь захирал нь манай дүү охины нөхөр Солонгос хүн байгаа 5 сая төгрөг байршуулахгүйгээр гарганаа бүртгүүлэх бол гялс бүртгүүлээ одоо явах гээд байна хурдал гэж хэлсэн. Тухайн үедээ 1 сарын 09-ний өдөр байсан ба эхнэр өөрийн ____ дугаараас _____ гэсэн дугаар руу залгаж ярьсан. Тэгээд тэр хүн нэг хүний 270.000 төгрөг өг гэсэн. Тэгээд бид 2 тэр өдрөө бүртгэлийн хөлс гээд ХААН банкнаас Б.Бгийн ___________ дугаарын данс руу нийт 540.000 төгрөгийг бүртгэлийн хураамж гэж шилжүүлсэн тэгээд мөнгөө авлаа, бүртгүүлчихлээ гэж хэлсэн мөн л утсаар ярьсан. 1 дүгээр сарын 11-ний өдөр эхнэр бид 2-ыг бичиг баримтуудаа аваад ир гээд утсаар хэлэхээр нь бид 2 Драгон төвийн дотор 1 давхарт уулзаад бичиг баримтуудаа өгсөн. Тэгээд тэр хүнтэй биечилж уулзахад та нар их азтай явж байгаа шүү дахин ийм боломж олдохгүй одоо би ажилтай явж байна иргэний бүртгэл орно гээд явсан.

Олимпийн шугамаар явна л гэж ярьж байсан бас яг тодорхой юм яриагүй дараа нь 1 дүгээр сарын 18-19-ний хооронд 1 сарын өмнө онгоцны тийзээ захиалбал та нарт ашигтай тийз хямд байна нийлж захиалах гээд байна тэгвэл хямд тусна гэж хэлээд замын зардал ирж очих нэг хүний 1.150.000 төгрөг гээд нийт 2 хүний 2.300.000 төгрөг дансаар өөрийнхөө дээр дурьдсан данс руу хийлгэсэн. Тэрнээс хойш дахин холбоо барилгүй байж байтал 2 сарын 7-8-ны үеэр Солонгос улсаас хүмүүс ирж уулзана гэж Б хэлсэн ба хүлээгээд тэр хугацаа нь өнгөрөхөөр нь залгатал цагаан сарын дараа ирнээ гэж хэлсэн. Тэгээд бас энэ ямар учиртай компани юм бэ нэр нь байна уу гэхэд хэлээгүй. Бид 2 кореан эйр, Миат-ын 2 сарын 28-ны онгоцны тийзийг асууж үзэхэд бидний тийзийг захиалаагүй байсан ба Б өөрөө хэлэхдээ би та 2-ын билетыг захиалсан гэж хэлж байсан. Тэрнээс хойш энэ хүн утсаа авахаа больсон. Тэгээд 3 сарын 15-нд явахаар болж хойшилсон гэж бас хэлж байсан, нэг удаа утсаа авахаараа бид юу болсон гэж асуухад бүр нэг удаа та 2-ыг явахаа болиуллаа бас итгэхгүй байвал мөнгөө ав гэж уурласан. Тэгээд би за тэгвэл мөнгөө буцааж авъя гэж хэлсэн тэгээд 3 сарын 04-ний өдөр И-Март дотор ирж уулзахдаа Б нь юу ч авчирч өгөөгүй бас хэл амаар доромжлоод бас бид 2-ын гадаад паспортыг элчин дээр очсон гэж хэлсэн Эхнэр бид 2-т 2.970.000 төгрөгийн хохирол учирсан байна...” гэх мэдүүлэг /хх-н 7-9/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Г.Мын өгсөн:

“...Би 2018 оны 1 дүгээр сарын 08-ны орой манай бэр эгч болох Ж утсаар залгаад манай хамаатны хүн Солонгос улс руу гаргаж өгнө гэнээ чи Солонгос улсруу явах юмуу хүний тоо хязгаартай гэнэ гэж хэлэхээр нь би яг найдвартай юм уу гэхэд Ж найдвартай гэсэн. Тэр хүн чамайг 2 дүүтэй чинь гаргаж өгч тус болъё гэсэн гэж хэлсэн гэсэн. Тэгээд намайг чи сайн яриад асуугаадахаа гэхээр нь би тэр ярих хүн буюу Базар овогтой Б гэх хүн рүү 2018 оны 01 сарын 09-ний өглөө 98122505 гэсэн дугаар руу залгасан. Тэгэхэд тэр хүн өөрийгөө намайг Б гэдэг манай нэг дүү Солонгос улсад хүнтэй суусан байдаг юмаа тэгээд тэр солонгос хүн нь энд буюу Монгол улсад манай нэг дүүгийн компанитай гэрээ байгуулаад олимпийн шугамаар хэдэн хүн гаргах гэж байгаа юм. Эгч нь одоо тэр компанитай уулзах гээд явж байна гэхээр нь та тэр компани дээр очоод хүнийх нь тоо бүрдээгүй бол манай, нөхрийг нэмээд бүртгэж болох уу асуугаад өгөөч гэж хэлсэн. Б гэх хүн болно гэнээ хүний тоо нь бүрдэх гээд байна гялс мөнгөө шилжүүлээ нийт 6 хүн явах юмаа эхний ээлж нь 2 дугаар сарын 08-наас эхэлж явах юмаа өнөөдөр бүртгүүлвэл 02 дугаар сарын 28-ны ээлжээр явах юм байна гэж хэлсэн. Тэгээд байж байтал тэр оройноо залгаад нөгөө хүн чинь мөнгөө нэхээд байхаар нь эгч нь та нарын өмнөөс төлчихлөө чи яг одоо мөнгөө өг гэж Б хэлээд тэгэж мөнгийг чинь өгөөгүй бол бүр явах худлаа болох байлаа тэгээд өөрөөсөө өгчихлөө эгчдээ мөнгөө явуулаа эхний ээлжинд төлбөрийн хөлс болох нэг хүний 270,000 төгрөг буюу бүртгэлийн хураамжаа явуул гэхээр нь би өөрийн найз болох Мын данснаас 270.000 төгрөг бэлнээр манай эгч болох Туяа миний өмнөөс хөдөөнөөс буюу Ховд аймгийн Цэцэг сумаас явуулсан.

Маргааш нь 2018 оны 01 сарын 10-ны өдөр нөгөө хүн буюу Б залгаад та 2 бичиг баримтаа бүрдүүлж өг гэхээр нь за гээд цээж зураг энэ тэрээ авхуулаад бичиг баримтаа авчирч өг гэхээр нь би нөхрийн хамт Драгон төв дээр очоод анх удаа Бтай уулзсан. Тэгээд ямар учиртай газраар дамжуулж бид 2 явах гэж байна вэ гэхэд манай дүүгийн компани байгаа юм олимпийн шугамаар гарна Солонгост байгаа компаний захирал Солонгосоос ирэх 7 хоногт ирж явах хүмүүстэйгээ уулзана. Тэгэхээрээ бүх мэдээллээ аваа гэж хэлээд Б яараад яваад өгсөн ба бид 2-ын гадаад паспортыг аваад явсан. Дахиад хэд хоногийн дараа Б мөн 100.000 төгрөг өгч байгаач явах төлбөрөөс чинь хасъя гэж хэлээд би найзаасаа гуйгаад данснаас нь 100,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд бид 2-руу 2-3 хоногийн дараа залгаад одоо нэгэнт явах чинь тодорхой болсон сарын өмнө тийзээ захиалбал хямдхан байдаг юм. Би та 2-ын өмнөөс захиалгыг нь өгчихлөө 5 хоногийн дотор төлбөрөө төлөхгүй бол болдоггүй тийз чинь цуцлагдах гээд байна гэхээр нь би нөгөө Солонгосоос ирэх захирал чинь яасан бэ гэж асуугаад бид нар ер нь ямар компаниар зуучлуулж явж байгаа юм бэ тэр компанийхаа нэрийг хэлээч гэхэд манай захирал ажил гарсан гэсэн удахгүй ирнэ цагаан сараас өмнө заавал ирж уулзана гэсэн. Тэрний дараа 5 хоногийн дараа бид 2 Бгийн хэлсэн онгоцны тийзний мөнгө болох 2.300.000 төгрөгийг Бгийн 5100186381 дугаарын Хаан банкны данс руу шилжүүлсэн, Тэгээд бас өмнө нь нөхөр бид 2-ын паспортыг Б авахдаа ирэх 7 хоногт та нарын паспорт Солонгос улс руу явна тэгээд тэндээсээ зөвшөөрөл аваад ирнэ гэж хэлсэн. Мөнгөө шилжүүлчихээд хэд хоног хүлээтэл сураггүй болохоор нь нэг удаа утас руу нь залгатал Б 3 сарын 1 гэхэд та нар ажилдаа орох ёстой тэгээд өглөөний тийзийг захиалчихлаа гэхээр нь бид 2 за гэж хэлсэн. Мөн хэд хоногийн дараа өөрсдийнхөө нэр дээр онгоцны тийзийг хороололд байдаг Эйр маркетаас шалгуулж үзтэл огт захиалга энэ тэр хийгдээгүй байсан. Гайхаад Б руу залгаад асуутал нөгөө компанийхан маань нийтээр бүх хүний тийзийг захиална гэк мөнгийг авсан тэнд мөнгийг нь өгсөн шүү тэгээд тэр компанийх нь нэрийг асуутал утсаа тасалчихаад эргээд утсаараа залгаад компани гэж байхгүй юмаа Д гээд манай нэг дүү байдаг юм тэр хүнээр л дамжуулж явж байгаа юм шүү гэж хэлсэн. Тэгээд бид 2 гайхаад өөрсдийгөө виз мэдүүлсэн эсэхийг сайтруу нь орж шалгаж үзэхэд бид 2-ын мэдээлэл гарч ирээгүй. Тэгээд бид 2 Бгаас ерөөсөө асууя гэж бодоод залгаад асуутал Б уурлаад итгэж барихгүй бол бичиг баримтаа эргүүлж ав гэхээр нь тэгье гэж хэлээд бичиг баримтаа авахаар хорооллын И-мартад уулзсан. Гэтэл бид 2-ын иргэний үнэмлэхийг өгчихөөд гадаад паспортыг өгөөгүй гадаад паспорт мөнгөө эргүүлж авъя гэтэл хэл амаар доромжлоод ЭСЯ-нд өгчихсөн очоод олоод ид анхнаасаа та нарыг явуулахгүй байхаар гэрээ хийсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь та тэгвэл яах гэж мөнгө авсан юм бэ гээд цагдаа дуудаж өгөөд цагдаа дээр очоод бид 2-оос авсан 2.940.000 төгрөгийг маргааш нь төлнө гэсэн баталгаа бичиж өгсөн.

Тухайн үед цагдаа маргааш болонгуут гэрт нь дагаж очоод мөнгөө гаргуулж аваа гэж хэлсэн. Тэгсэн бид 2-ыг худал хаяган дээр дагуулж очоод энэ манай гэр гэж зааж өгсөн. Тэр газар нь Эх нялхсын урд талын нэг байр руу ороод 1 давхрын нэг хаалгыг заагаад маргааш өглөө хүрээд ир гэж хэлсэн маргааш нь утсаар худал хэлээд нөгөөдөр очоод уулзах гэхэд ирээгүй тэгээд тэр заасан хаалгыг очиж шалгахад өөр хүн тайлаад ийм хүн манайд байдаггүй төрөл садан ч байхгүй гэж хэлсэн. 2018 оны 03 сарын 06-ны үед би Б руу залгаад уулзъя гэж хэлэхэд нөхөртэйгөө бас нэг машин уначихсан ирсэн. Тэгэхээр нь таны хэлсэн тэр хаяг худлаа хаяг байсан одоо бид 2 бичиг баримт паспортоо мөнгөтэйгөө авъя гэхэд нөхөр нь гэх залуу тэр паспортыг З гэх хүнд өгсөн аваад өгье гэж хэлэхээр нь би таны тэр хэлсэн хаягийг шалгатал худлаа байна лээ гэж хэлэхэд мөн маргааш мөнгийг чинь өгнө гэж хэлэхээр нь бид 2 таньд итгэхгүй байна та өмнө хүртэл худал хаяг хэлж байсан биз дээ одоо тэр амьдардаг газар руу чинь дагаж очоод мөнгөө авъя гэж хэлэхэд за яахав тэгвэл та 2-т энэ унаж явсан машинаа үлдээгээд явъя гэхээр нь бид 2 айлын буюу манай ахын хашаанд хийгээд явсан. Маргааш нь залгатал одоо баяр болж байна нөгөөдрөөс өгье гэсэн тэгээд дахин залгаад бичиг баримтаа олж авъя гэхэд Ховд явж мөнгө олноо хэд хоног хүлээчих гэж хэлсэн. Тэгээд хүлээж байтал гэнэт миний дугаарлуу нэг хүн залгаад бичиг баримтаа ирж ав манайх Драгоны тэнд байдаг ТҮЦ байна гэж хэлээд утсаа таслахаар нь бид 2 тэр ТҮЦ-нээс бичиг баримтаа авсан 1000 төгрөг өгч авсан...” гэх мэдүүлэг /хх-н 13-14/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Б.Пгийн өгсөн:

“...2018 оны 01 сарын 30-ны үед манай эхнэр Б би машин зээлж авах гээд байна чи миний хамтран зээлдэгч болоодох гэсэн ба би өөрөө тухайн үед Хэнтий аймаг Жаргалтхаан суманд ой цэвэрлэгээ буюу мод бэлтгэж байсан юм. Тэгээд шууд Улаанбаатар хотруу гараад 31-ний өдөр УБ хотод автобусаар ирээд шууд эхнэртэйгээ уулзахаар МҮОНТ-ын тэнд байдаг Энхфайненс нэртэй газар 11 цагийн үед очиж уулзахад эхнэр Б надад 3 сая төгрөг байна урьдчилгааг нь төлөөд лизингээр машин авъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би чи юун мөнгө олов гэхэд би нэг найзаасаа мөнгө авсан хугацаатай хадгаламжтай байсан юм байна тэгээд 3-р сар хүртэл зээлчихлээ хоёулаа дараа нь төлье гэж хэлсэн. Тэр үед би за хавар ажил хийгээд учир нь олдох юм байна гэж бодсон. Тэгээд машин авахаар болоод тэр өдрөө очиж хөөцөлдөөд Энх ББСБ нь бид хоёрт Их засаг ИС-ын тэнд байдаг машин зардаг гэх хүнтэй утсаар яриулаад очиж машин үзээд авахаар болсон. Тэгээд тэнд очоод машин үзээд Тоёота Виш нэртэй машин авахаар болоод үнийг нь асуухад 13,000,000 төгрөг гэсэн ба тэр өдрөө гэрээгээ хийгээд худалдаж авсан. Бүрэн Финансад бэлнээр 3 сая төгрөг тушаасан. Машинаа худалдаж авч өгчихөөд би өөрөө буцаад Цэнхэрмандал сумруу буцсан, 3 сарын 05-06-ны үед мөн эхнэр Б намайг дуудаад чи ирж хэдэн хүнтэй уулзахгүй бол болохгүй нь ээ би их том асуудалд орчих шиг боллоо гэхээр нь би ч урьдынхаараа яараад тэр өдрөө автобусанд суугаад хүрээд ирсэн автобуснаас буугаад шууд эхнэр дээрээ хороололд очиж уулзахад эхнэр машинтайгаа байж байсан. Тэгээд би юу болов яав гэтэл хүнд асуудал орсон энд одоо 2 хүн ирнэ энэ 2 хүнтэй уулзах хэрэгтэй байна гэж хэлсэн. Удалгүй 15 цагийн үед нөгөө Б М гэх 2 залуухан хүн ирж уулзсан. Би учрыг нь асуухад танай эхнэр чинь бид 2-оос Солонгос улсруу гаргаж өгнө гээд 2.800.000 төгрөг залиллаа одоо бид 2 мөнгөө авмаар байна танай эхнэр юм чинь та ч гэсэн хариуцлага хүлээ гээд дайрсан. Тухайн үед би тэр 2 хүнд та 2 надад бага хэмжээний хугацаа өгөөч би та нарт учирсан хохирлыг бүрэн барагдуулна гэж хэлсэн тэгсэн нөгөө 2 хүн одоо мөнгөө авна гэж дайраад болохгүй болохоор нь машинаа нөгөө 2 хүнд ахынхаа граш гэх газар хийгээд үлдээсэн. Тэрнээс хойш нөгөө 2 хүн өдөр шөнөгүй залгаад байсан ба утсаа авахгүй болохоор авсангүй тэгээд ирээд уулзахаар чамд хамаагүй гээд л дайраад байсан бүр сүүлдээ машинаа буцааж нөгөө ББСБ-д өгсөн.

Би эхнэрээсээ юу болсон яасан гэж асуухаар би яагаад ийм хэрэг хийснээ ойлгохгүй байна гэж хэлж байсан. Тэгээд би чамд Солонгос гаргадаг таньдаг хүн байгаа юм уу гэж асуухад юу байхав дээ гээд анхнаасаа л худлаа ярьснаа хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 15-16/,

 

  - Хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-н 30/,

            -  Баянгол дүүргийн прокурорын газарт гаргасан хохирогч Д.Бын хүсэлт /хх-н 31/,

                                                                                             

Шүүгдэгч Б.Бгийн хувийн байдалтай холбоотой:

- Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 35/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 41/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

 

Шүүгдэгч Б.Бнь БНСУ руу явуулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогч Д.Быг залилсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

хохирогч Д.Бын “...Базар овогтой Б гэж хүнтэй ярьсан. Тэгсэн тэр хүн олимпийн шугамаар Солонгос улс руу явах боломжтой 2 сарын дундуур хүн гаргана гэж хэлсэн. ... тэр хүн нэг хүний 270.000 төгрөг өг гэсэн. Тэгээд бид 2 тэр өдрөө бүртгэлийн хөлс гээд тэр мөнгийг ХААН банкнаас Б.Бгийн 5100186381 дугаарын дансруу шилжүүлсэн нийт 540000 төгрөгийг бүртгэлийн хураамж гэж шилжүүлсэн тэгээд мөнгөө авлаа, бүртгүүлчихлээ гэж хэлсэн. ... 1 сарын 18-19-ний хооронд 1 сарын өмнө онгоцны тийзээ захиалбал та нарт ашигтай тийз хямд байна нийлж захиалах гээд байна тэгвэл хямд тусна гэж хэлээд замын зардал ирж очих нэг хүний 1.150.000 төгрөг гээд нийт 2 хүний 2.300.000 төгрөг дансаар өөрийнхөө дээр дурьдсан дансруу хийлгэсэн. ... 3 дугаар сарын 04-ний өдөр И-Март дотор ирж уулзахдаа Б нь юу ч авчирч өгөөгүй тэгээд бас хэл амаар доромжлоод бас бид 2-ын гадаад паспортыг элчин дээр очсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Г.Мын “...Базар овогтой Б гэх хүнрүү 2018 оны 01 сарын 09-ний өглөө 98122505 гэсэн дугаар руу залгасан. Тэгэхэд тэр хүн өөрийгөө намайг Б гэдэг манай нэг дүү Солонгос улсад хүнтэй суусан байдаг юмаа тэгээд тэр солонгос хүн нь энд буюу Монгол улсад манай нэг дүүгийн компанитай гэрээ байгуулаад олимпийн шугамаар хэдэн хүн гаргах гэж байгаа юм. Эгч нь одоо тэр компанитай уулзах гээд явж байна гэхээр нь та тэр компани дээр очоод хүнийх нь тоо бүрдээгүй бол манай, нөхрийг нэмээд бүртгэж болох уу асуугаад өгөөч гэж хэлсэн. ... 270,000 төгрөг буюу бүртгэлийн хураамжаа явуул гэхээр нь би өөрийн найз болох Мын данснаас 270.000 төгрөг бэлнээр манай эгч болох Туяа миний өмнөөс хөдөөнөөс буюу Ховд аймгийн Цэцэг сумаас явуулсан. ... 2.300.000 төгрөгийг Бгийн 5100186381 дугаарын Хаан банкны данс руу шилжүүлсэн. Тэгээд бас өмнө нь нөхөр бид 2-ын паспортыг Б авахдаа ирэх 7 хоногт та нарын паспорт Солонгос улс руу явна тэгээд тэндээсээ зөвшөөрөл аваад ирнэ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

 

гэрч Б.Пгийн “...Би эхнэрээсээ юу болсон яасан гэж асуухаар би яагаад ийм хэрэг хийснээ ойлгохгүй байна гэж хэлж байсан. Тэгээд би чамд Солонгос гаргадаг таньдаг хүн байгаа юм уу гэж асуухад юу байхав дээ гээд анхнаасаа л худлаа ярьснаа хэлсэн...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Б.Бгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би М, Б нартай хамаатны Ж гэх хүнээр дамжуулан 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр танилцсан. Би Жтай уулзахдаа өөрийгөө Солонгос улс руу хүн гаргаж байгаа гэж ярьсан ба Олимпийн шугамаар ажилчид гаргана гэж Жтай ярихад Ж би тэгвэл өөрийн 2 дүүгээ гарганаа гэж хэлэхээр нь бичиг баримтынх нь хамтаар нийт 2 удаа 2.840.000 төгрөг залилан авсан нь үнэн би хийсэн хэргээ маш их гэмшиж байна. Учруулсан хохирлоо бүрэн барагдуулна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Бг зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            Хохирогч Д.Бын “...Б.Бд өгсөн мөнгөө эргүүлэн авсан. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх хүсэлт /хх-н 31/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /хх-н 30/ зэргийг харгалзан шүүгдэгч Б.Бнь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

 

Шүүхээс шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Дээрх ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хор уршигийн хэмжээ, шүүгдэгч Б.Бгийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж уг ялыг биелүүлэх хугацааг 03 сараар тогтоож шийдвэрлэлээ.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч ________ овогт Б-н Б-г зохиомол байдлыг зориудаар бий болгож залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Бг 550 /таван зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 /таван зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Б.Б-гийн торгох ялыг биелүүлэх хугацааг 03 сараар тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар авагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ