Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 221/МА2018/0318

 

“УН” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, А.Э, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 238 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А нарын гаргасан давж заалдах гомдлоор, “УН” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 238 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “УН” ХХК-ийн гаргасан “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/377 тоот захирамжийн Ц.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны “УН” ХХК-ийн газар эзэмших хүсэлтийг хуульд нийцүүлж шийдвэрлээгүй буруутай үйлдлийг тогтоолгох, “УН” ХХК-ийн өргөдөлд дурдсан 1680 м.кв газар эзэмших хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А нар давж заалдах гомдолдоо: “Шүүх хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг хуульд нийцүүлэн үнэлж чадаагүй. Учир нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2-т заасны дагуу эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн харьяалал, хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зургийг хавсаргах ёстой байтал Ц.А-д тойм зураг байхгүй байхад “хуульд нийцүүлэн олгогдсон гэрчилгээтэй” гэж үзэж байгаа нь тус хуулийн 4.1.3-т заасан шударга ёс, тэгш байдлыг хангах зарчим алдагдсан болохыг нотолно.

Ц.А нь Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд он, сар, өдөр нь тодорхойгүй өргөдөл болон хавсарган өгвөл зохих баримтуудыг бүрдүүлэн өгөөгүй байхад 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өргөдлийг хүлээн авч дүүргийн Газрын албаны даргад танилцуулалгүй, гарын үсэг, цохолт хийлгэлгүй газрын асуудлыг шийдвэрлэсэн байна.

Ц.А-ийн 69 тоот газар баталгаажилтын хувийн хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/377 дугаар захирамж хавсаргагдсан байх бөгөөд захирамж гарсанаас хойш 7 сарын дараа кадастрын зураг хавсаргасан байгаа нь дүүргийн Засаг дарга Ц.А-д зориулж байршил тодорхойгүй газарт 2307 м.кв газар олгосон захирамж гаргаад дараа нь Ц.А өөрөө газраа сонгож авсан болох нь тодорхой байна.

Шүүх маргаан бүхий хүсэлт гаргасан газарт "УН" ХХК-ийн газар эзэмших хэрэгцээ шаардлага түрүүнд үүссэн эсэхэд дүгнэлт хийж чадаагүй. Учир нь гэрч тухайн газарт "УН" ХХК хашааны суурь цутгасан байсан гэдгийг нотолсон. Мөн маргаан бүхий газарт "УН" ХХК нь 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, хашаа хатгасан.

Шүүх үндэслэх хэсэгтээ " ...гэрч Л.С 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсан талаар тэмдэглэгдсэн бөгөөд Л.С шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ "УН" ХХК-ийн захирал Д.Б-тэй газар эзэмших хүсэлтийн хариу болон бичиг баримтуудыг авсан гэж мэдүүлсэн " гэж дурджээ.

Шүүх гэрчийн мэдүүлгийг илтэд гуйвуулсан байна. Гэрч Л.С "УН" ХХК-ийн хүсэлтээр шүүхэд гэрчээр мэдүүлэхдээ "Нийслэлийн Газрын алба явах гээд авсан, бичиг хэргийн хүн нь байгаагүй болохоор н.О-д өгсөн, ...бичиг баримтаа аваад Г.Б дарга дээр орсон, очиж уулзсан, бичиг баримтаа буцаагаад өг гэж хэлсэн. Түүний дагуу буцааж өгсөн" гэж мэдүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас манай мэдлийн газар биш нийслэлд ханд гэсний дагуу "УН" ХХК 2016 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хариуг бичиг баримтын хамт буцаан тус газрын албаны дарга Г.Б дээр орж уулзсаны дараа уг бичиг баримтыг дахин буцааж Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд өгсөн болохоо мэдүүлсэн байхад нэг талд ашигтайгаар гэрчийн мэдүүлгийг "УН" ХХК-ийн эсрэг ашигласанд гомдолтой байна.

Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны газрын мэргэжилтэн байсан н.О мэдүүлэхдээ "2014 онд очиж газрын үзлэг хийсэн, хашааны суурь цутгасан байсан, энэ асуудлыг шийдвэрлэх нь дүүргийн Засаг даргын эрх хэмжээний асуудал биш, нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний асуудал байсан" гэж мэдүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/377 тоот захирамж гаргахдаа Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасныг баримталсан бөгөөд маргаан бүхий газар "... ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч хөрөнгөөр нөхөн сэргээсэн” асуудал байхгүй гэдгийг шүүх анхаарна уу.

Гуравдагч этгээд Ц.А нь газар эзэмшихээр хүсэлт гаргахдаа гэр бүлийн зориулалт болон аж ахуйн зориулалтаар эзэмших хүсэлтээ өргөдөлдөө тодорхой тусгаагүй. Гэтэл дүүргийн Засаг дарга урьдаас тооцоолон аж ахуйн зориулалтаар газар олгожээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 8/5 тоот тогтоолын хавсралтын 2.1.1-д заасан иргэний гэр бүлийн хэрэгцээнд эзэмшүүлэх, ашиглуулах газарт 20 дугаар хороо орсон, 500 га газар олгохоор болсон байх бөгөөд тус хавсралтын 5 дугаарт “Аж ахуйн зориулалтыг дэмжих чиглэлээр” гэсэн хэсэгт 20 дугаар хороонд газар олгохоор тусгагдаагүй байгаа нь маргаан бүхий газар нийслэлээс олгогдох ёстой газар байсан гэж үзэхээр байна.

Энэ нь "УН" ХХК-д Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 433 тоот албан бичигт дурдсан "...нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн өмч, харилцааны газарт хандаж шийдвэрлүүлнэ үү" гэсэнтэй нийцэж байна.

Хэрэв Сонгинохайрхан дүүргийн Газрын алба, Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга шударгаар ажилласан бол маргаан бүхий газарт дуудлага худалдаа сонгон шалгаруулалт явуулах боломжтой байсан эсэхэд ч шүүх бүрэлдэхүүнийг дүгнэлт хийнэ гэдэгт итгэж байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн нэхэмжлэгчийн гаргасан Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны дарга Г.Б-ыг оролцуулах хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсанд гомдолтой байна. Учир нь шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Л.С "УН" ХХК-ийн өргөдлийг Г.Б дарга "бичиг хэрэгт өг гэж хэлсэн" гэж гэрчээр мэдүүлсэн байхад өргөдлөө өгч байсан нь тодорхойгүй гэж дүгнэсэнтэй зөрчилдөж байх тул гэрч Г.Б-г шүүх хуралд зайлшгүй оролцуулах шаардлагатай байсныг нотолно.

Иймд дээрх үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 238 тоот шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байх тул шүүхийн шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/377 дугаар захирамжаар хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж ашиглалтгүй орхигдсон газрыг өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээж, газар эзэмших хүсэлт гаргасан 74 иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмших эрх олгосны дотор гуравдагч этгээд Ц.А-д тус дүүргийн 20 дугаар хороонд байрлалтай “Сонсголон” нэртэй газарт аж ахуйн зориулалтаар 2307 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэжээ.

            Анх нэхэмжлэгч “УН” ХХК-иас дээрх захирамжийн Ц.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны “УН” ХХК-ийн газар эзэмших хүсэлтийг хуульд нийцүүлж шийдвэрлээгүй буруутай үйлдлийг тогтоолгох, “УН” ХХК-ийн өргөдөлд дурдсан 1680 м.кв газар эзэмших хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэхийг даалгуулах” гэж нэмэгдүүлсэн байна.

            1. Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/377 тоот захирамжийн Ц.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:

Газрын тухай хуулийн 32, 33 дугаар зүйлд иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших хүсэлт, түүнд тавигдах шаардлага, шийдвэрлэх журмыг зохицуулжээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл “УН” ХХК-иас 2014 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандан тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1680 м.кв газар эзэмших хүсэлт гаргасан байх бөгөөд уг хүсэлтэд дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 651 тоот албан бичгээр Газрын тухай хуульд зааснаар төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмаар олгох тул хүсэлт гаргасан газрыг эзэмших эрх олгох боломжгүй талаар хариу мэдэгдсэн байна.

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т “энэ хуулийн 33.1.1-д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг тухайн шатны Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно” гэж заажээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 8/5 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Сонгинохайрхан дүүргийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр, Сонсголонд байрлах 2 га газрыг худалдаа, үйлчилгээний зориулалтаар, төсөл сонгон шалгаруулалтын журмаар эзэмшүүлэхээр тусгаснаас үзвэл маргаан бүхий 1680 м.кв газар нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу төсөл сонгон шалгаруулалтын журмаар эзэмшүүлэх газар байна.

Гэтэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/377 дугаар захирамжаар Ц.А-д 2307 м.кв газар эзэмших эрх олгохдоо хуульд заасан төсөл сонгон шалгаруулалтын журмыг баримталсан эсэх нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул гуравдагч этгээд Ц.А-д хуульд заасан журмын дагуу 2307 га газрыг эзэмших эрх үүссэн гэж дүгнэх боломжгүй.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/377 дугаар захирамжийн үндэслэлд дурдсанаар Ц.А-д эзэмшүүлсэн 2307 га газар нь хүний үйл ажиллагааны улмаас элэгдэл, эвдрэлд орж, ашиглалтгүй орхигдсон эсэх, уг газрыг Ц.А өөрийн хүч, хөрөнгөөр нөхөн сэргээсэн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “УН” ХХК-ийн 2014 онд гаргасан газар эзэмших хүсэлтийг Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны алба Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг үндэслэн хүлээн аваагүй атлаа гуравдагч этгээд Ц.А-ийн 2015 онд гаргасан газар эзэмших хүсэлтийг дээрх хуульд заасан журмыг зөрчин хууль бусаар олгосон нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” зарчимд нийцээгүй байна.

Иймд нэхэмжлэгч “УН” ХХК-ийн “Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны А/377 тоот захирамжийн Ц.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2. Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны “УН” ХХК-ийн газар эзэмших хүсэлтийг хуульд нийцүүлж шийдвэрлээгүй буруутай үйлдлийг тогтоолгох, “УН” ХХК-ийн өргөдөлд дурдсан 1680 м.кв газар эзэмших хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэхийг даалгуулах шаардлагын тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т “Захирамжилсан үйл ажиллагаа гэж хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно”, 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж тус тус заажээ.

            Дээрх хуулийн заалтаас үзэхэд “УН” ХХК-ийн гаргасан 2014 оны 17 тоот, 2016 оны 06/03 тоот газар эзэмших хүсэлтэд Сонгинохайрхан дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас 2014 оны 651 тоот, 2016 оны 433 тоот албан бичгээр тус тус хариу өгч байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан гэж үзэх боломжгүй.

Иймд нэхэмжлэгч “УН” ХХК-ийн Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны хүсэлт шийдвэрлээгүй буруутай үйлдлийг тогтоолгох, өргөдлийг хуульд нийцүүлж шийдвэрлүүлэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдолд дурдсан “...Г.Б-г гэрчээр асуулгах, “УН” ХХК болон Ц.А нарын гаргасан өргөдөлтэй холбоотой нэмэлт нотлох баримт цуглуулах” үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.

            Учир нь хавтаст хэрэгт “УН” ХХК-иас 2014, 2016 онуудад газар эзэмших хүсэлт гаргаж байсан талаар хангалттай нотлох баримт цугларсан байх бөгөөд Ц.А-ийн гараар бичсэн өргөдөл, 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 6463 дугаар бүртгэгдсэн өргөдөл, гомдлын бүртгэл-хяналтын картын маягтыг хуурамч болохыг тогтоосон холбогдох эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч “УН” ХХК-ийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 238 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ”Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 32 дугаар зүйлийн 32.2, 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “УН” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/377 дугаар захирамжийн Ц.А-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, үлдэх шаардлага болох “Сонгинохайрхан дүүргийн Газрын албаны “УН” ХХК-ийн газар эзэмших хүсэлтийг хуульд нийцүүлж шийдвэрлээгүй буруутай үйлдлийг тогтоолгох, “УН” ХХК-ийн өргөдөлд дурдсан 1680 м.кв газар эзэмших хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлүүлэхийг даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтыг “хэвээр үлдээсүгэй” гэснийг “хэвээр үлдээж, хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Сонгинохайрхан дүүргийн Газрын алба тус бүрээс 35100 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж, буцаан олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг 2611184132 дугаар данснаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

                       

 

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Д.БАТБААТАР

                                       ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

                                       ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН