Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02277

 

2018 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2018/02277

 

 

Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/01878 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Хаан банк ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А.Бадрах, Б.Даваадорж нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт А.Бадрах, Б.Даваадорж нараас 102 004 ам.доллар буюу 244 347 521 төгрөг, А.Бадрахаас 11 714 ам.доллар буюу 28 060 535 төгрөгийг тус тус гаргуулах тухай иргэний хэргийг

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Байгалмаа

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Нандинчулуун

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч А.Бадрах, Б.Даваадорж нар нь 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ/328 тоот Барьцаат зээлийн гэрээгээр 100 000 ам.долларыг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай өрхийн зээлийн зориулалтаар зээлж, зээлийн барьцаанд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их монгол улсын гудамж, 410 дугаар байрны 125 тоот, 79 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, Баянзүрх дүүргийн, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их монгол улсын гудамж, 410 дугаар байрны зоорийн давхарт 351, 352 тоот автозогсоолуудыг тус тус барьцаалсан.

Зээлдэгч нар үндсэн зээлд 41 988,88 ам доллар, зээлийн хүү 18 370,25 ам доллар нэмэгдүүлсэн хүүд 36,23 ам доллар, нийт 60 395,36 ам доллар төлсөн. Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дууссан боловч зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй байна. Иймд А.Бадрах Б.Даваадорж нараас үндсэн зээлд 58 011 ам доллар, зээлийн хүүд 37 784 ам доллар, нэмэгдүүлсэн хүүд 6 209 ам.доллар, нийт 102 004 ам.доллар буюу 244 347 521 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Зээлдэгч А.Бадрах Б.Даваадорж нар зээлийн төлбөрөө сайн дураараа төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

Иргэн А.Бадрах нь 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Кредит картын зээлийн гэрээгээр 7 000 ам.долларын зээлийн зарлагыг бэлнээр авсан тохиолдолд 30 хувийн хүүтэй, бэлэн бус зарлагын тохиолдолд 24 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай зээлжих эрхийг нээлгэсэн. Зээлийн эрхийн хугацаа 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дууссан боловч зээлдэгч А.Бадрах Кредит картын зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй байгаа бөгөөд 7 000 ам.долларын зээлжих эрхээ хэтрүүлэн ашиглаж 9 316,96 ам.долларт хүргэж зээлсэн. А.Бадрах нь нийт 9 316,96 ам.доллар зээлсэнээс зээлийн хүүд 1 383,48 ам.доллар, хугацаа хэтрүүлсэн шимтгэлд 200 ам.доллар, нийт 4 548,76 ам.доллар төлсөн.

Гэрээнд зарлагыг бэлнээр авсан тохиолдолд 30 хувийн, бэлэн бусаар авсан тохиолдолд 24 хувийн хүүг тус тус тооцно гэж тохирсон тул хүүг гэрээнд зааснаар тооцсон. 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүү тооцоход 5 356,86 ам.доллар болж байна. Анх нэхэмжлэл гаргахдаа хүүг нь 6 096,17 ам.доллар гэж нэхэмжилж байсан боловч одоо хүүг нь 739,31 ам.доллараар багасгаж 5 356,86 ам.доллар гэж нэхэмжилж байгаа тул А.Бадрахаас үндсэн зээлд 4 768,20 ам доллар, хүү 5 356,86 ам.доллар, хугацаа хэтрүүлсний шимтгэл 850 ам.доллар нийт 10 975,06 ам.доллар буюу 26 290 426 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Сөрөг нэхэмжлэлээр нэхэмжилж буй 180 344 төгрөг нь 2013 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс 2014 оны 07 дугаар сарын 15-ны хоорондох хугацааны нэмэгдүүлсэн хүү байна. Зээлдэгч нь зээл буцаан төлөх хуваарийн дагуу сар бүрийн 16-ны өдөр 3 550 ам.доллар төлөх үүрэгтэй байсан боловч дээрх хугацааны төлбөрийг 2-90 хүртэл хоногоор хугацаа хэтрүүлсэн тул банк зээлийн гэрээний 3.1.5 дэх хэсэгт заасны дагуу зээлийн хүүгийн 20 хувийн нэмэгдүүлсэн хүү тооцож төлүүлсөн. Зээлдэгч нар торгууль гэсэн үгэн дээр эмзэглээд байгаа бол 180 344 төгрөгийг хасаж тооцохыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбар, сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч А.Бадрах, Б.Даваадорж нар нь 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ЗГ/328 тоот Барьцаат зээлийн гэрээгээр 100 000 ам.долларыг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд 2 өрөө байр, хоёр ширхэг автомашины зогсоолыг тус тус барьцаалсан. Зээлдэгч нар үндсэн зээлд 41 988,88 ам.доллар, зээлийн хүү 18 370,25 ам доллар нэмэгдүүлсэн хүүд 36,23 ам.доллар, нийт 60 395,36 ам.доллар төлсөн талаар маргахгүй.

Зээлдэгч А.Бадрах, Б.Даваадорж нартай байгуулсан Зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 22-нд дуусаж байхад түүнээс хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, зээлийн гэрээний хугацаа дууссан байхад хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох ёсгүй.

Нэхэмжлэгч шүүхэд 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэл гаргасан байна. Тэдний хооронд байгуулсан зээлийн гэрээний 8.2-т зээлдүүлэгч банк өөрийн санаачилгаар гэрээ цуцлах тухай заасан байхад гэрээгээ цуцлахгүй өнөөдрийг хүртэл явж зээлдэгч нарыг ихээр хохироож байна. Одоо үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг л төлнө, бусдыг нь төлөхгүй, үндсэн зээлээс давсан мөнгө нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

А.Бадрах нь 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ЗГ/389 тоот Кредит картын зээлийн гэрээгээр 7 000 ам.долларын зээлийн эрх нээлгэж зарлагыг бэлнээр авсан тохиолдолд 30 хувийн хүүтэй, бэлэн бус зарлагын тохиолдолд 24 хувийн хүүтэй 2 жилийн хугацаатай зээлжих эрхтэй болж, зээлжих эрхээ хэтрүүлэн ашиглаж 9 316,96 ам.долларыг авч ашигласан.

Зээлийн эрхийн хугацаа 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр дууссан бөгөөд А.Бадрах нь зээлнээсээ 4 548,76 ам.долларыг төлсөн. Банк гэрээний 8.2-ийг зөрчсөн тул гэрээний хугацаа дууссанаас хойшхи хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй.

Зээлдэгч нар нь гэрээнд заагдсан хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс гадна торгууль хүү, нэмэгдүүлсэн торгууль хүү гэх мэт хуулиар зохицуулагдаагүй хууль бус хураамжийг зээлдэгч нараас авч байсан байна. Иймд хууль бус хураамж болох нийт 74,82 ам.доллар буюу 180 344 төгрөгийг Хаан банкнаас гаргуулан өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1., 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Бадрах, Б.Даваадорж нараас 102 004 ам.доллар буюу 244 347 521,88 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч А.Бадрах, Б.Даваадорж нарын Хаан банк ХХК-аас 74,82 ам.доллар буюу 180 344,63 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн Хаан банк ХХК-ийн зөвшөөрлийг баталж түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Бадрахаас 10 975,06 ам.доллар буюу 26 290 426,97 төгрөгийг гаргуулж Хаан банк ХХК-д олгож үлдэх 739,14 ам.доллар буюу 1 770 587,99 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар хариуцагч А.Бадрах, Б.Даваадорж нар нь үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох

а. Баянзүрх дүүргийн, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, /13311/ Их монгол улсын гудамж, 410 дугаар байр 125 тоот Ү-2204039282 тоот улсын бүртгэлийн дугаартай, 79 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц,

б. Баянзүрх дүүргийн, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, /13311/ Их монгол улсын гудамж, 410 дугаар байрны зоорийн давхарт 352 тоот Ү-2204039280 улсын бүртгэлийн дугаартай 18 м.кв талбайтай зогсоол,

в.Баянзүрх дүүргийн, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, /13311/ Их монгол улсын гудамж, 410 дугаар байр зоорийн давхарт 351 тоот Ү-2204039281улсын бүртгэлийн дугаартай, 18 м.кв талбайтай зогсоол зэргийн үнийн дүнгээс хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаан банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 449 948 төгрөг, 298 225 төгрөг, хариуцагч нарын сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6 100 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, А.Бадрах, Б.Даваадорж нараас улсын тэмдэгтийн хураамжид 1 379 688 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, А.Бадрахаас улсын тэмдэгтийн хураамжид 289 402 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-д, Хаан банк ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 6 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт тус тус олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэлэлгүй нэг талыг баримтлан хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн.

Хавтаст хэргийн 5 дугаар хуудсанд авагдсан "Хаан банкны" Улсын бүртгэлийн гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруусан хэсэгт Бэлл овогтой Жонн чарлесийг гүйцэтгэх захирлаар бүртгэсэн бүртгэл байна. Гэтэл хэргийн 7 дугаар хуудсанд авагдсан итгэмжлэлд АНУ-ын иргэн Жон Белл гэдэг иргэнээс МУ-ын иргэн Ж.Хосбаярт итгэмжлэл олгосон байна. Уг итгэмжлэлийг олгож байгаа Жон Белл гэж хэн болох ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл төлөөлөх эрхгүй этгээд Жон Белл гэдэг хүнээс итгэмжлэл өгсөн эсэхийг шалгаагүй.

Мөн итгэмжлэлд итгэмжлэлээр төлөөлөгч болон төлөөлүүлэгч нар гарын үсэг зурж хуулийн этгээдийн хувьд албан ёсны тамга, тэмдгээр баталгаажуулах, иргэний хувьд нотариатаар гэрчлүүлэх шаардлага тавигддаг. Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл нь мөн зүйлийн 64.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус итгэмжлэл байна. Дээрх хүчин төгөлдөр бус итгэмжлэлийг дамжуулан буюу Ж.Хосбаяраас иргэн Б.Байгалмаад олгосон итгэмжлэл нь мөн хууль бус байна.

Иймд шүүхэд нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд Б.Байгалмаа нэхэмжлэл гаргасан байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлт гаргасан ч хүсэлтийг хүлээн авсан, татгалзсан талаар дүгнэлтийг хийлгүйгээр оролцогчийн эрхийг зөрчсөнөөс гадна хүчин төгөлдөр бус итгэмжлэлээр гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж байгаа нь хууль бус гэж үзэж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс зээл 58 011 ам.доллар, зээлийн хүүгийн төлбөрт 37 784 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 6 209 ам.доллар нийт 102 004 ам.доллар нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагч нарын зүгээс нийт төлөгдсөн зээлийн төлбөрийн талаар маргаагүй ч зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү банкнаас хуульд заасан хэмжээ, зохицуулалтын дагуу авагдсан эсэхэд маргаж байгаа. Өөрөөр хэлбэл Хаан банкнаас зээл, зээлийн хүү. нэмэгдүүлсэн хүү хуулиар тогтоосон хэмжээгээр авсан эсэх, тооцооллын хувьд буруу ташаа бодогдож хариуцагч нарыг хохироож байгаа эсэх, авсан зээлээс хэтэрсэн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Гэтэл шүүхээс шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэлт хийхдээ нэхэмжлэгч талын нэхэмжлэл, тайлбарыг үндэслэл болгож тооцооллыг гаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хуулиар зохицуулаагүй банкнаас 2 дахин зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү авч байгаа талаар хариу тайлбартаа дурдсаар байтал хариуцагч талын гаргасан тайлбарыг үгүйсгэсэн, няцаасан тайлбар үндэслэлийг гаргаж тавиагүй байдал нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчиж байна гэж үзэж байгаа болно.

Хариуцагч нарын 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ/328 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр дууссан. Банк гэрээг гэрээний 8 дугаар зүйлд зааснаар цуцлаж, 10.1-д заасныг баримтлан барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломж байсаар байтал цуцлаагүйгээр барахгүй ашиг олох зорилгоор 2018 оны 03 дугаар сар хүртэл хүү, нэмэгдүүлсэн хүү, торгууль тооцож байгаа нь иргэдийг хохироож байна.

Түүнчлэн Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт "...банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэсэн зохицуулалтыг тусгасан байна. Өөрөөр хэлбэл банкнаас хугацаа хэтрүүлсэн зээлдэгчээс торгууль болон торгуулийн хүү суутган авах эрхгүй байна

Гэтэл хэргийн 26-27 дугаар хуудсанд "Хаан банк" ХХК-ийн зээлийн бүртгэлийн картанд А.Бадрах, Б.Даваадорж нараас 6 245.43 ам долларыг торгууль нэрийдлээр тооцсон байдал харагддаг. Харин хэргийн 42-44 дүгээр хуудсанд дээрх торгууль гэж тооцсоныг засаж нэмэгдүүлсэн хүү гэж оруулсан байна. Энэхүү байдал нь банкнаас хууль зөрчиж авсан торгуулиа нэмэгдүүлсэн хүү нэрээр өөрчилж хариуцагчийн эрхийг зөрчсөн байтал анхан шатны шүүхээс энэхүү баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон тооцооллыг гаргасан нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Хаан банк ХХК нь хариуцагч А.Бадрах, Б.Даваадорж нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 102 004 ам.доллар буюу 244 347 521 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, хариуцагч А.Бадрахад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10 975,06 ам.доллар буюу 28 060 535 төгрөг гаргуулахаар тус тус нэхэмжилснийг хариуцагч нар эс зөвшөөрч, нэмэгдүүлсэн торгууль, хүүд авсан 74,82 ам.доллар буюу 180 344 төгрөг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

Хаан банк ХХК болон А.Бадрах, Б.Даваадорж нарын хооронд 2012 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 100 000 ам.долларыг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, хугацаа хэтэрсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэй зээлдэгчид олгохоор тохиролцсон, зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлдэгч нь зээлийг тохиролцсон хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн, мөн хуулийн 451.2 дахь хэсэгт заасан зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагад нийцсэн талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор зээлдэгч Б.Даваадоржийн өмчлөлийн, Баянзүрх дүүргийн, 26 дугаар хороо, Баянмонгол хороолол, Их монгол улсын гудамж, 410 дугаар байр 125 тоотод байрлах, улсын бүртгэлийн Ү-2204039282 дугаартай, 79 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц, мөн байрны зоорийн давхарт 351, 352 тоот 2 ширхэг автозогсоолыг тус тус барьцаалж барьцааны гэрээ байгуулсан, уг барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт зааснаар бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ.

 

Хариуцагч нар нь зээлийн мөнгөн хөрөнгө 100 000 ам.долларыг шилжүүлэн авсан, энэ хугацаанд үндсэн зээлд 41 988,88 ам.доллар, зээлийн хүү 18 370,25 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 36,23 ам.доллар, нийт 60 395,36 ам.доллар төлсөн бөгөөд зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн үйл баримтуудын хувьд талууд маргаагүй байна.

 

Уг гэрээний 3.1.5 дахь хэсэгт талууд нэмэгдүүлсэн хүүг зээлийн хүүгийн 20 хувиар тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн тул нэхэмжлэгч нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Иймд гэрээний хугацаа дуусахад төлөгдөөгүй төлбөр болох үндсэн зээлээс Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцох үндэслэлтэй.

 

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 58 011 ам.доллар, зээлийн хүү болон хэтэрсэн хугацааны зээлийн хүүд 37 784 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 6 209 ам.доллар, нийт 102 004 буюу 244 347 521 төгрөгийг хариуцагч нар төлөх үүрэгтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд нэхэмжлэгч нь барьцааны гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхтэй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

 

Мөн А.Бадрах нь Хаан банк ХХК-тай 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдөр кредит картын гэрээ байгуулж, уг гэрээгээр 7 000 ам.долларыг зээлжих эрхийн картын дансыг нээлгэж, уг зээлийг бэлнээр авсан тохиолдолд 30 хувийн хүү төлөх, бэлэн бус зарлагын тохиолдолд 24 хувийн хүү төлөх нөхцөлтэй, 2 жилийн хугацаатай эзэмших эрхтэй, ашигласан зээлийн мөнгөн хөрөнгийг сар бүр төлбөрийн доод хэмжээгээр төлөх, тухайн сард төлбөл зохих төлбөрийн доод хэмжээг хугацаанд нь төлөөгүй эсхүл дутуу төлсөн тохиолдолд сар бүр 25 ам.долларын хугацаа хэтрүүлсэн шимтгэл төлөхөөр харилцан тохиролцсон, уг гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, зээлдэгч нь зээлийг тохиролцсон хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн, мөн хуулийн 451.2 дахь хэсэгт заасан зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагад нийцсэн талаарх үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

 

А.Бадрах нь кредит картын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй, 7 000 ам долларын зээлжих эрхээ хэтрүүлэн ашиглаж 9 316,96 ам.долларт хүргэсэн, үндсэн зээлд 4 548,76 ам.доллар, зээлийн хүүд 1 383,48 ам.доллар, хугацаа хэтрүүлсэн шимтгэлд 200 ам.долларыг тус тус төлсөн талаар талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч Хаан банк ХХК нь 74,82 ам.доллар буюу 180 344 төгрөг гаргуулах хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

Иймд анхан шатны шүүх хариуцагч А.Бадрахаас үндсэн зээлийн үлдэгдэл 4 768,20 ам.доллар, 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүүд 5 356,86 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 850 ам.доллар нийт 10 975,06 ам.доллар буюу 26 290 426 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Зээлдэгч зээлийн гэрээний хугацаанд үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний 1.3.9-т зээлдэгч тухайн сард төлбөл зохих төлбөрийн доод хэмжээг хугацаанд нь төлөөгүй эсхүл дутуу төлсөн тохиолдолд сар бүр 25 ам.долларыг хугацаа хэтрүүлсэн шимтгэлд төлөх нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн.

 

Хаан банк ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нэмэлт өөрчлөлт оруулсан хэсэгт Bell овогтой Jonn Charles-г гүйцэтгэх захирлаар томилсныг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр бүртгэж өөрчлөлт оруулсан байх бөгөөд хэргийн 7 дугаар талд авагдсан итгэмжлэл болон итгэмжлэлийн ард авагдсан гадаад паспортыг харьцуулан дүгнэвэл итгэмжлэл олгосон Жон Велл нь нэхэмжлэгчийг төлөөлөх эрхгүй этгээд гэж дүгнэхгүй. Түүнчлэн Тусгай активын газрын захирал Ж.Хосбаяр нь Жон Веллээс олгосон итгэмжлэлийн хүрээнд нэхэмжлэгчийг төлөөлөх эрхийг итгэмжлэлээр Б.Байгалмаад шилжүүлсэн нь Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.5 дахь хэсэгт заасантай нийцжээ. Иймд энэ талаар гаргасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацааны хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцож гаргуулсан нь хуульд нийцээгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхив.

 

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасныг үндэслэн анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт хуулийн зүйл заалтыг болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нэрийг алдаатай бичсэнийг залруулж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2018/01878 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 452.1 гэсний өмнө 452 дугаар зүйлийн гэж нэмж,

3 дахь заалтын Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газар гэснийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1 379 688 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Б.НАРМАНДАХ

 

Э.ЗОЛЗАЯА