Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2016/0907

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “О*******” ХХК /

Хариуцагч: Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ч.Э*******, Д.Н******* 

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2******* дугаар актыг хүчингүй болгуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “О*******” ХХК-ийн захирал Т.Н*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ад*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “4 дүгээр” танхимд нээлттэй хийв.

ТОДОРХОЙЛОХ нь:

“О*******” ХХК-ийн захирал Т.Н******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Татварын улсын байцаагчийн 2******* дугаартай актаар манай компанийг

1. 2013 онд “бараа худалдан авсан” гэж НӨАТ-ын тайланд тусгаж, төсөвт төлөх  НӨАТ-аа багасгахын тулд “С*******” ХХК-иас 164,101,818,00 төгрөгийн 1 ширхэг 0051135737 дугаарын НӨАТ-ын падааныг бичүүлэн НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн тайланд тусган албан татвар ногдох орлогоос хасч, орлогыг бууруулсан, 

2. Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид НӨАТ төлсөн нь нэхэмжлэл, падаан, ... нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэн НӨАТ-ын албан татварыг хасч тооцохгүй” гэсэн заалтыг зөрчсөн гэж дүгнэн НӨАТ-ын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Татварын ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтуудыг үндэслэн 16,410,181,8 төгрөгийн нөхөн татвар, 4,923,054,5 төгрөгийн торгууль, 3,900,043,8 төгрөгийн алданги, нийт 25,233,280,1 төгрөгийн акт тогтоосон. 

Тус актыг бүхэлд нь үл зөвшөөрч Нийслэлийн татварын газарт хандаж гомдол гаргахад 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн 4,923,054,50 төгрөгийн торгууль, 3,900,043,80 төгрөгийн алдангийг хасч, 16,410,181,80 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр шийдвэрлэн 90 дугаартай тогтоол гаргасан. 

Харин Гааль, Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 25 тоот тогтоолоор 2******* тоот актыг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж хэвээр үлдээсэн тогтоолыг баталгаажуулах тухай тушаалын хамт 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 14 цагт шуудангаар хүлээлгэн өгсөн болно. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар тогтоолыг хүлээн аваад хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах эрхтэй гэж заасны дагуу Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна. 

“О*******” ХХК нь татварын улсын байцаагчийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2******* дугаартай актыг дараах хууль зүйн үндэслэлгүйгээр бүхэлд нь хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: 

1. Манай компани нь Татварын ерөнхий хууль болон бусад хуульд заасан “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд нь төлөх”, “татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж, тогтоосон, хугацаанд татварын албанд ирүүлэх”, “анхан шатны нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам, ... нягтлан бодох бүртгэлийн дагуу хөтөлж, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах” үүргээ зохих ёсоор гүйцэтгэж 

1/ 2013 онд 361,277,862 төгрөгийн орлого, 356,097,254,22 төгрөгийн зардал, 5,180,607,78 төгрөгийн татвар ногдох орлоготойгоор аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан

2/ 263,277,861,6 төгрөгийн орлого, 188,612,663,60 төгрөгийн худалдан авалттайгаар НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн тайланг гаргаж, холбогдох албан татвараа төлсөн. 

2. “О*******” ХХК нь 2013 онд улсын замын ажил авсан байсан бөгөөд төсвийн мөнгө хүлээгдэж байсан тул “С*******” ХХК-тай 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр “Бараа материал худалдах, худалдан авах гэрээ” байгуулан 180,512,000 төгрөгийн бараа, материалыг зээлээр авч, оны сүүлээр худалдан авсан бараа  материалынхаа төлбөрийг төлөөд дууссан ажлаа гүйцэтгээд хүлээлгээд өгсөн.

3. Манай компани татварын хяналт шалгалтын үеэр хяналт шалгалтанд шаардлагатай санхүүгийн баримтуудыг тухайлбал, 

- “С*******” ХХК-тай байгуулсан “Бараа материал худалдах, худалдан авах гэрээ” 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 

- 70,869,550,  109,642,454 төгрөгийн бараа материалын зарлагын 2 баримт “С*******” ХХК-ийн тамгатай

- 180,512,000 төгрөгийн бэлэн мөнгөний зарлагын баримт

- 18,512,000 төгрөгийн бэлэн мөнгөний зарлагын баримт

- НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн тайлан зэргийг гарган өгсөн боловч “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид НӨАТ төлсөн нь нэхэмжлэл, падаан, ... нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй ...” гэж дүгнэн дээрх санхүүгийн баримтуудыг үндэслэлгүйгээр “хууль ёсны” нотлох баримт гэж үнэлээгүй.

4. “С*******” ХХК-ийн татвар төлөхөөс зайлсхийсэн, татварын бичиг баримт хуурамчаар үйлдсэн эсэх асуудлыг Цагдаагийн ерөнхий газар шалгаж байх үед 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр энэхүү  маргаан бүхий акт тавигдсан. Ийнхүү гэм буруутайг баталсан хууль шүүхийн хүчин төгөлдөр тогтоол шийдвэр гараагүй байхад “Хуурамч падаан” ашигласан гэж үзсэн нь эрүүгийн болон Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн хууль бус акт юм. Өөрөөр хэлбэл, “С*******” ХХК-ийн шалгагдаж буй падаантай холбоотой эрүүгийн хэрэг Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 236 тоот тогтоолоор тогтоогдсон байдаг. Иймд манай компанид тогтоосон актыг цаг хугацааны хувьд урьдчилан гаргасан байна. 

Мөн “С*******” ХХК-ийг татвараа үнэн зөв тодорхойлж, татвараа хугацаандаа төлөх, тайлангаа үнэн зөв гаргах болон бусад үүргээ зохих ёсоор гүйцэтгэж буй эсэхийг манай компани шалгах боломжгүй, үүрэггүй бөгөөд тухайн компаниас бараа материал худалдан авсан гэрээ холбогдох материалыг хууль бус болохыг Прокурорын газраас шалгаж 2016 онд тогтоол гарч байхад 2015 онд урьдчилан акт тогтоосон байгаа нь цаг хугацааны хувьд илт алдаатай акт болно. 

Иймд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын татварын улсын байцаагчийн “Татварын ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2******* дугаартай актыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэв. 

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “1-рт Татварын улсын байцаагч актандаа ямар үндэслэлээр “С*******” ХХК-аас манай компанид ирүүлсэн 164,1 сая төгрөгийн бараа материал худалдан авч 0015135737 дугаартай нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичиж нэхэмжилснийг хуурамч гэж үзэж байгаагаа бичиж, дүгнэж өгөөгүй ба нотлох баримтын үндэслэлдээ дурдаагүй. Актанд тусгахдаа хууль зөрчсөн, худалдан авалт хийгдээгүй атлаа нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичсэн гэдэг нотлох баримтыг хавсаргаж өгөөгүй байдаг. Зөвхөн татварын улсын байцаагчийн тэмдэглэл хэсэг болон тогтоох хэсгийг үзвэл манай компанийн талаар ийм регистрийн дугаартай, ийм орлоготой, зардалтай, ийм улсын бүртгэлийн гэрчилгээтэй гэх мэт мэдээллийн шинжтэй зүйлийг бичсэн болохоос биш энэ ногдуулаад байгаа төлбөртэй холбоотой асуудлын талаар огт бичээгүй байдаг. Ийм учраас хууль бус акт гэж үзэж байна.

2-рт “С*******” ХХК нэмэгдсэн өртгийн албан татварын хуулинд заасны дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр татварын албанд бүртгэгдсэн. Тус албанаас нэмэгдсэн өртгийн албан татварын гэрчилгээг, мөн тусгай дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг “С*******” ХХК-д олгосон байсан. Өөрөөр хэлбэл тухайн компани бодитоор бараа ажил үйлчилгээ үзүүлдэг. Тийм учраас татварын албанаас нэмэгдсэн өртгийн албан татварын гэрчилгээ болон тусгай дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан олгосон актыг үндэслэлгүй гэж үзэж байна. 

Манай компанийн хувьд эдгээр бараа материалыг нягталж судалж үзсэний үндсэн дээр “С*******” ХХК-ийн 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Бараа материал худалдах, худалдан авах гэрээ” байгуулан худалдан авсан барааны материалын төлбөрт 164,1 сая төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татварт 16,4 сая төгрөг, нийт 180,5 сая төгрөгийг төлсөн. Тухайн үед хэрэгжиж байсан нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулинд 10 сая төгрөг буюу түүнээс дээш борлуулалттай аж ахуй нэгж, хувь хүнд нэмэгдсэн өртгийн албан татварыг ногдуулан төлөхөөр хуульчлагдсан байсан. Манай компани зах зээл дээрээс өөрийн үйл ажиллагаандаа зориулан бодитой 164,1 сая төгрөгийн бараа материал худалдан авч 16,4 сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмж төлсөн. Энэ хэмжээний бараа материал манай компанид борлуулж буй ямарч аж ахуй нэгж хувь хүн нэмэгдсэн өртгийн албан татвар хуулиараа байх ёстой юм. Харин дагалдаж ирсэн гэрээ, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан жинхэнэ, компанийн тамга, тэмдэг нь жинхэнэ байхад манай компанийг бараа борлуулахгүй атлаа хуурамч нэмэгдсэн өртгийн албан татварын падаан бичээд байгааг тогтоох боломжгүй байсан. 

... Манай компанийн бусдад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг, улсын төсөвт төлөгдөх үйл ажиллагаанд саад учруулан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн замаас нь завшсан “С******* шаглаа” ХХК-ийн холбогдох хүмүүс нь өөрсдөө улсад учруулсан хохирлоо төлнө гэсэн татварын шийдвэрт дурдаж өгсөн байдаг. Хэдийгээр маргаан гаргах явцад өршөөлийн хуулинд орж улсад учруулсан хохирлоо өөрсдөө төлнө гэж шийдвэрлэсэн юм бол энэ 16 сая төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг “С******* шаглаа” ХХК төлөх ёстой юм байна. Тэгэхээр энэ байгууллагаас татварыг нэхэмжлэх нь зүйтэй гэж үзэж байна. 

... Монгол Улсын эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль гэж батлагдаж гарсан. Тус хуулинд шинэчилсэн тайланг мэдүүлэхэд хариуцлагаас бүрэн чөлөөлнө гэсэн байгаа. Энэ хуулийн дагуу шинэчилсэн тайланг гаргаад татварын албанд хүргүүлсэн. Ингэснээр бид аливаа хариуцлагаас чөлөөлөгдсөн. 

...Мөн дараагийн дугаарт анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль гэж гарсан. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж заасан байдаг. Тэгэхээр энэ хууль бус акт хуулийн хүрээнд хамрагдаж хүчингүй болох юм. Иймд татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2300788 дугаар бүхий хууль бус актыг хүчингүй болгож өгнө үү гэсэн шаардлага гаргаж байгаа” гэв.

Хариуцагч Ч.Э******* шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “...”О*******” ХХК-ийн 2013 оны НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн байдалд Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Д.Н*******, Ч.Э******* нар “Татварын хяналт шалгалт хийх 23150400151 тоот томилолт”, “Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж”, Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 9д/1728, Татварын ерөнхий газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 7/656 тоот албан бичгийн дагуу хэсэгчилсэн шалгалтыг 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хийсэн. 

Хяналт шалгалтаар 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 0013788 тоот актаар 164,101,818,00 төгрөгийн зөрчилд 25,233,280,10 төгрөгийн төлбөр тавигдсанаас Нийслэлийн Маргаан таслах зөвлөлийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар 8,823,098,30 төгрөгийн торгууль, алдангийн төлбөрийг хасч, 164,101,818,00 төгрөгийн зөрчилд 16,410,181,80 төгрөгийн төлбөр төлүүлэхээр, Гааль, Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 25 дугаар тогтоолоор улсын байцаагчийн 2016 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 230012788 дугаартай актыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн. Энэ нь дараах үндэслэлтэй болно. 

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн 2013 оны 12 дугаар сарын тайлангийн “НӨАТ-тай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа” хэсэгт тусган албан татвар ногдох орлогоос хасч, албан татвар ногдуулах орлогыг бууруулсан “С*******” ХХК-аас барилгын материал худалдан авсан гэх 164,101,8148,00 төгрөгийн 0015135737 дугаарын 1 ширхэг НӨАТ-ын падаан нь цагдаагийн байгууллагаар хуурамч нь тогтоогдсон ба “С*******” ХХК-тай “Бараа материал худалдах, худалдан авах гэрээ”-г 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хийж, 2013 оны 07 дугаар сарын 12-ны өдөр 70,869,550,00 төгрөгийн бараа материал, 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 109,642,450,00 төгрөгийн бараа материал худалдан авсан гэж “Бараа материалын зарлагын баримт” бичиж өгсөн боловч бүртгэлдээ өр үүсгээгүй байж 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэг дор 180,512,000,00 төгрөг тушаасан гэж “Кассын орлогын баримт”-ыг үндэслэн худалдан авалтын хасалт хийсэн нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан анхан шатны баримтын бүрдэлт дутуу байгаа нь уг баримтуудыг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэлгүй байна.

2. Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газрын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 236 дугаартай прокурорын тогтоолд “Яллагдагч А.Энхсайхан нь нягтлан бодогч Л.Ганчулуунтай бүлэглэн, үгсэн тохиролцож “С*******” ХХК-ийн нэрээр 2013 оны 11-12 сард бараа материал борлуулаагүй, ажил үйлчилгээ үзүүлээгүй атлаа үзүүлсэн мэтээр НӨАТ-ын тайландаа тусгаж, нийт 51 ширхэг буюу 4,030,307,314,00 төгрөгийн үнийн дүн бүхий НӨАТ-ын падааныг  бичиж, баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, ашигласан, борлуулсан гэмт хэргийг  ...А.Энхсайхан, Л.Ганчулуун ...нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул ...” гэсэн нь дээр дурдсан 164,101,818,00 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг “С*******” ХХК-аас бодитойгоор аваагүйг давхар нотолж байгаа тул татвар төлөгчийн гомдол үндэслэлгүй байна. 

Иймээс НӨАТ-ын хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авалт нь бэлтгэн нийлүүлэгчид НӨАТ төлсөн нь нэхэмжлэл, падаан  болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгаагүй бол уг уг татварыг хасч тооцохгүй”, “Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх”, 18.1.3-д “анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү, аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах” гэсэн заалтыг үндэслэн акт тавьсан” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ад******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...“О*******” ХХК-ийн 2013 оны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн, татварын улсын байцаагч Д.Н*******, Ч.Э******* нар нь татварын хяналт шалгалт хийх 23150400155 тоот томилолт, татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Цагдаагийн Ерөнхий Газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 9д-1728 Татварын Ерөнхий Газрын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 7-656 тоот албан бичгийн дагуу хэсэгчилсэн шалгалтыг 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 04 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл шалгасан. 

... Улсын байцаагчдын энэхүү актын гол үндэслэл нь нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг 2013 оны 12 дугаар сарын тайлангийн нэмэгдсэн өртгийн албан татвартай үнээр дотоодын зах зээлээс худалдан авсан бараа хэсэгт тусган албан татвар ногдох орлогоос хасч, албан татвар ногдох орлогыг бууруулсан “С*******” ХХК-аас барилгын материал худалдан авсан 164 сая 101 мянга 118 төгрөгийн 0015135737 дугаарын нэг ширхэг нэмэгдсэн өртгийн албан татварын падаан нь цагдаагийн байгууллагаар хуурамч гэдэг мэдээлэл ирж, улмаар шалгахад “С*******” ХХК-тай бараа материал худалдах, худалдан авах гэрээг 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хийж гүйцэтгэсэн. Мөн 2013 оны 07 дугаар сарын 12-ны өдөр нийт 70 сая 869 мянга 550 төгрөгийн бараа материал, 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр 109 сая 642 мянга 450 төгрөгийн барааг худалдан авсан гэж бараа материалын зарлагын баримт бичиж өгсөн боловч бүртгэлдээ эдгээр өрийг огт үүсгээгүй. Тэгсэн атлаа 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэг дор 180 сая 512 мянган төгрөг тушаасан гэж кассын орлогын баримтыг үндэслэн худалдан авалтын хасалт хийсэн байдаг. Эндээс үнийн дүнгийн зөрүү гарч ирдэг. Нийтдээ 164 сая 101 мянга 118 төгрөг шилжүүлэх байтал 180 сая 512 төгрөгийг өрийн бүртгэл үүсгээгүй байж тушаасан байдаг. 

Энэ нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 зүйлд заасан анхан шатны баримтын бүрдүүлэлт дутуу, байгаа нь акт тавих гол үндэслэл болсон. Мөн нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтууд болох 2013 оны 07 дугаар сарын 12, 2013 оны 09 дүгээр сарын 03, нэхэмжлэгч талын өгсөн бэлэн мөнгөний орлогын зарлагын баримт дээр хүлээн өгсөн, хүлээн авсан хүний нэр, гарын үсэг огт байдаггүй. Харин ийм бараа материал ийм төгрөгтэй гэсэн баримт байгаа болохоос хэн хүлээж авсан, хэн хүлээлгэж өгсөн гэдэг зүйл нь огт байхгүй. Тэгэхээр энэ нь нотлох баримтын шаардлага хангахгүй падаан болон баримтууд юм. 

... нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т “худалдан авалтад бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэх падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгаагүй бол уг татварыг хасч тооцохгүй гэдэг. Нягтлан бодох бүртгэлд “С*******” ХХК нь хуурамчаар тусгасан гэдгээ өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Мөн татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д татвар ногдох зүйлд татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх гэж байдаг.  Өнөөдрийн байдлаар “О*******” ХХК нь татвараа үнэн зөв тодорхойлоогүй. Хуурамч падаан ашиглаж худалдан авалтын хасалтаа өнөөдрийг хүртэл хийлгэж хуурамчаар явуулж байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байгаа юм. Мөн татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон стандартын дагуу хөтөлж санхүү аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах гэдэг зүйл заалтыг зөрчсөн. 

... Тэр зарлагын баримт гээд ягаан падаанууд дээр хүлээлгэж өгсөн, хүлээж авсан хүн нь байхгүй байгаа юм. “О*******”ХХК-ийн захирал ямар ч бараа материал хүлээж аваагүй байна. Тэгсэн мөртлөө татварын байцаагч нар хуурамч акт гаргасан гэж байгаа нь үндэслэлгүй юм. 

... Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль үүнд хамаарна гэж ярьдаг. Тус хууль нь 7 дугаар сард батлагдсан байдаг. Гэтэл энэ акт нь 2013 онд тайлагнасан нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дээр хяналт шалгалт хийсэн болохоос биш 2015 оны 04 дүгээр сарын 01-ээс хойш нэхэмжлэгч талын гаргасан тайланд хяналт шалгалт хийгээгүй болохоор тус хуульд хамааруулах үндэслэл болохгүй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбарт үнэлэлт өгөөд дараах үндэслэлээр нэхэмжлэгч “О*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2******* тоот актаар  “О*******” ХХК-д “Хуурамч падаан ашиглан нэмэгдсэн өртгийн албан татвар /цаашид НӨАТ гэх/ ногдох орлогыг бууруулсан” 164,101,818 төгрөгийн зөрчилд 16,410,181.8 төгрөгийн нөхөн татвар, 4,923,054.5 төгрөгийн торгууль, 3900,043.8 төгрөгийн алданги, нийт 25,233,280.1 төгрөгийн төлбөрийг ногдуулж Гааль, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 25 дугаар тогтоолоор дээрх актыг хэвээр үлдээсэн байна. 

Нэхэмжлэгч “О*******” ХХК-аас “Бараа материал худалдах, худалдан авах гэрээний дагуу бараа, материалыг зээлээр худалдаж авсан төлбөрөө хэсэгчлэн төлж, нэгтгэн нэг НӨАТ-ын падаан бичүүлж авсан байхад хасагдахгүй орлогоос төлөх татварыг хассан гэж буруутгаж үндэслэлгүй акт тогтоосон. “С*******” ХХК-ийн манай байгууллагад бичиж өгсөн НӨАТ-ын падааныг хуурамч эсэхийг бид мэдэх боломжгүй бөгөөд бодитоор худалдан авалт хийсэн” хэмээн маргажээ.

Хариуцагч нар нь “О*******” ХХК-д хийсэн татварын хэсэгчилсэн шалгалтыг Цагдаагийн ерөнхий газрын зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газраас 2015 оны 03 дугаар сарын 11-ний 9д/1728 тоот албан бичгээр  ““С*******” ХХК-аас хий бичилт хийсэн нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг авч ...тайлангийн худалдан авалт хэсэгт тусгаж НӨАТ төлөхөөс санаатай зайлсхийсэн байх тул дээрх аж ахуйн нэгжүүдэд татварын хяналт шалгалтыг хийж хариуг ирүүлэх” гэж мэдэгдсэний дагуу хэсэгчилсэн хяналт шалгалт хийсэн байна. 

Нэхэмжлэгч “О*******” ХХК нь 2013 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн “Бараа материал худалдах, худалдан авах гэрээ ”-ний дагуу “С*******” ХХК-иас худалдан авсан бараа материалын төлбөрт 180,512,000  төгрөгийг 2013 оны 12 дугаар сарын 30-ний өдөр “Бэлэн мөнгөний зарлагын баримт”  үйлдэж өгсөн хэмээн тайлбарлан маргаж байх боловч уг баримтаар төлсөн төлбөр нь “С*******” ХХК-иас худалдан авсан барааны үнэнд төлсөн төлбөр болох нь тогтоогдохгүй байна. 

Тодруулбал, “О*******” ХХК-ийн захирал Т.Н*******аас “худалдан авсан бараа материалаа гэрээнүүдийн дагуу зээлээр худалдан авсан, мөнгийг нь бага багаар цувуулан төлсөн”  гэж тайлбарлаж байгаа нь 2013 оны 07 дугаар сарын 12-ны өдрөөр огноологдсон 70,869,550 төгрөгийн, 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр бичигдсэн 109,642,454 сая төгрөгийн бичилт бүхий зарлагын баримтуудаас  зөрүүтэй, эдгээр зарлагын баримтад хүлээн авсан, хүлээлгэн өгсөн албан тушаалтнуудын гарын үсэг зурагдаагүй, төлбөрийн нэхэмжлэх зэрэг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтын бүрдүүлэлт хийгээгүй байх тул дээрх 180,512,000 төгрөгийн “С*******” ХХК-аас худалдан авсан барааны үнэнд төлсөн гэж үзэхээргүй байна.

Мөн нэхэмжлэгчээс “зарлагын баримтад тусгагдсан тогтоогч, электрон тоолуур, тросс, шон зэрэг бараа материалыг нэхэмжлэгч “О*******” ХХК нь 2013 онд гүйцэтгэсэн гэрээт  ажлуудад зарцуулсан” хэмээн тайлбарлаж байгаа нь холбогдох анхан шатны баримтууд /бараа материалын бүртгэл, зарцуулалтын тооцоо зэрэг/-ыг шүүхэд ирүүлээгүйгээс хангалттай нотлогдохгүй байна. 

 Өөрөөр хэлбэл, “О*******” ХХК-ийн худалдан авсан гэх 180,512,000 төгрөгийн төлбөрийг “С*******” ХХК-д төлсөн хэмээн бүрдүүлсэн орлого, зарлагын баримт, НӨАТ-ын падаан нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001 он/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т “орлого болон зардлыг аккруэл сууриар бүртгэх”-ээр, 3.1.4-т “Ажил гүйлгээ гарсныг нотлох бичгийн болон бусад нотолгоог анхан шатны баримт” гэж үзэхээр, 4 дүгээр зүйлийн 4.1.2-т “аливаа байгууллагын нягтлан бодох бүртгэлд санхүүгийн тайлан нь үнэн зөв баримт материал, бодитой мэдээнд үндэслэх”-ээр заасантай нийцээгүй байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001/-ийн 7 дугаар зүйлийн 7.1-т “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болно”, 7.4-т “Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага нь ... аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ” гэж заасан байх тул нэхэмжлэгчийн “2012 онд байгуулагдсан шинэ компани анхны ажлаа хийж байсан учраас баримт бичгийг хэрхэн бүрдүүлэхээ мэддэггүй байсан” гэсэн тайлбарыг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т "Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол албан татварыг хасч тооцохгүй" гэж заасны дагуу нэхэмжлэгч компани санхүүгийн болон нэмэгдсэн өртгийн албан татвар шингэсэн гэх худалдан авалттай холбоотой нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтуудыг үнэн зөв бүрдүүлсний үндсэн дээр 0015135737 тоот падааныг  үндэслэж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасалт хийх шаардлагатай байжээ. 

 Иймд татварын улсын байцаагчийн 2******* тоот актаар "О*******" ХХК-д нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан нь Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1.4, 74.2, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасантай нийцсэн байна гэж шүүх дүгнэлээ.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журам санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг захиргааны зөрчил /цаашид "зөрчил" гэх/ гэж үзнэ”,  Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6-д “татварын алба нь татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн этгээдэд эрүүгийн хэрэг бүртгэл хийлгэхээр дүгнэлт бичих...”, 35 дугаар зүйлийн 35.3-т “Энэ хуулийн 33.2.6-д заасан дүгнэлтийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүчингүй болгосон нь зөрчил гаргасан этгээдийг захиргааны хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж тус тус заасан байна.

Хуулийн дээрх зохицуулалт нь татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчил нь захиргааны зөрчлийн нэг төрөл бөгөөд эрүүгийн хэрэг бүртгэлд хийх үндэслэлгүй байсан ч захиргааны хариуцлага хүлээлгэнэ гэсэн агуулгатай байх тул “О*******” ХХК-ийн татвар ногдох орлогоос хасагдахгүй орлогыг хасч, татвар ногдох орлогыг бууруулсан үйлдлийг нь захиргааны зөрчил гэж үзэхээр байх тул маргаан бүхий актаар тогтоосон нөхөн татварыг “олох ёсгүй байсан орлого” гэж үзнэ.

Тиймээс татварын улсын байцаагчаас нэхэмжлэгч байгууллагад татвар ногдох орлогыг бууруулсны улмаас “олох ёсгүй байсан орлого буюу хөрөнгийг өөртөө бий болгосон” гэж буруутгаж нөхөн татвар ногдуулж байгаа нь Захиргааны хариуцлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил гаргасан этгээдэд дараахь захиргааны шийтгэл ногдуулж болно”, мөн хэсгийн 3-т “хууль бусаар олсон орлого ... хураах” захиргааны шийтгэл гэж үзэхээр байна.

Мөн 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдөр батлагдсан Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль (цаашид Өршөөл үзүүлэх тухай хууль гэх)-ийн 1 дүгээр зүйлийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “...шударга ёс, ... тэгш байдал ... нь төрийн албаны үндсэн зарчим мөн” гэж тус тус заасан байна.

Хэдийгээр ...Өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна”, Татварын ерөнхий хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “татварын улсын байцаагчийн акт, ... гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж байгаа хэдий ч маргаан бүхий 2******* тоот акт нь 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр гарсан, Гааль, Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргааны таслах зөвлөлийн 25 дугаар тогтоолыг нэхэмжлэгч “О*******” ХХК-д 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хүргүүлсэн , 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул уг актыг хуулийн хүчин төгөлдөр болсон гэж үзэхгүй бөгөөд “акт тавигдсан” бол өршөөлд хамруулахгүй, зөрчил илрээгүй эсхүл илэрсэн боловч “акт тавигдаагүй” бол өршөөлд хамруулна гэж ялгамжтай хандах нь төрийн үйл ажиллагаанд баримталбал зохих шударга ёсны хийгээд тэгш байдлын зарчимд нийцэхгүй гэж шүүх дүгнэлээ. 

  Иймээс “О*******” ХХК-д татварын улсын байцаагчийн 2******* тоот актаар төлүүлэхээр тогтоосон 16,410,181.8 төгрөгийн нөхөн татвар, 4,923,054.5 төгрөгийн торгууль, 3,900,043.8 төгрөгийн алданги нь нийт 25,233,280.1 төгрөгийн төлбөр татварын зөрчилд ногдуулсан захиргааны шийтгэл байх тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн дагуу чөлөөлөх нь зүйтэй байна. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.1, 74 дүгээр зүйлийн 74.1.4, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, Нягтлан болох бүртгэлийн тухай хууль /2001/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.14, 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.4-т заасныг тус баримтлан нэхэмжлэгч “О*******” ХХК-ийн “Татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2******* дугаар актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.6, 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.3, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Захиргааны хариуцлагын тухай хууль /1992/-ийн 3 дугаар зүйлийн 1, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3-т заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн  дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2015 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 2******* тоот актаар “О*******” ХХК-аар төлүүлэхээр тогтоосон 16,410,181.8 төгрөгийн нөхөн татвар, 4,923,054.5 төгрөгийн торгууль, 3,900,043.8 төгрөгийн алданги нь нийт 25,233,280.1 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.МӨНХЗУЛ