Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвдоржийн Соёл-Эрдэнэ |
Хэргийн индекс | 128/2019/0352/З |
Дугаар | 52 |
Огноо | 2020-01-27 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 52
А.Б-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Мөнхтуяа,
Шүүгчид: Г.Банзрагч,
Б.Мөнхтуяа,
Ч.Тунгалаг,
Илтгэгч шүүгч: П.Соёл-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нэхэмжлэлийн шаардлага: А.Б-ийг Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга бөгөөд зардал, төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн албан тушаалд томилохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгох, уг албан тушаалд томилсон тушаал гаргахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/11 дүгээр тушаалын А.Ц-г ажилд томилсон хэсгийг хүчингүй болгуулах,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0669 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 642 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Ө, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, гуравдагч этгээд А.Ц, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.У, Н.Э нарыг оролцуулж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өмнөх шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0669 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1, 23.5, 27 дугаар зүйлийн 27.2.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Б-ийн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “... А.Б-ийг Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга бөгөөд зардал, төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн албан тушаалд томилохгүй байгаа нь хууль бус эс үйлдэл болохыг тогтоолгож Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга бөгөөд зардал, төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн албан тушаалд томилсон тушаал гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгах, хууль бус эс үйлдлийн улмаас ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/11 дугаар бүхий ажилтан алба хаагчдыг томилох тухай тушаалаар А.Ц-г тасгийн дарга бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангийн зардал төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн ажилд томилсон хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 642 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0669 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Төрийн албаны тухай /2002 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.1, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар нэхэмжлэгчийг Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга бөгөөд зардал, төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн албан тушаалд томилохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоож, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга бөгөөд зардал, төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн албан тушаалд томилсон тушаал гаргахыг хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгаж, чөлөө дууссанаас хойш ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/11 дугаар бүхий ажилтан алба хаагчдыг томилох тухай тушаалаар А.Ц-г тасгийн дарга бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангийн зардал, төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн ажилд томилсон хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын гомдлын үндэслэл:
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын гэм буруугүй, тухайн нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш захиргааны байгууллагад бусдыг ажилд томилохыг даалгаж /тус агентлагт ажиллаж байгаагүй, хуулийн дагуу томилогдоогүй иргэнийг/, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн төлүүлэх шийдвэр гаргаж буруу жишиг тогтоолоо. Ингэснээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын хууль бус үйлдлийн өмнөөс хариуцлага хүлээж, өөрийн ажилтныг ажлаас чөлөөлж, ажлын байрны тодорхойлолтод заасан шаардлага хангахгүй иргэнийг ажилд томилж, ажилгүй байсан хугацааны цалинг төсвөөс гаргах үр дагавар үүсгэж байна.
4. Мөн А.Б нь Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэстэй хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсгэсэн бөгөөд төрийн албан дахь хөдөлмөрлөх эрх зөрчигдсөн талаар ажил олгогч буюу Баянхонгор аймгийн Нийгмийн Даатгалын хэлтэст холбогдуулан нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байсан. Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд хандахад 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 196 дугаар албан бичгээр “Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35 дугаар зүйлийн 35.12-д заасны дагуу тухайн төрийн албан хаагчийн ажлын байрыг хэвээр хадгалж, чөлөөний хугацаа дуусмагц ажилд нь эргүүлэн томилох нь зүйтэй” гэсэн хариуг нэхэмжлэгчийн ажил олгогч буюу Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлсэн байдаг. Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь манай агентлагийн бүтцийн нэгж биш бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газрын шууд удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг. А.Б, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэстэй 2014 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн харилцаа үүсгэсэн байх бөгөөд одоог хүртэл түүнийг ажлаас чөлөөлсөн, халсан, шилжүүлсэн тушаал, шийдвэр гараагүй байна.
5. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Засгийн газрын 2017 оны Засгийн газрын 2017 оны 344 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах тухай” А/223 дугаар тушаал зэргийг үндэслэн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын /хуучин нэршлээр/ даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Ажлаас чөлөөлж шилжүүлэх тухай А/197 дугаар тушаалаар аймаг болон Налайх, Багануур дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн эрүүл мэндийн даатгалын хяналтын байцаагч, эмч, зардал төлбөр, тооцоо, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтнийг /Нийт 2 ажилтны орон тоог шилжүүлэн авсан/ 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдэлд эд хөрөнгийн хамт шилжүүлэхийг аймаг болон холбогдох дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн дарга нарт үүрэг болгосон байдаг.
6. Улмаар Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс /хуучин нэрээр/-ийн даргын 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/67 дугаар тушаалаар Эрүүл мэндийн даатгалын зардал төлбөр, тооцоо, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн А.Ц-г тус тус үүрэгт ажлаас чөлөөлж, эд хөрөнгийн хамт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлсэн байдаг. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/11 дүгээр тушаалаар Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга бөгөөд зардал, төлбөр тооцоо хариуцсан байцаагчаар А.Ц-г томилсон бөгөөд одоог хүртэл албан үүргээ гүйцэтгэж байгаа болно. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны “Ажилтан, албан хаагчдыг томилох тухай” А/11 дүгээр тушаал нь Баянхонгор аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын тушаалаар шилжиж ирсэн албан хаагчдыг томилсон бөгөөд сонгох боломж байгаагүй, Төрийн албаны тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд нийцсэн тушаал юм.
7. Нөгөөтэйгүүр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хоёр агентлаг болж өөрчлөгдөж байгаа, албан тушаалтныг шилжүүлж байгаа тухайг болон ашиг сонирхол нь хөндөгдөж болох ажилтанд тухайн үед нь мэдэгдэж, саналыг авах ёстой байсан бөгөөд А.Б ч энэ талаар мэдэх бүрэн хугацаа боломж байсан. Гэтэл энэ талаар огт мэдээгүй, саяхан мэдсэн гэх нь учир дутагдалтай, итгэл үнэмшил төрөхгүй байна.
8. Мөн чиг үүрэг нь шилжиж буй албан хаагчдыг шинээр байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт шилжүүлэх нь Баянхонгор аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн чиг үүргийн асуудал бөгөөд манай агентлаг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасныг биелүүлж, зөвхөн тушаалаар шилжиж ирсэн албан хаагчдыг томилох боломжтой байсан.
9. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г давж заалдах гомдолдоо шүүх Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны Б/35 дугаар тушаалын эрх зүйн үндэслэлийг буруу дүгнэсэн тухай дурджээ. Нэхэмжлэгч анхнаасаа ажил олгогчийн чөлөө олгосон шийдвэр, ажилд нь буцаан авахаас татгалзсан шийдвэртэй маргаж Баянхонгор аймгийн Захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой байсан ч Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд ажил олгогч Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн захиргааны үйл ажиллагаатай маргаагүй болно. Харин нэхэмжлэгчид чөлөө олгосон тушаалд хууль зүйн дүгнэлт өгсөн шүүхийн шийдвэр нь ямар учраас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, шалтгаант холбоо, гэм бурууг тодорхойлсон үндэслэл бүхий дүгнэлт байсан.
10. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаа явуулж эхэлсэн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд Нийгмийн даатгалын ерөнхий газар болон түүний бүтэц дэх аймгуудын нийгмийн даатгалын хэлтсийн захиргааны үйл ажиллагааны үр дагаврыг шүүхийн өмнө хариуцах эрх зүйн үндэслэлгүй болно. Тиймээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 642 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү.
11. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгчийн ажиллаж байсан байгууллага нь Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д заасан ажил олгогч гэх ойлголтод хамаардаг. Нэхэмжлэгч А.Б-ийг ажлын байраар хангах, дахин ажилд авах эрх зүйн орчин Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйл, Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 27.2.3-д заасны дагуу Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газарт хадгалагдаж байгаа.
12. Нөгөө талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан ажил албан тушаалд хэвээр хадгалах нөхцөлд А.Б-тэй холбоотой үйл баримт хамаарахгүй. Мөн ажилтан нь хууль болон байгууллагын дотоод журамд заасан чиг үүргийг сахин биелүүлэх үүрэгтэйн зэрэгцээ өөрт хамаарал бүхий тушаал шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн тухай нягтлах, эрх зүйн үр дагаврыг сахих үүрэгтэй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий тайлбарласан тул магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
13. Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын газрын Баянхонгор аймгийн нийгмийн даатгалын хэлтэст эрүүл мэндийн даатгалын төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн орон тоо хасагдсан. Энэ нь Төрийн албаны тухай хуулийн /2002 он/ 27.2.4-д зааснаар нэхэмжлэгч А.Б-с үл хамаарах шалтгаанаар орон тоо нь хасагдсан гэх үндэслэлд хамаарна. Ингэж хасагдсан тохиолдолд Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын газар чөлөө олгосон ажилтанг ажлын байраар хангах үүрэг нь хадгалагдаж байгаа.
14. Харин шинээр байгуулагдсан агентлагтай нэхэмжлэгч А.Б-ний хувьд төрийн албаны болон хөдөлмөрийн харилцаа үүсээгүй, энэ талаар Эрүүл мэндийн ерөнхий газар мэдэх боломжгүй байсан нөхцөл байдал, А.Ц нь төрийн албаны хуулийн дагуу ажлаас чөлөөлөгдөж улмаар шинэ байгууллагад ажилд шинээр томилж байгаа үйл явц нь хууль зөрчөөгүй бөгөөд хууль ёсны дагуу болсон үйлдэл юм.
15. А.Б-ий хувьд Нийгмийн даатгалын Ерөнхий газарт хандаж ажилдаа орох талаар хүсэлт гаргаагүй энэ талаар өргөдөл өгөөгүй байхад Давж заалдах шатны шүүхээс эс үйлдэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны Ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасныг зөрчсөн. Энэ талаар давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ тайлбарлаагүй орхигдуулсан нь Шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн заалтыг зөрчиж байна.
16. Мөн А.Ц нь Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн тасгийн дарга бөгөөд төлбөр тооцоо хариуцсан улсын байцаагчийн ажилд томилогдсон ба энэ ажлын байр нь улсын байцаагчийн эрхтэй, тухайн чиглэлээр 3 жилээс доошгүй ажилласан байх зэрэг хэд хэдэн ажлын байрны тусгайлсан шаардлагыг хангасан иргэн томилогдохоор заасан ажлын байранд томилогдсон. Энэ ажлын байранд тавигдах шаардлагыг иргэн А.Б хангахгүй байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр бодит байдал нийцсэн байх шалгуур шинжид нийцэхгүй байна.
17. Давж заалдах шатны шүүхээс хоёр өөр газрыг нэг газар гэж үндэслэх хэсэгтээ тайлбарласан, тухайн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь буруу.
18. А.Б-г ажлын байраар хангах эрх бүхий субьект нь Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газар юм. Гэтэл А.Б-тэй төрийн албаны болон Хөдөлмөрийн харилцаа үүсгээгүй газар болох Нийгмийн даатгалын Ерөнхий газарт ажилд авахыг даалгаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийн /2002 он/, 27.2.3-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, 27.2.4-д заасан хуулийг хэрэглээгүй, мөн Хөдөлмөрийн хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй гэж үзэх үндэслэл болно.
19. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
20. Анхан шатны шүүхээс хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул магадлалыг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
21. Нэхэмжлэгч А.Б-с Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга бөгөөд зардал, төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн албан тушаалд томилохгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгох, уг албан тушаалд томилсон тушаал гаргахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг даалгах, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/11 дүгээр тушаалын А.Ц-г ажилд томилсон хэсгийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан бөгөөд энэ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “жилийн чөлөөтэй байх хугацаанд ажлын байр хадгалагдах ёстой, өөр хүнийг жинхлэн томилсон нь хууль бус” гэж маргажээ.
22. Төрийн албаны тухай хууль /2002 он/-ийн 23 дугаар зүйлийн 23.3.1-д “биеийн эрүүл мэндийн байдлын улмаас 1 жилээс дээш хугацаагаар албан ажлаа хийхгүйгээр эмчлүүлж, сувилуулах шаардлагатай болсон” бол төрийн албанаас түр чөлөөлөхөөр заасан, хуулийн энэхүү зохицуулалтын “1 жилээс дээш хугацаа” гэдгийг 1 жил түүнээс дээш гэж ойлгоно, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.5 дахь хэсэгт зааснаар энэ хугацаагаар өвчний учир түр чөлөөлөгдсөн бол төрийн албаны нөөцөд байгаад тооцно.
23. Нэхэмжлэгчийн тухайд өөрийнх нь гаргасан өргөдлийг үндэслэн “биеэ эмчлүүлж, сувилуулах шаардлагатай” гэсэн үндэслэлээр Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/35 дугаар тушаалаар 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн түүнд 1 жилийн хугацаатай чөлөө олгож шийдвэрлэсэн, дээрх хуулийн зохицуулалтаар төрийн албаны нөөцөд байгаад тооцох бөгөөд тухайн байгууллагад орон тоо гарсан тохиолдолд ажил, албан тушаалд томилогдох боломжтой учир хариуцагчийг ажилд томилоогүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх үндэслэлгүй юм.
24. Нэхэмжлэгчийн “өвчний учир чөлөөлөгдсөн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд зааснаар ажлын байрыг хадгалах үүрэгтэй” тухай гомдол үндэслэлгүй, энэхүү маргааны үйл баримт нь “өвчний учир ажлаас түр чөлөөлөгдөх” байсан бөгөөд уг харилцаа нь төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцааг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хууль /2002/-ийн 23 дугаар зүйлийн 23.3.1 дэх заалтаар зохицуулагдсан, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан “Ажил, үүргээ гүйцэтгээгүй үед ажил, албан тушаалыг хэвээр хадгалах” зохицуулалт энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй, “захиргааны чөлөө олгох” болон “төрийн албанаас түр чөлөөлөгдөх” харилцааг адилтган хэрэглэхгүй.
25. Иймээс хариуцагчийн хууль бус эс үйлдэхүй тогтоогдоогүй, 1 жилийн хугацаагаар албан тушаалын чиг үүргээ хэрэгжүүлэх боломжгүй тохиолдолд төрийн алба тасралтгүй байх зарчмын хүрээнд Баянхонгор аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/50 дугаар тушаалаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан албан тушаалд А.Ц-г жинхлэн томилсон буюу захиргааны байгууллага нь тухайн албан тушаалд өөр этгээдийг томилон ажиллуулах эрхтэй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв болжээ.
26. Нэхэмжлэгчийн тухайд ажлаас чөлөөлөгдөх үедээ ТЗ-6 буюу төлбөр тооцоо, мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан, одоо томилогдохыг хүсч буй албан тушаал нь ТЗ-7 буюу Эрүүл мэндийн даатгалын тасгийн дарга бөгөөд зардал, төлбөр тооцоо хариуцсан байцаагчийн албан тушаал байх бөгөөд хариуцагчаас “уг албан тушаалд тавигдах шаардлага нь “улсын байцаагчийн эрхтэй” байхыг шаардсан, нэхэмжлэгч энэ шаардлагыг хангаагүй” гэж маргасан, нэхэмжлэгчээс энэхүү үйл баримтыг үгүйсгэж, холбогдох баримтыг шүүхэд гаргаагүй байна.
27. Түүнчлэн “чөлөөний хугацаа дуусахаас сарын өмнө ажилд эргэн орох хүсэлтээ гаргасан” гэж тайлбарлаж байгаа боловч 2018 оны 6 дугаар сарын 28-нд ажилд эргэн орох хүсэлт гаргах үед тухайн байгууллагын бүтэц орон тоо 2017 оны 12 дугаар сарын 28-нд өөрчлөгдсөн байсан, нөгөө талаар нэхэмжлэгч нь 1 жилийн хугацаагаар чөлөөлөгдөх үедээ холбогдох хууль тогтоомжийг бүрэн судлах, төрийн албаны нөөцөд тооцогдох үр дагавар үүсэхийг мэдэх боломжтой тул захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй.
28. Харин хариуцагчийн “энэ хэргийн хариуцагч биш, Нийгмийн даатгалын газар хариуцах” тухай гомдол хууль зүйн үндэслэлгүй, маргаан бүхий албан тушаал нь Эрүүл мэндийн яамны бүтцэд багтаж, түүний чиг үүргийг хэрэгжүүлж байгаа тул эрх залгамжлагчийн хувиар энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцох бөгөөд тухайн байгууллагад сул орон тоо гарсан тохиолдолд нэхэмжлэгчийг ажлын байраар хангах үүрэгтэй байна.
29. Дээрх үндэслэлүүдээр магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүнээс үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 642 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2019/0669 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧ П.СОЁЛ-ЭРДЭНЭ